Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 673

 

 

 

 

 

 

 

 

 

    2020        08          17                                  2020/ШЦТ/673

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Д.Батбаяр /ҮД:0200/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч-д холбогдох эрүүгийн 2011 00000 0677 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Шилдээд ХХК-д талбайн инженер, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбэ 8-194 тоотод оршин суух хаягтай, тэргүүний барилгачин шагналтай гэх, урьд нь ял шийтгүүлж байгаагүй,

Б.Ч,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Монгол телевизийн хойд талын засмал зам дээр такси барих гээд зогсож байсан иргэн М.Амарсанаагийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Иргэн Б.Батдалайгаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 3-р хуудас/,

Хохирогч М.Амарсанаагийн “...2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр БЗД- ийн 13 дугаар хороолол Бөхийн өргөөний зүүн талд байрлах Кафе-д 18 цагийн орчимд 3 уулаа орсон тэгээд тэндээсээ 22 цаг 30 минутын орчимд гарсан. Тэгээд тэндээс Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо СУИС-ийн орчимд хүнтэй уулзах гээд ирсэн. Тэгсэн миний уулзах гэж байсан хүн Дөлгөөн нуур луу гэр лүүгээ явж байна гэж хэлсэн. Тэгэхлээр нь би Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Баянбүрдийн Автобусны буудлаас зүүн тийш жаахан яваад зам дагуу такси барих гээд зогсож байсан. Тухайн үед би төв замын хажуу талд зогсоод гар утсаараа ярьж байсан тэгсэн цагаан цайвар өнгийн машинтай үл таних эрэгтэй хүн ирээд миний баруун гарт байсан гар утсыг машиныхаа цонхоор шүүрч аваад тэр чигээрээ хөдлөөд явсан. Тэр машиныг явсны дараа би ар талаас нь гүйхэд гэрлэн дохионы улаан гэрэл ассан. Тэгсэн миний ар талаас Б.Батдалай гэх хүн ирээд намайг машинд суучих гэж хэлсэн. Тэгээд би суугаад миний гар утсыг авсан машины ар талаас дагаад явсан. Гэрлэн дохио дээр зогсож тэр машины зургийг дарсан. Тэгээд тэндээс хөдлөөд явангуут нь ар талаас нь дагаад Сансарын колонк орчмоос тухайн тээврийн хэрэгслийг алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Гэрч Б.Батдалайгийн “...Би өөрийн приус 20 маркийн 56-72 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод ганцаараа Баянбүрдийн автобусны буудлаас Сансрын колонк орох чиглэлтэй явж байхад замын баруун талын туслах замаас 49-76 УБЕ улсын дугаартай саарал өнгийн кровн маркийн тээврийн хэрэгсэл орж ирээд улмаар тухайн замын явган хүний зам дээр зогсож байсан үл таних эрэгтэй хүний гар утсыг машин дотроос үл таних хүн шууд булаагаад зугтаад явчихсан. Гар утсаа булаалгасан нэлээн согтуу байсан ба улмаар би тэр хүнийг машиндаа суулгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба шууд тухайн машиныг дагаж явж байгаад Сансрын колонкийн гэрлэн дохиотой уулзвар дээрээс алдчихсан. Тухайн машиныг зургийг араас нь дарж авч чадсан. Гар утсаа булаалгасан хүн нэлээн согтуу байсан. Тухайн машинтай этгээдүүд тэр хүний гар утсыг явган хүний зам руугаа хашиж ороод машинаасаа буулгүйгээр булаагаад аваад явчихсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

Шүүгдэгч Б.Ч-ийн “...Баянбүрдийн тойргийн зүүн талд нэгдүгээр эгнээг эзлээд дээрх тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлгөөнд оролцож байхдаа телевизийн урд талын автобусны буудал дээр цагаан өнгийн футболктой согтуу хүн баруун гараа өргөөд, өргөсөн гартаа утас барьчихсан байхаар нь гар утсыг нь машинаасаа буулгүйгээр цонхоороо өөрийн баруун гараараа гар утсыг нь булааж аваад цаашаагаа өөрийн түр амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 67 дугаар байрны 14 тоотод очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6-р хуудас/,

Б.Батдалайгийн тухайн үед авсан 49-76 УБЕ улсын дугаартай автомашины гэрэл зураг /хх-ийн 56-р хуудас/,

