| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0715/Э |
| Дугаар | 737 |
| Огноо | 2020-09-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 737
2020 09 09 2020/ШЦТ/737
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
Улсын яллагч М.Энхбаатар,
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ш.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 1911 02511 0717 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хятад хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хорооллын 30б байрны 26 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Б.А,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Компьютер ланд” худалдааны төвийн 1 дүгээр давхарын 101, 110 лангууны вакум цонхоор нэвтэрч Н.Ганбаатарын 101 тоот лангуунаас НР загварын 3 ширхэг, “Dell” загварын 4 ширхэг, нийт 7 ширхэг 13.989.000 төгрөгийн зөөврийн компьютер, Б.Баттүвшингийн 110 тоот лангуунаас бэлэн 200.000 төгрөг, 550.000 төгрөгийн “Ipad” зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөнгөний хэрэг гараад яалт ч үгүй хулгай хийсэн. Учруулсан хохирол төлбөрөө бүгдийг нь төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Н.Ганбаатарын “...2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед манай ажилтан над руу яриад цонхоор хулгай орсон байна гэхээр нь тэр дороо яваад очиход цагдаагийн байгууллагаас хамгаалалт авсан гэж байсан. Тэгээд 11 цагийн үед ирж үзлэг хийхэд лангуун дотор байсан 7 ширхэг нөүтбүүк алга болсон байсан. НР загварын 3 ширхэг, Dell загварын 4 ширхэг нөүтбүүк алдагдсан боловч бүгд өөр өөр үзүүлэлттэй өөр үнэтэй компьютерүүд бөгөөд нийт 14.128.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Хохирогч Б.Баттүвшингийн “...би Компьютер ланд төвд 110 тоот лангууг түрээслэн ажилладаг бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний орой 19 цагийн үед цоожлоод гэртээ харьсан. Тэгтэл өнөөдөр өглөө 10 цагийн үед худалдагч Эрдэнэ-Очир залгаад цонх онгорхой, орлогын мөнгө алга болчихсон байна гэсэн. Тэгэхээр нь юмаа сайн шалгаад хажуу лангуунаасаа асуугаарай гэхэд хажуугийн 101 тоот лангуунд хулгай орчихсон байна гэсэн. Тэгээд 20-д минутын дараа ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Манай лангуунаас орлогын бэлэн 200.000 төгрөг, миний хэрэглэж байсан Ipad алга болсон байсан. Өөр алдагдсан зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
Гэрч Ч.Лхагвасүрэнгийн “...2019 оны 09 дүгээр сарын 19-ний орой компьютер ланд худалдааны төв буюу ажлын байран дээрээ харуулын ажил хийж байхад 23.50 цагийн үед байгууллагын дохиоллын систем ажиллаж эхэлсэн. Тэгээд 4 давхарт гараад даргад хэлэхэд гарч объектоо шалга гэхээр нь тойрч шалгачихаад иртэл дарга буугаад ирчихсэн байснаа намайг хөөж туугаад эхэлсэн. Гадна болон дотор хаалганы түлхүүрийг аваад явчихаар нь хажуу байранд байдаг гэртээ ороод унтчихсан...манайх 19 цагаас хаалгаа барьдаг бөгөөд объектоо шалгаад орлогч захирал 19.30 цагийн үед түлхүүрүүдээ аваад дохиоллын системын кодыг хийчихээд харьсан. 10 дугаар сарын 29-ний орой 19 цагийн үед дэлгүүрээ хаагаад өглөө 09 цагийн үед ирэхэд цонхны гадна төмрийг нугалж, хулгай орсон байсан. Ноолууран болон сарлагийн хөөврөн цамц, малгай хүзүүвч, цүнх, арьсан түрийвч, мөнгөн болон хуван ээмэг зүүлт, бөгж, бэлнээр орлогын 280.000 төгрөг алга болсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Нийт 3.800.000 орчим төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34-р хуудас/,
Гэрч Ж.Алтанхүүгийн “...2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 00 цагийн үед хамгаалалтын албаны оператороос компьютер ланд худалдааны төвийн дохиолол ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсний дагуу очиход тус төвийн захирал гэх согтуу эрэгтэй хүн өөрийгөө харуул гэх хүнтэй гадаа үүдэндээ муудалцаад зогсож байсан. Тэгээд түгшүүр дуугарсан цонхны хажууд очиж шалгахад цонх хаалттай хэвийн байсан. Захирал харуул 2 нь надад юм хэлэхгүй хоорондоо хэрэлдээд зогсоод байсан, тэгээд дараагийн дуудлага ирээд явсан. Би цонхыг түлхэж үзээгүй,, захирал нь дээрээ амьдардаг гэсэн болохоор дээрээс доош буухдаа дохиолол дуугаргасан байна даа гэж бодоод явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-16-р хуудас/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-43, 39-40-р хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 52/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 55/зэрэг нотлох баримтыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “ Компьютер ланд” худалдааны төвийн 1 дүгээр давхарын 101, 110 лангууны вакум цонхоор нэвтэрч Н.Ганбаатарын 101 тоот лангуунаас НР загварын 3 ширхэг, Dell загварын 4 ширхэг, нийт 7 ширхэг 13.989.000 төгрөгийн зөөврийн компьютер, Б.