| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0620/Э |
| Дугаар | 635 |
| Огноо | 2020-07-31 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 635
2020 07 31 2020/ШЦТ/635
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч П.Итгэл,
гэрч Ш.Лхагвасүрэн,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 2011 00043 0467 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, терийн захиргааны менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристалл таун хотхон 803-102 тоотод оршин суудаг /иргэний үнэмлэхний хаяг: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, нарны зам гудамж 103/3 байр 48 тоот/,
урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 178 дугаар зүйлийн 178.2, 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасныг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон,
-2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 804 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МН тауэрт байрлах Голомт банкны салбар дээр Т.Бадрахад бусдаас зээлээр авсан 80-58 УНК улсын дугаартай Range Rover автомашиныг нэр дээр чинь шилжүүлж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан барьцаалж 20,000,000 /хорин сая/ төгрөгийг авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оноос өнөөдрийг хүртэл “Фелекс капитал” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Манай компани түлшний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2019 оны 07 дугаар сард найз Билгүүн “Их талын трэйд” ХХК-тай манай компанийг зуучилж, түлш нийлүүлэх гэрээ байгуулсан. 2019 оны 08 дугаар сард “108 ойл” ХХК-тай манай компани түлшний гэрээ хийж, 2019 оны 09 дүгээр сард “Их талын трэйд” ХХК-д түлш нийлүүлж эхэлсэн. “Их талын трэйд” ХХК нь 1 сар болон 3 сарын хугацаатайгаар түлш зээлээр авах гэрээ байгуулсан. Бадрахаас Билгүүний зуучилсны төлбөр болох 10.000.000 төгрөг, мөн түлш авах 10.000.000 төгрөг, нийт 20.000.000 төгрөгийг зээлсэн. Анх Циркын авто тээврийн үндэсний төвийн гадаа тухайн үед миний худалдаж авсан 8058 улсын дугаартай “Рендж ровер” /Range rover/ машиныг Бадрах надад “зарах уу, би авах хүсэлтэй байна” гэж хэлж танилцаж байсан. Дараа нь Би Бадрахад машинаа барьцаалж 20.000.000 төгрөг 7 хоногийн 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсэн. Тухайн үед би машиныг Бадрахын нэр дээр шилжүүлнэ гэж огт хэлээгүй. Билгүүн надаас 10.000.000 төгрөг авч маргааш нь “Их талын трэйд” ХХК-аас мөнгө шилжүүлүүлнэ гэсэн боловч тухайн үед мөнгө надруу шилжүүлээгүй. Сар орчмын дараа миний машиныг Бадрах зарахаар зар тавьсан байсан. Би Лхагвасүрэнгээс машиныг нь яг худалдаж аваагүй, наймаа дуусаагүй байсан. Лхагвасүрэн тус зарыг хараад тус машиныг очиж авсан байдаг. Лхагвасүрэн тус машиныг очиж авах үед Бадрах надруу утсаар ярьсан. Би Бадрахад “Би Лхагвасүрэнд мөнгө өгсөн байгаа. Өгсөн мөнгөө авсны дараа машины асуудлыг нэг тийш нь болгоно” гэж хэлсэн боловч Бадрах Лхагвасүрэнд тус машиныг өгч явуулсан байсан. Маргааш нь Би Лхагвасүрэнтэй утсаар ярьж “Би өгсөн мөнгөө авъя. Би Бадрахад мөнгө өгөх ёстой байна” гэж хэлсэн боловч Лхагвасүрэн “Хаш-Эрдэнээс мөнгөө аваарай” гэж хэлсэн. Хаш-Эрдэнэ рүү би утсаар ярихад Хаш-Эрдэнэ “Би Лхагвасүрэнд өртэй. Би приус 41 маркын машиныг зарж мөнгө өгнө” гэж хэлсэн. Би Хаш-Эрдэнэ рүү хэд хэдэн удаа утсаар ярьж мөнгөө нэхсэн боловч надад өгөөгүй. Энэ талаар би Бадрахад хэлж байсан. 11 дүгээр сарын дунд үеэр би Бадрахад 2.000.000 төгрөг өгсөн. “Их талын трэйд” ХХК-аас надад өнөөдрийг хүртэл мөнгө төлөөгүй. 2020 оны 05 дугаар сараас эхлэн түлшний мөнгийг надад буцаан олгож эхэлж байгаа. Би Бадрахын мөнгийг төлж барагдуулсан. Миний хувьд Бадрахыг залилах, хуурах санаа зорилго байгаагүй. Бадрах надаас “Тухайн машиныг өөрийн нэр дээр шилжүүлсний дараа зарах уу?” гэж асууж байсан. Би “Нэр дээрээ шилжүүлсний дараа боломжийн үнээр зарж болно” гэж хэлж, ярилцаж байсан. Лхагвасүрэн гэдэг хүн Бадрахаас машин авсны дараа Бадрах өөрийн барьцаа болгохын тулд “Тухайн машиныг миний нэр дээр шилжүүлж өгөөрэй” гэж хэлсэн байдаг. Үүнээс үүдэж Хаш-Эрдэнэтэй холбогдсон асуудлууд болсон.Анхнаасаа хуурч, залилий гэж бодоогүй.Мөнгө зээлий, бариьцаанд машин тавий гэж байсан.Залилах хуурч мэхлэх санаа зорилго байгаагүй...” гэв.
