| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0690/Э |
| Дугаар | 714 |
| Огноо | 2020-08-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 714
2020 08 28 2020/ШЦТ/714
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч Ц.Д /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д-д холбогдох эрүүгийн 2011 00301 0713 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймаг Баянцагаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Шинэ-Өргөө хороолол 603-02 30 тоот /иргэний үнэмлэхийн хаяг: Төв аймаг, Баянцагаан сум, 1-р баг/-д оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 664 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.
Ц.Д,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Миний бие бөөрний архаг дутагдалтай, цахилгаан менингит өвчин тусаад группэд байдаг. Хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувьтай. Тухайн үед мөрийтэй тоглоод л дууссан. Надад гааль дээр таньдаг хүн байхгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэрч Э.Бямбадуламын “...5016243940 дугаарын дансыг миний бие эзэмшдэг. Анх Ц.Д гэх хүнтэй танилцаж байх үед Ц.Д нь бөөгийн сахиустай, сахиуснаасаа болоод уушги нь устсан хэмээн халдвартын эмнэлэг дээр ирж уушгины усаа авхуулж байсан бөгөөд миний бие түүний сувилагч нь байсан. 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр 3.100.000 төгрөгийг Ц.Д надад “...би хүнээс махны мөнгө авах ёстой юм. Тэгээд өөрийнхөө данс руу хийж болдоггүй. Эхнэрийн данс зээлтэй байгаа тэгээд 3.100.000 төгрөгийг буцаагаад хийчих, би шууд данс руугаа авч болохгүй байна. Мөнгө унагааж байгаа юм. Үнэнээ л хэлье...” гэсэн чатыг тухайн өдрийн 20 цаг 16 минутад илгээж байсан. Удалгүй Ц.Д над руу “...5721652509 энэ рүү хийчих” гэж хариу чат илгээсэн бөгөөд тухайн үед өөрийн интернэт банкаа шалгахад миний дансанд “88192962” гэсэн гүйлгээний утгатай 3.100.000 төгрөг шилжин ирсэн байна...Ц.Д-д мөнгийг нь буцаагаад шилжүүлсэн гэдгээ баталгаажуулж өөрт ирсэн орлого, зарлагын мессежний зургийг нь дараад чатаар Ц.Д руу буцаагаад явуулж байсан. Ц.Д-д надтай чатаар харилцахдаа “Daagii deans” гэсэн фейсбүүк хаягаар харилцдаг байсан. Миний бие Баянгол дүүрэгт гаалийн байцаагч хийдэггүй, би эмч мэргэжилтэй хүн юм. Ц.Д-ийн эхнэр ямар хүн байдаг гэдгийг би мэдэхгүй, огт танихгүй, уулзаж ч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч Б.Ганнямын “Ц.Д гэх хүнийг ерөнхийдөө зүс танина. Манай хүргэн ахын хамаатан гэдгээр нь сайн мэднэ. Гэхдээ тийм ч дотно танилууд биш. Хаан банкны 5021496654 бол миний данс мөн байна. Уг нь би өмнө нь Ц.Д-д нийт 540.000 төгрөг зээлдүүлсэн байсан бөгөөд тухайн үед Ц.Д нь надад “дугуй авч өгнө” хэмээн надаас авсан байсан мөнгө. Хожим нь дугуйгаа өгөхгүй байхаар нь би мөнгөө нэхэж буцааж авсан нь энэ юм. Нэг ёсондоо би Ц.Д-аас мөнгөө буцаан авсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 23 дугаар хуудас/,
