Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 636

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        08          03                                  2020/ШЦТ/636

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2011 00730 0587 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Цагаан чандмань суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дундболовсролтой, Агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Нью Таун 43В-704 тоотод оршин суудаг /иргэний үнэмлэхний хаяг: Говь-Алтай аймаг, Чандмань 1-р баг, Чандмань-Уул/, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Б.Б /РД: /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нарантуул" олон улсын худалдааны төвөөс нэн ховор амьтан болох Борцгор хотон шувууны хошуу буюу түүхий эдийг худалдаж аван, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 43в-7 тоотод байх өөрийн гэртээ хадгалж байгаад 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдад худалдах зорилгоор авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би хохирлыг төлнө. Маш их зүйл судаллаа, цаашид маш хянамгай байна. Харамсаж байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Нийслэлийн Байгаль орчны газраас 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн 04/1243 дугаартай албан бичиг /Хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цолмонбааатарын “...Борцгор Хотон шувуу нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан нэн ховор амьтны жагсаалтанд ордог амьтан байгаа юм... амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж нөхөн төлүүлнэ... дээрх Борцгор хотон шувууны бодгальд хамаарах 1 ширхэг хошуу учраас 6.750.000 төгрөгөөр үнэлэгдэж байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч Ц.Ундрахын “...манай нөхөр хэлэхдээ би фэйсбүүк дээр хотон шувууны хошууг зарах гэж байгаад цагдаагийн байгууллагад баригдчихлаа зарж болдоггүй ховор амьтны яс байжээ болдоггүй юм зарах гэж байсан юм шиг байна асуудал үүсчихлээ гэж хэлээд ирсэн... би ер нь энийг ямар амьтны хошуу гэдгийг мэдээгүй манай гэрт 2019 оны 11 дүгээр сарын үед байгаад байсан би нээх их тоодоггүй юм...” /Хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

Гэрч Ж.Алтанцоожийн “...Би Б.Б-тай 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хавьцаа уулзсан юм. Тэр үед надад би нэг ийм юм авсан гээд Хотон шувууны хошууг үзүүлж байсан. Би тэр үед хотон шувууны хошууны талаар сайн мэддэггүй байсан. Тэр үедээ надад энийг зарчихдаг юм билүү ер нь шал дэмий авчихжээ... гэж ярьж байсан... мэдэхгүй надад ярихдаа 1.300.000 төгрөгийн багцаа хавьцаа авчихлаа гэж байсан өөр зүйл мэдэхгүй...” /Хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

Шинжээч Б.Энхтуяагийн “...шинжилгээнд ирсэн Борцгор хотон шувууны хошуу нь Борцгор хотон шувууны эд эрхтэн мөн. Түүхий эд гэдэг нь уг амьтнаас гаралтай өөрчлөлтөд ороогүй эд эрхтэнг хэлнэ. Энэ тоноглосон хошууг түүхий эд гэж үзнэ. Уг тоноглоход орсон металл мэт зүйл нь уг хошуунд өөрчлөлт оруулаагүй зөвхөн гадна талаар байгаа зүйл юм...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 30 дугаар хуудас/

Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/71 дугаартай албан тоотын хавсралт шинжээчийн дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь Хотонгийнхон /pelecanidae/ овгийн, хотон төрөлд хамаарагдах 1 бодгаль Хотон шувууны хошуу /толгойн араг, хошууны дээд хэсгийн хамт/ болохыг тогтооглоо. Энэхүү шувууны зүйл нь Pelecanus crispus буюу Борцгор Хотон байна. Уг зүйл нь Монгол оронд өндөглөн зусдаг, нэн ховор нүүдлийн шувуу. Их нууруудын хотгорын цөөн нууранд үрждэг. Говийн нуур, цөөрмүүдээр нүүдлийн үедээ ховор тохиолддог. Шувууны хошууны үзүүр, угны хэсэг болон толгойн хэсгийг мөнгөлсөн байдалтай байсан. Агнагдсан цаг хугацаа, нас, хүйсийг тодорхойлох боломжгүй. Борцгор хотон шувуу нь Монгол орны улаан номонд бүртгэлтэй. Мөн Амьтны тухай хуулийн 7.1 дүгээр заалтаар Нэн ховор зүйлийн жагсаалтад орсон байдаг /АТХ, 2012/. Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны шалгуураар олон улсын хувьд “эмзэг”, Монгол орны хувьд “Устаж болзошгүй” зэрэглэлд хамаарна. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын /CITES/ нэгдүгээр хавсралтад бүртгэлтэй. Борцгор хотон шувууны экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны Экологи-Эдийн засгийн үнэлгээ”-нд тусгагдсанаар 6.570.000 төгрөг байна..." гэх дүгнэлт /Хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б-ын “...би 2019 оны 10 дугаар сарын дундуур Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвөөс Борцгор хотон шувууны хошууг танихгүй хүнээс 1.300.000 төгрөгөөр худалдаж авсан... уг хотон шувууны хошууг заръя гэж бодоод өөрийн найз болох Алтанцоожид үзүүлсэн юм... Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах аврах гал унтраах 10 дугаар ангийн үүдэнд дуудахаар нь очиж уулзаж... тэгээд удалгүй Экологийн цагдаагийн албан дээр хүрээд ир гэж дуудсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 34-35дугаар хуудас/,