Шүүх гэм буруутайд тооцсон шийдвэр танилцуулсны дараа мэдүүлэхдээ
Гэмшиж байна, дахин хүний мөнгө төгрөг зээлсэн юм хийхгүй. Хийсэн зүйлдээ гэм буруугаа хүлээж гэмшиж байна.
Гэрч Ш.Лхагвасүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Анх Б.А-той тус машиныг худалдах, худалдах авах гэрээ байгуулахдаа түлшээр тохиролцож гэрээ байгуулсан. Б.А-ын түлшний ажил бүтэхгүй болж надад Б.А бэлнээр 20.000.000 төгрөг өгсөн. Б.А бид хоёрын дунд энэ машинаас өөр өр, авлагын асуудал байхгүй. Би Бадрахаас тухайн машиныг очиж авсны дараа Б.А-оос авсан 20.000.000 төгрөгийг буцааж өгөөгүй. Би Хаш-Эрдэнэтэй өр, авлагын асуудал байсан. Хаш-Эрдэнэ би дараа нь Б.Аод өгнө гэж хэлсэн. Дараа нь Хаш-Эрдэнээс асуухад “Б.А-од мөнгийг нь өгсөн. Бид хоёр тохиролцсон” гэж хэлсэн. Бадрахаас машин очиж авахаас өмнө би Б.Аоос 20.000.000 төгрөг авсан. Яг хэдэн сарын хэдний өдөр 20.000.000 төгрөг авсыг санахгүй байна. Анх гэрээндээ түлшээр тохиролцсон боловч Б.А-ын түлш бүтэхгүй болсон. Дараа нь Б.А бэлэн мөнгөөр төлнө, хугацаа өгөөч гэсэн. Би “Хугацаа сунгах боломжгүй. Мөнгийг чинь Хаш-Эрдэнээр өгч явуулъя” гэж хэлсэн. Сүүлд машин зарах гэж байна гэсэн сургаар машинаа очиж авсан. 60.000.000 төгрөгөнд таарсан түлшээр тохиролцсон байсан. Манай найзууд барилгын ажил эрхэлдэг. Түлшээ шатахуун түгээх станцаас худалдаж авдгийг нь би мэддэг учраас эхлээд найзуудтайгаа тохиролцож, дараа нь машинаа түлшээр зарахаар болсон. Тухайн үед Б.А түлшээр тохиролцсон хэрнэ түлшээ өгөөгүй сураггүй алга болсон. Би Б.А-той холбогдож чадахгүй байсан учраас Хаш-Эрдэнэтэй холбогдсон. Хаш-Эрдэнэ анх Б.А бид хоёрыг холбож өгсөн. Түлш нь бүтэхгүй болсон учраас би бэлэн мөнгө авсан. Анх Б.А-той хийсэн гэрээгээ би цагдаагийн газарт гаргаж өгсөн. Ямар нэртэй гэрээ хийснийг одоогоор сайн санахгүй байна. Би он сарыг нь хэлж мэдэхгүй байна. Түлш нь бүтэхгүй болсны дараа Хаш-Эрдэнэ надад 20.000.000 төгрөгийг Б.Аоос авч өгсөн. Хэд хоногийн дараа үлдэгдэл төлбөрөө өгнө гэж байна гэж хэлсэн. Би Б.Аод гэрээ хийгээд машинаа өгч явуулсан. Энэ хэргийн талаар сайн санахгүй байна. Надад байсан баримтуудыг байцаагч авсан учраас надад харж мэдэх зүйл байгаагүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Иргэн Т.Бадрахаас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 15-17-р хуудас/,
Хохирогч Т.Бадрахын “Манай найз Оргил /99192973/ нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр над руу утсаар яриад “манай найз Б.А-од хар өнгийн ренж ровер маркийн автомашин байна, барьцаалаад 20,000,000 төгрөг зээлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Оргилыг би 2011 оноос хойш мэдэх тул түүнд итгээд тус болох санаатай зөвшөөрсөн, тэгээд удалгүй Б.