Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 681

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        08          19                                  2020/ШЦТ/681

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Ц.Батбямба,

хохирогчийн өмгөөлөгч Э.Торгой,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2011 00753 0647 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхоны үндсэн хуулийн гудамж Д байрны 34 тоотод оршин суудаг /иргэний үнэмлэхийн хаяг: Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрхан 3-92 тоот/, урьд ял шийтгэлгүй,

Б.Б

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Компьютер Ланд” худалдааны төвийн 2 дугаар давхрын 22 тоот лангуу түрээслэгч Э.Оюу-номинг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иж бүрэн 2 ширхэг компьютерыг залилан авч, 8.592.150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би “Ви Си Эйч трэйд” ХХК-нд 2 компьютер авч өгсөн. Манай компанийн үйл ажиллагаа явагдаж эхлэх гэж байх үед тоног төхөөрөмж, лед гэрэл болон дэлгэц ажиллуулахын тулд би компанидаа 2 компьютер авч өгсөн. Бид өөрсдийн үйл ажиллагааны ашгаас төлбөрийг төлнө гэж бодсон. Манай компани хөрөнгө оруулалтын том гэрээ хийсэн байсан. Манай компанийн үйл ажиллагаа доголдолтой байсан учраас би төлбөрийг нь төлж чадаагүй. Надад найзыгаа залилна гэсэн сэдэлт, санаа зорилго огт байгаагүй. Би найзаасаа уучлалт гуйсан. Тэр үед төлье гэсэн боловч үнэхээр боломж олдоогүй.Төлбөр төлж чадаагүй нь миний буруу. Миний утас нээлттэй, хуучин дугаараа барьж байгаа. Би оршин суугаа хаягтаа, ажиллаж байгаа ажлын байрандаа ажиллаж, амьдарч байгаа. Би тус 2 компьютерыг хувьдаа аваагүй. Төлбөр төлөхөөс зайлсхийсэн зүйл байхгүй.Ингэж эрүүгийн журмаар хэлэлцэнэ гэж бодоогүй.1 000 000 төгрөг өгсөн өмнө нь.Манай компани сард 30-40 саяын зээл түүний хүү төлж байсан.150 саяын чөлөөтэй урсгал зардал гардаг, энийгээ төлж чадаагүй.Уг нь үйл ажиллагааны орлогоосоо төлөх байсан.Мөнгө байсан бол төлөх байсан.Мөнгө байгаад төлөхгүй асуудал огт биш юмаа.Солонгос яваад ирсэн чинь ийм асуудал болсон байсан.Би энэ компаниас цалин огт авч байгаагүй.Манайх 20 гаруй хүн цалинжуулдаг.Цалингаа дансаар тавьдаг.Цалингаа өгч чадахгүй өртэй явж байгаа. Нийт 3 000 000 төгрөг төлсөн байгаа...” гэв.

Шүүх гэм буруутайд тооцож шийдвэр танилцуулсны дараа 5 хоногийн хугацаатай завсарлага авч, шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Санаатай хийгээгүй, үлдэгдэл 5 892 150 төгрөгийн хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэв.  

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

“Би Си Ти” ХХК-иас “Ви Си Эйч трейд” ХХК-д нийлүүлсэн компьютерын задаргааны үнэ бүхий санхүүгийн баримт /хх-ийн 23 дугаар хуудас/,

Баяраагийн Б.Б-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах тухай 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн гэрээ /хх-ийн 158-159 дүгээр хуудас/,

“Би Си Ти” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах барааны үнийн санал, техникийн тодорхойлолт /хх-ийн 160 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЧД1-20-450 дугаартай угсармал иж бүрэн 2 ширхэг компьютерын үнэлгээний тайлан /хх-ийн 161-162 дугаар хуудас/,