Гэрч М.Энхжингийн “...Миний бие Ц.Д-г танина, би түүний эхнэр нь юм...Миний бие тухайн үед өөрийн хүүхэд болон нөхрийн хамтаар Ц.Д-ийн найз Эрдэнэбаатартай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц.Д-ийн найзын пабд уулзсан. Тухайн үед Эрдэнэбаатар, Ц.Д бид нар уулзаж байгаад нэг их онцын зүйл ярихгүй байж байгаад хүүхдүүд маань харья гээд байсан учраас хоёр хүүхдээ дагуулаад түрүүлээд харьсан. Ц.Д, Эрдэнэбаатар нар юм яриад үлдсэн. Тэгээд тухайн өдөр Ц.Д нэлээд орой гэртээ ирж хонож байсан. Машины талаар тэд юм ярилцаагүй, тэрийг сайн мэдэхгүй байна. Ойр зуурын ажил төрлөө яриад байх шиг байсан...би тэр талаар мэдээгүй, нөхөр маань над руу махны, эсвэл байрны түрээсийн мөнгө гээд шилжүүлдэг л байсан. Яаж би гэмт хэргийн замаар олдсон гэдгийг мэдэх билээ...”/хх-ийн 24 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.Д-ийн “...тухайн үед би Эрдэнэбаатарт надад Баянгол дүүргийн гаальд ажилладаг нэгэн хүн байдаг бөгөөд хураагдсан дажгүй машинууд байгаа, үнэ нь 7.000.000 төгрөг, тиймээс урьдчилгаа 3.100.000 төгрөгийг шилжүүлчих, харин үлдсэн мөнгийг нь машинаа авсны дараагаар шилжүүлж болно” гэж хэлсэн. Тухайн үед Эрдэнэбаатар найз маань надад итгээд мөнгөө шилжүүлэхээр болсон...би мөнгийг нь Бямбадулам гэх өмнө намайг эмнэлэгт байхад эмчилж байсан сувилагчийн дансны дугаарыг өгсөн бөгөөд уг дансыг би Эрдэнэбаатарт хэлэхдээ “...манай таньдаг эгч байгаа юм, энэ данс руу хийчих гэж хэлээд орой Ардын Хаан банкин дээр шилжүүлж байсан. Надад Баянгол дүүргийн гааль дээр ажилладаг, таньдаг хүн байхгүй...Эрдэнэбаатараас авсан 3.000.000 төгрөгийг өөрийн өр ширээ дараад, интернэт орчинд мөрийтэй тоглоод, байрны мөнгөө өгөөд дуусгасан. Намайг ингэж мөнгөтэй болсон талаар хэн нэгэн мэдээгүй бөгөөд эхнэртээ хэлэхдээ найзаасаа мөнгө зээлсэн байгаа хэмээн хэлдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Н.Эрдэнэбаатар, Э.Бямбадулам, Ц.Д нарын Хаан банкны хуулга /хх-н 13, 57, 82 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 28-29 дүгээр хуудас/,
Хаан банкнаас 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн 29-1076 дугаартай албан бичиг /хх-н 76 дугаар хуудас/,
Гэрч Э.Бямбадуламаас гаргаж өгсөн Ц.Д-тай харьцсан гэх зурвасууд /хх-н 37-39 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.Д-ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 дүгээр хуудас/, Ц.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 106 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Д нь “гааль дээр хураагдсан хямдхан машин байдаг, олж өгнө” хэмээн Н.Эрдэнэбаатарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, улмаар 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын Хаан банкны салбар дээр бусдын данснаас 3.100.000 төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Н.Эрдэнэбаатарын “...Хаан банкны 5016243940 дугаарын дансыг надад өгсөн бөгөөд тус данс руу би өөрийн 5026515958 дугаарын данснаас нийт 3.100.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэг удаагийн үйлдлээр шилжүүлсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа залгахад утсаа авахгүй байсан бөгөөд түүн рүү мессеж бичих үед надад “...мөнгө шилжүүлсэн хүнээсээ мөнгөө өөрөө олж аваарай” гэсэн зүйлийг хэлээд үүнээс хойш намайг залгах үед утсаа авахгүй, мессеж бичихээр хариу ч бичихгүй байгаа. Мөнгө шилжүүлэн авсан байцаагч эгчийнх нь овог нэр нь Эрдэнэхүүгийн Бямбадулам бөгөөд би царайг нь огт харж байгаагүй. Утсыг нь мэдэхгүй.Итгэлийг минь эвдэж намайг хуурч мөнгийг маань шилжүүлэн авсанд маш гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/, гэрч Э.Бямбадуламын “...5016243940 дугаарын дансыг миний бие эзэмшдэг. Анх Ц.Д гэх хүнтэй танилцаж байх үед Ц.