Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0309/З |
Дугаар | 221/МА2022/0202 |
Огноо | 2022-03-17 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2022/0202
2022 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 221/МА2022/0202 | Улаанбаатар хот
|
“Э т” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч: “Э т” ХХК
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б
Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, О.Б нарын ногдуулсан 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 0291410 тоот шийтгэлийн хуудас болон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 23190100022 дугаар тэмдэглэлийн 4 дүгээр хуудасны 3-д заасан 2018 онд 1.192.322.998,4 төгрөгийн бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн үндсэн хөрөнгийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогод тооцоогүй зөрчилд 119.232.299,8 төгрөгийн нөхөн татвар /хохирол/, 35.769.689,9 төгрөгийн торгууль /торгох шийтгэл/, 8.227.028,7 төгрөгийн алданги /нөхөн төлбөр/ оногдуулах гэх хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 864 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.М,
Хариуцагч: О.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг
Хэргийн индекс: 128/2021/0309/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч “Э т” ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс, тус хэлтсийн татварын улсын байцаагч О.Бт тус тус холбогдуулан хариуцагч нарын ногдуулсан 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 0291410 тоот шийтгэлийн хуудас болон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 23190100022 дугаар тэмдэглэлийн 4 дүгээр хуудасны 3-д заасан 2018 онд 1.192.322.998,4 төгрөгийн бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн үндсэн хөрөнгийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогод тооцоогүй зөрчилд 119.232.299,8 төгрөгийн нөхөн татвар /хохирол/, 35.769.689,9 төгрөгийн торгууль /торгох шийтгэл/, 8.227.028,7 төгрөгийн алданги /нөхөн төлбөр/ оногдуулах гэх хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 864 дүгээр шийдвэрээр:
“...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасныг баримтлан “Э т” ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, О.Б нарын ногдуулсан 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 0291410 тоот шийтгэлийн хуудас болон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 23190100022 дугаар тэмдэглэлийн 4 дүгээр хуудасны 3-т заасан 2018 онд 1.192.322.998,4 төгрөгийн бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн үндсэн хөрөнгийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогод тооцоогүй зөрчилд 119.232.299,8 төгрөгийн нөхөн татвар /хохирол/, 35.769.689,9 төгрөгийн торгууль /торгох шийтгэл/, 8.227.028,7 төгрөгийн алданги /нөхөн төлбөр/ оногдуулах гэх хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г байгуулсан субъектүүдийг харилцан хамаарал бүхий этгээдүүд гэж үзэхээр байна “ гэжээ.
Нэхэмжлэгч “Э т” ХХК нь 2014 онд байгуулагдсан, улмаар 2014-2016 онуудад тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй тул орлогогүй байсан, харин 2017 оноос борлуулалтын орлого нэмэгдэж компанийн үйл ажиллагаа тогтворжсон. Анх компани гадаадын хөрөнгө оруулалттай, 1 хувьцаа эзэмшигчтэй байгуулагдаж байсан бол одоо дотоодын хоёр хувьцаа эзэмшигчтэй компани болсон. Тэдгээр хоёр хувьцаа эзэмшигч нь 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр өмнөх хувьцаа эзэмшигч болох БНХАУ-ын иргэн Ч Бтэй “Бэлэглэлийн гэрээ” байгуулан компанийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлж авсан, ингэхдээ өмнөх хувьцаа эзэмшигч компанийн нэр дээр бүртгэлтэй байдаг Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 336/1 тоот хаягт байрлах 8712 м.кв газар, болон түүн дээр баригдсан 2592 м.кв объектыг түүний шилжүүл гэсэн аливаа этгээдэд үнэ төлбөргүйгээр шилжүүлэх болзолтойгоор шилжүүлсэн болно.
Гэтэл дээрх болзол буюу аман хэлцлийг биелүүлсэн үйлдлийг харилцан хамаарал бүхий этгээдүүд, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдүүд гэж үзэх үндэслэлгүй юм. ...Хувьцаа эзэмшигч, захирал Н.Мын хувьд компанийн үйл ажиллагааг цаашид удирдан явуулахад компанийн нэр дээрх объект бус дэлхийд алдартай Rockwell Automation брэндийн албан ёсны дистрибьютерийн эрх хэрэгтэй байсан тул өмнөх хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Ч Бийн болзлыг хүлээн зөвшөөрч 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр болзлынхоо хүрээнд компанийн нэр дээрх газар, объект зэргийг “Э Д З” ХХК-д “бэлэглэлийн гэрээ”-гээр шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл компанийн нэр дээрх газар болон үл хөдлөх эд хөрөнгөө хариу төлбөргүйгээр бусдад бэлэглэж шилжүүлсэн болохоос бусдад борлуулсан, борлуулж орлого олсон, борлуулсан орлогоо татвараас нуусан зүйл огт байхгүй болно.
3.2.Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар эд хөрөнгө болон газарт татвар ногдох боломжтой, харин бараа, ажил, үйлчилгээг борлуулсан, борлуулж орлого олсон тохиолдолд албан татвар ногдуулах зохицуулалттай болохоос борлуулахгүйгээр бусдад шилжүүлсэн, орлого олоогүй тохиолдолд татвар ногдуулах хуулийн зохицуулалт огт байхгүй юм. Манай компанийн хувьд эзэмшиж байсан газар болон үл хөдлөх эд хөрөнгөд ноогдох татварыг хуульд заасан хугацаанд нь төлж байсан, харин энэ тохиолдолд бусдад шилжүүлэхдээ борлуулаагүй, орлого олоогүй тул татварын улсын байцаагчийн ноогдуулсан шийтгэлийн хуудас, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд дурдсан шиг татвар ногдуулж төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
3.3.Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хариу төлбөргүй бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж байгааг НӨАТ-ын тухай хуульд заасан “борлуулалт” хийсэн гэж үзэхгүй хэмээн маргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар огт дурдаагүй байна. Олон улсын санхүүгийн тайлагналын стандартын сан байгууллага /ашгийн төлөө бус/-аас баталсан Олон улсын санхүүгийн тайлагналын стандарт /ОУСТС/ 15-д “Харилцагчтай байгуулсан гэрээний орлогыг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой хэсэгт 5 алхмыг хангасан тохиолдолд “борлуулалт хийсэн” гэж үзнэ” гэж зохицуулжээ. Уг 5 алхмын 1 дүгээр алхмын товч агуулгад:
Харилцагчтай байгуулсан гэрээг тодорхойлох:
-Талууд тухайн гэрээг байгуулахыг хүлээн зөвшөөрсөн эсэхийг тодорхойлох боломжтой байх,
-Талуудын шилжүүлэх бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой талуудын харилцан эрх, үүрэг хүлээж буй эсэхийг тодорхойлох боломжтой байх,
-Шилжүүлэх бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн нөхцөлийг тодорхойлох боломжтой байх,
-Гэрээ нь арилжааны шинж чанартай байх,
-Төлбөр шаардах эрхтэй байх зэрэг болно.
Дээрхээс дүгнэвэл Монгол Улсын дагаж мөрдөж байгаа Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт /СТОУС/ 15-д “борлуулалт” гэдгийг хариу төлбөртэй байхыг шаардаж байгаа, гэтэл манай компаниас “Э Д З” ХХК-д үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэхдээ татвар ногдох борлуулалт, орлогоо нуун далдалсан зүйл байхгүй, түүнчлэн баримтаар нотлогдох зүйл байхгүй, “Э Д З” ХХК-иас манай компанийн данс руу болон хувьцаа эзэмшигч Н.Мын эзэмшлийн арилжааны банкнуудын хувийн данс руу мөнгө, төлбөр шилжүүлсэн зүйл огт байхгүй юм. Энэ нь хариу төлбөргүй шилжүүлсэн гэдгийг нотолж байгаа бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага дараах бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө”, 4.1.1-д “Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт” гэж заасан ба хариу төлбөргүйгээр бусдад шилжүүлснийг дээрх хуулийн заалт болон СТОУС 15-ын дагуу борлуулалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх үүнд огтхон ч дүгнэлт хийгээгүй байна.
3.4.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ”, 276.2-т “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно” гэсэн зохицуулалтуудыг хуульчилсан бөгөөд энэ нь аливаа этгээдүүд тодорхой хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлж болохыг зохицуулсан. Хариу төлбөргүй буюу орлого олоогүй тохиолдолд НӨАТ ногдох орлогод тооцох үндэслэлгүй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 864 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.
ХЯНАВАЛ:
“Э т” ХХК-ийн захирал Н.М тус компанийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 336/1 тоот хаягт байрлах 8712 м.кв газар болон түүн дээр баригдсан мөн тус компанийн өмчлөлийн 2592 м.кв талбай бүхий барилгыг хариу төлбөргүйгээр, бэлэглэлийн гэрээгээр “Э Д З” ХХК-д шилжүүлсэн энэхүү үйл баримтын хүрээнд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Цаг хугацааны хувьд дээрх бэлэглэлийн гэрээ хийгдэх үед буюу 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр, мөн хариуцагчаас шийтгэлийн хуудас ногдуулсан 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хувьд бэлэглэгч болон бэлэг хүлээн авагч хуулийн этгээдүүд хоорондоо харилцан хамааралгүй мэт байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн өөрчлөлтөөр бэлэг хүлээн авагч “Э Д З” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Н.Э нь бэлэглэгч “Э т” ХХК-ийн мөн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байгаагаас үзэхэд анхнаасаа нэгдмэл сонирхолтой байсан гэж үзнэ.
