Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 644

 

 

 

 

 

 

 

   2020        08          03                                   2020/ШЦТ/644

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1911 02656 0217 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 26-273 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй

Д.Б /РД: /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 7-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 27 дугаар гудамжны 285 тоотод байрлах Г.Тулгын эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Самсунг” загварын эл си ди /LCD/ зурагт, загвар тодорхойгүй Дивиди /DVD/, "Кен" загварын тасдагч багаж зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж нийт 257.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын 257 000 төгрөгийг шүүхийн дансанд байршуулсан. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12 дугаар хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/,

-Хохирогч Г.Тулгын “...Манай урд талын айл болон баруун талын айлуудыг би сэжиглэж байна. Тэрнээс өөр манайх ямар нэгэн хүмүүс дамжин өнгөрдөггүй гудамж байгаа юм. 2 талдаа хөрштэй, зүүн талын болон хойд талын хашаа эзэнгүй байдаг. Өөр сэжиглэж байгаа хүн байхгүй. Дээр нэг орой намайг ажлаа тараад гэртээ ирэхэд урд талын айлын залуу нэг сонин юм яриад, манай гэрийнхний цагийг бүртгээд байгаа юм шиг “ер нь болгоомжтой байгаарай” гэсэн нь надад сонин санагдсан. Би тэр хэдийг байх гэж бодоод байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

-Хохирогч Г.Тулгын дахин өгсөн “...Сүүлд санахад би өөрөө барилгын ажил хийдэг болохоор ажлынхаа Хятад улсад үйлдвэрлэсэн дундын хэмжээтэй тасдагч багаж алдагдсан байсан. Тэгээд анх мэдүүлэхдээ алдагдсан талаар хэлээгүй болохоор орхигдуулсан байсан. Би уг тасдагч багажийг 2017 онд 100 айл худалдааны төвөөс 60.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Улаан өнгийн гадаргуутай Кен нэртэй тасдагч багаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

-Г.Тулгын гэрчээр өгсөн “...Орон доогуур хийсэн байсан 32 инчийн Самсунг брендийн зурагт, гаднах корпус нь хар өнгийн 20x30 хэмжээтэй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Дивиди тоглуулагч алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

-Гэрч Г.Алтангэрэлийн “...Намайг 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдөр ажил дээрээ сууж байхад үл таних 30 гаруй насны эрэгтэй орж ирээд хар өнгийн гадаргуутай Хятад улсад үйлдвэрлэгдсэн Самсунг нэртэй 32 инчийн зурагт барьж орж ирээд барьцаанд тавих гэсэн юм хэдэн төгрөг болох вэ гэж асуусан. Тэгээд би зурагтыг шалгаж үзээд уг залуу тухайн үед өөрөө хэд гэснийг санахгүй байна Хятад зурагт байсан учир 80.000 төгрөгөөр авна гэсэн байх гэж бодож байна. Тэгээд Давга овогтой Д.Б нь өөрийн нэрээр бичиг баримтаа ашиглан барьцаанд 14 хоногийн хугацаатай тавьсан. Уг зурагт одоо зарагдсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

-“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх-ийн 45, 49 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 67/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 66/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 68/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 69/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 70/ зэргийг шинжлэн судлалаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 7-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 27 дугаар гудамжны 285 тоотод байрлах Г.Тулгын эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Самсунг” загварын эл си ди /LCD/ зурагт, загвар тодорхойгүй Дивиди /DVD/, "Кен" загварын тасдагч багаж зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж нийт 257.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/, хохирогч Г.Тулгын “...Манай урд талын айл болон баруун талын айлуудыг би сэжиглэж байна. Тэрнээс өөр манайх ямар нэгэн хүмүүс дамжин өнгөрдөггүй гудамж байгаа юм. 2 талдаа хөрштэй, зүүн талын болон хойд талын хашаа эзэнгүй байдаг. Өөр сэжиглэж байгаа хүн байхгүй. Дээр нэг орой намайг ажлаа тараад гэртээ ирэхэд урд талын айлын залуу нэг сонин юм яриад, манай гэрийнхний цагийг бүртгээд байгаа юм шиг “ер нь болгоомжтой байгаарай” гэсэн нь надад сонин санагдсан. Би тэр хэдийг байх гэж бодоод байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, хохирогч Г.Тулгын дахин өгсөн “...Сүүлд санахад би өөрөө барилгын ажил хийдэг болохоор ажлынхаа Хятад улсад үйлдвэрлэсэн дундын хэмжээтэй тасдагч багаж алдагдсан байсан. Тэгээд анх мэдүүлэхдээ алдагдсан талаар хэлээгүй болохоор орхигдуулсан байсан. Би уг тасдагч багажийг 2017 онд 100 айл худалдааны төвөөс 60.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Улаан өнгийн гадаргуутай Кен нэртэй тасдагч багаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, Г.Тулгын гэрчээр өгсөн “...Орон доогуур хийсэн байсан 32 инчийн Самсунг брендийн зурагт, гаднах корпус нь хар өнгийн 20x30 хэмжээтэй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Дивиди тоглуулагч алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Г.Алтангэрэлийн “...Намайг 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдөр ажил дээрээ сууж байхад үл таних 30 гаруй насны эрэгтэй орж ирээд хар өнгийн гадаргуутай Хятад улсад үйлдвэрлэгдсэн Самсунг нэртэй 32 инчийн зурагт барьж орж ирээд барьцаанд тавих гэсэн юм хэдэн төгрөг болох вэ гэж асуусан. Тэгээд би зурагтыг шалгаж үзээд уг залуу тухайн үед өөрөө хэд гэснийг санахгүй байна Хятад зурагт байсан учир 80.000 төгрөгөөр авна гэсэн байх гэж бодож байна. Тэгээд Д.Б нь өөрийн нэрээр бичиг баримтаа ашиглан барьцаанд 14 хоногийн хугацаатай тавьсан. Уг зурагт одоо зарагдсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх-ийн 45, 49 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б нь хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар айлын гэр лүү нэвтэрч 32 инчийн “Самсунг” загварын эл си ди /LCD/ зурагт, загвар тодорхойгүй Дивиди /DVD/, “Кен” загварын тасдагч багаж зэргийг авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.

 Шүүгдэгч Д.Б-ын нэвтэрсэн обьект нь хүн байнга амьдрах зориулалттай байшин бөгөөд нууцаар уг байшин руу нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.

 Шүүгдэгч Д.Б нь айл руу хууль бусаар нэвтэрч хулгай хийсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д.Бын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон

Улсын яллагч: Шүүгдэгч Д.Б-ыг 2 жил 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг их биш, хохирол төлөгдсөн, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр шүүгдэгч маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 01 жилийн хорих ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.

 Шүүгдэгч Д.Б-ы гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тоогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш нөхөн төлөгдсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 Энэ гэмт хэргийн улмаас Г.Тулгад учирсан хохирол болох 257.000 төгрөгийг шүүгдэгч Д.Б нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны 100900005406 дугаарын дансанд 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байршуулсан байх тул шүүгдэгч Д.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй. Шүүгдэгч нь энэ хэрэгт 33 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-ы энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 33 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Д.Б-ы гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөрт төлсөн 257.000 /хоёр зуун тавин долоон мянга/ төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны 100900005406 дугаар данснаас гаргуулж хохирогч Г.Тулга /РД: шу 91101618, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 27-285 тоотод оршин суудаг/-д тогтоол хүчин төгөлдөр болмогц олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