Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн С.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн *******,******* дарга Б.Б-д холбогдох, аймгийн *******,******* даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, хариуцагч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Б миний бие *******,******* Мал эмнэлгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2016 онд ажлаас халагдаж шүүхэд хандаж анхан шатны болон давж заалдах шатны хурлуудаар үндэслэлгүй ажлаас халагдсан нь тогтоогдсон тул 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр буцаан ажил албан тушаалдаа орсон. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 18-нд дахин *******,******* Б/11 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Ажлаас халсан тушаалд 2014 онд Мал эмнэлгийн хэлтсийн даргаар хуулийн дагуу томилогдоогүй гэсэн байна. Миний бие 2010 онд *******,******* даргын тушаалд хууль ёсны дагуу томилогдсон. Мөн Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулах журмын дагуу шалгаруулалтанд ороогүй гэжээ. Миний хашиж байсан албан тушаал төрийн удирдах албан тушаалд хамаардаггүй /тамга, тэмдэг хэрэглэх, хөрөнгө мөнгө зарцуулах эрх мэдэлгүй. Зөвхөн төрийн албан тушаал/ Би 1998 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. Төрийн жинхэнэ албан хаагч аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/33 тоот захирамжаар Төрийн албан хаагчийн зэрэг дэвийг тогтоож өгсөн. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчаас үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингөөр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэсэн заалттай нийцэж байна. Би 1998 оны 09 дүгээр сарын 10-нд төрийн албан хаагчийн тангараг өргөсөн төрийн албан хаагч. Энэ гаргасан тушаалыг бол үндэслэлгүй гэж үзэж байгаа. 2014 онд мал эмнэлгийн хэлтсийн даргаар хуулийн дагуу томилогдоогүй гэсэн байна. Тухайн үед ************** дарга нь тушаал гаргаад томилсон. Тушаал нь хавтаст хэрэгт байгаа. Төрийн жинхэнэ албанд удирдах албан тушаалд томилоход сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалтад ороогүй гэсэн байна. Миний хашиж байсан албан тушаал бол төрийн удирдах албан тушаал бол биш. Мөн төрийн албаны зөвлөлийн шийдвэргүй ажиллаж байгаа гэсэн байна. Тиймээс энэ тушаалыг хүчингүй болгож ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Б нь тухайн албан тушаалыг сонгон шалгаруулалтанд оролгүйгээр хашиж байсан. Тухайн албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал учир заавал сонгон шалгаруулалтанд орж тэнцэж байж хийнэ. Эсвэл Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтээр сонгон шалгаруулалтад оролгүй шууд томилогдож болно. Гэтэл С.Б нь сонгон шалгаруулалтанд ороогүйгээр барахгүй Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтгүйгээр уг албан тушаалд томилогдсон. Тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтыг 2018 оны 05 дугаар сард зарлахад ороогүй. Мал эмнэлгийн хэлтэс нь 2016 оныг дуустал хэлтсийн тамга ашиглаж байсан. Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг ярьж байна. Үүнд төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаа иргэнийг дэвшүүлэн ажиллуулж болно гэж заасан гэсэн заалтыг ярьсан. С.Б нь 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажилд орохдоо ************** даргын 32 дугаартай тушаал энэ бол Төрийн захиргааны албан тушаал биш Төрийн үйлчилгээний албан тушаал буюу ТҮ-7.4-ээр цалинжуулаад явсан байгаа. Энэ хүн бол Төрийн захиргааны албан тушаал эрхлээгүй гэдэг нь үүгээр нотлогдож байна. Төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж байсан бол Төрийн албаны тухай хуульд заасны дагуу тухайн албан тушаалыг эрхэлж байсан мэргэжил, ур чадвар, дээрээс нь ажлын үр дүн зэргийг нь харгалзаад дэвшүүлээд хэлтсийн даргаар томилох боломжтой байсан. Төрийн албаны зэрэг дэв, дүгнэлт зэргийг хольж тайлбарлаад байна. Дүгнэлт гэдэг бол төрийн албанаас тусдаа төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт гаргаад энэ хүнийг мал эмнэлгийн хэлтсийн даргад томилон ажиллуулуулах гэсэн дүгнэлт гардаг. Зэрэг дэв бол даргын тодорхойлолтоор төрийн албаны салбар зөвлөлд очоод аймгийн Засаг даргын тушаал гардаг байгаа. Засаг даргын шийдвэр бол төрийн албаны шийдвэр биш. Энэ маргаантай асуудал бол маргалдаад байх асуудал биш. Хуулийн дагуу шийдвэр гарсан. Өмнөх асуудлыг энд яриад байх шаардлага байхгүй. Таны мөнгө бол 2019 оны төсөвт суугаад ирж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт төрийн албан хаагч иргэнээс мэргэжлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг тогтоох түүнийг томилох чөлөөлөх, дэвшүүлэх, асуудлаар хууль тогтоомж стандарт, зөрчих дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус гэрчилгээ баталгаа авахыг хориглоно гээд заасан байгаа. Төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад ороогүй байсан учраас хуулийн үндэслэл нь болсон. Төрийн албаны тухай хуулийн 26.1 дэх хэсэгт энэ хуулийн 15, 13, 40 дүгээр зүйлд заасан албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал түүнийг анх үйлдэж байгаа давтан үйлдэж байсныг харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийг ноогдуулна гэж зааснаар ажлаас чөлөөлсөн гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.