Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 116/2021/0029/З |
Дугаар | 221/МА2022/0218 |
Огноо | 2022-03-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2022/0218
2022 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 221/МА2022/0218 | Улаанбаатар хот
|
Л.Бгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд Б.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Л.Б
Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал
Гуравдагч этгээд Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Хэрлэн сумын 2 дугаар багийн 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчингүйд тооцуулах, тус Хурлаас гаргасан тогтоолуудыг хүчингүй болгуулах, багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулахыг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 4 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ч.Э
Хариуцагч С.Г
Гуравдагч этгээд Б.Б, түүний өмгөөлөгч В.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 116/2021/0029/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Бгаас Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Хэрлэн сумын 2 дугаар багийн 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчингүйд тооцуулах, тус Хурлаас гаргасан тогтоолуудыг хүчингүй болгуулах, багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулахыг даалгах”-аар маргасан байна.
2.Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 4 дүгээр шийдвэрээр:
“...Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2016 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.14, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2020 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.6, 32.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Лхүндэвийн Байгалмаагийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх” хуралдааныг хүчингүйд тооцож, “Багийн Засаг даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” 4, “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 6 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдааныг дахин явуулахыг, Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“... Багийн Засаг даргад Б.Б би болон нэхэмжлэгч Л.Б нар нэр дэвшсэн бөгөөд санал хураалт хуулийн дагуу зохион байгуулагдаж, үр дүнд би 198 санал буюу 70 хувийн санал авсан тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “хуралдаанд оролцсон иргэдийн 50-иас дээш хувийн санал авсан” байх шаардлагыг хангасан гэж үзэж байна.
3.2.Харин багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан зарлагдан, санал хураалт явагдаж, дүн гарсан байхад дээрх санал хураалт, түүний үндсэн дээр гарсан “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай шийдвэрийг хууль бус” гэж үзэж байгаад гомдолтой байна. Хуралдаан өөрийнхөө дэгийг баталсан бөгөөд дэгийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Багийн Засаг даргыг сонгохдоо илээр явуулна” гэж заасны дагуу ил санал хураалт явуулж, 70 хувийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нь илэрхий байгаа.
3.3.Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны онцлог нь 4 жилд нэг удаа иргэд сонгох эрхээ төлөөллөөр дамжуулах бус, шууд байдлаар хэрэгжүүлэх боломж байдаг. Түүнчлэн багийн хуралд 283 иргэн оролцсон нь иргэдийн идэвх их байгааг харуулж байгаа төдийгүй дахин иргэдийг цуглуулж хуралдах боломж байхгүй.
3.4.Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг буруу тайлбарлан, хэрэглэснээс дээрх хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна.
3.5.Шийдвэрт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “...багийн иргэдийн Нийтийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага мөн”, хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д ”...нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах, үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг баримтлах” зохицуулалтуудыг зөрчсөн гэж үзсэн.
3.6.Миний бие багийн хурлын хуралдаанаар нэр дэвшиж 50-иас дээш хувийн санал авсан, өөрөөр хэлбэл шийдвэр ямар утгаараа хуулийн дээрх заалтуудыг зөрчөөд байгаа нь ойлгомжгүй бөгөөд шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт тусгагдаагүй байна. Хурлын төгсгөлд бүлэг хүмүүс санаатайгаар үймээн дэгдээж, тухайн асуудлаас шалтгаалж хурал, түүний үндсэн дээр гарсан шийдвэр бүхэлдээ хүчингүй болж болохгүй.
3.7.Шүүхийн шийдвэр иргэн миний сонгох, сонгогдох эрхийг зөрчөөд зогсохгүй, намайг багийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр сонгосон багийн иргэдийн сонгох эрхийг ч ноцтой зөрчиж байна.
Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 4 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.Нэхэмжлэгчээс гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.