Зөвхөн энэхүү бүртгэл төдийгүй 1.6 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах бус бэлэглэлийн журмаар шилжүүлсэн үйл баримт нь тэдгээрийг харилцан хамааралтай гэж дүгнэх хангалттай үндэслэл болно.
Н.Мын хувьд анх “Э т” ХХК-ийн үүсгэн байгуулагч БНХАУ-ын иргэн C B-ээс уг компанийн 40 хувийн хувьцааг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авахдаа түүний тавьсан болзол болох дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрыг нэр заасан этгээдэд нь үл маргах журмаар төлбөргүйгээр шилжүүлэх аман тохиролцоогоо хэрэгжүүлсэн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй, C B-тэй байгуулсан компанийн хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээнд энэ талаар огт тусгагдаагүй, бодит байдалд ч хүлээн зөвшөөрөх боломжгүй, үнэмшилгүй эдгээр тайлбар нь эсрэгээрээ татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хийгдсэн гэрээ болохыг нотолно.
Шийтгэлийн хуудсаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулах”, мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.5-д “албан татварын төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны орлогод 2 хувиар албан татвар ногдуулна” гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр тус тусын хуулиар төлбөр ногдуулсан боловч бэлэг хүлээн авагч “Э Д З” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны албан татварт 20.784.280 төгрөг төлсөнтэй холбогдуулан нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 105 дугаар тогтоолоор шийтгэлийн хуудасны “…үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны орлогод татвар төлөөгүй зөрчилд оногдуулсан 23.846.460 төгрөгийн нөхөн татвар, 7.153.938 төгрөгийн торгууль, 1.645.405.70 төгрөгийн алданги, нийт 32.645.803.70 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгосон байх тул үлдсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу оногдуулсан төлбөр нь хуульд нийцсэн төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
2.Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хөндлөнгийн хараат бус хуулийн этгээдийн гаргасан үнэлгээнд үндэслэснийг буруутгах боломжгүй.
Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т “харилцан хамаарал бүхий этгээдүүд үнэгүй, эсхүл зах зээлийн үнээс хямд буюу өндөр үнэ, тарифаар хоорондоо бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тохиолдолд албан татвар тооцох үнэлгээг харьяалах татварын алба тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн тодорхойлно” гэж заасан.
2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнд бэлэглэж буй хөрөнгийн үнэлгээг 600 сая гэж тодорхойлсон, гэтэл “Э Д З” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны албан татварт төлсөн 20.784.280 төгрөгийг гэрээнд заасан энэ үнээс тооцож бус харин шийтгэлийн хуудсаар оногдуулсан 23.846.460 төгрөгтэй дүйцэхүйц үнээр төлсөн байх тул нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцохдоо харин ч зах зээлийнхээс бага буюу өртгийн хандлагаар тооцсон үнэлгээг үндэслэсэн нь үр дагаврын хувьд нэхэмжлэгчид ашигтай болжээ.
Шүүхээс “Э т” ХХК-ийн хэлбэрийн хувьд үнэ төлбөргүй үл хөдлөх эд хөрөнгө бусдад шилжүүлсэн үйлдлийг хөрөнгө худалдаагүй, орлого олоогүй, давж заалдах гомдолд дурдсанчилан санхүүгийн тайлагналын олон улсын стандартын харилцагчтай байгуулах гэрээг тодорхойлох аргачлалаар борлуулалт хийгдээгүй гэсэн агуулгаар дүгнэх тохиолдолд энэ нь Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуультай илтэд зөрчилдсөн хууль бус шийдвэр байх болно.
Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэрт санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг үндэслээгүй ч, хэрэгт авагдсан баримтын хүрээнд “Э т” ХХК-ийг харилцан хамаарал бүхий этгээдэд үнэ төлбөргүйгээр үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан нь хуульд нийцээгүй болохыг, түүнчлэн албан татвар тооцох үнэлгээг тооцсон хариуцагчийн шийдвэр нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй талаар үндэслэлтэй, бодитой дүгнэлт хийсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 864 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН