Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 748

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Хувьзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2016/00054 дугаар шийдвэртэй, П.Хувьзаяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Бавгар” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

П.Хувьзаяа нь тус байгууллагад 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр кранчинаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргалгүй, хариуцсан ажлаа хууль болон дүрэм журамд нийцүүлэн ажилладаг байсан. 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа ирэхэд нь талбайн инженер Х.Мөнхтөр дуудаад краны зөвшөөрөл бүтсэнгүй та одоо ажиллах хэрэггүй, ажлаа хүлээлгэж өгөөд яв гэхэд нь  ажиллаж байгаа кран учир хүлээлгэж өгөх юм байхгүй, өөрөө дээшээ гараад бүх юмыг нь үзэж хараад хүлээгээд авчих гэсэн. Х.Мөнхтөр үзэж аваагүй.

Тус компани ажилчдыг ажиллах нөхцөлөөр муу хангадаг, ажилчдад хоол өгөхгүй өглөө 7:30-20:30 хүртэл ажиллуулдаг зэргийг П.Хувьзаяа шүүмжилж байсан бөгөөд дутагдлыг хэлсний төлөө ажлаас халсан гэж үзэж байна. Ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг баримтлан гарсан байдаг.

“Бавгар” ХХК нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтад заасан үндэслэлүүдийг баримтлаагүй. Мөн ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн гэрээний 3.1.3 дахь заалтыг баримтласан гэсэн байх боловч уг заалтын аль зөрчлийг гаргасан болохыг тодорхой заагаагүй тул П.Хувьзаяаг ажлаас үндэслэлгүй халсан. Иймд ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалнитай тэнцэх олговорт 7 272 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Хувьзаяа нь Хөдөлмөрийн гэрээний 3.1.3-д заасан Нийтийн хэв журам, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй эсэргүүцсэн эсхүл гүйцэтгэхээс татгалзсан бол;

шунахайн сэдлээр байгууллагын болон бусдын эд зүйлс өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан, энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон бол;

ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, худал мэдээлэх зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нөлөөлөхөөр үр дагаврыг бий болгосон;

хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай арга хэмжээ зохион байгуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн, бусдыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан, удирдлагад ямар нэгэн байдлаар дарамт, шахалт үзүүлсэн, байгууллага, ажилтны эрх ашиг, нэр хүндэд хохирол учруулсан бол;

байгууллагын удирдлага, албан тушаалтны албан ёсны зөвшөөрөлгүйгээр хууль бусаар байгууллагын эдийн засаг, нэр хүнд, үйл ажиллагаанд хохирол учруулахаар гэрээ хэлцэл байгуулсан нь шунахайн болон хувийн сэдэлтэй болох нь тогтоогдсон бол;

албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгод ашигласан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол гэсэн заалтуудыг зөрчсөн тул гэрээг ажил олгогч өөрийн санаачлагаар цуцалсан болно.

Мөн туслан гүйцэтгэгч “Нимкон” ХХК-иас “Бавгар” ХХК-ийн нэрийг ашиглан худал хэлэн 140 000 төгрөг нэхэмжилж авсан. “Бавгар” ХХК-ийн удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр шунахайн сэдлээр краны троссыг талбайгаас авч явсан ба талбайн даамал Х.Мөнхтөр үйлдэл дээр нь барьсан. П.Хувьзаяа ур чадвар болон зан харилцааны хувьд шаардлага хангахгүй байсан гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч П.Хувьзаяаг “Бавгар” ХХК-ийн Цамхагт краны кранистын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 272 700 төгрөгийг хариуцагч “Бавгар” ХХК-иас гаргуулж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтын дагуу нэхэмжлэгч П.Хувьзаяагийн ажилласан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Бавгар” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар хариуцагч “Бавгар” ХХК-иас 131 313 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч П.Хувьзаяа 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба ажил олгогчийн ямар тушаал хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж гарсан, уг тушаалыг хэрхэн шийдвэрлүүлэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

Хариуцагч “Бавгар” ХХК-ийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргасан П.Хувьзаяаг ажлаас халах 10 дугаартай тушаал /нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа гаргасан/ хүчин төгөлдөр үйлчилж, уг тушаалыг хүчингүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэж чадаагүй ба нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлыг хянан шийдвэрлэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж дүгнээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

П.Хувьзаяа нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажил олгогч өөрийг нь ажлаас халах тушаал гараагүй байхад буюу тушаалыг хүлээн аваагүй атлаа 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар ажил олгогчийн зүгээс П.Хувьзаяаг ажлаас халсан тушаал гараагүй, түүний хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй байхад шүүх 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн.