Хохирогч Э.Оюуномингийн “...Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Компьютер ланд төвд Компьютерын сэлбэг хэрэгсэл худалдаалах үйл ажиллагаа эрхлэх “Би Си Ти" ХХК-ны захирлаар ажилладаг юм. 2000 онд цагдаагийн академийн эрх зүйн ангийг хамт төгсөж байсан Б.Б гэх эмэгтэй 2019 оны 04 дүгээр сард миний утас руу залгаад би хувиараа ресторан ажиллуулж байгаа. Манай ресторанд өндөр хүчин чадалтай компьютер хэрэгтэй болчихлоо. Мөнгийг нь өгье гэсэн чинь Хятад улс руу яаралтай мөнгө шилжүүлэхээр болчихлоо. Би чамд мөнгийг нь дараа өгье гэхээр нь би дэлгүүрт ажиллаж байгаа худалдагч Наранзулын утас руу залгаад манай ангийн хүүхэд Б.Б гэх эмэгтэй очсон байгаа. Наад хүндээ 8.592.150 төгрөгийн үнэ бүхий 2 компьютерыг өгөөд явуулчих, наад хүн чинь төлбөрийг нь удахгүй 7 хоногийн дараа өгнө гэж хэлсэн. Тэгээд миний ярьсан өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр манай ажил буюу “Компьютер ланд” худалдааны төвийн 2 давхар 22 тоотод очоод 2 ширхэг иж бүрэн компьютер аваад явсан байсан. Тэгээд 6-7 сар хүртэл бид хоёр мессежээр холбогдоод мөнгөө яасан бэ гэсэн чинь удахгүй өгнө би нэгэн том зээл хөөцөлдөөд байгаа тэр маань бүтчих юм бол мөнгийг чинь өгчихнө гэж хэлсэн боловч утсаа сольчихсон одоо холбогдож чадахгүй байгаа, түүний шинэ дугаар болох 88180989 дугаарыг авсан боловч энэ утас нь бас л холбогдохгүй худал хэлээд сураггүй алга болчхоод байгаа учраас цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Гэрч Т.Наранзулын “...Би тэр өдөр 2019 оны 04 дүгээр сарын 11-нд оройн 18 цагийн үед ажил дээрээ ажлаа хийгээд сууж байсан чинь гаднаас Б.Б эгч ороод ирсэн. Тэгээд танайхаас компьютер авна, эгчид нь хоёр ширхэг компьютерын хэрэгцээ байна энэ үзүүлэлтээр угсарвал ямар үнэтэй болох вэ бодоод өгөөч ээ гэж надаас асууж байсан. Би тэгээд нөгөө авч ирсэн цаасан дээрх үзүүлэлтээр нь бодоод гаргаж иртэл 8.592.150 төгрөгийн үнэтэй болж байсан, тэгээд энэ үзүүлэлтээрээ угсруулаад авъя гэж хэлээд бид нараар угсруулж байсан Угсарч дуусаад тооцоогоо гэтэл Б.Б нь танай захиралтай чинь ярьсан байгаа, эгч нь энэ сардаа багтаад тооцоогоо хийнэ гэж хэлээд нөгөө хоёр шинээр угсруулсан компьютероо нэхэмжлэхээ надаар бичүүлж аваад явж байсан, мөнгөө шилжүүлсэн хойноо зарлагын баримт буюу НӨАТ-ын баримтаа авна гэж хэлээд явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Гэрч Д.Отгонсайханы “...Тэр ямар ч байсан манайхаас хоёр ширхэг компьютер аваад явсан би өөрөө түүний хэлснээр нь угсарч өгөөд явуулж байсан. Ингээд нэг дэх компьютер нь Ай7-той, Х299 боардтой, /их хавтан/ тэгээд 4 ширхэг санах ойтой, SSD багтаамжтай хард диск, 2 ТВ HDD График карттай GTX1070 карттай зэрэг ерөнхий үзүүлэлттэй, нөгөө компьютер нь Ай7, 7700 СРU-тэй, Н110 их хавтантай 8 гега санах ойтой, 1000 гегавайт хард дисктэй, GTX1060 график карттай, иймэрхүү хүчин чадалтай хоёр дэлгэцтэй нь иж бүрэн ашиглахад бэлэн компьютер өгч явуулж байсан ... харин тэр өдөр тооцоогоо хийх болсон чинь Э.Оюуномин захиралтай ярьсан байгаа энэ хоёр компьютерыг зээлээр авч байгаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Гэрч Б.Батбилэгийн "...Тиймээ би гэр асуудлыг нь мэдэж байна Тэр хүнээс өмнөх жил хоёр ширхэг компьютер авсан байсан. Гэхдээ би түүнийг нь саяхнаас зээлээр авсан гэдгийг нь мэдсэн эгч өөрөө надад ямар нэгэн юм хэлээгүй байсан. Миний хувьд ямар маркийн ямар хүчин чадалтай компьютер авсан эсэхийг нь мэдэхгүй байна надад хэлэхгүйгээр авсан байсан би сүүлд нь мэдсэн юм. Гэхдээ би тэр хоёр компьютерыг ямар зориулалтаар яах гэж авсан гэдгийг нь ч мэдэхгүй байна эгч өөрөө мэдэж байгаа байх. Өвчин гарсантай холбогдоод үйл ажиллагаа зогссон байгаа. Ямар ч байсан үйл ажиллагаа явуулж байх үедээ долоо хоногтоо 40-50 сая төгрөг олоод байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Гэрч Д.Батнасангийн “...Би 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажил дээрээ байж байсан чинь Б.Б эгч намайг хамт яваад компьютер аваад ирье гэж хэлэхээр нь түүнийг дагаад Компьютер ланд дээр ирж байсан. Тэр газрын хоёр давхарт гараад нэг лангуун дээр очоод 2 ширхэг компьютер угсруулж авч байсан. Тэд нар өөрсдөө Б.Б эгчийг таньж байсан. Хоорондоо удахгүй мөнгийг нь өгнө гэж хэлээд байсан. Миний хувьд үзүүлэлтийг хэлж өгөөд, угсарч байхад харж байсан. Ойролцоогоор үнэ ханш нь 8.000.000 орчим төгрөг болж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б-ийн “...Би Компьютер ланд орж Оюуномингоос 2 ширхэг компьютерыг зээлээр худалдаж авсан. Би түүнд хэлэхдээ зээлээр авъя, сарын дараа мөнгө ороод ирэхээр өгье гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 63/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 126/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 125/ зэргийг шинжлэн судлалаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг бүрэн нотлон тогтоосон.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Компьютер Ланд” худалдааны төвийн 2 дугаар давхрын 22 тоот лангуу түрээслэгч Э.