Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01767

 

Б.Чгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн      

         2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00678 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1414 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Б.Ч

         Хариуцагч: “М” ХХК-д холбогдох     

        Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэлд хүлцэл өчсөн мэдэгдлийг цацаж, няцаалт хийхийг хариуцагчид даалгуулах, эдийн бус гэм хорын хохиролд 13 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн өмгөөлөгч Г.Т хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Л, өмгөөлөгч Г.Т, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

        Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие нь 2011 оны 06 дугаар сард Сингапур улсын Моссак Фонсека нэртэй хуулийн этгээд байгуулах үйл ажиллагаа эрхэлдэг компаниар дамжуулан Олон улсын хууль дүрмийн дагуу Стратежик майнс инк ХХК /Strategic Mines Ing/ болон Эири инвестмент холдингс ХХК /Eyrie Investment Holding/-г  байгуулсан.  Байгуулагдсан цагаасаа хойш өөрийн харилцах дансыг нээлгээгүй, үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад Стратежик майнс инк ХХК 2013-11-01-нд, Эири инвестмент холдингс ХХК  2014-05-01-ний өдөр тус тус татан буугдсан. Энэ нь  хууль, дүрэм, гэрээ хэлэлцээрийг зөрчөөгүй.  Татвараас зайлсхийх, хээл хахуулийн болон хууль бус мөнгөн хөрөнгийг  нуух гэсэн санаа зорилго байхгүй. Монгол улсад уул уурхайн болон махан бүтээгдэхүүн боловсруулах бизнест гадаадаас хөрөнгө оруулалт татах зорилгоор  хамтрагч нараас тавьсан саналын дагуу байгуулагдсан компаниуд юм. Тус компаниуд Виржинийн арлуудын хуулийн дагуу байгуулагдсан, ямар нэг банкны данс огт нээлгээгүй байж байгаад Монгол улсад стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдсаны улмаас  хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг зогсоосон тул  татан буугдсан компани юм. Гэтэл 2016-06-10-ны өдөр Монгол HD телевизийн 21:00 цагийн Оргил цаг нэвтрүүлгээр “...М олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой хамтран Панамын бичиг баримтууд дээр ажиллаж байгаа билээ. Олон сар үргэлжилж байгаа энэхүү хамтын ажиллагаанд олон орны хэдэн зуун сэтгүүлч улс төрчид, олон нийтийн албан тушаалтан болон тэдгээрийн гэр бүл, найз нөхдөөрөө дамжуулан татвараас зайлсхийх гэсэн оролдлого, авилга хээл хахуулийн мөнгөө эргийн гадна байлгах гэсэн оролдлогуудыг эдгээр баримт бичиг дундаас хайн ирүүлэн, тодруулж олон нийтэд мэдээлэх үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Гэвч бидэнд байгаа баримтууд түүний хэлж байгаагаас өөр дүр зургийг харуулж байна. Бидэнд байгаа дараагийн баримт нь Б.Чг оффшор компани ашиглаж гүйлгээ хийсэн болохыг нотолж байна. Б.Ч болон түүний аав гүйлгээ хийгээгүй гэдгээ олон нийтэд удаа дараа хэлж байсан...” гэх мэт бодит байдалд огт нийцээгүй, худал, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн мэтээр гуйвуулсан мэдээлэл тарааж Б.Ч миний нэр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан. Мэдээлэл нь 2016-06-р сард болсон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд нэр дэвшин сонгуульд өрсөлдсөн миний эцэг Э.Бат-Үүлийн нэр хүндийг  гутаасан үйлдэл болсон. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3.1-т “...хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ..” гэж заасны дагуу хариуцагч нь нийтэлж буй мэдээ, мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгахгүй, бодитой үнэлэлт дүгнэлт өгөлгүй гуйвуулж мэдээлсэн байна. Иймд Монгол HD телевизээр дамжуулан “...2016 оны 06 дугаар сарын Орон нутгийн болон Улсын их хурлын сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнөх өдөр буюу 2016-06-10-ны өдрийн 21:00 цагийн Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр Б.Ч оффшор данстай тус дансаараа дамжуулан гүйлгээ хийсэн гэх ойлголт олон нийтэд төрүүлэхүйц үндэслэлгүй мэдээллийг цацаж Б.Чн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэлдээ гүнээ хүлцэл өчье...” гэсэн мэдэгдлийг Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр 3 долоо хоногийн хугацаанд цацаж няцаалт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

       Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: М ХХК нь 2016-05-09-ний өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Панам Улсын Моссак Фонсека Ко хэмээх хуулийн фирмийн алдагдсан мэдээлэл буюу “Панамын Бичиг Баримт”-тай холбоотой мэдээллийг цувралаар хүргэж эхэлсэн. Тус мэдээллийг бид ХБНГУ-ын Зюддойче Цайтунг /Sueddeutsche Zeitung/ болон Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум /International Consortium of Investigative Journalists/-с хүлээн авсан. 2016-06-10-ны өдрийн 21:00 цагийн Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр Панамын бичиг баримттай холбоотой ээлжит мэдээллийг хүргэсэн ба хөтөлбөрийн эхний хэсэгт “...М олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой хамтран панамын баримтууд дээр ажиллаж байгаа билээ. Олон сар үргэлжилж байгаа энэхүү хамтын ажиллагаанд олон орны хэдэн зуун сэтгүүлч улс төрчид, олон нийтийн албан тушаалтан болон тэдгээрийн гэр бүл, найз нөхдөөрөө дамжуулан татвараас зайлсхийх гэсэн оролдлого, авилга хээл хахуулийн мөнгөө эргийн гадна байлгах гэсэн оролдлогуудыг эдгээр сая сая баримт бичиг дундаас хайн илрүүлэн, тодруулж олон нийтэд мэдээлэх үйл ажиллагаа үргэлжилсээр байна...” гэж цуврал мэдээллийн ерөнхий агуулгын талаар товч танилцуулсан. Энэ хэсэгт Б.Чг нэр цохож, түүнийг татвараас зайлсхийсэн, онц ноцтой гэмт хэрэг хийсэн, хээл хахуулийн болон хууль бус мөнгөн хөрөнгө эргийн гадна буюу оффшор дансанд нуусан гэх мэт нэг ч зүйл хэлээгүй. Мэдээллийн хөтөлбөрийн хоёрдугаар хэсэгт нэхэмжлэгчийн оффшор буюу эргийн гадна бүсэд бүртгүүлсэн компани өмнө нь илэрсэн тухай тус мэдээ олон нийтэд ил болсны дараа нэхэмжлэгч болон түүний эцэг мэдэгдэл хийсэн талаар мэдээлсэн. Тус Стратежик майнс инк ХХК /Strategic Mines Ing/ Б.Ч нь Сингапур улсын иргэн Элтон Пинг Мэнг Кионг гэгчтэй хамтран байгуулсан талаар тодруулга мэдээлэл хийсэн. Мэдээллийн хөтөлбөрийн гуравдугаар хэсэгт дээрх оффшор компаниас гадна Стратежик майнс инк ХХК /Strategic Mines Ing/ болон Эири инвестмент холдингс ХХК /Eyrie Investment Holding/-иудтай түүний нэр холбогдож байгаа талаар мэдээлсэн. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй ба нэхэмжлэлд дурдсанаар Эири инвестмент холдингс ХХК /Eyrie Investment Holding/-ийг үүсгэн байгуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Мэдээллийн хөтөлбөрийн дөрөвдүгээр хэсэгт буюу 05:36 секундээс эхлэн “....Бидэнд байгаа дараагийн баримт нь Б.Чг оффшор компани ашиглан гүйлгээ хийсэн болохыг нотолж байна. Харин Б.Ч болон түүний аав гүйлгээ хийгээгүй гэдгээ олон нийтэд удаа дараа хэлж байсан. Бат-Үүлийн Чулуудай нь Стратежик майнс инк ХХК-ийг эзэмшиж байсан бөгөөд тэр үед өөр нэгэн оффшор компанийн хувьцаа худалдаж авсан баримтыг яг одоо үзэгч та бүхэн харж байна. Энэ бүхэн хоорондоо яаж холбогдож уялдаж байна вэ? олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны сүлжээнд ажиллаж байгаа сэтгүүлчдийн эрэн сурвалжлах үйл явцдаа ашиглаж байгаа мэдээллийн санг ашиглаж одоо та бүхэнд холбоос дүрслэлийг тайлбартай хүргэе:   - Бат-Үүлийн Чулуудай нь Хятад гаралтай Сингапур улсын иргэн Элтон Пинг Мэнг Кионгтай хамтран Стратежик майнс инк /Strategic mines inc/ нэртэй оффшор компани байгуулсан.-Уул уурхайн 12 лиценз эзэмшдэг Монголын “Сод газар” компанийн захирал н.Саруулбаяр тус Голден мастерс майнингс инк /Golden masters mining inc/ гэх нэртэй оффшор компанийг Б.Чн компанитай ижил хаяг дээр байгуулжээ. Английн иргэн Найжел Франсис Оукс болон Хятад ба Английн иргэн Жэкон Лютай хамтран Тандер три лимитед /Thunder tree ltd/ оффшор компанийг байгуулав. Энэ компани нь Б.Чн Стратежик Стратежик майнс инк /Strategic mines inc/ компанитай хамтран 40/60 харьцаатайгаар Эири инвестмент холдингс лимитед /eyrie investment holdings ltd/ нэртэй дахин нэг оффшор компанийг байгуулжээ.????

Нэхэмжлэгч дөрөвдүгээр хэсгийн мэдээллийг буруу тайлбарлаж, Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр түүнийг оффшор дансаар дамжуулж гүйлгээ хийсэн гэж мэдээлсэн мэтээр мэдээний агуулгыг гуйвуулжээ. Дээрх мэдээллийг хийх үед хөтөлбөрийн 05:48 секундээс эхлэн Стратежик майнс инк ХХК-ийг ашиглан Б.Ч нь ямар ч гүйлгээ хийсэн талаар тайлбарладаг ба үүнд Эири инвестмент холдингс ХХК-ийн 40 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийн 1 ам.доллараар худалдан авсан тухай баримт гардаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Ч өөрийн Стратежик майнс инк ХХК-ийг 2011-06-30-ны өдөр байгуулснаас хойш түүгээрээ дамжуулан 2011-08- 04-ний өдөр Эири инвестмент холдингс ХХК-ийн 40 хувьцааг худалдан авсан талаар мэдээлсэн. Энэ нь болж өнгөрсөн бодит үнэн явдал бөгөөд нэхэмжлэлд дурдсанаар Эири инвестмент холдингс ХХК-ийг байгуулснаа нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Бидний зүгээс өөр ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийг оффшор бүсэд банкны данс нээсэн тэрхүү оффшор дансаар гүйлгээ хийсэн гэх мэт зүйл огт дурдаагүй болно. Иргэний хуулийн 21.2 дахь хэсэгт зааснаар иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээдэг. М ХХК-иас Б.Чг өөрийн Стратежикмайнс инк ХХК-иар дамжуулан Эири инвестмент холдингс ХХК-ийн 40 хувьцааг худалдан авсан талаар мэдээлсэн ба энэ нь үнэн зөв болсон явдал. Иймд мэдээ буруу байсан гэж няцаалт хийх эрх зүйн үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 511.1 дэх хэсэгт зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгч 13сая төгрөгийн эдийн бус гэм хор учирсан гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Дээр дурдсан хариуцагчаас хийсэн мэдээлэл нь бодит байдалд нийцэж байгаа тул гэм хорын хохирол арилгах ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Тухайн үед иргэн Б.Чгаас сэтгүүл зүйн тэнцвэртэй байдлыг хангах ёс зүйн хэм хэмжээний хүрээнд утсаар холбогдож түүний нэр дээрээ бүртгүүлсэн болон нэр холбогдсон компаниудын талаар мэдээлэл авах оролдлого хийсэн боловч Стратежикмайнс инк ХХК-ийн талаар тайлбар өмнө нь өгсөн бөгөөд бусад мэдээллийн талаар мэдэхгүй гэсэн хариулт өгсөн түүний тайлбарыг мэдээндээ оруулан олон нийтэд хүргэсэн. Панамын Бичиг Баримт-ын оффшор бүстэй холбоотой мэдээлэл 2016-05 сард илэрч Дэлхий нийтийг хамарсан үйл явдал болсон нь 2016-06- сарын УИХ-ын сонгуультай холбоогүй. М ХХК нь Үндсэн хуулиар баталгаажсан хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хүрээнд мэдээлэл хийсэн, мөн хууль тогтоомж зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00678 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар хариуцагч М ХХК-д холбогдох  Б.Чн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Чгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 150 төгрөгийг улсын төсвийн төвлөрсөн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.4-д зааснаар хэрэгт зохигчдоос гаргаж өгсөн 3 /гурван/ ширхэг CD-ийг хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1414 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00678 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

        Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: магадлалд “... үзлэгт зөвхөн хариуцагч талын өмгөөлөгч оролцсон байхад нэг талын санаачилгаар буюу “цааш нь үзэх шаардлагагүй” гэснээр бичлэгийг зогсоосон байна... үзлэгийн тэмдэглэл хөтөлж, үзлэг хийхдээ хэргийн оролцогч нарыг байлцуулан тухайн үзлэгээр юу илэрсэн талаар нэг бүрчлэн баримтжуулсан тохиолдолд үзлэгийн тэмдэглэлийг давж заалдах шатны шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой... анхан шатны шүүх үзлэгийн үр дүнг бүрэн баримтжуулаагүй учраас ИХШХШТХ-н 48.1-г зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй..” гэжээ. ИХШХШТХ-н 48.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна. Харин хэргийн оролцогч ирээгүй нь уг ажиллагаа явуулахад саад болохгүй. “М” ХХК-ийн Монгол НD телевизийн 2016-06-10-ны өдрийн 21:00 цагийн "Оргил цаг" хөтөлбөрийн мэдээллийг бэхжүүлсэн цахим баримт болох сиди бичлэгт 2018-03-23-ны өдөр шүүхийн сургалтын танхимд үзлэг хийсэн ба үзлэг хийх талаар өмнө нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдод мэдэгдэж байсан. Түүнд 2017-04-04-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон /хх-8/ байсан ба тухайн үед итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үзлэг хийх үед ирээгүй. Энэ талаар тэмдэглэлд тусгасан байсан. Тус “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөр нь олон нийтийн мэдээний хувьд олон төрлийн мэдээ агуулж байсан ба Б.Чтай холбоотой гэх хэсэг нь 01:48 секундээс 09:04 секунд хүртэл үргэлжилдэг. Үүнээс хойш үр хөндөлтийн статистикийн талаар, зай залгиж хүүхэд гэмтэж байгаа талаар, ундны усны лабораторийн шинжилгээний талаар гэх мэт мэдээ гардаг ба “Оргил цаг” мэдээний хөтөлбөр нь нийт 48:42 секунд үргэлжилдэг. Иймд 26:44 секундээс хойш үзэж судлах шаардлагагүй гэж үзсэн. Мөн хожим 2018-04- 09-ний өдрийн шүүх хуралдаан дээр сиди бичлэгийг бүхэлд нь шинжлэн судалсан /хх-200/ ба хэргийн оролцогч нараас Б.Чтай холбоотой хэсгийг бүгдийг үзэж, нотлох баримтын талаар маргаагүй. Ийнхүү үзлэг хийх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрөө ирээгүй нь ИХШХШТХ-н 48.1 дэх хэсэгт заасны дагуу уг ажиллагаа явуулахад саад болохгүй байтал давж заалдах шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ :

        Б.Ч 2017-04-05- ны өдөр шүүхэд хандаж, М ХХК-с эдийн бус гэм хорын хохиролд 13,000,000 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагчид даалгахыг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, “...шүүх үзлэгийг зохих журмын дагуу хийгээгүй...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.1-г зөрчсөн...” гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.    

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Анхан шатны шүүх 2018-03-23-ны өдөр үзлэг хийсэн /хх 115-116/ боловч талуудын гаргаж өгсөн CD-д буй мэдээллийг бичгийн аль баримттай тулгасан нь тодорхойгүйгээс гадна үзлэгийг бүрэн хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38  дугаар зүйлийн 38.6, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт нийцжээ. 

       Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд   үзлэг хийнэ. Үзлэг зохих журмын дагуу хийгдээгүй тохиолдолд уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчинө.     

       Өөрөөр хэлбэл, шүүх “...Монгол НD телевизийн 2016-06-10-ны өдрийн 21:00 цагийн "Оргил цаг" мэдээллийн хөтөлбөрөөс нэхэмжлэлийн үндэслэл болсон мэдээллийг  бичгийн хэлбэрт буулгаж, энэ тухай тэмдэглэл үйлдэн, үзлэгт орсон этгээд гарын үсэг зурснаар уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нөхцөл бүрдэх юм.   

        Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул магадлалыг хэвээр үлдээв.

        Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлсний эцэст нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1414 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.    

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 293.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                                                                                      

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