Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 672

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        08          17                                  2020/ШЦТ/672

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч М.Энхбаатар,

хохирогч А.Баярбат,

шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн /ҮД:3176/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.С-д холбогдох эрүүгийн 1911 03206 0012 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 23а-40 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй

Х.С

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Х.С нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших "Премиум" гэх зочид буудалд иргэн А.Баярбатад "цагаан хаш хөөргөний чулууг зарж өгнө" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгө болох цагаан хаш хөөргөний чулууг шилжүүлэн авч 40.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

мөн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Голдэн сейф ломбардад барьцаанд байсан шүрэн толгойтой халтар манан хөөрөг, шүрэн толгойтой цагаан хаш хөөргийг "бусдад зарж мөнгийг чинь хүүгийн хамт эргүүлж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан хохирогч Б.Энхбатаас 8.000.000 төгрөгийг авч, эд хөрөнгөө барьцаанаас чөлөөлүүлэн буцаан төлөхгүйгээр залилж, бусдад нийт 48.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сард А.Баярбат ахтай хамт Хятад руу явж чулуу авч ирсэн. Сонинсайхан дарханд чулуугаа өгч хөөрөг хийлгэсэн. Хөөрөг хийж байх явцад чулуунд хагарал гарсан. Ган-Эрдэнэ гэх хүн хөөрөг үзье гэсэн. Ган-Эрдэнэд хөөргөө үлдээгээд явсан. Миний машин Ган-Эрдэнийн барьцаанд байсан. Ган-Эрдэнэ машинаа авч яваад хөөргөний шүрэн толгой болгоод ир гэсэн. Би машинаа ломбардад тавиад шүрэн толгой худалдаж авсан. Хөөргөө Өвөрмонгол хүнд зарсан. Өвөрмонгол хүнээс хөөргөнийхөө төлбөрийг авч чадаагүй байгаа. Мягмарсайхан надаас 3 жилийн өмнө ногоон гэрэлтдэг чулуугаар хийсэн бурхныг 25.000.000 төгрөгөөр зарж өгнө гэж авч яваад надад одоог хүртэл мөнгө өгөөгүй. Би Мягмарсайханаар ломбардаас хөөргөө чөлөөлүүлж авсан. А.Баярбатад 13.000.000 төгрөг төлж барагдуулсан. Өөр хохирол төлбөр барагдуулаагүй байгаа. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна.Хохирлоо төлнө.Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч А.Баярбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ган-Эрдэнэ гэх хүнд хөөргөө би өөрөө аваачиж өгсөн. Ган-Эрдэнэ миний хөөргийг авсан. Орой нь Х.С над руу утсаар ярьж “40.000.000 төгрөгөөр зарчих уу” гэж асуухад нь би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 43.000.000 төгрөгийн өртэй байсан учраас зар гэж хэлсэн. Х.С 7 хоногийн зайтай 8.000.000 төгрөгийн таван 7 хоногийн хугацаатай мөнгө өгнө гэсэн.Хохирлоо л барагдуулчихвал гомдол саналгүй.Х.С-аас 13 000 000 төгрөгт хөөрөг бодож авсан.Одоо үлдэгдэл 25 000 000 төгрөг байгаа.Үлдэгдэл хохирол төлбөрийг барагдуулж авах саналтай байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч А.Баярбатын “...Би 2019 оны 11 дүгээр сарын 20-ны үед өөрийн барьж байгаа 32мм-ийн амтай их гарын хаш хөөргийг зарахаар болж гадуур дотор хүмүүсээс асуухад ямар нэг үр дүн байхгүй байсан. Тэгээд урьдын танил дүү Бадралд “энэ хөөргийг зармаар байна” гэж хэлсэн. Тэгээд Бадрал “миний танил Х.С гээд хүн байгаа, тэр хүн бол хаш сайн мэддэг, томчуудын хөөргийг үзэж харж зөвлөгөө өгдөг” гэж хэлж байсан ба дараа нь Бадрал Х.