Оюуноминг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иж бүрэн 2 ширхэг компьютерыг залилан авч, 8.592.150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь “Би Си Ти” ХХК-иас “Ви Си Эйч трейд” ХХК-д нийлүүлсэн компьютерын задаргааны үнэ бүхий санхүүгийн баримт /хх-ийн 23 дугаар хуудас/, Баяраагийн Б.Бийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа /хх-ийн 65-66 дугаар хуудас/, Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах тухай 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн гэрээ /хх-ийн 158-159 дүгээр хуудас/, “Би Си Ти” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах барааны үнийн санал, техникийн тодорхойлолт /хх-ийн 160 дугаар хуудас/, “Дамно” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЧД1-20-450 дугаартай угсармал иж бүрэн 2 ширхэг компьютерын үнэлгээний тайлан /хх-ийн 161-162 дугаар хуудас/, хохирогч Э.Оюуномингийн “...2000 онд цагдаагийн академийн эрх зүйн ангийг хамт төгсөж байсан Б.Б гэх эмэгтэй 2019 оны 04 дүгээр сард миний утас руу залгаад би хувиараа ресторан ажиллуулж байгаа. Манай ресторанд өндөр хүчин чадалтай компьютер хэрэгтэй болчихлоо. Мөнгийг нь өгье гэсэн чинь Хятад улс руу яаралтай мөнгө шилжүүлэхээр болчихлоо. Би чамд мөнгийг нь дараа өгье гэхээр нь би дэлгүүрт ажиллаж байгаа худалдагч Наранзулын утас руу залгаад манай ангийн хүүхэд Б.Б гэх эмэгтэй очсон байгаа. Наад хүндээ 8.592.150 төгрөгийн үнэ бүхий 2 компьютерыг өгөөд явуулчих, наад хүн чинь төлбөрийг нь удахгүй 7 хоногийн дараа өгнө гэж хэлсэн. ... утсаа сольчихсон одоо холбогдож чадахгүй байгаа, түүний шинэ дугаар болох 88180989 дугаарыг авсан боловч энэ утас нь бас л холбогдохгүй худал хэлээд сураггүй алга болчхоод байгаа учраас цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэрч Т.Наранзулын “...Би тэгээд нөгөө авч ирсэн цаасан дээрх үзүүлэлтээр нь бодоод гаргаж иртэл 8.592.150 төгрөгийн үнэтэй болж байсан, тэгээд энэ үзүүлэлтээрээ угсруулаад авъя гэж хэлээд бид нараар угсруулж байсан Угсарч дуусаад тооцоогоо гэтэл Б.Б нь танай захиралтай чинь ярьсан байгаа, эгч нь энэ сардаа багтаад тооцоогоо хийнэ гэж хэлээд нөгөө хоёр шинээр угсруулсан компьютероо нэхэмжлэхээ надаар бичүүлж аваад явж байсан, мөнгөө шилжүүлсэн хойноо зарлагын баримт буюу НӨАТ-ын баримтаа авна гэж хэлээд явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/, гэрч Д.Отгонсайханы “...Ингээд нэг дэх компьютер нь Ай7-той, Х299 боардтой, /их хавтан/ тэгээд 4 ширхэг санах ойтой, SSD багтаамжтай хард диск, 2 ТВ HDD График карттай GTX1070 карттай зэрэг ерөнхий үзүүлэлттэй, нөгөө компьютер нь Ай7, 7700 СРU-тэй, Н110 их хавтантай 8 гега санах ойтой, 1000 гегавайт хард дисктэй, GTX1060 график карттай, иймэрхүү хүчин чадалтай хоёр дэлгэцтэй нь иж бүрэн ашиглахад бэлэн компьютер өгч явуулж байсан ... харин тэр өдөр тооцоогоо хийх болсон чинь Э.Оюуномин захиралтай ярьсан байгаа энэ хоёр компьютерыг зээлээр авч байгаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/, гэрч Б.Батбилэгийн "... Миний хувьд ямар маркийн ямар хүчин чадалтай компьютер авсан эсэхийг нь мэдэхгүй байна надад хэлэхгүйгээр авсан байсан би сүүлд нь мэдсэн юм. Гэхдээ би тэр хоёр компьютерыг ямар зориулалтаар яах гэж авсан гэдгийг нь ч мэдэхгүй байна эгч өөрөө мэдэж байгаа байх. Өвчин гарсантай холбогдоод үйл ажиллагаа зогссон байгаа. Ямар ч байсан үйл ажиллагаа явуулж байх үедээ долоо хоногтоо 40-50 сая төгрөг олоод байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/, гэрч Д.Батнасангийн “...Хоорондоо удахгүй мөнгийг нь өгнө гэж хэлээд байсан. Миний хувьд үзүүлэлтийг хэлж өгөөд, угсарч байхад харж байсан. Ойролцоогоор үнэ ханш нь 8.000.000 орчим төгрөг болж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бийн “...Би Компьютер ланд орж Оюуномингоос 2 ширхэг компьютерыг зээлээр худалдаж авсан. Би түүнд хэлэхдээ зээлээр авъя, сарын дараа мөнгө ороод ирэхээр өгье гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Залилах гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авснаар төгссөнд тооцогдох тул гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч нь хохирогчтой Цагдаагийн академид нэг ангид хамт сурч байсан, өмнө нь 2 удаа компьютер, өөр тоног төхөөрөмж худалдан авч байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “ Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Компьютер Ланд” худалдааны төвийн 2 дугаар давхрын 22 тоот лангуу түрээслэгч Э.Оюуномингоос иж бүрэн 2 ширхэг компьютерыг зээлээр авах” нэрийдлээр хохирогчийн зөвшөөрлөөр уг компьютерыг авч явснаар уг гэмт хэргийн шинжүүд бүрэн хангагдсан.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Оюуноминтой цагдаагийн академийн нэг анги, ажил хэргийн холбоотойгоо ашиглан түүний иж бүрэн 2 ширхэг компьютерыг  зээлээр 7 хоногийн хугацаатай авч явсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсэж үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Б-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон

Улсын яллагч: Б.Б-т 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх санал гаргасан.

Шүүгдэгч өмгөөлөгч: Шүүгдэгч гэм буруу дээр маргасан бөгөөд цагаатгах байр сууринаас оролцож шууд санаатай шунахай сэдэлттэй байх байсан энэ хэрэг нь, залилсан гэдгийг юугаар нотлоод байгаа юм, худалдах худалдан авах гэрээ хийсэн, мөнгөө өгөөгүй бол залилан болох юм уу гэсэн санал, дүгнэлт гаргасан

Мөн өмгөөллийн үгэндээ анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо нөхөн төлсөн, компани хариуцаж байгаад ийм байдалд орсон, хөхүүл хүүхэдтэй эцгийгээ асардаг зэргийг харгалзан 450 нэгжээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү? гэсэн.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, хавтаст хэрэг болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний үйлдэл тогтоогдож байна гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, улсын яллагчийн дүгнэлт зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хохирогч Э.Оюуномин нь нийт 8.592.150 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Б нь 3.000.000 төгрөгийг төлсөн байна.

Шүүгдэгч Б.Б нь үлдэгдэл хохирлыг төлөх зорилгоор шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулж хохирогч Э.Оюуноминд үлдэгдэл 5.592.150 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