Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар


Нэхэмжлэгч: Иргэн Б.Д-гийн нэхэмжлэлтэй,


Хариуцагч: Говь-Алтай аймгийн *******, ******* дарга М.У-д холбогдох, аймгийн *******, ******* даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаартай Б.Дг ажлаас халах тухай тушаал хууль бус үндэслэлгүй болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байгаа хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахшаардлага бүхий захиргааны хэргийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.


Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, гуравдагч этгээд Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Д миний бие нь 2014 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг Газрын үнэлгээ мэргэжлээр төгсөж, 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын газрын даамлаар томилогдож, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж тэнцсэн. Ажиллах хугацаандаа албан үүргээ хангалттай гүйцэтгэж алдаа эндэгдэлгүй гүйцэтгэж мэргэжлийн програмуудыг бүрэн эзэмшиж мэргэжлийн ур чадвар хангалттай үр дүнгийн гэрээг жил бүр А, В үнэлгээтэй дүгнүүлж байсан. Гэтэл Говь-Алтай аймгийн *******, ******* даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас гэнэт, үндэслэлгүйгээр халагдлаа. Намайг 2018 оны 01 дүгээр сараас эхлэн надтай үр дүнгийн гэрээ байгуулаагүй бөгөөд ажлаа өг, өөрийн хүсэлтээр чөлөөлөгд гэж удаа дараа үндэслэлгүйгээр дарамталж, шахаж шаардаж цагдаагийн байгууллагад хүртэл шалгуулсан ч амжилт ололгүй эцэстээ ийнхүү үндэслэлгүйгээр ажлаас чөлөөллөө. Ингээд дээрх тушаалтай холбоотой гомдлыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандсан боловч одоог хүртэл дорвитой шийдвэр гаргалгүй шүүхэд хандан шийдвэрлүүлэх талаар хариуг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өгсөн. Иймээс Говь-Алтай аймгийн *******, ******* даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаартай Б.Д-г ажлаас халах тухай тушаал хууль бус үндэслэлгүй болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж өгнө үү. Мөн ажиллаж байх хугацаанд миний ажлыг намайг оролцуулалгүйгээр шалгасан. Нэг ч удаа надтай уулзаж чи ийм алдаа дутагдал гаргасан гэж хэлж байгаагүй. Намайг ажиллах хугацаанд хэлтсийн дарга Ж.М нь удаа дараа уулзахдаа чамайг намын үзлээр ажлаас халах гэж байна. Иймээс өөрөө хүсэлтээ өгөөд ажлаас гарч болно, үгүй гэвэл чамайг төрийн албанд эргэж орохгүйгээр халах гэж байна гэдэг дарамт үзүүлж байсан гэв.


Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Д-г 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаартай даргын тушаалаар ажлаас чөлөөлсөн байдаг. Үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл буюу албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Мөн даргын зөвлөлийн шийдвэр гээд нэг шийдвэр оруулж ирсэн. Тухайн хурал болсон эсэх нь тодорхойгүй. Хуралд нь Б.Дг оролцуулаагүй, ажлыг нь шалгаж байна гэж хэлээгүй. Энэ хурлаас гарсан шийдвэртэй холбоотой асуудлыг Б.Д-д мөн танилцуулаагүй байдаг. Төрийн албан тухай хуулийн 25.1.1 дүгээр зүйлийг Улсын Дээд шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тайлбараар 25 дугаар зүйлд заасан төрийн албан хаагч удаа дараа албан үүргээ хангалтгүйгээр биелүүлсэн гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 13 дугаар зүйлийн 15.4, 15.4.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлана гэсэн байгаа. Энэ нь удаа дараа сахилгын арга хэмжээ авагдсан гэсэн асуудлаар адилтгаж тайлбарлаж өгсөн байдаг. Б.Д албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдгийг нотолсон баримт байхгүй. Хүмүүсийн нэр гаргаж ирээд нэрийг шивээгүй гэж хэлдэг. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл боломжоор нь хангаж өгчихөөд ийм асуудал тавих ёстой байх. Програмд өргөдөл гаргасан хүмүүсийн өргөдлийг бүртгэх ёстой байдаг. Гэтэл энэ асуудал нь 2018 оноос эхэлж хийгдэх ёстой ажил байсан. Өмнөх хүмүүсийг нөхөж хий гэдэг асуудлыг гаргаж ирээд өмнөх хүмүүсийн өргөдлийг нөхөж хийгээд явж байсан. Гэтэл үүнийг нөхөгдөөгүй хүмүүсийн нэр юм уу? мэдэхгүй хүмүүсийн нэрийг гаргаж ирдэг. Энэ хүнтэй холбоотой 2018 оны 01 дүгээр сард ажлыг нь хийлгэхгүй гэж хэлдэг тэгээд тушаал шийдвэр гаргадаггүй. Цагдаагаар 2-3 сарын хугацаанд шалгагдаж байгаад үндэслэлгүй байсан учир эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хэрэг хаагдсан. Б.Д-г ажлаас халахын тулд янз бүрийн аргаар үзсэн нь хэрэгт авагдсан прокурорын тогтоол зэргээс харагдана гэв.


