Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 730

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        09          08                                  2020/ШЦТ/730

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

өсвөр насны шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ю.Тогмид

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Дашням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А-д холбогдох эрүүгийн 2011 00000 0479 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Амвая сүлжээний газарт борлуулагч, ам бүл 2, эхийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 3-13 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Э.А

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Өсвөр насны шүүгдэгч Э.А нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 12-167 тоотод оршин суух иргэн Г.Мягмарсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд нэвтэрч түүний эд хөрөнгө болох Самсунг А 70 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 825.600 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Өсвөр насны шүүгдэгч Э.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Хүнд мөнгө зээлчихсэн байсан. Хүн хайж байгаад л хулгай хийчихсэн. Маш буруу үйлдэл хийсэн гэдгээ мэдэж байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-13-р хуудас/,

Хохирогч Г.Мягмарсүрэнгийн  “...2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэртээ унтаж байсан чинь 07 цаг 50 минутаас 08 цаг 05 минутын үед манай гэрийн хаалга дуугарч байгаа чимээ сонсоод манай эхнэр 1,2 минут хэвтэж байгаад юу билээ гэж бодоод орноосоо босч гэрийн хаалгаар гараад хашаан доторхоо харсан чинь ойр хавьд сэжигтэй зүйл харагдаагүй гэсэн. Би өөрөө 11 цагийн үед сэрээд дэрний хажууд тавьсан байсан Самсунг- 70 маркийн гар утасаа үзэхэд байхгүй байсан. Өөрийнхөө хүүхдүүдээ авсан юм болов уу гээд асуутал бид хараагүй мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд олдохгүй болохоор нь хадам аавын утас болох /91616403/ тоот дугаарын утсаар залгатал холбогдох боломжгүй байна гэж байсан... Тэгээд ер нь гэрт байхгүйг мэдээд өөр хүн гэрт орж ирээд авсан гэж бодсон. Тэгээд маргааш нь “Теди” төвөөс очиж утас авсан. Шинэ авсан утсандаа өөрийнхөө мэдээллүүдийг оруултал файнд девайс /find device/ автоматаар ажиллаад алдсан гар утсанд хийсэн 99602472 дугаар дээр хэрэглэгчийн мэдээлэл гарч ирсэн.  Ингээд би уг дугаарлуу залгахад эрэгтэй хүн би энэ утсыг худалдаж авсан гээд шууд салгасан. Дараа нь дахиад залгасан боловч утсаа аваагүй, тэгэхээр нь файнд девайс /find device/-аар өөрийн А 70 маркийн утсыг кодлож ашиглах боломжгүй болгосон. Тэгээд би 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг  /хх-ийн 18-19-р хуудас/,

Гэрч Б.Дэлгэрбаярын “... би 2020 оны 05 дугаар сарын 02-ны 10 цагийн үед  утсаараа фейсбүүк ороод утсаа сайжруулах санаатай гар утасны группрүү орсон. Тэгээд “Зэсти ни” гэх фейсбүүк хаяган дээр Самсунг А-70 маркийн гар утас хямд зарна гэсэн зарын дагуу чатаар холбогдож ай фоне 6 плас маркийн гар утсан дээр 280.000 төгрөгний зөрүү өгч солилцохоор тохиролцсон. Чатаар холбогдсоноос хойш 2 цагийн дараа 85509099 тоот дугаарын утсаар холбогдож 3 дугаар сургуулийн зүүн талд уулзаж би Самсунг А 70 маркийн гар утсыг авсан. Өөрийн нэрийг хэлээгүй 17 юм уу 18 насны охинд өөрийн ай фоне 6 плас маркийн гар утсан дээр 280.000 төгрөг өгөөд утсыг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Дэлгэрбаярын “..гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

Шүүгдэгч Э.А-ын өөрт холбогдох хэргийн талаар гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

Дамно ХХК-ийн үнэлгээний “...825.600...” гэх тайлан /хх-ийн 34-35-р хуудас/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-51-р хуудас/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 44-47-р хуудас/,

