| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1367/Э |
| Дугаар | 1388 |
| Огноо | 2020-07-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Батзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 1388
2020 07 29 2020/ШЦТ/1388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч М.Батзаяа,
шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт О-н Д-д холбогдох эрүүгийн 2006 00000 1751 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Д нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баясах Трейд орчим 56 дугаар байрны гадна хашаанд ирсэн. Т.Батмөнхтэй маргалдаж улмаар гараараа, зодож, хацрыг нь хазаж зүүн хацар цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, баруун тохой, баруун гуяанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч О.Д нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баясах Трейд орчим 56 дугаар байрны гадна хашаанд ирсэн. Т.Батмөнхтэй маргалдаж улмаар гараараа, зодож, хацрыг нь хазаж зүүн хацар цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, баруун тохой, баруун гуяанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Дийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Үүнд:
Шүүгдэгч О.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч Т.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... Би очоод хар өнгийн хамгаалалтын хувцас өмссөн ахыг гараараа цаашаа байж бай гээд түлхсэн би тухайн үед хөл муутай гэдгийг нь мэдэхгүй цаашаа унахдаа намайг доороо хийгээд газар унасан. Тэгээд би газар унахдаа баруун гарын тохойгоороо духны хэсгээрээ газар унасан. Тэгээд газар унаад миний зүүн хацар хэсэгт шүдээрээ хазаж гэмтээсэн. ...Миний биед учруулсан гэмтлүүдийг Дэлгэрэх гэх хар хувцастай ах учруулсан өөр бусад хүн учруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... Миний түлхсэн залуу манай дүү Батмөнхийг барьж аваад газар унагаагаад цохиод хазаад цемент мөргүүлсэн бөгөөд би тэр залуугийн бөгс рүү нь 1 удаа, дараа нь шанаа хэсэгт нь баруун гараараа 4-5 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч Н.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... Тэгээд Батмөнхийн мотоциклтой залуу нь үснээс нь зулгаагаад газар аваад уначихсан. Тэгээд салгах гэсэн чинь хамт явж байсан 2 найз нь ойртуулахгүй байсан бөгөөд Батмөнх нүүрнээс хазчихлаа гээд орилсон бөгөөд газар цементэн дээр толгойгоор нь мөргүүлэхээр нь би тэр хоёр хүнийг тулж очоод Батмөнхтэй зууралдаж байсан хүний 2 хөлнөөс нь чирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч Э.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед бол би Дэлгэрэхээс нэлээн хол зайтай байсан бөгөөд нэг харахад хэдэн залуучууд Дэлгэрэхийг тойроод очсон байсан. Би бодохдоо тэд нарыг зодсон гэж бодсон. Тэгсэн зодоогүй харин салгасан юм байна. Тэрийг яаж мэдсэн гэхээр О.Дээс сүүлд нь болсон зүйлийг тодруулж асууж байж мэдсэн юм. Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ андуураад зодсон гээд ярьчихсан байсан чанга чанга яриад хөдлөөд байхаар нь зодож байна гэж ойлгосон юм... ” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Т.Батмөнх биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, баруун тохой, баруун гуяанд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Хэргийн оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 00-00 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 39-40 дугаар хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч О.Дийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч О.Дийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд О.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.Дийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Т.Батмөнхийн хохирол төлбөрөө хүлээн авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч О.Дийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
О.Д нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ.
Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ О.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Дийн хохирол төлбөрөө төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч О.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт О-н Д-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Д-д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.Д-д мэдэгдсүгэй.
4. О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