А гээд залуу 99111634 гэсэн дугаараас залгаад бид 2 уулзсан. Бид 2 тухайн өдрөө 13 цагийн үед ЧД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах МН товерын нэг давхарт байрлах Голомт банк дээр уулзацгаасан. Би Голомт банкнаас 20,000,000 төгрөгийг бэлнээр аваад, бэлнээр нь Б.А-од өгсөн. Б.А 10,000,000 төгрөгийг нь Голомт банкин дотор сууж байгаад хэн нэгэн рүү шилжүүлсэн, үлдсэн 10,000,000 төгрөгөө доллар болгоод аваад явсан. Тухайн үед 20,000,000 төгрөгийг Б.А-од өгөхдөө 7 хоногийн 5 хувийн хүүтэйгээр өгнө гэж тохирсон, ингэхдээ ямар нэгэн гэрээ хийгээгүй байдаг юм. Тухайн үедээ Б.А 80-58 УНК улсын дугаартай Ренж ровер маркийн автомашинтай ирсэн ба түүнийгээ надад өгөөд нотариат ороод батлуулъя гэхэд наад машин чинь миний дүү Хаш-Эрдэний нэр дээр байгаа, дүү рүүгээ яриад асуудалгүй шилжүүлээд өгье гэж хэлээд 90191111 гээд дугаар луу залгаад энэ машиныг Бадрах гээд хүнд нотариат хийж өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.А-оос Хаш-Эрдэний 90191111 дугаарыг аваад хажууд нь утсаар ярьсан Тэгтэл тэр Хаш-Эрдэнэ нь би одоогоор завгүй байна, завтай болохоороо хэлье гэж хэлсэн. Тэр өдрөө хүлээгээд өнгөрсөн. Машиныг нь би унаад гэрийхээ гадна зогсоол дээр байрлуулсан. Маргааш, нөгөөдөр нь залгаад бас л завгүй байна гэж хэлээд байдаг байсан. 7 хоног өнгөрсний дараа би Б.А руу залгаад энэ машинаа буцаагаад ав, мөнгөө авъя гэж хэлсэн чинь Б.А: наад машиныг чинь би зарж байгаа, 2, 3 ажил болж байхаар зүгээр шууд авах гэж байгаа хүнийг нь чам руу явуулчихна, чи тэр 2 хүнд машинаа өгөөд мөнгөө авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь хүлээсэн боловч хүмүүс ярьж ирээгүй. Энэ мэт хүлээсээр байгаад 2019.10.29-ний өдөр Хаш-Эрдэнэ над руу залгаад: би гадагшаа явах болчихлоо таны машиныг шилжүүлж өгөх шаардлагатай болчихлоо гэж хэлэхээр нь би чи хаана байгаа юм би яваад очъё гэтэл Хаш-Эрдэнэ: би машин дотроос авах юм байгаа, би өөрөө очье гэж хэлэхээр нь би гэрийнхээ хаягийг зааж өгсөн. 2019.10.29-ний шөнө 23 цагийн үед Хаш-Эрдэнэ ирсэн, ирэхдээ өөрөөсөө гадна нэг эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй ирсэн, тэгээд энэ машины түлхүүрийг өгч бай би дотроос нь юмаа авъя гэж хэлээд надаас түлхүүр авангуутаа Хаш- Эрдзнэ: энэ машины жинхэнэ эзэд нь ирчихлээ, машинаа авах гээд байна гэж хэпсэн, тэгээд цуг ирсэн эмэгтэй нь энэ миний машин байгаа юм, Б.А-од өгөөд олохгүи байсан юм, одоо машиныг өгөхгүй бол цагдаа дуудна гэж хэлсэн, тэгэхзэр нь би Б.А руу залгасан чинь: чи наад машинаа өгөөд явуулчих би маргааш гэхэд чиний мөнгийг өгчихье гэж хэлээд өгч явуулсан. Маргаашнаас нь Б.