Хариуцагч М.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус газарт Газрын даамлаар ажиллаж байсан Б.Д-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Иргэн Б.Д нь мэргэжлийн алдаа дутагдал байнга гаргаж байсан нь удаа дараагийн шалгалтаар тогтоогдож байгаа. Ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан, иргэдийн өргөдөл гомдол хариу өгөхгүй байх, шийдвэрлэхгүй байх зөрчлийг байнга гаргаж байсан нотлох баримтууд байгаа болно. Мөн иргэн Б.Д нь Төрийн албаны тухай хуулийн дагуу өргөдөл гомдлоо Төрийн албаны салбар зөвлөлөөр шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй байсныг дурдаж байна. Есөнбулаг сумын газрын даамлын албан тушаалд ажиллаж эхлэхдээ төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн боловч хамгийн өндөр оноо авсан иргэнийг томилох шүүхийн шийдвэр гарсан байтал албан тушаалдаа жинхлээгүй ажиллаж байсан алдаа дутагдал гарч байсан. Иймд иргэн Б.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахгүй болно гэжээ.


Гуравдагч этгээд Ш.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2011 онд ХААИС-ийг Газар зохион байгуулагч инженер мэргэжлээр төгссөн. 2012 онд Цээл сумын газрын даамлаар түр ажиллаж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 02-нд Есөнбулаг сумын Газрын даамлын орон тоон дээр төрийн албаны мэргэшсэн шалгалтыг өгч нэгээр гарч байсан. Тухайн үед нэхэмжлэгч Б.Д Газрын даамал хийдэг байсан. Би шалгалтанд нэгээр гарсан ажлын байраа авахыг хүссэн ч намайг дээрх албан тушаалд томилоогүй. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэгт зааснаар миний төрийн албаны шалгалтын хугацаа дуусаагүй. Мөн 2017 оны 12 дугаар сард зохион байгуулсан төрийн албаны мэргэшлийн шалгалтанд дэс түшмэлийн орон тоонд шалгалт өгч тэнцсэн болно. Иймээс миний бие энэ албан тушаалд байхад мэргэшил, мэдлэг дутахгүй болно гэжээ.


ҮНДЭСЛЭХ нь:


Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Говь-Алтай аймгийн *******, ******* дарга 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн даргын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Есөнбулаг сумын газрын даамал Б.Д нь удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй байх тул 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь халсан байна.


Аймгийн *******, ******* даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөлийн хурлын 03 дугаар тэмдэглэлд Газрын удирдлагын хэлтсийн дарга Ж.М: ...Б.Д-ийн 2015 оноос 2017 он хүртэлх хугацаанд хийсэн ажлуудыг нь шалгахад дараах зөрчил дутагдал илэрсэн. Хууль баримталдаггүй хууль зөрчсөн асуудлууд их гарсан, иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэж хариу мэдэгдээгүй, мэргэжил ур чадвар муу, цаг хугацаатай ажлыг хугацаа хэтрүүлдэг өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Б.Б: Наад зөрчлүүд чинь тэгээд засагдах боломжтой юмуу боломжгүй юмуу.., Газрын удирдлагын хэлтсийн дарга Ж.М: Зарим зөрчлүүдийг бол арилгаад байсан байгаа. Тухайн үед гаргасан зөрчлөө дахин давтаж дараа жил нь гаргаад байгаа. Жишээлбэл 49 иргэний асуудал яригдаж байгаа. Нөгөө хүмүүс нь газар нь хүчингүй болчихсон доод тал нь 35-36000 төгрөгөөр гэрчилгээгээ авсан хүмүүс байгаа ч нөгөөдүүл нь ерөөсөө гомдол гаргадаггүй. 1800 хүний өргөдөл авсан гэж байгаа авсан өргөдлөө огт бүртгээгүй ямар ч бүртгэл байхгүй, шийдвэрлэсэн эсэх, хэдийг нь яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй ... ёс зүйн хорооноос ёс зүйн асуудлаа шийдвэрлэх талаар үүрэг чиглэл өгсөн боловч удаа дараа ёс зүйн зөрчил гарч иргэдээс байнга гомдол санал ирсээр байна..., хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Б ...иргэдээс гэрчилгээний мөнгө аваад гэрчилгээжүүлсэн мөртлөө одоог болтол газар олгоогүй гэсэн гомдол гарсан... зэрэг Есөнбулаг сумын газрын даамал Б.Дгийн асуудлаар даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж байсан байна.


Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэгт төрийн жинхэнэ албан хаагч ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэрээгээр албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй, гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэрэг удаа дараа буюу 2 ба түүнээс дээш биелүүлээгүй байхыг ойлгох бөгөөд энэ байдал нь тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай.


Хариуцагчийн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргах, шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргийн хүрээнд шүүхээс шаардсан, хариуцагчаас гаргаж өгсөн хавтас хэргийн материалд авагдсан нотлох баримтанд аймгийн *******, ******* даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/03 дугаар тушаалаар Есөнбулаг сумын газрын даамал Б.Дгийн 2014-2017 оны газрын харилцааны талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийг байгуулсан, ажлын хэсгийн ахлагч Ж.М Лэнд менежер программын өгөгдөл шалгах, Есөнбулаг сумын газрын даамлын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх ажлын удирдамж-ийг баталсан байгаа ч энэ ажлын хүрээнд Б.Д ямар ажил, албан үүргээ удаа дараа 2 ба түүнээс дээш хангалтгүй биелүүлсэн нь нотлогдохгүй байна.


Учир нь: Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтад 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Есөнбулаг сумын газрын даамлын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын дүгнэлт 2 хуудас, Есөнбулаг сумын газрын даамлын газрын харилцааны чиглэлээр 2014-2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын тайлан 2 хуудас, Есөнбулаг сумын даамал Б.Дгийн 2017 оны Газар зохион байгуулалт төлөвлөлт, хэрэгжилтийн байдал, үр дүн гэсэн 1 хуудас, хүснэгтээр 3 хуудас материал гаргаж өгсөн боловч хяналт-шинжилгээ, үнэлгээг хэн хийсэн, ажлын хэсгийн ямар гишүүн ямар ажлыг нь шалгаж тайлан гаргасан, энэ талаарх дүгнэлт гаргасан албан тушаалтан тодорхой бус нотлох баримтаар үнэлэх боломжгүй байгаа зэргээс Есөнбулаг сумын газрын даамал Б.Д ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн байдал нь тогтоогдохгүй байна.


Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдахаар заасны дагуу *******, ******* даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Б.Д-г Есөнбулаг сумын газрын даамлын ажилд эгүүлэн томилохыг даалгах нь үндэслэлтэй байна.


Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ гэж зааснаар Есөнбулаг сумын газрын даамал Б.Д нь Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлт 81 оноо В үнэлгээ, 2016 онд 89.5 оноо В үнэлгээ, 2017 онд 91 оноо А буюу маш сайн үнэлгээ авсан байгаа дурдах нь зүйтэй байна.


Шүүх аймгийн *******, ******* даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг тушаалыг хүчингүй болгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Д-ийн 2018 оны 05 дугаар сарын 16-наас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 124 хоногийн олговор 2.7340.55 мянган төгрөгийг *******, барилга хот байгуулалтын газраас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговороос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.


Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар хэсэгт зааснаар хавтас хэргийн мартериалд авагдсан нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн Б.Дгийн 2018 оны 2, 3, 4 дүгээр сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтаны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон.


Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн *******, ******* даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Д-г Есөнбулаг сумын газрын даамлын ажилд эгүүлэн томилохыг *******, ******* дарга М.У-д даалгасугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 124 хоногийн олговор 2.734.055 /хоёр сая долоон зуун гучин дөрвөн мянга тавин тав/ төгрөгийг аймгийн *******, барилга хот байгуулалтын газраас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