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 58-р хуудас,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 64/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 60/ зэргийг шинжлэн судлалаа.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “ Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Монгол телевизийн хойд талын засмал зам дээр такси барих гээд зогсож байсан иргэн М.Амарсанаагийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Монгол телевизийн хойд талын засмал зам дээр такси барих гээд зогсож байсан иргэн М.Амарсанаагийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн иргэн Б.Батдалайгаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 3-р хуудас/, хохирогч М.Амарсанаагийн “...2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр БЗД- ийн 13 дугаар хороолол Бөхийн өргөөний зүүн талд байрлах Кафе-д 18 цагийн орчимд 3 уулаа орсон тэгээд тэндээсээ 22 цаг 30 минутын орчимд гарсан. Тэгээд тэндээс Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо СУИС-ийн орчимд хүнтэй уулзах гээд ирсэн. Тэгсэн миний уулзах гэж байсан хүн Дөлгөөн нуур луу гэр лүүгээ явж байна гэж хэлсэн. Тэгэхлээр нь би Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Баянбүрдийн Автобусны буудлаас зүүн тийш жаахан яваад зам дагуу такси барих гээд зогсож байсан. Тухайн үед би төв замын хажуу талд зогсоод гар утсаараа ярьж байсан тэгсэн цагаан цайвар өнгийн машинтай үл таних эрэгтэй хүн ирээд миний баруун гарт байсан гар утсыг машиныхаа цонхоор шүүрч аваад тэр чигээрээ хөдлөөд явсан. Тэр машиныг явсны дараа би ар талаас нь гүйхэд гэрлэн дохионы улаан гэрэл ассан. Тэгсэн миний ар талаас Б.Батдалай гэх хүн ирээд намайг машинд суучих гэж хэлсэн. Тэгээд би суугаад миний гар утсыг авсан машины ар талаас дагаад явсан. Гэрлэн дохио дээр зогсож тэр машины зургийг дарсан. Тэгээд тэндээс хөдлөөд явангуут нь ар талаас нь дагаад Сансарын колонк орчмоос тухайн тээврийн хэрэгслийг алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/, гэрч Б.Батдалайгийн “...Би өөрийн приус 20 маркийн 56-72 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод ганцаараа Баянбүрдийн автобусны буудлаас Сансрын колонк орох чиглэлтэй явж байхад замын баруун талын туслах замаас 49-76 УБЕ улсын дугаартай саарал өнгийн кровн маркийн тээврийн хэрэгсэл орж ирээд улмаар тухайн замын явган хүний зам дээр зогсож байсан үл таних эрэгтэй хүний гар утсыг машин дотроос үл таних хүн шууд булаагаад зугтаад явчихсан. Гар утсаа булаалгасан нэлээн согтуу байсан ба улмаар би тэр хүнийг машиндаа суулгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба шууд тухайн машиныг дагаж явж байгаад Сансрын колонкийн гэрлэн дохиотой уулзвар дээрээс алдчихсан. Тухайн машиныг зургийг араас нь дарж авч чадсан. Гар утсаа булаалгасан хүн нэлээн согтуу байсан. Тухайн машинтай этгээдүүд тэр хүний гар утсыг явган хүний зам руугаа хашиж ороод машинаасаа буулгүйгээр булаагаад аваад явчихсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/, шүүгдэгч Б.Чийн “...Баянбүрдийн тойргийн зүүн талд нэгдүгээр эгнээг эзлээд дээрх тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлгөөнд оролцож байхдаа телевизийн урд талын автобусны буудал дээр цагаан өнгийн футболктой согтуу хүн баруун гараа өргөөд, өргөсөн гартаа утас барьчихсан байхаар нь гар утсыг нь машинаасаа буулгүйгээр цонхоороо өөрийн баруун гараараа гар утсыг нь булааж аваад цаашаагаа өөрийн түр амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 67 дугаар байрны 14 тоотод очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6-р хуудас/, Б.Батдалайгийн тухайн үед авсан 49-76 УБЕ улсын дугаартай автомашины гэрэл зураг /хх-ийн 56-р хуудас/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9-р хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 58-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэдэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч явсан, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Ч-ийн үйлдэл нь хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн  шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас дээрмийн эд зүйл болох гар утсыг 200,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 200,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Б.Ч-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Б.Ч-д 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу, зүйлчлэл маргаагүй бөгөөд хөнгөрүүлэх байр сууринаас оролцож, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөргүй, гэмшиж байгаа, хохирол төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжтой байна.

Иймд шүүгдэгч Б.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дэх заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн болон хүлээлгэсэн хязгаарлалтыг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Хохирогч М.Амарсанаа нь “... гар утсаа буцааж авсан тул надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй...” гэх тул шүүгдэгч Б.Чийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