Өсвөр насны шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 52/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх 53/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 55/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Э.А нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 12-167 тоотод оршин суух иргэн Г.Мягмарсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд нэвтэрч түүний эд хөрөнгө болох Самсунг А 70 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 825.600 төгрөгний хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-13-р хуудас/, хохирогч Г.Мягмарсүрэнгийн  “...2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэртээ унтаж байсан чинь 07 цаг 50 минутаас 08 цаг 05 минутын үед манай гэрийн хаалга дуугарч байгаа чимээ сонсоод манай эхнэр 1,2 минут хэвтэж байгаад юу билээ гэж бодоод орноосоо босож гэрийн хаалгаар гараад хашаан доторхоо харсан чинь ойр хавьд сэжигтэй зүйл харагдаагүй гэсэн. Би өөрөө 11 цагийн үед сэрээд дэрний хажууд тавьсан байсан Самсунг- 70 маркийн гар утсаа үзэхэд байхгүй байсан. Өөрийнхөө хүүхдүүдээ авсан юм болов уу гээд асуутал бид хараагүй мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд олдохгүй болохоор нь хадам аавын утас болох /91616403/ тоот дугаарын утсаар залгатал холбогдох боломжгүй байна гэж байсан... Тэгээд ер нь гэрт байхгүйг мэдээд өөр хүн гэрт орж ирээд авсан гэж бодсон. Тэгээд маргааш нь “Теди” төвөөс очиж утас авсан. Шинэ авсан утсандаа өөрийнхөө мэдээллүүдийг оруултал файнд девайс /find device/ автоматаар ажиллаад алдсан гар утсанд хийсэн 99602472 дугаар дээр хэрэглэгчийн мэдээлэл гарч ирсэн.  Ингээд би уг дугаар луу залгахад эрэгтэй хүн би энэ утсыг худалдаж авсан гээд шууд салгасан. Дараа нь дахиад залгасан боловч утсаа аваагүй, тэгэхээр нь файнд девайс /find device/-аар өөрийн А 70 маркийн утсыг кодолж ашиглах боломжгүй болгосон. Тэгээд би 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 18-19-р хуудас/, гэрч Б.Дэлгэрбаярын “... би 2020 оны 05 дугаар сарын 02-ны 10 цагийн үед  утсаараа фейсбүүк ороод утсаа сайжруулах санаатай гар утасны групп рүү орсон. Тэгээд “Зэсти ни” гэх фейсбүүк хаяг дээр Самсунг А-70 маркийн гар утас хямд зарна гэсэн зарын дагуу чатаар холбогдож ай фоне 6 плас маркийн гар утсан дээр 280.000 төгрөгийн зөрүү өгч солилцохоор тохиролцсон. Чатаар холбогдсоноос хойш 2 цагийн дараа 85509099 тоот дугаарын утсаар холбогдож 3 дугаар сургуулийн зүүн талд уулзаж би Самсунг А 70 маркийн гар утсыг авсан. Өөрийн нэрийг хэлээгүй 17 юм уу 18 насны охинд өөрийн ай фоне 6 плас маркийн гар утсан дээр 280.000 төгрөг өгөөд утсыг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Дэлгэрбаярын “..гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, шүүгдэгч Э.Аын өөрт холбогдох хэргийн талаар гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/, Дамно ХХК-ийн үнэлгээний “...825.600...” гэх тайлан /хх-ийн 34-35-р хуудас/,  хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-51-р хуудас/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 44-47-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.

 Өсвөр насны шүүгдэгч Э.А нь иргэн Г.Мягмарсүрэнг шөнө унтаж байхад нь гэрт нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Самсунг А70 маркийн гар утсыг хулгайлсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн объектив шинжийг хангасан.

 Мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах, ... зориулалттай орон байранд” нэвтэрсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан эсэхийг шалгавал. Шүүгдэгчийн нэвтэрсэн объект нь хүн байнга амьдрах зориулалтай байшин болох нь өсвөр насны шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд хохирогч гэртээ унтаж байхад нь нэвтэрч эд зүйл авсан үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.

Өсвөр насны шүүгдэгч Э.А нь өөрийн дээрх үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсэж үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байсан гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, өсвөр насны шүүгдэгч Э.А-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Шүүгдэгч Э.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэлүүдээр тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийн субъектийн насны шалгуурыг хангаж байгаа

Иймд өсвөр насны шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Мягмарсүрэн нь хулгайд алдсан эд зүйлсээ буцаан авсан болох нь шүүгдэгчийн “Хулгайлсан эд зүйлээ хохирогчид хүлээлгэн өгсөн” гэх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 44, 45, 46 хуудас/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Мягмаржаргалын “би эд зүйлээ буцаан авсан, гомдол саналгүй” гэх тэмдэглэл /хх 63 х/-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

Улсын яллагч: Өсвөр насны шүүгдэгч Э.А-д 2 жилийн хорих ял оногдуулж, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Тогмид: Гэм буруу, зүйлчлэл дээр маргахгүй, хохирол бүрэн төлөгдсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, Э.А нь өсвөр насны шүүгдэгч тул Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар хойшлуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.

Өсвөр насны шүүгдэгч Э.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан 02 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмын дагуу уг ялыг хоёр дахин багасгаж, Э.А-д оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгчийн ял шийтгүүлсэн зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд заасан хорих ялын дээд хэмжээнд нийцэж байгаа мөн субъектийн хувьд ч шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах шалгуурыг бүрэн хангаж байгаа тул түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно...” гэж заасныг удирдлага болгон өсвөр насны шүүгдэгч Э.А-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.А нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд шүүх хорих ял оногдуулах болохыг сануулав.

Өсвөр насны шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Өсвөр насны шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.А-д оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасныг удирдлага болгон өсвөр насны шүүгдэгч Э.А-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.А нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд шүүх хорих ял оногдуулах болохыг сануулсугай.

6. Өсвөр насны шүүгдэгч Э.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.РЕНЧЕНХОРОЛ