Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 747

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Цогт-Очирын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01616 дугаар шийдвэртэй, Д.Цогт-Очирын нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүү,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Цогт-Очир миний бие Засгийн газрын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 289 дугаартай тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур орчны шинжилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2014 оны 12 дугаар сард Засгийн газрын захиалгаар Төрийн албаны зөвлөлөөс зарласан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур орчны шинжилгээний газрын даргын ажил, албан тушаалын сонгон шалгаруулалтанд тэнцэж, Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 97 дугаартай тогтоолоор тус газрын даргын ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байсан.

Уг албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.7-д зааснаар Төрийн захиргааны албан тушаалд хамаарах бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.2, 3.4 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагч юм.

Гэтэл Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн тухай хуулийн 32.1, Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1-д заасныг үндэслэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур орчны шинжилгээний газрын даргын ажил, албан тушаал болох төрийн албанаас чөлөөлсөн.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг заасан ба миний хувьд дээрх хуульд зааснаар төрийн албанаас чөлөөлөгдөх буюу тэтгэвэр тогтоолгох болон төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад төрийн албанаас чөлөөлсөн нь Цаг уур орчны шинжилгээний газрын даргын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцож тэнцсэн төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчсөн гэж үзэж байна.

Хууль зөрчсөн 2016 оны 48 дугаар тогтоолыг хянуулахаар Төрийн албаны төв зөвлөлд хандсан боловч Төрийн албаны төв зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 975 дугаартай албан бичгээр хууль хяналтын байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлэхийг зөвлөсөн байдаг. Иймд дээрх тогтоолоор зөрчигдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг сэргээж ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, Д.Цогт-Очир миний урьд өмнө эрхэлж байсан ажил албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажлуулахыг Засгийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнд: 2006 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар ажиллаж байсан С.Энхтүвшинг Засгийн газар 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 288 дугаар тогтоолоор хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн байдаг. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч иргэн С.Энхтүвшин шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1469 тоот шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажилд нь эгүүлэн тогтоож, Засгийн газрын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 288 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 446 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Иймд Засгийн газар Улсын дээд шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлж 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 48 дугаар тогтоолоор Д.Цогт-Очирыг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Ажилд томилох тухай” 47 дугаар тогтоолоор С.Энхтүвшинг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар томилсон болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ гэж заасан, мөн Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэсний дагуу Засгийн газар дээрх шийдвэрийг гаргасан. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Агентлагын даргыг Засгийн газар томилж, чөлөөлдөг. Иймд нэхэмжлэгч Д.Цогт-Очирыг Улсын Дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 446 дугаар тогтоолын дагуу чөлөөлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Цогт-Очирын Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг сэргээлгэж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүй мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд ажиллуулах даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Д.Цогт-Очирыг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь УДШ-ийн хяналтын шатны шүүхийн тогтоолын дагуу өмнө ажиллаж байсан С.Энхтүвшинг ажилд нь буцаан томилсон. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолыг хөндөж хөдөлмөрлөх эрхийг давхар хохироож болохгүй. Нэхэмжлэгч нь Засгийн газрын Ажлаас чөлөөлөх тухай 48 дугаар тогтоолын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай шаардлага гаргасан байхад шүүх энэ шаардлагын хүрээнд огт дүгнэлт хийгээгүй болно.

Хариуцагч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2, Шүүхийн тухай хуулийн 32.1, Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2, Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1-д заасныг үндэслэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрээр зөвхөн өөрт эрх олгосон заалтаас өөр үндэслэлийг дурдалгүйгээр Д.Цогт-Очирыг ажлаас чөлөөлж, С.Энхтүвшинг томилсон боловч нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох эрх зүйн үндэслэл биш.юм.

Дээрх харилцаа нь нэг талаас ажил олгогч, нөгөө талаас ажилтны хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа байхад шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг удирдлага болгох байсан. Шүүх “Д.Цогт-Очирын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 97 дугаар тогтоолоор томилогдож ажилласан хөдөлмөрийн харилцааг хууль ёсны дагуу үүссэн харилцаа гэж үзэх үндэслэлгүй тул тухайн харилцааг хууль ёсны дагуу дуусгавар болохыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль бус, зохигчдын маргаагүй тушаалын хүрээнд дүгнэлт хийж шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан төрийн албанаас чөлөөлөгдөх тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй, төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаар баримтгүй тул түүнийг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь хуульд нийцэхгүй. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг огт хэрэглээгүй, шүүхийн шийдвэрийг иш үндэс болгож нэг иргэний эрхийг хамгаалж байна гээд өөр нэг иргэний хөдөлмөрлөх эрхийг шууд ноцтойгоор хөндөж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүйгээс гадна иргэний эрхийн хамгаалалтыг огт хэрэглээгүй.

Шийдвэрт “Хөдөлмөрийн тухай хуулийн 1.1-д зааснаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсэхээр эрх зүйн зохицуулалтыг тусгаж, энэ нь хөдөлмөрлөх харилцааг үүсгэж байгаа хөдөлмөрийн гэрээ хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байх, хөдөлмөрлөх харилцаа хууль зөрчөөгүй байх шаардлагыг бий болгож байна” гээд, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Засгийн газрын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 288 дугаар тогтоолыг хүчингүй болгож, С.Энхтүвшинг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, Д.Цогт-Очирын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 97 дугаар тогтоолоор томилогдож ажилласан хөдөлмөрийн харилцааг хууль ёсны дагуу үүссэн харилцаа гэж үзэх үндэслэлгүй гэсэн нь өөр хоорондоо зөрчилтэй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн дүгнэлт болжээ.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д “ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон” бол тухайн ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор зохицуулсан гэж дүгнэлт хийсэн атлаа мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүний эрхэлж байсан ажил албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлаж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардалгын хүрээнд хууль ёсны дүгнэлт хийж шийдвэр гаргаагүйд гомдолтой байна.

Нэхэмжлэлийн шаардлага нь дээрх хуулийн заалтын утга, агуулгыг баримтлаж ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын цалинг бууруулахгүй мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилуулахыг хүссэн байхад шүүх огт авч хэлэлцсэнгүй, хэт нэг талыг барьж, өмнөх шийдвэрийг баримтлан нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч Д.Цогт-Очир нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг сэргээж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэрийн дагуу урьд нь  ажиллаж байсан С.Энхтүвшинг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар томилсон тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэл, тэдгээрийг шүүхээс хэрхэн үнэлж байгааг тусгах талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Тодруулбал, шүүхээс зөвхөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон Засгийн газрын тогтоолын үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, урьд эрхэлж ажил албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулахыг даалгах шаардлагад огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

 

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлээ болгон хэргийн оролцогчдоос нотлох баримтаар гаргасан Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 47, 48 дугаар тогтоолууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байгааг шүүх анхаараагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнд оролцогч төрийн байгууллага өөрийн “хуулбар үнэн” тэмдэг дарж ирүүлсэн байхад түүнийг үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу юм.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт, түүний эрх зүйн үр дагавар, үндэслэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01616 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Т.ТУЯА