А руу залгаад мөнгөө авъя гэх байдлаар хэлэхээр удахгүй буцаагаад өгнө гэх байдлаар хэлж тухай бүр нь хуурдаг болсон. Тэгээд онөөдрийг хүртэл ямар нэгэн мөнгө өгөлгүй, олдохгүй байгаа... Хамгийн гол нь Оргил: миний найз, манай найз найдвартай гэж хэлэхээр нь би эргэлзэлгүй түүнд мөнгө ззэлсэн юм, Найз минь хэлээгүй бол би танихгүй хүнд мөнгө өгөхгүй байх байсан. Тэгээд ч машиныг нь барьцаалж үлдэж байгаа болохоор гээд итгэчихсэн юм... 2019 оны 11 сарын дундуур шиг санаж байна. Миний мөнгийг өгөх гэж байна гэж Төв хаан банкин дээр нэг уулзсан. Надад хэлэхдээ яг одоо зээл бүтэх гэж байна. Үдээс хойш 16 цагт зээл гарна тэгэхээр мөнгийг чинь өгнө гээд алга болсон. Утсаа авахгүй, утсаа авахаараа мөнгө хөөцөлдөөд явж байна. Одоо зээл бүтэх гэж байна. Түлш зараад мөнгийг чинь өгнө гээд удаа дараа худлаа ярьдаг байсан. Тэр байтугай мөнгийг чинь дансанд чинь хийцэн гэж худлаа ярьдаг байсан. Би бол ойлгох доо энэ хүмүүс нь залилангийн шинжтэй нь илт харагдаж байсан. Надаас мөнгө зээлээд машиныг нь барьцаалж нэрээ шилжүүльк гэхээр Хаш-Эрдэнэ гэж хүн нь миний ажил амжихгүй байна гэдэг байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа гэрийн хаяг заалгаж ирээд гэрийн гаднаас өөр хүмүүстэй ирээд жинхэнэ эзэн нь ирсэн байна гэж хэлээд аваад явдаг залилангийн аргатай юм билээ. Б.А-ын дүү Хаш-Эрдэнийн хамт ирсэн тэр эмэгтэй сайн анзаарч хараагүй намхан нуруутай бор царайтай 37-38 орчим насны эмэгтэй байсан. Хаш-Эрдэнэ над дээр ирж машинаа авахдаа өөрийн 90191111 дугаарын утснаас ярьж байсан. Хаш-Эрдэнэ надад хэлэхдээ “би гадаад улсад явахаар болсон машинаа нотариатаар шилжүүлээд өгнө” гэж хэлээд ирсэн тэгээд би чиний байгаа газар яваад очье гэж хэлэхэд би машинаас юмаа авна гэрийн чинь гадаа яваад очье гэхээр нь гэрийн хаягаа заагаад өгтөл удалгүй хүрээд ирсэн. Тэгээд надаас машин түлхүүрийг аваад юм авна гэж хэлээд түлхүүр автал цаанаас машин дотроос нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн бууж ирээд миний машин байгаа юм аа. наад машиныг чинь алдчихаад олохгүй байсан. одоо машинаа авч явна гээд байсан. Хэрэв өгөхгүй бол цагдаа дуудна гэж хэлээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-31-р хуудас/,
Гэрч Н.Оргилын “...Б.А-ыг бол багаасаа гэх үү олон жилийн өмнөөс таних болсон. Манай найзуудын найз гэдэг утгаар нь таних болсон. Түүнтэй хамгийн сүүлд уулзахад 8058 УНК улын дугаартай Ренж Ровер загварын хар өнгийн машинтай ирж уулзсан. Тэгээд намайг машин сонирхох уу гээд асуугаад байхаар нь би гэрийнхэнтэйгээ уулзаж байгаад шийдвэрээ гаргана гэж хэлээд явсан. Тэгтэл над руу дахин утасдаад машин авахгүй юм уу гэхээр нь би Ренж ровер загварын машин авахгүй ээ гэж хэлсэн. Гэтэл чи надад 20 сая төгрөг зээлээч гээд гуйгаад байсан юм. Тэгэхээр нь би бол авахаа больсон гэж хэлсэн. Тэгтэл Б.А чи авахгүй бол Бадрах авах байх гээд Бадрахын дугаарыг надаас авсан. Тэгээд Б.А нь Бадрахтай утсаар холбогдоод Бадрахаас 20 сая төгрөг зээлэхээр болсон гэж байсан. Тэгээд би Бадрахад би наад машинаа шилжүүлж авсан уу гэж хэлсэн. Тэгээд би яваад очье гэж хэлээд такси бариад явж байтал тэр хоёр хоорондоо наймаагаа тохироод асуудал дууссан байна. Тэгээд би машина яаж шилжүүлж өгөх гэж байгаан гэтэл Б.