ХЯНАВАЛ:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд /2016/ заасан багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, санал хураах журам зөрчигдсөн талаар шүүхийн шийдвэрт үндэслэлтэй зөв дүгнэсэн, харин Хурлын хуралдааныг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийн энэ хэсэгт зохих өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж заасан, хэдийгээр нэхэмжлэгч багийн хурлын даргад бус Засаг даргад нэр дэвшсэн, иймд Засаг даргад 2 болон түүнээс дээш хүний нэр дэвшсэн тохиолдолд хэрхэн сонгох талаар нарийвчилсан зохицуулалтгүй байгаа энэ тохиолдолд хуулийн дээрх заалтыг үндэслэж маргааныг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
2.2021 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурал Хан-Уул цогцолбор сургуулийн зааланд хуралдсан, Хэрлэн сумын 2 дугаар багийн энэхүү хуралд 283 иргэн оролцож, Засаг даргад нэхэмжлэгч Л.Б, гуравдагч этгээд Б.Б нар нэр дэвшсэн, гэвч санал хураалтыг илээр явуулсан нь уг хурлаас гарсан шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүчингүй болгох үндэслэл болно.
3.Санал хураалтаар Б.Б 283 иргэний 198 буюу 70 хувийн санал авсан ч, тухайн санал хураалтыг ил явуулсан нь хууль зөрчсөн гэж дүгнэх хангалттай үндэслэл болох бөгөөд нөгөөтэйгүүр ил санал хураалт нь сонгогчдын саналаа бие даан, хэнээс ч хараат бусаар өгөх эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлахад хүргэдэг.
4.Түүнчлэн мөн өдрийн хуралдаанаас баталсан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дэгийн 12.3-т “Багийн Засаг даргыг сонгохдоо илээр явуулна” гэж заахдаа хэдэн нэр дэвшигчтэй тохиолдолд илээр хураах талаар тодорхой тусгаагүй, гэтэл 12.1-т багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгохдоо нэг хүн нэр дэвшвэл илээр, хоёр ба түүнээс дээш хүн нэр дэвшвэл нууц санал хураалт явуулахаар зохицуулсан байна.
5.Гэвч санал хураалтыг илээр явуулж, хууль зөрчсөнөөс нэхэмжлэгчийн багийн Засаг даргад өрсөлдөх эрх зөрчигдсөн болох нь тогтоогдсон, багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин явуулж, Засаг даргад дахин нэр дэвшүүлэх үр дагаварт хүргэсэн тул шүүхийн шийдвэрт дурдсан зөрчлийг дахин гаргахгүй байхыг хариуцагч анхаарвал зохино.
6.Харин санал хураалтыг далд хэлбэрээр явуулсан тохиолдолд нэхэмжлэлд дурдсан бусад үндэслэлүүд, тухайлбал Хурлын дарга С.Г эрүүл мэндийн шалтгаанаар тухайн өдрийн хурлаа даргалаагүй, өөр хүнээр даргалуулсан, багийн иргэдийн Хурлын тэмдэглэлд хурлын явц нэг бүрчлэн бичигдээгүй, заримыг орхигдуулсан, тэмдэглэл гаргац муутай зэрэг нь тухайн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгох шууд үндэслэл болохгүй.
7.Давж заалдах гомдолд багийн иргэдийн Нийтийн Хурлын ирцийг дахин 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хэмжээнд хүргэж чадахгүй, ийм боломж хомс гэх ч энэ нь хуульд заасан журмыг илтэд зөрчиж явагдсан санал хураалтын үр дүнг хүлээн зөвшөөрөх, хуульд нийцсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болохгүй.
8.Харин хэсэг бүлэг хүмүүс санаатайгаар хуралдаанд саад учруулж, үймээн дэгдээж гарч явсан зэрэг асуудалд нэхэмжлэгч ямар холбоотой болохыг захиргааны хэргийн шүүхээс тогтоох боломжгүй бөгөөд шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд дахин явагдах багийн иргэдийн Нийтийн Хурлыг ямарваа хэлбэрээр саатуулах, будилаан үүсгэхгүй байхыг хэргийн оролцогчид анхаарвал зохино.
9.Хуралдаан шийдвэр гаргах процесс болохоос бус дангаараа нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна гэж заасан, өөрөөр хэлбэл хуралдаан нь захиргааны актын шинжгүй тул тухайн цаг хугацаанд нэгэнт хийгдэж дууссан хуралдааныг хүчингүйд тооцох нэхэмжлэлийн шаардлага байх боломжгүй, иймд энэ шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 4 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “…багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдааныг хүчингүйд тооцож, …” гэснийг хасч, “3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “…Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдааныг хүчингүйд тооцуулах…” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэсэн заалт нэмж, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж өөрчлөн, гуравдагч этгээд Б.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН