Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01768

 

С.Чын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

         2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/00923 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1394 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: С.Ч

         Хариуцагч: Б.Цт холбогдох

         Үндсэн нэхэмжлэл: 6,250,000 төгрөг гаргуулах тухай,

      Сөрөг нэхэмжлэл: Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

         Нэхэмжлэгч С.Чын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ч, түүний өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч А.Э, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Цтай 2015 оны 5 дугаар сард анх уулзаж хатгамлын машин байгаа гэдгээ хэлээд түүнээс хойш Б.Ц нь хэд хэдэн удаа ирж үзэж харж байгаад 2014-12-04-ний өдөр Бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээнд зааснаар 15сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд, урьдчилгаа төлбөр байхгүйгээр төлбөрийг сар бүр 625,000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон ба ямар нэгэн хүү, алданги тооцохгүйгээр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед хатгамлын машиныг хүйтэнд асаах боломжгүй байсан учраас мэргэжлийн хүмүүсээс асааж болох уу гэж асуухад асааж болохгүй гэж хэлсэн. Б.Цт хатгамлын машинаа дулаан газар хоёр гурван хоног хонуулаад асаагаарай гэж хэлсэн. Гэрээ байгуулснаас хойш 2015 оны 01 дүгээр сарын дундуур Б.Ц хатгамлын машиныг авч явсан. Түүний дараа 2015 оны 5 дугаар сард над руу хатгамлын машинаа хүнээр үзүүлээд өг гэхэд нь н.Ганбаатар гэх хатгамлын машины засварчинг явуулахад дэлгэц нь болохгүй байна гэхэд 2015 оны 7 дугаар сард дэлгэцийг нь засуулж өгсөн. 2015 оны 9 дүгээр сард дахин залгаж н.Ганбаатартай уулзуулаад өг гэхэд н.Ганбаатарт хэлж уулзуулсан. Гэрээнээс гадна машины урсгал үйлчилгээ, тосолгоог нь хийдэг засварчныг нь олж өгье гэхэд засварын зардлыг Б.Ц хариуцахаар тохиролцсон. Худалдсан мөнгөө авах гэж залгахад н.Ганбаатар гэдэг залуутай хэл амаа ололцохгүй байна гэсэн хариу хэлсэн. Үүний дараагаар би утасны зүү дагалдах хэрэгслийг нь бүгдийг нь өгсөн. Түүнд эвдрэлтэй хатгамлын машин зараагүй. Зарах үед ямар нэгэн эвдрэл байгаагүй. Засварчин зааж өгсөн учир нь урсгал тосолгоо, үйлчилгээ хийхэд мэргэжлийн хүн гэж л хэлж өгсөн. Эхний 10 сарын төлбөр болох 6,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