С гэх хүнийг дагуулаад манай гэрт ирж надтай танилцуулж байсан. Тэр үед би Х.С-т “ах нь энэ хөөргийг зарах хэрэгтэй байна, чи хүмүүсээс асуугаадхаач” гэсэн чинь “та хэдэд зарах гэж байгаа юм бэ” гэхээр нь “би 45 000 000 төгрөгөөс буулгамааргүй байна” гэсэн чинь би “хүмүүсээс асуугаад зарж өгнө” асуудал байхгүй гэж хэлсэн. Тэгээд удалгүй 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Х.С ганцаараа манай гэрт ирээд “би таны хөөргийг зарахаар боллоо. Ган-Эрдэнэ гэдэг ах зарж өгнө” гэсэн гэхээр нь тэр “хүн чинь одоо хаана байгаа юм бэ” гэсэн чинь “Приемиум палас” төвд байгаа гэхээр нь би “за тэгвэл хоёулаа хамт явъя” гэж хэлээд түүнтэй хамт очиж 3 дугаар давхарт гарч Ган-Эрдэнэ гэх хүнтэй уулзахад “за нөгөө хөөргөө” гэхээр нь би гаргаад өгсөн. Тэгээд удаад байхаар нь яасан юм бол гэж асуухад “Х.С хуралтай байгаа гэж байна хуралд сууж байгаа хүмүүст үзүүлэх гэж байгаа гэсэн” гэхээр нь би “за тэгвэл миний дүү эргээд хөөргөө аваад ахынхаа араас хүрээд ирээрэй” гэсэн чинь Х.С за гэж хэлээд үлдсэн. Орой 19 цагийн орчим Х.С миний утас руу залгаад “за ахаа наймаа хийгдэхээр боллоо гол нь 40 000 000 төгрөгөөр авъя гэж байна. 5 хоногийн дотор мөнгийг нь гүйцээж өгнө гэж байна. Та дансны дугаараа өгчих гэхээр нь би түүнд дансны дугаараа өгөөд” үлдээсэн. Түүнээс хойш 5 хоногийн дараа Х.С руу залгасан чинь “за одоохон бүтэх гээд байна. Ахаа нөгөө хүмүүс мөнгө төгрөгөө өгнө гэж байна. 5 хоногтоо багтаагаад асуудлыг нь шийдээд өгнө гэж байна, болохгүй бол Ганаа ах болгоно гэж байна. Та санаа зоволтгүй хүлээж бай гэж байна гэсэн. Тэгээд та хүлээж бай” гэж над руу we chat-аар харьцаад яваад байсан ба гар утас руу нь залгахаар холбогдохгүй байгаа. Тэгээд би дараа нь нөгөө Ган-Эрдэнийнх нь дугаарыг олж байгаад залгаад “хөөргөө авмаар байна” гэсэн чинь “Х.С надад барьцаалсан байсан машинаа чөлөөлөөд аваад явчихсан шүү дээ. Тэр Х.Саа олоод хүрээд ир” гэхээр нь Х.С-ыг зараад мөнгө авсан юм байна даа гэж бодоод түүнийг хайсан боловч олоогүй. Ингээд залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна...би 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хятад улс руу явсан. Хөөргөний чулуугаа Нинян гэх мужаас Монгол мөнгөөр 25.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Х.С-ын надаас авч явсан хаш чулуун хөөрөг нь БНХАУ-аас авсан чулуугаар хийлгэсэн хөөрөг мөн. Би тэр хөөргийг Сонио гэх хүнээр 1.300.000 төгрөгөөр хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 169 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Энхбатын "... Мягмарсайхан надад хандаж “Х.С-ын хөөрөг Ломбардад барьцаанд тавьсан байна, чөлөөлөх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тухайн үед 7 сая гаран төгрөгийн барьцаанд тавьсан байсан шүрэн толгойтой алтан нуухтай халтар манан хөөрөг 1ш, шүрэн толгойтой алтан нуухтай цагаан хөш хөөрөг зэргийг чөлөөлөн авсан...Би хөдөө ажлаар явах байсан учир Мягмарсайханд “чи Х.С-т өгч болохгүй шүү” гээд явсан. Хөөргөө зарчих юм бол миний данс руу мөнгийг нь хийгээрэй гэж хэлсэн. Мягмарсайхан чөлөөлсөн мөнгө болон урамшууллын мөнгийг данс руу чинь шилжүүлнэ гэж хэлээд аваад үлдсэн юм. 2 хоногийн дараа ирэхэд “хөөргийг чинь Х.С-т өгөөд алдчихлаа” гэсэн. Мягмарсайхан нь Х.С-ын хөөргийг чөлөөлөн өгөх хэрэгтэй байна хөөргөө зараад надад 1.000.000 төгрөгийн урамшуулал өгнө гэсэн юм. Ийм учир би 8 сая төгрөгийг өөрөө гарган хөөргийг нь чөлөөлөн өгөх болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 129 дүгээр хуудас/,