А дүү Хаш-Эрдэнийн нэр дээр байгаа удахгүй шилжүүлээд өгчих байх гэж байсан. Хэрэв ээ би тэр хоёрыг мөнгө өгөлцөж авалцаагүй бол битгий мөнгө өгөөрөй машины шилжүүлэг хийж байж мөнгө төгрөгөө өгөөрөй гэж хэлэх гэж ирсэн юм... Б.А нь өөрийн нэр дээр байдаггүй автомашиныг Т.Бадрахад 20 сая төгрөгөөр зараад нэр дээр нь шилжүүлэхгүй байж байгаад өөр хүнээр авхуулсан юм байна лээ. Энэ нь миний харж байгаагаар Т.Бадрахыг залилсан гэж харж байна. Өөр миний мэдэх зүйл байхгүй байна. Надаас машинаа авчих гээд байхаар нь би аваагүй тэгээд манай найз Т.Бадрах дээр очоод машинаа барьцаалаад 20 сая төгрөг авсан юм билээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-р хуудас/,
Гэрч Т.Хаш-Эрдэнийн “Би 8058 УНК улсын дугаартай хар өнгийн Ренж ровер загварын авто машиныг Т.Бадрахад барьцаанд тавьсан талаар мэдэхгүй байна. Надад огт хэлж байгаагүй, харин Б.А надруу яриад чи нөгөө эгчтэйгээ ярьж байгаад машины нэрийг нь шилжүүлээд өгөөрөй гэж надад хэлж байсан. учир нь Б.А энэ машиныг миний танил эгч Лхагвасүрэн гэж хүнээс урьчилгаа 20 сая төгрөг өгөөд машинаа авсан байсан. Үлдэгдэл мөнгөн дээр нь бенз Е-300 маркийн машиныг өгөх гэтэл Лхагвасүрэн эгч зөвшөөрөөгүй, тэгээд үндсэндээ наймаа буцах болсон юм. Гэтэл миний мэдэж байгаагаар Б.А нь үлдэгдэл мөнгөний оронд машин оролцуулах гэтэл машин авахгүй гээд байсан. Тэгээд Т.Бадрах гэх хүнд машиныг нь шилжүүлж чадаагүй юм... Эгч Лхагвасүрэн наймаа буцлаа гээд машинаа өөр хүнд зарахаар болсон юм билээ. Тэгээд тэр машин авах гэж байсан хүн нь зар дээрээс эгч Лхагвасүрэнгийн машиныг мэдэх болохоор зар дээр өөр хүн зарах гээд зар тавьсан байсаныг олж хараад эгчид хэлсэн байдаг юм. Тэгээд эгч надад хэлээд надтай хамт очоод машинаа олж авсан... Уг машиныг эхний ээлжинд 20,000,000 төгрөг өгсөн байдаг, үлдэгдэл мөнгөн дээр нь Е-300 маркийн машиныг өгье гэтэл эгч авахгүй, бэлэн мөнгө хэрэгтэй гээд наймаа буцсан. Гол нь Б.А Лхагвасүрэн хоёр бие биенээ сайн танихгүй, надаар дамжуулан холбогдож байсан юм. Тэгээд Б.А надруу утсаар яриад наймаа дуусаад тохирохоор чи эгчээсээ шууд Т.Бадрахын нэр дээр шилжүүлээрэй гэж хэлж байсан... Лхагвасүрэн эгч бид хоёрын хооронд 40 орчим сая төгрөгийн тооцоо байсан. Энэ мөнгөнөөс Б.А-оос авсан 20 сая төгрөгийг хасаад намайг өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь би угаасаа өгөх ёстой мөнгө учраас 2019 оны сүүлээр төлөөд барагдуулсан. Тэгээд Б.А бид хоёрын хооронд 20 сая төгрөгийн тооцоо үлдсэн. Энэ мөнгөний оронд Япон улсаас орж ирсэн Монголд явж байгаагүй Тоёотай Приус-41 маркийн машиныг 20 сая төгрөгний орондоо өгсөн. Одоо Б.А бид хоёрын хооронд өр авлагын ямар нэгэн тооцоо байхгүй. Мөн Лхагвасүрэн, Б.А нарын хооронд өр авлагын тооцоо байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-48-р хуудас/,