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан нөхцөл байдал үүсээгүй байхад нэхэмжлэл гаргасныг шүүх хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 1.6-д заасан нөхцөлөөр буюу П.Хувьзаяа туршилтын 3 сарын хугацаанд ажиллах гэрээтэй туршилтын ажилтан байсан, энэ хугацаанд байгууллагын эд хөрөнгийг шунахай сэдэлтэйгээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах үйлдэл хийсэн тул хөдөлмөрийн гэрээний 3.1.3-д заасныг баримтлан гаргасан 10 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэж байна.

 

Нэхэмжлэгч П.Хувьзаяа нь хариуцагч “Бавгар” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “Бавгар” ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай тушаалаар нэхэмжлэгч П.Хувьзаяаг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, хөдөлмөрийн гэрээний 3.1.3-д заасныг үндэслэн мөн өдрөөр тасалбар болгон цамхагт краны кранистын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хх 31 дэх тал/

 

Шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн боловч уг харилцааг дуусгавар болгосон дээрх тушаалд заасан зөрчил тогтоогдоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Хариуцагч нь нэхэмжлэгч П.Хувьзаяаг нийтийн хэв журам, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй эсэргүүцсэн, шунахайн сэдлээр байгууллагын өмч хөрөнгийг ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан, ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр эрх, ашиг сонирхолд нөлөөлөх үр дагавар бий болгосон зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ тодорхойлсон байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч дээрх зөрчил тус бүрийг хэзээ, хэрхэн гаргасан нь тогтоогдоогүй, “Бавгар” ХХК-ийн хувьд нотлох баримтад тулгуурлан мэтгэлцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Хэргийн 27-28 дахь талд авагдсан “Нимкон” ХХК-ийн “Нэхэмжлэх” болон тус компаниас “Бавгар” ХХК-д гаргасан Өргөдөл зэргийг хариуцагч нотлох баримтаар ирүүлснийг шүүх “нэхэмжлэгч П.Хувьзаяа нь хариуцагч байгууллагын үйл ажиллагаанд хууль бусаар хохирол учруулсан гэх” баримт болохгүй гэж зөв дүгнэжээ.

 

Мөн нэхэмжлэгч П.Хувьзаяаг ур чадвар, зан харилцааны хувьд шаардлага хангаагүйн улмаас үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсон гэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан боловч үндэслэлээ тодорхой заасан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүйг буруу гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх ажлаас халсан тушаал болон хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан дүгнэж, нэхэмжлэгч П.Хувьзаяагийн гаргасан гэх сахилгын зөрчлийг хөдөлмөрийн гэрээгээр тухайлан заасан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасанд, мэргэжил ур чадварын хувьд шаардлага хангахгүй гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлд хамааруулан дүгнэж, харин тухайн зөрчил тус бүр нь тогтоогдоогүй, мэргэжил ур чадварын байдалд зохих байгууллагын албан ёсны дүгнэлт гараагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Хариуцагч “Бавгар” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “ажил олгогч ажлаас халах тухай тушаал гаргаагүй, нэхэмжлэгч П.Хувьзаяа уг тушаалыг хүлээж аваагүй, түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдөөгүй” байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж чадаагүй гэж давж заалдах гомдол гаргасан боловч ажлаас халах тухай  10 тоот тушаал нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гарсан, тухайн сард нэхэмжлэгч 16 өдөр ажилласан зэрэг нь хэргийн 30-31 дүгээр талд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул уг гомдол үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00054 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулгын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 131 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Т.ТУЯА