       Хариуцагч  хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Бараа бүтээгдэхүүн худалдан-худалдан авах гэрээний шаардлага хангагдаж, машин ажиллаад эхлэх юм бол энэ мөнгийг төлөхөд бэлэн байна. Гэвч уг гэрээ хангагдаагүй учраас ямар ч төлөх боломж үүсээгүй. Нэхэмжлэгчийн өөрийнх нь танилцуулсан засварчинтай гэрээ хийе, засаад өгөөч гэхэд засаж өгөөгүй, 250,000 төгрөг бэлнээр аваад явсан. Энэ байдлаа С.Чад танилцуулахад  утсаар загнаад байсан тул айгаад ахиж ярьж чадаагүй. Дараа нь би бичгээр надаас ийм зардлууд гараад байна хоёулаа худалдах-худалдан авах гэрээгээ болих юм уу гэхэд шүүхээр шийдүүлье гэсэн. Гэрээгээ хангавал би машинаа засуулаад мөнгөө төлбөл төлнө, гэрээгээ хангаж чадахгүй бол би мөнгийг нь өгч чадахгүй. Шинжээч машиныг засах боломжтой засварын хөлс 800,000 төгрөг орчим болох байх гэсэн. Засварчны бэлд гэсэн бүх материалыг бэлдээд тавьсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ачилт бол 2016-01-26-ны өдрөөс 2016-01- 28-ны өдрийн хооронд хийгдсэн. Машиныг тухайн үед ажиллуулах боломжгүй, халаалттай байранд багтахгүй байсан учир халаалтгүй айлын байшинд цонх ханыг нь нурааж байгаад оруулаад буцаагаад ханыг нь шавардсан. Оруулчхаад царцуу машиныг асаах боломжгүй, галлагаа хийгээд ч боломжгүй гэсэн учраас 5 сард гэсээд ирэхээр нь засварчинг дуудаад үзүүлтэл дэлгэц нь эвдэрсэн байна гэсэн. Тэгээд С.Чад хэлэхэд 2016 оны 7 дугаар сарын сүүлчээр дэлгэцийг нь засаж өгсөн. н.Ганбаатар ирж үзээд дэлгэц нь ажиллаж байна гээд явсан. Тэгээд 2016-09-07-ны өдөр засвар хийхээр болсон ч одоо хүртэл засаагүй. Мөн анх гэрээ байгуулахад ажиллах ямар ч боломжгүй эвдэрхий, Монголд уг машиныг засварладаг хүн ч байхгүй хэрэглэгдэх боломжгүй нь тогтоогдсон. Нэгэнт ямар ч ашиглагдах боломжгүй техникийг худалдаж авна гэдэг нь ойлгомжгүй. Тэгээд ч гэрээний зорилго нь хатгамлын машиныг ажиллуулан олсон орлогоороо төлбөрийг гүйцэтгэхээр тохирсон ба огт ажиллах боломжгүй машиныг надад хууран мэхэлж өгсөн байна. Иймд худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож хадгалалтаас үүссэн хохирол 5,5сая  төгрөгийг гаргуулж өгнө үү. Эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгөх үед доголдолтой байх юм бол доголдолтой гэж үзэхээр тайлбарласан байдаг. Тэгэхээр бодит байдал дээр эд хөрөнгө шилжүүлэх үед доголдолтой байсан ба худалдагч тал доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй. Хуульд доголдолтой эд хөрөнгийг хүлээн авсан этгээд доголдлыг засахаар тохиролцоогүй тохиолдолд худалдагч тал энэ үүргийг биелүүлдэг. Тохиролцооны зүйл нь худалдан авагч тал тухайн техникийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулалтаараа төлбөрөө хэсэгчлэн хийхээр тохирсон байна. Гэтэл тухайн техник нь өнөөдрийн байдлаар өдөр бүр муудан зэвэрч байгаа, ямар ч ашиглах боломжгүй, агуулахад хадгалагдсан төмрийн хаягдал гэж үзэхээр байна. Ийм төрлийн хатгамлын машин 20 гаруй сая төгрөгийн үнэтэй байдаг. Хатгамлын машин нь 24 зүүтэй 15 000 000 төгрөг гэхэд нь маш хямдхан санагдаад худалдаж авсан. Зарсны дараа Ганбаатар гэдэг хүнийг дуудахад би 3-4 сая төгрөгөөр худалдаж авах гэж байсан гэж хэлээд засахаас татгалзсан. Б.Цийн хувьд ажиллах боломжтой байсан бол худалдаж авах сонирхолтой байсан боловч засаж болохгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/00923 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Б.Цаас 6 250 000 төгрөг гаргуулж С.Чад олгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Цийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 114 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 261 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Б.Цаас 114 950 төгрөг гаргуулж, С.Чад олгож шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1394 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/00923 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй гэж үзэн, нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгожээ.  

        Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: С.Ч би Б.Цтай 2015.12.04-нд хатгамлын машиныг 15 сая төгрөгөөр худалдахаар тохирч гэрээ хийсэн. Б.Ц гэрээний зүйлийг 2016.01.26-28-ны үед өөрийн өмчлөлд шилжүүлэн авч явсан. Сар бүр 625,000 төгрөг төлж барагдуулах үүрэг хүлээсэн ч биелүүлээгүй тул 10 сарын төлбөр 6,250,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан. Давж заалдах шатны шүүх гэрээний зүйлийг доголдолтой гэж үзсэн нь үндэслэлгүй. Талуудын байгуулсан гэрээнд гэрээний зүйл болох машинтай холбогдож эд хөрөнгийн биет байдлын болон чанарын талаар доголдол дурдаагүй байдаг. Ийм нөхцөлд уг хөрөнгийг биет байдлын болон чанарын доголдолгүй гэж үзэж байхаар ИХ-ийн 251.1, 251,2-т заасан байна. Гэрээнд баталгаат хугацаа тогтоогоогүй тул хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргана,энэ талаар мөн хуулийн  254.6-д заасан байна. Худалдан авагч 2016 оны 05-р сард хатгамлын машины дэлгэц ажиллахгүй байгаа талаар гомдлын шаардлага гаргаж байсан нь, худалдагч энэ шаардлагатай холбогдуулж дэлгэцийг шинэ дэлгэцээр сольж өгч барагдуулсан нь тус тус нотлогддог. Хариуцагч гомдлын шаардлага гаргаж, худалдагч шаардлагыг хангаж ИХ-ийн 254.1-д заасны дагуу доголдлыг арилгаж шинэ дэлгэцээр сольж өгсөнтэй холбоотой асуудал дээр маргахгүй. Худалдан авагч 2016 оны 09-р сард гомдлын шаардлага гаргаж байсан бол энэ нь хуулийн 254.6-д заасан хугацаанд гаргаагүй тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Шинжээч 2 удаа дүгнэлт гаргасан. Эхний дүгнэлтээр машин эвдрэлгүй, буруу хадгалалттай холбоотойгоор бага зэрэг зэвшилт үүссэн, үйлчилгээ хийгээд зүгээр гэсэн дүгнэлт гарсан. 2 дахь дүгнэлтээр эхний шинжээч үзэж дүгнэлт гаргах үед ажиллагаатай байсан эд зүйл ажиллахгүй байгаа тухай дурдаж эвдрэлтэй гэж гарсан. Худалдан авагч  эд зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авч явснаас хойш уг машиныг халаалтгүй хүйтэн чийгтэй байшинд бараг 2 жил орчим байлгасан байдаг. Дүгнэлтээр илэрсэн дээрх нөхцөл байдал худалдан авагчийн мэдэхгүй, чадахгүй, буруу хадгалалттай холбоотой гэж үзэх үндэстэй. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч зориулалтын дагуу ажиллах боломжтой машин өгснөө нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэ талаар худалдагч ИХ-ийн 243.1-д заасан шаардлагыг хангаж хэлцэл хийсэн эд зүйлээ хүлээлгэн өгсөн тул нотлогдсон гэж үзнэ. Харин худалдан авагч эд хөрөнгийг худалдан авах үедээ доголдолтой эсэхийг мэдсэн буюу мэдэх боломжтой байхад эд зүйлийг хүлээн авсан. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа худалдан авагч атлаа авч байгаа эд зүйлээ бүрэн бүтэн эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй нь маргааны үед тогтоогдсон тул ИХ-ийн 255.1-д зааснаар 254.4-д заасан аль нэг шаардлага гаргах эрхгүй байгаа юм. Иймд магадлалыг  хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        С.Ч 2017-02-02-ны өдөр шүүхэд хандан, Б.Цаас 6,250,000 төгрөг гаргуулахыг шаардаж, “...хатгамлын машиныг 15,000,000 төгрөгөөр 2014-12-04-ний өдөр худалдахаар тохирч хүлээлгэн өгсөн боловч мөнгийг төлөөгүй тул хэсэгчлэн төлөх эхний хугацааны мөнгийг шаардаж байна...” гэсэн агуулга бүхий үндэслэл заажээ.   

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, учирсан хохирол 5,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна. 

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгожээ. 

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. С.Ч нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хатгамлын машин 15,000,000 төгрөгөөр худалдах, хариуцагч худалдан авахаар тохирч, 2016 оны 01 дүгээр сард эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн байх бөгөөд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар хоёр шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн дүгнэлт хийжээ. 

        Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх тул зохигчийн хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй юм.

        2. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээнэ. Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.          

        Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй боловч С.Чын худалдсан хатгамлын машин гэмтэлтэй байсан нь уг эд хөрөнгийг засварласан баримт, энэ тухай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон тул худалдагч биет байдлын доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь Иргэний хуулийн  251 дүгээр зүйлийг зөрчөөгүй байна.  

        3. Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, ижил эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй. Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч тухайн төрлийн эд хөрөнгийг солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй юм.

         Б.Ц гэрээний зүйлийг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацааны дотор доголдлын талаар шаардлага гаргаж, С.Ч нь хатгамлын машины дэлгэцийг сольж, ажиллуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

        Хатгамлын машины дэлгэцийг сольсон боловч гэрээний зүйл ажлаагүй байх тул гэрээний зүйлийн биет байдлын доголдлыг арилгах үүргээ худалдагч биелүүлээгүй гэж үзнэ. 

        Шинжээч нь дүгнэлт гаргах үед  хатгамлын машин “... эвдрэлтэй, компьютерын болон цахилгаан, тоног төхөөрөмжийн засвар хийсний дараа ажиллах боломжтой...” нь тогтоогджээ.

        Хариуцагчаас хатгамлын машины үнийг бууруулах, өөр машинаар солиулах зэрэг доголдлыг арилгахтай холбоотой шаардлага гаргаагүйгээс гадна гэрээний зүйлийн үнийг төлөхийг эс зөвшөөрч байх тул түүнийг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэх нь Иргэний хуулийн 256-г зөрчихгүй гэж үзлээ.

        Худалдагч худалдсан эд хөрөнгийн доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй тул худалдагч гэрээнээс татгалзсаныг буруутгах, улмаар гэрээний зарим үнэ буюу 6,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

        Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалд хариуцагч гомдоогүй болохыг дурдах нь зүйтэй .

        Дээр дурдсан үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

       Шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосноор Б.Ц  хатгамлын машиныг С.Чад буцааж өгөх үүрэг хүлээх бөгөөд гэрээний зүйлийг буцааж өгөх асуудалтай холбоотой үүссэн маргааныг шийдвэрлэхэд энэ тогтоол саад болохгүй. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1394 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 114.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