Эд мөрийн баримтыг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 46/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нарантуул" олон улсын худалдааны төвөөс нэн ховор амьтан болох Борцгор хотон шувууны хошуу буюу түүхий эдийг худалдаж аван, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 43в-7 тоотод байх өөрийн гэртээ хадгалж байгаад 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдад худалдах зорилгоор авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн Нийслэлийн Байгаль орчны газраас 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн 04/1243 дугаартай албан бичиг /Хавтаст хэргийн 37 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цолмонбааатарын “...Борцгор Хотон шувуу нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан нэн ховор амьтны жагсаалтанд ордог амьтан байгаа юм... амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж нөхөн төлүүлнэ... дээрх Борцгор хотон шувууны бодгальд хамаарах 1 ширхэг хошуу учраас 6.750.000 төгрөгөөр үнэлэгдэж байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/, гэрч Ц.Ундрахын “...манай нөхөр хэлэхдээ би фэйсбүүк дээр хотон шувууны хошууг зарах гэж байгаад цагдаагийн байгууллагад баригдчихлаа зарж болдоггүй ховор амьтны яс байжээ болдоггүй юм зарах гэж байсан юм шиг байна асуудал үүсчихлээ гэж хэлээд ирсэн... би ер нь энийг ямар амьтны хошуу гэдгийг мэдээгүй манай гэрт 2019 оны 11 дүгээр сарын үед байгаад байсан би нээх их тоодоггүй юм...” /Хавтаст хэргийн 20 дугаар хуудас/, гэрч Ж.Алтанцоожийн “...Би Б.Б-тай 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хавьцаа уулзсан юм. Тэр үед надад би нэг ийм юм авсан гээд Хотон шувууны хошууг үзүүлж байсан. Би тэр үед хотон шувууны хошууны талаар сайн мэддэггүй байсан. Тэр үедээ надад энийг зарчихдаг юм билүү ер нь шал дэмий авчихжээ... гэж ярьж байсан... мэдэхгүй надад ярихдаа 1.300.000 төгрөгийн багцаа хавьцаа авчихлаа гэж байсан өөр зүйл мэдэхгүй...” /Хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/, шинжээч Б.Энхтуяагийн “...шинжилгээнд ирсэн Борцгор хотон шувууны хошуу нь Борцгор хотон шувууны эд эрхтэн мөн. Түүхий эд гэдэг нь уг амьтнаас гаралтай өөрчлөлтөд ороогүй эд эрхтэнг хэлнэ. Энэ тоноглосон хошууг түүхий эд гэж үзнэ. Уг тоноглоход орсон металл мэт зүйл нь уг хошуунд өөрчлөлт оруулаагүй зөвхөн гадна талаар байгаа зүйл юм...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 30 дугаар хуудас/, Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/71 дугаартай албан тоотын хавсралт шинжээчийн дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь Хотонгийнхон /pelecanidae/ овгийн, хотон төрөлд хамаарагдах 1 бодгаль Хотон шувууны хошуу /толгойн араг, хошууны дээд хэсгийн хамт/ болохыг тогтооглоо. Энэхүү шувууны зүйл нь Pelecanus crispus буюу Борцгор Хотон байна. Уг зүйл нь Монгол оронд өндөглөн зусдаг, нэн ховор нүүдлийн шувуу. Их нууруудын хотгорын цөөн нууранд үрждэг. Говийн нуур, цөөрмүүдээр нүүдлийн үедээ ховор тохиолддог. Шувууны хошууны үзүүр, угны хэсэг болон толгойн хэсгийг мөнгөлсөн байдалтай байсан. Агнагдсан цаг хугацаа, нас, хүйсийг тодорхойлох боломжгүй. Борцгор хотон шувуу нь Монгол орны улаан номонд бүртгэлтэй. Мөн Амьтны тухай хуулийн 7.1 дүгээр заалтаар Нэн ховор зүйлийн жагсаалтад орсон байдаг /АТХ, 2012/. Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны шалгуураар олон улсын хувьд “эмзэг”, Монгол орны хувьд “Устаж болзошгүй” зэрэглэлд хамаарна. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын /CITES/ нэгдүгээр хавсралтад бүртгэлтэй. Борцгор хотон шувууны экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны Экологи-Эдийн засгийн үнэлгээ”-нд тусгагдсанаар 6.570.000 төгрөг байна..." гэх дүгнэлт /Хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б-ын “...би 2019 оны 10 дугаар сарын дундуур Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвөөс Борцгор хотон шувууны хошууг танихгүй хүнээс 1.300.000 төгрөгөөр худалдаж авсан... уг хотон шувууны хошууг заръя гэж бодоод өөрийн найз болох Алтанцоожид үзүүлсэн юм... Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах аврах гал унтраах 10 дугаар ангийн үүдэнд дуудахаар нь очиж уулзаж... тэгээд удалгүй Экологийн цагдаагийн албан дээр хүрээд ир гэж дуудсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 34-35дугаар хуудас/, эд мөрийн баримтыг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй худалдан авсан, хадгалсан, худалдах зорилгоор авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулж, 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэмболор нар нь шүүхэд гаргасан тайлбартаа гэм буруу маргахгүй, торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Б-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Гэмт хэргийн улмаас амьтны аймагт 6.570.000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч Б.Б нь хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг ажлын 3 хоногийн хугацаагаар завсарлуулж төрийн сангийн Нийслэлийн байгаль орчны газрын 100200000906 дугаарын дансанд 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2.900.000 төгрөг, 39.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 3.621.000 төгрөг, мөн шүүх хуралдаан дээр үлдэгдэл 10.000 төгрөг нийт 6.570.000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгч Б.Б-ыг  төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт нь 45.3 см, хошуу хэсгийн өргөн 4.2 см, толгой хэсгийн өргөн 5.8 см, цайвар шаргал өнгийн яс мэт зүйл нь мөнгөлөг саарал өнгийн металлаар чимсэн, толгой хэсгийн дээд талд соёмбоны дүрстэй, зүүн болон баруун талдаа хар өнгийн хуванцар мэт бөөрөнхий хэлбэртэй зүйл наасан, хоёр талын үзүүр хэсэгт мөнгөлөг саарал өнгийн шигтгээтэй Борцгор хотон шувууны хошуу 1 ширхэгийг Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Шувуу судлалын лабораторид шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй худалдан авсан, хадгалсан, худалдах зорилгоор авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт нь 45.3 см, хошуу хэсгийн өргөн 4.2 см, толгой хэсгийн өргөн 5.8 см, цайвар шаргал өнгийн яс мэт зүйл нь мөнгөлөг саарал өнгийн металлаар чимсэн, толгой хэсгийн дээд талд соёмбоны дүрстэй, зүүн болон баруун талдаа хар өнгийн хуванцар мэт бөөрөнхий хэлбэртэй зүйл наасан, хоёр талын үзүүр хэсэгт мөнгөлөг саарал өнгийн шигтгээтэй Борцгор хотон шувууны хошуу 1 ширхэгийг Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Шувуу судлалын лабораторид шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