Гэрч Ш.Лхагвасүрэнгийн “...Би Т.Хаш-Эрдэнийг бол танина. 2010 оноос эхлэн таних болсон. Миний дүүгийн найз байгаа юм. Машин зарж байгаад танилцсан хүмүүс байаа юм. Гэтэл 2019 оны намар сарыг нь сайн санахгүй байна. Т.Хаш-Эрдэнэ надад манай найзад Ренж ровер машин байна та авчих хямдхан юм байна гэж хэлсэн. Тэгээд машиныг нь очоод сонирхоод үзлтэл машин нь таалагдаад тэр хүнээс машиныг нь 65,000,000 төгрөгөөр авахаар болоод хуучин тээврийн товчооны эсрэг тал байх нотариатаар ороод мөнгийг нь бэлэн өгөөд авсан байдаг юм. Машин Гандарь овогтой Баттөр гэж залуу бий. Энэ залууг миний танил дүү Хаш-Эрдэнэ мэднэ. Түүний найз байгаа юм. Тэгээд машинаа худалдаж аваад гэртээ авчираад тавьсан байсан. Машины үзүүлэлтын хувьд гэвэл 80-58 УНЗ улсын дугаартай хар хөх өнгийн Ренж ровер загварын 2011 онд үйлдвэрлсэн, 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Монгол улсард импорлогдсон машин байсан. Гол онцлох зүйл нь км гүйлт багатай байхаар нь авах сонирхол төрсөн. Тэгээд машинаа гэртээ гражид тавиад зарна гээд зар тавьсан байсан. Гэтэл нэг өдөр Т.Хаш- Эрдэнэ надад манай нэг танил ах байна аа. машиныг чинь сонирхоод байгаа гэж хэлж байсан. Тэгээд би Т.Хаш-Эрдэнэд чи өөрөө очоод үзүүлээ гэж хэлсэн. Тэгээд машин үзчихээд машиныг чинь авья таалагдаж байна гэж байсан. Тэгэхээр нь би за бэлэн мөнгө гаргаад ирээд тэгээл очоод шилжүүлээд өгье гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.А нь одоо мөнгө алга 7 хоногийн дараа мөнгө орж ирнэ гээд аваад явсан. Тэгээд мөнгө орж ирэхгүй болохоор нь Б.А-оос машин аваад ирээ гэж хэлсэн. Гэтэл Б.А ажил болох гээд байна түр хүлээж байгаа ч гээд Т.Хаш- Эрдэнээр 20,000,000 төгрөг өгч явуулсан байсан. Тэгээд үлдэгдэл мөнгөө өгөхгүй алга болохоор нь Хаш-Эрдэнэд би за чи машин олж ирээ чиний дагуулж ирээд машин зарсан хүн чинь алга болсон гэж хэлээд явуулсан. Хаш-Эрдэнэ нь манайд машин зарж байхдаа өр тооцоотой байсан юм. Тэр тооцооноос тэр хүндээ 20,000,000 төгрөгийг нь өгөөд миний машиныг олж ир гээд явуулсан юм. Гэтэл Хаш-Эрдэнэ за би Б.А-од Тоёота Приус 41 маркийн автомашин 20,000,000 төгрөгөнд өгөөд тооцоогүй болсон байгаа. Таны машиныг аваад ирнэ гэж байна гээд хэлж байсан. Тэрнээс хойш бага 2 сар орчим машин авчирч өгөхгүй алга болсон. Тэгэл манай танил хүн надад танай зарах гээд зар тавьсан машиныг чинь өөр хүн зарах гээд зар тавьсан байна. Би очиж үзэх гээд явж байна гэж надруу утсаар ярьсан. Тэгэхээр нь Хаш-Эрдэнэ луу яриад нөгөө машин чинь зар тавиад зарах гээд байж байна чи очиж машин авч ирж өг гэж хэлсэн. Хаш-Эрдэнэ эгчээ надад өгөхгүй шүү дээ та худалдан авсан гэрээгээ авчих хоёулаа хамт очиж авья гэж хэлээд бид хоёр хамт явсан. Тэгээд Хан-Уул дүүргийн Зайсангийн тийшээ яваад байрны гадаа очтол миний машин байрны гадаа ил зогсоол дээр тавьсан