Гэрч Э.Бадралын “...Би Х.С, Баярбат нарыг хоёуланг нь танина. Гэхдээ энэ хоёр бол урьд зүс мэдэх хүмүүс байгаа юм. Х.С нь хөөргөний наймаа хийдэг хөөрөг сайн мэддэг залуу байгаа юм. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны үед Баярбат ах “би хөөргөө зармаар байна. Чамд мэддэг хүн байна уу” гэхээр нь Х.С-ыг хэлсэн чинь “за тэгвэл чи намайг Х.С-тай уулзуулаад өг” гэхээр нь би түүний утасны дугаарыг өгөөд тэгээд тэр хоёр уулзсан. Тэгээд түүнээс хойш тэр хоёрыг юу ярьж, юу хийсэн талаар мэдэхгүй нэг мэдсэн чинь Баярбат ах Х.С надаас зугтчихлаа яаж олох уу гэхээр нь Баярбат ахтай 2-3 хоног хайж байгаад олдохгүй болохоор цагдаагийн байгууллагад хандаж энэ талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Гэрч Э.Ган-Эрдэнэ “...Би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Нисдэг машины урд талын зочид буудалд хуралд сууж байсан чинь Х.С миний утас руу залгаад “ахаа нэг хөөргөний цагаан бөгс байна. Та үзэж хараад авах боломж байна уу” гэхээр нь “ахдаа аваад ир” гэсэн. Удахгүй “аваад ирчихлээ” гээд залгахаар нь гарсан чинь Х.С нэг махлагдуу эрэгтэй хүнтэй явж байсан ба хөөргөний бөгсөө надад өгөөд “за ахаа нөгөө ярьж байсан хөөргөний бөгс чинь энэ байна” гэхээр нь би ч хуралтай байсан учраас “чи орой манай гэрт хүрээд ир” гэж хэлээд хурал руу аваад орсон. Х.С орой 20 цаг өнгөрч байхад манай гэрт ирээд “наад хөөргийг чинь 25 000 000 төгрөгөөр зармаар байна. Надад мөнгөний хэрэг гараад байна” гэсэн. Мөн миний таньдаг Баяраа гэж хүнд Х.С 18 000 000 төгрөгт барьцаалсан байсан, мөн бас нэгэн хүнээс 1 250 000 төгрөгийн үнэтэй гар утас авчихсан гэж хэлж байсан. Тэгээд тэр хоёр хүний данс руу би өөрийнхөө данснаас 19 сая гаруй төгрөг шилжүүлж үлдэгдэл 3 сая гаруй төгрөгийг Х.С-ын өөрийнх нь данс руу шилжүүлэн өгч нийт 25 000 000 төгрөг шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч Ц.Оюунчимэгийн “...Х.С нь ирээд “шүрэн толгойтой манан хөөрөг, цагаан хаш хөөрөг байна, энэ хөөрөг нь барьцаанд байгаа. ... хөөргөө чөлөөлөн авахад 8 сая төгрөг хэрэгтэй” гэсэн бөгөөд “8 сая төгрөг гаргаад хөөрөг чөлөөлөөд аваад өгөх юм бол танд нэмж 13 сая төгрөг болгоод өгье” гэж хэлсэн. Энэ яриа өрнөж байх үед Энхбат гэдэг залуу хажуу талд хөөрөг өнгөлүүлээд сууж байсан бөгөөд бид нарын ярианд оролцож эхэлсэн. ...Энхбат нь өөрөө 8 сая төгрөг гаргаад хөөрөг чөлөөлөн өгөх болсон юм. ...Энхбат хоёр хөөргийг авч 1 хөөргөө Х.С өөрөө авсан юм. Уг 3 хөөргийн барьцааны үнэ 6 сая гаран төгрөг байсан бөгөөд 8 сая төгрөгөөс үлдсэн 1.800.000 төгрөгийг Энхбатад өгөх үед Энхбат авахгүй Х.С-т өг бид хоёр ярьсан зүйл байгаа гэж хэлээд аваагүй юм. ...Х.С нь машины хүн рүү яриад байгаа дүр үзүүлэн явсаар байгаад уулзах боломжгүй байна гээд худлаа яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134 дүгээр хуудас/,

