Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Р.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай ******* сумын Засаг дарга Н.Ү-д холбогдох, ******* сумын Засаг даргын Р.А-г албан тушаал бууруулах тухай 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/02 дугаар захирамж хууль бус болохыг тогтоож, Р.А-г урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилохыг даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагч Н.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Р.А нь 1986 оноос хойш төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 1995 онд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон. 2015 оны 01 дүгээр сараас эхлэн тус сумын санхүүгийн албаны даргаар томилогдон ажиллаж байхад нь гэнэт 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/02 дугаартай захирамжаар албан тушаал үндэслэлгүйгээр бууруулсан. Ямар учраас энэ тушаалын үндэслэлийг хууль ёсны болоогүй гэж үзэж байна вэ гэхээр тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг байгаа. Үүнд харьяа дээд албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах албан тушаалын цалинг 6 сар хүртэлх хугацаанд 20 хүртэл хувиар бууруулах гэсэн заалтыг барьсан байгаа. 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх гэсэн ийм зүйл заалт бөгөөд 23.1 дэх хэсэг нь албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн, төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дэх хэсэг, аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 6/154 тоот албан бичиг, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 6/261 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн захирамжлах нь гэсэн байна. Үндэслээд байгаа албан бичгүүдээс нь нэгийг нь иш татахад 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 6/154 дугаартай албан бичиг нь засаг даргынх биш төрийн сангийн хэлтсийн даргын албаны бичиг байгаа. Энэ албан бичиг нь Бугат сумын Засаг дарга Я.М танаа гэсэн албан бичгийг үндэслэж хариуцлага тооцож байгаа. Санхүүгийн албаны дарга Р.Ань 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн албан тушаалаас нь чөлөөлж санхүү төрийн сангийн мэргэжилтнээр томилон ажилуулсугай гээд шийдвэр гаргасан байгаа. Үүндээр нэмээд тайлбарлахад аудитын дүгнэлтээр өндөр эрсдэлтэй дүгнэгдсэн гэдэг асуудлыг хөндөж ярьсан байгаа. 2017 оны жилийн эцэс болоод тавигдаж байсан аудитын актуудыг бүгдийг нь Р.А-ийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгч өөрийн тайлбарыг хийсэн байдаг. Мөн хариуцагч талаас сум хөгжүүлэх сантай холбоотой асуудалд холбоотой гэдгээр төрийн сангийн даргыг холбож тайлбарлаж байгаа. Гэтэл өнөөдөр төрийн сангийн албаны даргатай холбоотой аудитын дүгнэлт нэг ч гараагүй. Төсөвт байгууллагууд ерөнхий захирагчтай нь холбоотой бөгөөд тухайн хариуцсан нягтлан, мэргэжилтэнтэй холбоотой аудитын дүгнэлт гаргасан болохыг тайлбартайгаа хамт гаргаж өгсөн байгаа. Р.А-ийн зүгээс үр дүнгийн гэрээгээ 92 хувьтай дүгнэгдсэн зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Өнөөдөр албан үүрэг, зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдэг нь энэ үр дүнгийн гэрээгээр няцаагдаж байгаа. Сум хөгжүүлэх сангийн мөнгө нь тусгай нягтлан бодогчтой, зөвлөлд нь Р.Абайдаггүй болохоо өөрөө илэрхийлж тайлбарласан. Сум хөгжүүлэх сангийн нягтлан бодогч болоод гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан нь одоогийн албаны даргаар томилогдсон байгаа Саранчимэг болоод энд хариуцагчаар ирсэн Н.Ү нарын гарын үсгээр сум хөгжүүлэх сангийн мөнгө зарцуулагддаг гэв

Нэхэмжлэгч Р.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Р.А нь үндэслэлгүй ажлаас халагдаж, олон давхар арга хэмжээ авахуулсны улмаас Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасны дагуу сумын Засаг даргаас төсөвт их хэмжээний эрсдэл учруулсан гэх мэтээр аймгийн Засаг дарга болон танай шүүхэд тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй байна. Санхүү албаны дарга нь Төсвийн тухай хуулийн сумын төсвийн ерөнхийлөн захирагч буюу сумын засаг даргын ерөнхий нягтлан бодогч гэсэн албан үүрэгтэй бөгөөд төсвийн санхүүжилтанд нэг хоёрдугаар гарын үсэг зурах. Үүнд орон нутгийн төсвийн байгууллага болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар сар бүр санхүүжилт хуваарийн дагуу олгох, санхүүгийн нэгдсэн тайлан гаргах, орлогын төсөв зохиох, зарлагын төсөв хянах зэрэг үндсэн үүрэгтэй. 2017 оны тайлангийн аудитын дүгнэлтээр надтай холбоотой тавигдсан акт нь байхгүй, төсвийн газруудын гаргасан алдаа актыг санхүүгийн албаны даргатай ганцхан хамааруулж арга хэмжээнүүдийг авах үндэслэл байхгүй гэж бодож байна. Сумын Засаг дарга нь санхүүгийн албаны даргын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 92% дүгнэсэн байгааг өмнө нь хүргүүлсэн. Одоо төсөвт их хэмжээний эрсдэл гаргасан гэж үзэж байгаа бол сумын Засаг даргатай, төрийн сангийн мэргэжилтэнтэй эдгээр асуудал нь бас хамааралтай. Төрийн сан дээр төсөвт байгууллагуудын ажил гүйлгээг төсвийн шууд захирагч буюу байгууллагын дарга эрхлэгч нар, нягтлан бодогч нартайгаа гүйлгээ хийх төлбөрийн баримтанд 1, 2 дугаар гарын үсгийг зурж, Төрийн сангийн мэргэжилтэн баримтын үнэн зөв, үндэслэх баримтын иж бүрдлийг хянаж гүйгээ хийх эсэхийг шийдвэрлэж, гүйгээний системд шивдэг байгаа. Энэ шивсэн гүйлгээнүүдийг төсвийн эдийн засгийн ангилал нь зөв эсэхийг зөвхөн санхүүгийн албаны дарга систем дээр хянаад баталгаажуулдаг. Өр авлага үүсгэх нөхцөл нь зөвхөн төсөвт байгууллага дээр төсвийн шууд захирагч нар төсвөө хэрхэн удирдаж байгаагаас шалтгаалан гардаг бөгөөд санхүүгийн албаны дарга өрийг үүсгэдэггүй юм. Өр үүсгэж ажилласан байгууллагын дарга нягтлан бодогч нарт сануулах, цалинг нэг сар 5% хасах захирамж гарч төрийн албан хаагчийг ялгаварлан арга хэмжээ авсанд маш их гомдолтой байгаа. Төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан хүн ажлаа сайн хянаж хийж байсан бол тайлангийн аудитаар ямар нэг акт тавих ажил гүйлгээ гарах ёсгүй байхад түүнийг бүр дэвшүүлэн ажиллуулсан. Хэрэв сэлгэн ажиллуулж байгаа бол хоёр захирамж нь сэлгэх гэж гараад тодорхой хугацаагаар тохирсон байх байсан. Миний тухайд 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг гаргаж аудитаар оруулаагүй, шинэ томилогдсон хүн нь гаргаж дүгнэлтээ авсан. Энэ дүгнэлт болон байгууллагуудын актыг надад огт үзүүлээгүй. Бүх бурууг нэг хүнд тохоод байгаа нь маш их асуудал байгааг харуулж байна. Төсвийн жил дуусахад тусгай зориулалтын шилжүүлгийг байгууллагын дансны үлдэгдэл 4625,0 мянган төгрөгийг аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийг 06/1676 тоот албан бичгийг үндэслэж аймгийн хэмжээгээр аймгийн төсөвт төвлөрүүлсэн бөгөөд сумын нэгтгэсэн тайлан дээр сум сум дээр нь зөрчил болгон авсан байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийг сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны улсын байцаагч татварын улсын байцаагч нар оруулах ёстойгоос 473,2 мянган төгрөгөөр тасалсан нь эдгээр байцаагчид санаачлагагүй ажилласанаас болж тасарсан. Төсөвт байгууллагын санхүүгийн тайлангаар аудитаар илэрсэн залруулга буюу 179969,3 мянган төгрөг нь тайлан гаргахдаа нягтлан бодогч нарын гаргасан алдааг аудит залруулсан дүн юм. /36283,8 мянган төгрөгийн актнаас 4 төсөвт байгууллагуудад нягтлан бодогч нь цалин хөлсөө буруу бодож олгосон болон сахилгын шийтгэл авсан хүмүүст 300,0 мянган төгрөгийн урамшуулал олгосон зэрэг гүйлгээнүүд дээр 13227,2 мянган төгрөгийн акт тавигдсан. Аудитад оруулан 5 байгууллага дээр дээрх алдаа зөрчил гарсан боловч материаллаг хэмжээ нь бага байгаа гэж аудитын стандартаар үнэлж бүгд зөрчилгүй дүгнэлтээ авсан. Харин сум хөгжүүлэх сан дээр зээл төлөгдөөгүй дүн их байгаагаас хязгаарлалттай дүгнэлт авсан. Сум хөгжүүлэх сангийн хугацаандаа төлөгдөөгүй 23056,6 мянган төгрөгийн зээл дээр акт тавигдаж, эдгээр бүх байгууллагын тайланг сумын төсвийн ерөнхийлөн захирагч, санхүүгийн алба нэгтгэн гаргадаг учир байгууллагаас гарсан алдаа тайлангийн аудитын дүгнэлтэнд давхар орж ирдэг гэсэн тайлбар гаргасан байна.

Хариуцагч ******* сумын Засаг дарга Н.Ү шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Р.А нь тус сумын санхүүгийн албаны даргаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хариуцлагагүй үйлдлийн улмаас төсөвт их хэмжээний өр авлага үүсгэж, аймгийн Аудитын дүгнэлтээр акт тогтоолгон өндөр эрсдэлтэй дүгнэгдсэн. Мөн Говь-Алтай аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 6/154, мөн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 6/261 дугаар тоотуудын дагуу тус албаны мэргэжилтэнгүүдийг дотор нь сэлгэн ажиллуулах, сахилгын арга хэмжээг тооцуулан ажилласан. Төрийн алба тасралтгүй явж байх ёстой. Нэхэмжлэгч тал бол өөрийгөө буруугүй гэж үзэж байх шиг байна. Үнэхээр хариуцлага алдсан бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Ерөнхий нотлох баримтаа хавтаст хэрэгт өгсөн байгаа. Үүнд аймгийн Засаг даргын зөвшөөрлийн дагуу төрийн сангийн хэлтсийн даргын тоотын дагуу энэ хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй албан тушаал бууруулан сэлгэн ажиллуулсан, бусад хүмүүс дээр нь ч гэсэн арга хэмжээ авч ажилласан байгаа. Бугат сумын бичиг манай байгууллагад ирсэн юм. Тэр бичгийг Р.А нь авч яваад буцааж өгөөгүй. Тэгэхээр нь дотроо ярилцаад тохиролцоод ир гээд явуулсан. Гэтэл юу гэж тохиролцсон гэхээр Р.А нь би сургуулийн нягтлан бодогч болно гэхэд сургуулийн нягтлан бодогч нь зөвшөөрөөгүй. Яах аргагүй үүрэг хариуцлагын дагуу Р.А-г албан тушаалыг нь бууруулаад сэлгэн ажиллуулсан байгаа. Сум хөгжүүлэх сан хамаа байхгүй гэж байна. Тэр бол яах аргагүй хамааралтай асуудал. Санхүү албаны дарга бол тухайн сум орон нутгийн санхүүг хариуцах ёстой байдаг. Аудитаар тогтоогоод байгаа бүх санхүүгийн арга хэмжээг засаж залруулж байх ёстой хүн нь энэ санхүү албаны дарга юм. Энэ алдаа дутагдлаа залруулж чадаагүй. Одоо бол надад сум хөгжүүлэх сан хамаагүй гэсэн зүйл ярьж байна. Ажлын чиг үүрэг, хуваарь зэрэгт үүнийг оруулаад өгсөн байгаа. Дээр нь орон нутгийн хөгжлийн сангаас хариуцлага тооц гэсэн албан бичиг ирсэн байгаа. Үүрэг хариуцлагын дагуу албан тушаал бууруулж сэлгэн ажиллуулсан гэв.

Гуравдагч этгээд П.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь ******* сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар томилогдсон. Санхүүгийн албаны мэргэжилтэн Р.А-ийн нэхэмжлэлтэй, Засаг дарга Н.Ү-д холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд эмчилгээнд явах тул оролцож чадахгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Р.А нь 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс ******* сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалд ******* сумын Засаг даргын Б/01 дүгээр захирамжаар томилогдон ажиллаж байгаад сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.2, 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дахь заалт, аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 6/154 тоот албан бичиг, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 6/261 тоот албан бичгийг тус тус үндэслэн Санхүүгийн албаны дарга Р.А-г 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж албан тушаал буруулан Төрийн сангийн мэргэжилтнээр томилон ажиллуулсан байна.

Хариуцагч Н.Ү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Р.А тус сумын санхүүгийн албаны даргаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хариуцлагагүй үйлдлийн улмаас төсөвт их хэмжээний өр авлага үүсгэж, аудитын дүгнэлтээр акт тогтоолгон өндөр эрсдэлтэй дүгнэгдсэн. Санхүүгийн албаны дарга бол тухайн сум орон нутгийн санхүүг хариуцах ёстой. Аудитаар тогтоогоод байгаа бүх санхүүгийн арга хэмжээг засаж залруулж байх ёстой...Энэ алдаа дутагдлаа залруулж чадаагүй, ажлын байрын тодорхойлолтод байгууллага болон орон нутгийн төсөвт хяналт тавих үүрэг чиглэлтэй, ...үүрэг хариуцлагын дагуу албан тушаал бууруулж сэлгэн ажиллуулсан нэхэмжлэгч Р.А шүүхэд гаргасан тайлбартаа ...2017 оны тайлангийн аудитын дүгнэлтээр надтай холбоотой тавигдсан акт байхгүй, төсвийн газруудын гаргасан алдаа актыг санхүүгийн албаны дарга ганцхан хамааруулж арга хэмжээнүүдийг авах үндэслэл байхгүй, өр авлага үүсгэх нөхцөл нь зөвхөн төсөвт байгууллага дээр төсвийн шууд захирагч нар төсвөө хэрхэн удирдаж байгаагаас шалтгаалан гардаг бөгөөд санхүүгийн албаны дарга өрийг үүсгэдэггүй гэж маргажээ.

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас ******* сумын Засаг дарга Н.Ү-д 2018 оны 03 дугаар сарын 23-ны 199 тоот бичиг, ******* сумын Төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын тайлан, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 01/133 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлага хавтаст хэргийн материалд нотлох баримтаар авагдсан байна.

Уг аудитын тайлангийн 1.9.2 Албан шаардлага өгсөн алдаа, зөрчилтэй асуудал хэсгийн 1.9.2.1-т Түгээмэл тархацтай ашигт малтал ашигласны төлбөр 0.5 сая төгрөгөөр, улсын тэмдэгтийн хураамж 0.2 сая төгрөгөөр, бусад татвар 0.1 сая төгрөгөөр тасарсан..., 1.9.2.2-т Төсвийн жил дуусахад тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын төвлөрүүлсэн зарцуулаагүй үлдэгдэл 4.6 сая төгрөгийг төсвийн захирагчдаас олгосон санхүүжилт, шилжүүлэг бүлгийн 213503 код бүхий төвлөрүүлэх шилжүүлгийн дансанд тайлагнах байтал Орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдад олгох татаас, санхүүжилт бүлгийн 213403 код бүхий төвлөрүүлэх шилжүүлэгт бүртгэсэн..., 1.9.2.3-т Сумын Засаг даргын тамгын газарт урсгал үйл ажиллагааны санхүүжилтыг батлагдсан төсвөөс 0.2 сая төгрөгөөр дутуу олгосон..., 1.9.2.4-т төсөвт байгууллагын санхүүгийн тайлангийн аудитаар 231.4 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрснээс аудитын явцад 179.9 сая төгрөгийн алдааг залруулсан ба 36.3 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 15.2 сая төгрөгийн зөрчлийг цаашид давтан гаргахгүй байх тухай 5 албан тушаалтанд 6 заалт бүхий албан шаардлагыг холбогдох байгууллагад хүргүүллээ..., 1.9.2.5-т Төрийн аудитын байгууллагаас 2015 онд хийсэн Орон нутгийн хөгжлийн сангийн 2014 оны зарцуулалт нийцлийн аудитаар тогтоосон 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 07/193 дугаартай төлбөрийн актнаас 5.0 сая төгрөгийг барагдуулаагүй... тайлангийн 1.9.3-т Сахилгын шийтгэл ногдуулахаар шилжүүлсэн алдаа, зөрчилтэй асуудал Санхүүгийн тайлангийн аудитаар төсвийн төвлөрүүлэн захирагчид нэгтгэгдэг нэгж байгууллагууд 51.4 сая төгрөгийн, нэгтгэсэн тайлангаар 10.6 сая төгрөгийн материаллаг зөрчил илэрсэн нь санхүүгийн тайлангийн оршин байх, иж бүрэн байх, тохиолдсон байх, хэмжилт, үнэн зөв байдал гэсэн батламж мэдэгдлүүдийг хангахгүй байгаа тул Хязгаарлалттай санал дүгнэлт өгсөн. Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтын дагуу сахилгын шийтгэл оногдуулахаар байгаа ч тус сумын сум хөгжүүлэх сангийн 2017 оны санхүүгийн тайлангийн аудитаар мөн хязгаарлалттай санал дүгнэлт авсан тул хариуцлага тооцох эрх бүхий албан тушаалтанд ******* сумын Засаг дарга Н.Ү-д сахилгын шийтгэл ногдуулахаар албан шаардлага хүргүүлсэн байна. Харин санхүүгийн албаны дарга П.Д-ийн тухайд 2018 оны 3 дугаар сард шинээр томилогдсон тул сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй гэж үзлээ гэж тайланд тусгаж, аудитаар илэрсэн зөрчлийг арилган, аудитын шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж, биелэлтийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны дотор Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг ******* сумын Засаг дарга Н.Ү, санхүүгийн албаны дарга П.Д нарт хариуцуулсан 01/133 дугаар албан шаардлага хүргүүлсэн байна.

Дээрхи ******* сумын Төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудит, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/133 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагаас үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно 23.1.1 албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэж ******* сумын Санхүүгийн албаны дарга Р.А-г албан тушаал буруулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь: ******* сумын Санхүүгийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилт хэсэгт Төсөвт байгууллагуудын төсвийн хөрөнгийн зарцуулалт болон нягтлан бодох бүртгэлийн ажилд хяналт тавих, ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар зорилтын хүрээнд Төсвийн зардлын зарцуулалтанд нэр төрлөөр нь тавих хяналтыг сайжруулах, хэтрүүлсэн зардлыг санхүүжүүлэхгүй байх үүрэг хүлээх, Төсөвт байгууллагууд болон орон нутгийн хэмжээнд хэрэгжсэн төсөл, хөтөлбөр арга хэмжээний зардлын зарцуулалтанд хяналт тавих, системд баталгаажуулах, Төсвийн өр авлага барагдуулах, өр авлага үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх мөн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолын хавсралт Санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны жишиг нормативыг баталсан сумын Санхүүгийн албаны чиг үүргийн жишиг хэсэгт 1.1-т Албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч нь 1.1.1-т сумын санхүү, эдийн засаг, төсвийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулж, түүнд хяналт тавих, 1.1.2-т санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланг нэгтгэн боловсруулах,1.1.3-т орон нутгийн хөгжлийн сан, тусгай зориулалтын шилжүүлэг, сумын нэгдсэн төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг хийх, 1.1.5-т төрийн сангийн гүйлгээг хянан баталгаажуулах, 1.1.8-т зээл, тусламжийн хэрэгжилтийг зохион байгуулж, түүнд хяналт тавих,1.1.9-т сумын төсвийн орлого бүрдүүлэхтэй холбоотойгоор сумын татварын байцаагчийг шуурхай удирдлагаар хангаж ажиллах гэж зааснаас үзэхэд сумын Санхүүгийн албаны даргын ажлын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, мэргэжлийн удирдлагаар хангаж хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал: Сумын санхүүгийн албаны дарга Р.А нь ажлын байрны тодорхойлолтод заасан сумын санхүү, төсөвт байгууллагуудын төсвийн хөрөнгийн зарцуулалт болон нягтлан бодох бүртгэл, орон нутгийн хэмжээнд хэрэгжсэн төсөл, хөтөлбөр арга хэмжээний зардлын зарцуулалт, өр авлага үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн сангийн гүйлгээг хянан баталгаажуулах, сумын төсвийн орлого бүрдүүлэхтэй холбоотойгоор сумын татварын байцаагчийг шуурхай удирдлагаар хангах хэрэгжилтийг зохион байгуулах, нягтлан бодогч нарыг өдөр тутмын удирдлагаар хангаж, тэдний үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ хангалттай хэрэгжүүлж ажилласан тохиолдолд Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 01/133 дугаар албан шаардлага, ******* сумын төсөвт байгууллагууд болох сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны санхүүгийн тайланд 2018 оны 02 дугаар сарын 23-ны 01/62 дугаар Төлбөр барагдуулах тухай акт, сумын Эрүүл мэндийн төвийн 2017 оны санхүүгийн тайланд 2018 оны 02 дугаар сарын 23-ны 01/50 дугаар Төлбөр барагдуулах тухай акт, сумын Цэцэрлэгийн 2017 оны санхүүгийн тайланд 2018 оны 02 дугаар сарын 06-ны 01/21 дугаар Төлбөр барагдуулах тухай акт, ******* сумын Сум хөгжүүлэх сангийн 2017 оны санхүүгийн тайланд 2018 оны 02 дугаар сарын 23-ны 01/83 дугаар Төлбөр барагдуулах тухай актууд тавигдахгүй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллах боломжтой байсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 26.1.2-т албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэж зааснаар Төрийн албаны тухай хуулиар хориглосон заалтыг зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар заасан хуулийн зохицуулалт бөгөөд маргаан бүхий захиргааны акт болох Засаг даргын Б/02 захирамжийн үндэслэлд Төрийн албан тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулах, 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасан албан тушаал буруулах хуулийн заалтыг давхар хэрэглэсэн байгаа нь буруу бөгөөд дээрх үндэслэлээр тухайн актыг хүчингүй болгох нь учир дутагдалтай байна.

Мөн нэхэмжлэгч Р.А-г албан тушаал буруулсан 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудит, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 01/133 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлага хүргэгдсэн байгаа хэдий ч Р.А нь 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс томилогдон ажиллаж байсан тайлангийн хугацаанд /2017 он/ ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж үзнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.А-ийн Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын албан тушаал бууруулах тухай 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, Р.А-г урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ЗОЛБАДРАХ