Д нь бөөгийн сахиустай, сахиуснаасаа болоод уушги нь устсан хэмээн халдвартын эмнэлэг дээр ирж уушгины усаа авхуулж байсан бөгөөд миний бие түүний сувилагч нь байсан. 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр 3.100.000 төгрөгийг Ц.Д надад “...би хүнээс махны мөнгө авах ёстой юм. Тэгээд өөрийнхөө данс руу хийж болдоггүй. Эхнэрийн данс зээлтэй байгаа тэгээд 3.100.000 төгрөгийг буцаагаад хийчих, би шууд данс руугаа авч болохгүй байна. Мөнгө унагааж байгаа юм. Үнэнээ л хэлье...” гэсэн чатыг тухайн өдрийн 20 цаг 16 минутад илгээж байсан. Удалгүй Ц.Д над руу “...5721652509 энэ рүү хийчих” гэж хариу чат илгээсэн бөгөөд тухайн үед өөрийн интернэт банкаа шалгахад миний дансанд “88192962” гэсэн гүйлгээний утгатай 3.100.000 төгрөг шилжин ирсэн байна...Ц.Д-д мөнгийг нь буцаагаад шилжүүлсэн гэдгээ баталгаажуулж өөрт ирсэн орлого, зарлагын мессежний зургийг нь дараад чатаар Ц.Д руу буцаагаад явуулж байсан. Ц.Д-д надтай чатаар харилцахдаа “Daagii deans” гэсэн фейсбүүк хаягаар харилцдаг байсан. Миний бие Баянгол дүүрэгт гаалийн байцаагч хийдэггүй, би эмч мэргэжилтэй хүн юм. Ц.Д-ийн эхнэр ямар хүн байдаг гэдгийг би мэдэхгүй, огт танихгүй, уулзаж ч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч Б.Ганнямын “...Ц.Д гэх хүнийг ерөнхийдөө зүс танина. Манай хүргэн ахын хамаатан гэдгээр нь сайн мэднэ. Гэхдээ тийм ч дотно танилууд биш. Хаан банкны 5021496654 бол миний данс мөн байна. Уг нь би өмнө нь Ц.Д-д нийт 540.000 төгрөг зээлдүүлсэн байсан бөгөөд тухайн үед Ц.Д нь надад “дугуй авч өгнө” хэмээн надаас авсан байсан мөнгө. Хожим нь дугуйгаа өгөхгүй байхаар нь би мөнгөө нэхэж буцааж авсан нь энэ юм. Нэг ёсондоо би Ц.Д-аас мөнгөө буцаан авсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 23 дугаар хуудас/, гэрч М.Энхжингийн “...Миний бие Ц.Д-г танина, би түүний эхнэр нь юм...Миний бие тухайн үед өөрийн хүүхэд болон нөхрийн хамтаар Ц.Д-ийн найз Эрдэнэбаатартай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц.Д-ийн найзын пабд уулзсан. Тухайн үед Эрдэнэбаатар, Ц.Д бид нар уулзаж байгаад нэг их онцын зүйл ярихгүй байж байгаад хүүхдүүд маань харья гээд байсан учраас хоёр хүүхдээ дагуулаад түрүүлээд харьсан. Ц.Д, Эрдэнэбаатар нар юм яриад үлдсэн. Тэгээд тухайн өдөр Ц.Д нэлээд орой гэртээ ирж хонож байсан. Машины талаар тэд юм ярилцаагүй, тэрийг сайн мэдэхгүй байна. Ойр зуурын ажил төрлөө яриад байх шиг байсан...би тэр талаар мэдээгүй, нөхөр маань над руу махны, эсвэл байрны түрээсийн мөнгө гээд шилжүүлдэг л байсан. Яаж би гэмт хэргийн замаар олдсон гэдгийг мэдэх билээ...”/хх-ийн 24 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.Д-ийн “...тухайн үед би Эрдэнэбаатарт надад Баянгол дүүргийн гаальд ажилладаг нэгэн хүн байдаг бөгөөд хураагдсан дажгүй машинууд байгаа, үнэ нь 7.000.000 төгрөг, тиймээс урьдчилгаа 3.100.000 төгрөгийг шилжүүлчих, харин үлдсэн мөнгийг нь машинаа авсны дараагаар шилжүүлж болно” гэж хэлсэн. Тухайн үед Эрдэнэбаатар найз маань надад итгээд мөнгөө шилжүүлэхээр болсон...би мөнгийг нь Бямбадулам гэх өмнө намайг эмнэлэгт байхад эмчилж байсан сувилагчийн дансны дугаарыг өгсөн бөгөөд уг дансыг би Эрдэнэбаатарт хэлэхдээ “...манай таньдаг эгч байгаа юм, энэ данс руу хийчих гэж хэлээд орой Ардын Хаан банкин дээр шилжүүлж байсан. Надад Баянгол дүүргийн гааль дээр ажилладаг, таньдаг хүн байхгүй...