Гэрч Н.Мягмарсайханы “...Миний бие Х.С-т ямар нэгэн өр төлбөр байхгүй. Х.С ямар учиртай 5.000.000 төгрөг нэхээд байгааг ойлгохгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 170-р хуудас/,

Гэрч З.Санлхүндэвийн “...2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ган- Эрдэнэ ах манай эхнэр рүү залгаад 2 ширхэг гар утас зээлээр өгөөч гэж хэлээд Ай фони-7 плас, Самсунг Эс-8 загварын гар утаснуудыг зээлээр аваад явсан байсан. Дээрх 2 ширхэг гар утасны нийт үнэ 1.250.000 төгрөг болж байна. Сүүлд 2019 оны 12 дугаар сарын дундуур санагдаж байна. Ган-Эрдэнэ ах утасны мөнгө өгөх гэсэн юм гэж хэлээд манай эхнэрийн дансыг авч 1.250.000 төгрөг шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 172 дугаар хуудас/,

Гэрч Б.Баяраагийн “...Ган-Эрдэнэ 2019 оны 05 дугаар сарын дундуур миний утас руу залгаад “яаралтай 18.000.000 төгрөгийн хэрэг гараад байна, би түүний оронд Бенз машин барьцаалаад эргүүлээд удаахгүй өгнө...” гэхээр нь “надад 16.500.000 төгрөг байна” гэсэн чинь “болно, болно” гэж хэлээд Ган-Эрдэнэ миний ажил дээр хүрч ирээд 67-39 убн улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон түлхүүрийг авч ирээд надад өгсөн. Би ч түлхүүр, гэрчилгээг авч үлдээд түүнд бэлнээр 16.500.000 төгрөг тоолж өгөөд явуулсан. Түүнээс хойш нэхээгүй 3-4 сар болж байгаад намраас Ган-Эрдэнэ рүү залгаад “хүү нь болохоо байлаа шүү” гэсэн чинь “за за” гэж хэлээд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр миний утас руу эргэж залгаад “хүүтэйгээ хэд болох вэ” гэхээр нь “чи өөрөө бодож үзэж байгаад өгчихгүй юу даа” гэсэн чинь Ган-Эрдэнэ миний Хаан банкны 5498002811 дугаартай данс руу 18.856.200 төгрөг шилжүүлээд 67-39 унб тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түлхүүрийг ирж аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 173 дугаар хуудас/,

Гэрч Д.Сонинсайханы “...Би Баярбат гэдэг хүний танина...надаар хөөрөг хийлгэе гэж хэлээд цагаан өнгийн хаш чулуу авч ирж байсан. Тэр чулуу нь 1 хөөрөг хийх чулуу байсан. Тэгээд би түүний хэлсний дагуу авч ирсэн хаш чулуугаар нь 1.300.000 төгрөгөөр хөөрөг хийж өгсөн. Тэгээд сүүлд Баярбат манайхаар ирээд чамаар хийлгэсэн хөөргөө Х.С гэдэг нөхөрт өгөөд явуулсан чинь хулхидаад алга болчихлоо яах вэ гэж байсан...Тиймэрхүү цагаан хаш хөөрөг бол 40.000.000-50.000.000 төгрөг хүрдэг. Гэхдээ янз бүр байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 174 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Х.С-ын 5021166499 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /Х.С-ын дансанд 2019.11.30-ны өдөр 3.380.620 төгрөг иргэн " Ган-Эрдэнийн данснаас шилжиж орсон/ /хх-ийн 48-р хуудас/,

Гэрч Б.Баяраагаас гаргаж өгсөн түүний Хаан банкны 5498002811 дугаарын дансны хуулга. /67-39УБН машины төлбөр Х.С-аас гэсэн утгатай 18.856.200 төгрөгийг 2019.12.09-ний өдөр Б.Баяраагийн данс руу шилжүүлсэн баримт/ /хх-ийн 165-р хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 145/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 142/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 143/ зэргийг шинжлэн судлалаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг бүрэн нотлон тогтоосон.