байсан. Тэгээд тэр машин сонирхоод явж байсан хүн нь машин дээр ирээд машиныг үзэж байх үед нь Хаш-Эрдэнэ бид хоёр очоод машин үзүүлж байгаа хүнд нь хандан энэ миний худалдаж авсан машин байгаа юм аа, гэрээ нь энэ байна гээд тэр хүнд машин худалдан авсан гэрээгээ үзүүлсэн. Надаас худалдан авна гэж байсан хүн нь мөнгө өгөхгүй алга болсон гэж тэр хүнд хэлсэн. Тэгээд машинаа асаагаад аваад явсан. Машины зар тавьсан хүн нь худалдаж авсан хүн нь Б.Аоос 20,000,000 төгрөгөөр авсан билүү барьцаалсан гэсэн үү тухайн үед тийм зүйл ярьж байсан. Би тэр залууд за чи тэр Б.Атойгоо учраа олоорой гэж хэлээд явсан... Би 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Г.Баттөрөөс 8058 УНК улсын дугаар хар өнгийн Ренж ровер маркийн машиныг нэг жилийн хугацаатай Итгэмжлэлээр 60,000,000 төгрөгний өртгөөр худалдан авсан. Өмнө өгсөн мэдүүлэгтээ машинаа 65,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж буруу мэдээлэл өгсөн байсаныг энд залруулан хэлж байна. Тэгээд Б.А нь 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Ганбаатар овогтой Анхбаяр рд: УШ91121959 гэх хүнд тээврийн хэрэгсэлийн зээлээр худалдах худалдан авахаар 60,000,000 төгрөгний гэрээ байгуулсан байдаг юм. Энэ машиныг Б.А авч байгаа юм гэтэл Г.Анхбаярыг өмнөөсөө явуулж гэрээ хийлгэж машин авхуулсан байдаг. Энэ зээлийн гэрээг хийгээд алга болсон. Тухайн үедээ ямар ч мөнгө өгөлгүй машин аваад явсан. Тэгээд хэсэг хугацаанд алга болоод би хойноос нь хөөцөлдөж яваад арай гэж 20,000,000 төгрөг олж авсан. Тэгээд машинаа хэл болж аваад гэртээ аваачаад гражид тавьсан. Тэгээд машин олж авсан өдрийн хэд хоногийн дараа нөхөр Ш.Ганхүү руу итгэмжлэлээр шилжүүлсэн байдаг юм. Учир юу бэ гэвэл Г.Баттөр Б.А тэр хоёр бие биенээ таньдаг учраас хоорондоо шилжүүлэх магдалалтай байсан. Тэгээд нөхөр Ш.Ганхүүрүү шилжүүлсэн. Мөн машинаа олж авахад машины бичиг баримт байхгүй байсан. Тэгээд авто тээвэр дээрээс хаяж үрэгдүүлсэн гэж гэрчилгээ дахин гаргуулж авсан. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нөхөр Ш.Ганхүүгээс худалдах худалдан авах гэрээгээр Гүрсэд овогтой Болдбаатарт /рд:ТК71092078/ 60,000,000 төгрөгөөр зарж борлуулсан байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-55-р хуудас/,
Гэрч Г.Анхбаярын “...Би одоо он, сарыг нь тодорхой санахгүй байна. 2019 оны 7 сарын сүүлээр байх Б.А надруу залгаад уулзая гэсэн. Тэгээд бид хоёр офицер орчим уулзсан. Тэндээс Рэнж Ровер маркийн машиныг Б.А бид хоёр хамт аваад би унаад явсан. Тухайн машиныг надад хэлэхдээ түлшний оронд авч байгаа 7 хоногийн дотор түлшээ өгөөд машиныг шилжүүлж авна гэсэн ингээд машин нөгөө уулзсан залуу нэг эмэгтэйг дуудаад хамт нотариат ороод худалдах, худалдан авах гэрээ байгуулаад тухайн өдрийнхөө орой нь Б.Аод өгсөн. Миний хувьд Б.