Эрдэнэбаатараас авсан 3.000.000 төгрөгийг өөрийн өр ширээ дараад, интернэт орчинд мөрийтэй тоглоод, байрны мөнгөө өгөөд дуусгасан. Намайг ингэж мөнгөтэй болсон талаар хэн нэгэн мэдээгүй бөгөөд эхнэртээ хэлэхдээ найзаасаа мөнгө зээлсэн байгаа хэмээн хэлдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/, Н.Эрдэнэбаатар, Э.Бямбадулам, Ц.Д нарын Хаан банкны дансны хуулга /хх-н 13, 57, 82 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 28-29 дүгээр хуудас/, Хаан банкнаас 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн 29-1076 дугаартай албан бичиг /хх-н 76 дугаар хуудас/, гэрч Э.Бямбадуламаас гаргаж өгсөн Ц.Д-тай харьцсан гэх зурвасууд /хх-н 37-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хохирлын хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хохирол хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хохиролд зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол шүүгдэгчийн зүгээс “гааль дээр байдаг хямдхан машин олж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 1 удаагийн үйлдлээр хохирогчид нийт 3 100 000 төгрөгийн хохирол учруулснаар тогтоогдсон.
Шүүгдэгч Ц.Д нь хохирогчийн мөнгийг авахын тулд “гааль дээр байдаг хямдхан машин олж өгнө” хэмээн худал үгээр хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулан хохирогчийг мөнгөө өөрийн сайн дураар шилжүүлэн өгөх сэдлийг төрүүлж улмаар өөртөө шилжүүлэн авсан нь уг гэмт хэргийн шинжийг хангасан.
Шүүгдэгч Ц.Д хохирогч Н.Эрдэнэбаатараас 3 100 000 төгрөгийг залилж авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсэж, дээрх хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогчид 3 100 000 төгрөгийн хохирол төлсөн нь баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Иймд шүүгдэгч Ц.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Улсын яллагч: Шүүгдэгч Ц.Д-д 1 жилийн хугацаатай хорих ял, мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 664 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийт 2 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.
Шүүгдэгч: Уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг хохирол төлөгдсөн, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр шүүгдэгч маргаагүй, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Д гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нь хувийн байдал, хохирол бүрэн төлөгдсөн, уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа, учруулсан хор уршиг их биш, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлсөн, хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, группэд байдаг зэргийг тал бүрээс нь харгалзан торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Мөн шүүгдэгч нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 664 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байна.
Шүүгдэгч Ц.Д-н үйлдэл холбогдол нь 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр үйлдэгдсэн, уг шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдэгдсэн тул түүнийг тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй байх тул прокурорын гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн хорих ял оногдуулах саналыг хүлээн аваагүй болно.
Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ц.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