Шүүгдэгч Х.С нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших "Премиум" гэх зочид буудалд иргэн А.Баярбатад "цагаан хаш хөөргөний чулууг зарж өгнө" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгө болох цагаан хаш хөөргөний чулууг шилжүүлэн авч 40.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан, мөн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Голден сейф ломбардад барьцаанд байсан шүрэн толгойтой халтар манан хөөрөг, шүрэн толгойтой цагаан хаш хөөргийг "бусдад зарж мөнгийг чинь хүүгийн хамт эргүүлж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан хохирогч Б.Энхбатаас 8.000.000 төгрөгийг авч, эд хөрөнгөө барьцаанаас чөлөөлүүлэн буцаан төлөхгүйгээр залилж, бусдад нийт 48.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч А.Баярбатын мэдүүлэг /хх-ийн 8-9, 169 дүгээр хуудас/, хохирогч Б.Энхбатын мэдүүлэг /хх-ийн 129 дүгээр хуудас/, гэрч Э.Бадралын мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч Э.Ган-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Ц.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-ийн 133-134 дүгээр хуудас/, гэрч Н.Мягмарсайханы мэдүүлэг /хх-ийн 170-р хуудас/, гэрч З.Санлүндэвийн мэдүүлэг /хх-ийн 172 дугаар хуудас/, гэрч Б.Баяраагийн мэдүүлэг /хх-ийн 173 дугаар хуудас/, гэрч Д.Сонинсайханы мэдүүлэг /хх-ийн 174 дүгээр хуудас/, шүүгдэгч Х.С-ын 5021166499 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48-р хуудас/, гэрч Б.Баяраагаас гаргаж өгсөн түүний Хаан банкны 5498002811 дугаарын дансны хуулга /хх-ийн 165-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хохирлын хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хохирол хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хохиролд зайлшгүй хүргэх нөхцөл болсон байна. Үүнийг шалгуур болговол шүүгдэгч нь худал үгээр хуурч хоёр удаагийн үйлдлээр хохирогч А.Баярбатын цагаан хаш хөөргөний чулууг зарж өгнө" гэж цагаан хаш хөөргөний чулууг шилжүүлэн авсан болон хохирогч Б.Энхбатаас Голден сейф ломбардад барьцаанд байсан шүрэн толгойтой халтар манан хөөрөг, шүрэн толгойтой цагаан хаш хөөргийг "бусдад зарж мөнгийг чинь хүүгийн хамт эргүүлж өгнө" гэж тус тус шилжүүлэн авсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр худал үгээр хуурч, хохирогч нарыг өөрийн эд зүйлээ сайн дураар шилжүүлэн өгөх сэдлийг төрүүлж улмаар өөртөө шилжүүлэн авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан.

Шүүгдэгч Х.С нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсэж үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэргүүд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Улсын яллагч: Х.С-д 2 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү? гэсэн.

 Иймд шүүгдэгч Х.С-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг тэнссэн хугацаанд арилгах үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-аас 8.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Энхбатд олгох, мөн хохирогч А.Баярбат нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд 40.000.000 сая төгрөгийг нэхэмжилж байсан үүнээсээ 13.000.000 төгрөгийг авсан, 38 000 000 төгрөг гэж тохирсон тул-одоо үлдэгдэл 25.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн тул шүүгдэгч Х.С-аас 25.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Баярбатд тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн болон хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч Х.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг тэнссэн хугацаанд арилгах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг тэнссэн хугацаанд биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-аас 8.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Энхбатд, 25.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Баярбатд тус тус олгосугай.

6. Шүүгдэгч Х.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