Аыг таньдаг учраас түүнд туслах зорилгоор гэрээ байгуулж авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 80/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 111/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МН тауэрт байрлах Голомт банкны салбар дээр Т.Бадрахад бусдаас зээлээр авсан 80-58 УНК улсын дугаартай Range Rover автомашиныг нэр дээр чинь шилжүүлж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан барьцаалж 20,000,000 /хорин сая/ төгрөгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн иргэн Т.Бадрахаас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 15-17-р хуудас/, хохирогч Т.Бадрахын мэдүүлэг /хх-ийн 25-31-р хуудас/, гэрч Н.Оргилын мэдүүлэг/хх-ийн 37-р хуудас/, гэрч Т.Хаш-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 43-48-р хуудас/, гэрч Ш.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 51-55-р хуудас/, гэрч Г.Анхбаярын мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулж, 3000 нэгж буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Я.Энхжаргал гаргасан тайлбартаа
...гэрээний дагуу мөнгө орж ирсэн бол өгчих боломжтой байсан, Б.Аын нэр дээр байсан компанийг огт шалгаагүй, өөрөө гүйцэтгэх захирал хийдэг, бодить байдлыг нуугаагүй 20 саяыг өгчихөөд Бадрахаас 20 саяыг авч байгаа нь нуугаагүй, буцаагаад өгчих байсан Лхагвасүрэнд, Анхбаярын мэдүүлэгт түлшээр гэж ярьсан байдаг, анхнаасаа санаа бодол зорилго байгаагүй.
мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйл дээр зөвхөн Бадралын мэдүүлгээр тогтоох боломжгүй тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий хүсэлт гаргасан болно.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд: шүүгдэгч Б.Аын хохирогч Т.Бадрахаас 20.000.000 сая төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэмт үйлдэл болох нь нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.
Шүүх шүүгдэгч Б.А-ыг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор иргэн Оргилоор дамжуулан хохирогч Т.Бадрахтай танилцаж, 20 000 000 төгрөг зээлж, ингэхийн тулд барьцаа болгож /зээлээр авсан гэх/ Range Rover автомашиныг барьцаанд тавьж өөрийн машин мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 20.000.000 сая төгрөгийг гарган авч, хохирогч Т.Бадрахаас авсан уг мөнгийг 7 хоногийн дотор 5 хувь хүү төлж буцааж өгнө, мөн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 24 хүртэлх хугацаанд удахгүй өгнө, шатахуун зараад өгнө, зээл бүтэх гэж байна, дансанд чинь мөнгө хийцэн гэх мэтээр хэлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, залилан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Б.А-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хохирогч Т.Бадрах нь 20.000.000 төгрөгийг нэхэмжилсэн шүүгдэгч нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хохирлыг төлж барагдуусан тул шүүгдэгч Б.А-д нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