С нь Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал буюу Мал эмнэлгийн албаны даргын ажлын байрны сонгон шалгаруулалтанд орж хамгийн өндөр оноог авсан тул Төрийн албаны салбар зөвлөлөөс холбогдох Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу ажилд томилогдсон. Үүний дагуу ажил олгогчоос 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 27-р тушаал гаргаж ажилд томилсон байдаг. Иймд тухайн ажлын байр нь нэхэмжлэгчийн ажлын байр биш. Нээлттэй сонгон шалгаруулалт зарласан ажлын байр учраас тухайн ажлын байранд зохих журмын дагуу шалгалт өгч тэнцсэн гэж үзэж байгаа. Гуравдагч этгээдийн хувьд бол хуулийн дагуу томилогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар, захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Говь-Алтай аймгийн *******,******* даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалт, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан журмын 9 дүгээр зүйлийн 38 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 27 дугаар тогтоол, газрын хөдөлмөрийн дотоод журмын 2.9 дэх заалтыг тус тус үндэслэн 2014 онд Мал эмнэлгийн хэлтсийн даргаар хуулийн дагуу томилогдоогүй, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу сонгон шалгаруултад ороогүй, төрийн албаны зөвлөлийн дүгнэлт шийдвэргүйгээр ажиллаж байгаа С.Б-ыг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Маргааны тухайд хариуцагч Б.Б ...С.Б нь *******,******* Мал эмнэлгийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдохдоо сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт шийдвэргүйгээр томилогдсон тул ажлаас чөлөөлсөн..., нэхэмжлэгч С.Б ...миний хашиж байсан албан тушаал нь төрийн албаны удирдах албан тушаалтанд хамаардаггүй, ...удирдах албан тушаалтан биш, ....аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар төрийн албан хаагчийн зэрэг дэвийг тогтоож өгсөн. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн дүвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэсэн заалттай нийцэж байгаа гэсэн тайлбар, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалын заалт хэсэг буюу бодит нөхцөл байдлаас үзэхэд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдохдоо сонгон шалгаруулалтад ороогүй төрийн албаны зөвлөлийн дүгнэлт шийдвэргүйгээр томилогдсон гэж С.Б-ыг ажлаас нь чөлөөсөн байна.

Ажлаас нь чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6-д хууль тогтоомжид заасан бусад тохиолдол, хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно гэж заасныг үндэслэсэн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, хуулийн 40.3-т Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэж заасныг зөрчсөн байна. Өөрөө хэлбэл төрийн захиргааны байгууллагаас захиргааны актыг гаргахдаа тухайн бодит нөхцөл байдалд хамаарах хууль зүйн үндэслэлийг заах ба захиргааны актын хууль зүйн үндэслэлд хуулиар эрх олгогдсон холбогдох зүйл заалтыг тодорхой зааж өгөхөөр тогтоосон шаардлагыг зөрчсөн захиргааны акт байна.

Учир нь: Тушаалын хуулийн үндэслэл нь Төрийн албан хаагч, эрх бүхий албан тушаалтан нь иргэнээс мэргэшлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглосон заалт бөгөөд дээрх үйлдэл, үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн, Төрийн албаны тухай хуулиар хориглосон заалтыг зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар заасан хуулийн зохицуулалт байна. Гэтэл С.Б-ыг ажлаас чөлөөлсөн тушаалын бодит нөхцөл байдал нь сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт шийдвэргүйгээр томилогдсон гэх боловч хууль зүйн үндэслэл нь төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл хүлээлгэх заалтыг хэрэглэсэн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3 дахь хэсэгт заасан захиргааны актын хуулиар тогтоож өгсөн шаардлагыг хангахгүй хууль бус захиргааны акт байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж зааснаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг зөрчсөн аймгийн *******,******* даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох бөгөөд дээрх маргаан бүхий захиргааны акт нь төрийн албан хаагчид сахилгыг шийтгэл хүлээлгэх эрх зүйн шууд үр дагварыг бий болгосон байх тул хуулийн дагуу томилогдоогүй, сонгон шалгаруултад ороогүй, төрийн албаны зөвлөлийн дүгнэлт шийдвэргүйгээр томилогдсон эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Шүүх *******,******* даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт гэж үзэж хүчингүй болгосон тул нэхэмжлэгч С.Б-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 06 дугаар сарын 11-нээс 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 116 хоногийн олговор 6,038,148 /зургаан сая гучин найман мянга нэг зуун дөчин найм/ мянган төгрөгийг аймгийн *******, хөдөө аж ахуйн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар хэсэгт зааснаар хавтас хэргийн мартериалд авагдсан нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн С.Б-ын 2015 оны 10, 11, 12 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтаны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн *******,******* даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Б-ыг урьд эрхэлж байсан *******,******* Мал эмнэлгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 116 хоногийн олговор 6.038.148 /зургаан сая гучин найман мянга нэг зуун дөчин найм / төгрөгийг аймгийн *******, хөдөө аж ахуйн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, хөдөө аж ахуйн газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЗОЛБАДРАХ