Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 766

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Экокапитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00003 дугаар шийдвэртэй, “Экокапитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Оюунгэрэлд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 22 678 329 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө, хариуцагчийн бусад орлого, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Экокапитал ББСБ” ХХК нь иргэн Э.Оюунгэрэлтэй 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 15/085 тоот зээлийн, 15/085А тоот барьцааны гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэй зээлүүлсэн. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 77 тоотын 30 м.кв талбайтай 2204004362 улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч Г.Оюунгэрэлээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, үндсэн зээлд 4 465 320 төгрөг, хүү 7 389 598 төгрөг төлсөн.

Бид тооцооллын алдаа гаргасан учир одоо хариуцагч Э.Оюунгэрэлээс зээлийн төлбөр 15 532 776 төгрөг, хүү 4 585 246, нэмэгдүүлсэн хүү 917 049, нийт 21 034 971 төгрөг нэхэмжилж байна. Зээлдэгч гэрээний үүргийг биелүүлэхгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12-77 тоот 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, хариуцагчийн бусад орлого, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Экокапитал” ББСБ тооцооны алдаа гаргасан гэж 1 630 000 төгрөг нэхэмжлэлийн шаардлагаас багасгаж байгааг ойлоглоо. 2015 оны 5 дугаар сарын 14-нд 1 555 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 22-нд 500 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 16-нд 1 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 23-нд 550 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 29-нд 1 550 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 30-нд 15 500 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 21-нд 2 900 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 19-нд 2 447 000 төгрөгийг тус тус төлсөн.

Шүүх миний хүсэлтийг хангаагүй тул дээрх төлөлтөөс үндсэн зээлд хэдэн төгрөг, нэмэгдүүлсэн хүүд хэдэн төгрөг төлсөн зэргийг бид тооцоолж гаргаж амжсангүй. Иймээс тооцооны хувьд мэтгэлцэх боломжгүй. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах санал гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Мөн зээлийн барьцаа хөрөнгийг зээлдүүлэгч тал 70 000 000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл нэхэмжлэл 21 034 971 төгрөг бөгөөд барьцаа хөрөнгөөс гадна хариуцагчийн бусад эд хөрөнгүүдээс зээлийг төлүүлэхийг даалгах гэсэн шаардлага үндэслэлгүй. Шийдвэр гараад эргэн төлөлт хийгдэхэд төлж чадахгүй бол барьцаа хөрөнгөөс барагдуулах боломжтой. Хариуцагч талд 4 дүгээр сараас эхлэн төлбөрийг төлөх саналтай байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э.Оюунгэрлээс 21 034 971 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Экокапитал ББСБ” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмчлөлийн Улсын бүртгэлийн 2204004362 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 18 дугаа хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байр 77 тоот, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан борлуулсан үнийн дүнгээс төлбөр гаргуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, хариуцагчийн бусад орлого, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Оюунгэрлээс 263 124 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Экокапитал ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өгсөн төлбөрийн үлдэгдлийн талаарх тооцооллыг хариуцагч нар зөвхөн уншиж танилцаад л хуралд оролцсон. Нэхэмжлэгч энэ баримтыг урьд нь гаргаж өгөх боломжтой байсан боловч хуралдаанд гарган өгсөнтэй холбоотойгоор хариуцагч нар тооцооллын үндэслэл, үнэн зөв байдлыг нягтлан шалгах, өөрт байгаа төлбөрийн нотлох баримттай харьцуулан тулгаж, бодолт хийх зэргээр тооцооны хувьд тэгш мэтгэлцэх боломж олгоогүй. Бид энэ үндэслэлээр шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулахыг хүссэн боловч шүүх хангахаас татгалзсан нь оролцогчийн тэгш мэтгэлцэх эрхийг эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн бодолтонд эргэлзэх ноцтой үндэслэл байсан учир бид ийнхүү нягтлан бодолт хийхийг хүссэн. Учир нь нэхэмжлэгч 1 630 000 төгрөгийн зөрүүтэй алдаатай бодолт хийж нэхэмжлэл гаргаснаа хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Экокапитал ББСБ” ХХК нь хариуцагч Э.Оюунгэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 15 532 776 төгрөг, хүү 4 585 246 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 917 049 төгрөг, нийт 21 034 971 төгрөг гаргуулж, энэхүү үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр болон хариуцагчийн бусад орлого, хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төлөгдсөн төлбөрийг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим буюу “21 034 971 төгрөгийн үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр болон хариуцагчийн бусад орлого, хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах” гэснийг орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.

Улмаар дээрх шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй атлаа уг шаардлагын талаар дүгнэлт хийж зарим хэсгийг буюу барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хэргийн оролцогч бус этгээдэд даалгаж шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч компаниас зээлдэгчийн төлбөр төлсөн талаарх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар ирүүлсэнтэй холбогдуулан хариуцагч шүүх хуралдааныг хойшлуулах, тухайн баримттай танилцах хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх зэрэг хэргийн оролцогчийн эрх бүрэн хангагдсан гэж үзэхгүй.

Иймд давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт, болон хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/00003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Т.ТУЯА