Баттүвшингийн 110 тоот лангуунаас бэлэн 200.000 төгрөг, 550.000 төгрөгийн Ipad зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Н.Ганбаатарын “...2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед манай ажилтан над руу яриад цонхоор хулгай орсон байна гэхээр нь тэр дороо яваад очиход цагдаагийн байгууллагаас хамгаалалт авсан гэж байсан. Тэгээд 11 цагийн үед ирж үзлэг хийхэд лангуун дотор байсан 7 ширхэг нөүтбүүк алга болсон байсан. НР загварын 3 ширхэг, Dell загварын 4 ширхэг нөүтбүүк алдагдсан боловч бүгд өөр өөр үзүүлэлттэй өөр үнэтэй компьютерүүд бөгөөд нийт 14.128.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, хохирогч Б.Баттүвшиний “...би Компьютер ланд төвд 110 тоот лангууг түрээслэн ажилладаг бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний орой 19 цагийн үед цоожлоод гэртээ харьсан. Тэгтэл өнөөдөр өглөө 10 цагийн үед худалдагч Эрдэнэ-Очир залгаад цонх онгорхой, орлогын мөнгө алга болчихсон байна гэсэн. Тэгэхээр нь юмаа сайн шалгаад хажуу лангуунаасаа асуугаарай гэхэд хажуугийн 101 тоот лангуунд хулгай орчихсон байна гэсэн. Тэгээд 20-д минутын дараа ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Манай лангуунаас орлогын бэлэн 200.000 төгрөг, миний хэрэглэж байсан Ipad алга болсон байсан. Өөр алдагдсан зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, гэрч Ч.Лхагвасүрэнгийн “...2019 оны 09 дүгээр сарын 19-ний орой компьютер ланд худалдааны төв буюу ажлын байран дээрээ харуулын ажил хийж байхад 23.50 цагийн үед байгууллагын дохиоллын систем ажиллаж эхэлсэн. Тэгээд 4 давхарт гараад даргад хэлэхэд гарч объектоо шалга гэхээр нь тойрч шалгачхаад иртэл дарга буугаад ирчихсэн байснаа намайг хөөж туугаад эхэлсэн. Гадна болон дотор хаалганы түлхүүрийг аваад явчихаар нь хажуу байранд байдаг гэртээ ороод унтчихсан...манайх 19 цагаас хаалгаа барьдаг бөгөөд объектоо шалгаад орлогч захирал 19.30 цагийн үед түлхүүрүүдээ аваад дохиоллын системийн кодыг хийчхээд харьсан. 10 дугаар сарын 29-ний орой 19 цагийн үед дэлгүүрээ хаагаад өглөө 09 цагийн үед ирэхэд цонхны гадна төмрийг нугалж, хулгай орсон байсан. Ноолууран болон сарлагийн хөөврөн цамц, малгай хүзүүвч, цүнх, арьсан түрийвч, мөнгөн болон хуван ээмэг зүүлт, бөгж, бэлнээр орлогын 280.000 төгрөг алга болсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Нийт 3.800.000 орчим төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34-р хуудас/, гэрч Ж.Алтанхүүгийн “...2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 00 цагийн үед хамгаалалтын албаны оператораас компьютер ланд худалдааны төвийн дохиолол ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсний дагуу очиход тус төвийн захирал гэх согтуу эрэгтэй хүн өөрийгөө харуул гэх хүнтэй гадаа үүдэндээ муудалцаад зогсож байсан. Тэгээд түгшүүр дуугарсан цонхны хажууд очиж шалгахад цонх хаалттай хэвийн байсан. Захирал харуул 2 нь надад юм хэлэхгүй хоорондоо хэрэлдээд зогсоод байсан, тэгээд дараагийн дуудлага ирээд явсан. Би цонхыг түлхэж үзээгүй,, захирал нь дээрээ амьдардаг гэсэн болохоор дээрээс доош буухдаа дохиолол дуугаргасан байна даа гэж бодоод явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-16-р хуудас/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-43, 39-40-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар үйл ажиллагаа явуулах орон байр буюу компьютер ланд худалдааны төвийн 1 давхрын 101, 110 дугаар лангууны вакум цонхоор нэвтэрч Dell компьютер, Ipad зэргийг авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.
Шүүгдэгч Б.А-ийн нэвтэрсэн объект нь үйл ажиллагаа явуулах зориулалттай буюу худалдааны төв бөгөөд нууцаар уг төв руу нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.
Шүүгдэгч Б.А нь худалдааны төв рүү хууль бусаар нэвтэрч хулгай хийсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсэж, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.А-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Хохирогч Н.Ганбаатар нь НР загварын 3 ширхэг, Dell загварын 4 ширхэг, нийт 7 ширхэг 13.989.000 төгрөг, хохирогч Б.Баттүвшиний 200.000 төгрөг, 550.000 төгрөгийн Ipad зэрэг нийт 750 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирол төлөгдсөн болох нь түүний бичгээр гаргасан баримт /дансны хуулга/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: Шүүгдэгч Б.А-д 3 жил хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг хохирол төлөгдсөн, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр шүүгдэгч маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримталж өгнө үү? гэх саналыг гаргасан.
Иймд шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.А-ийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг нөхөн төлөгдсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг дурдав.
Шүүгдэгч Б.А-д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