Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2018/0020/З |
Дугаар | 02 |
Огноо | 2019-02-11 |
Маргааны төрөл | Газар, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Тус аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бус нутагт Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/55 тоот захирамжаар иргэн Ц.Э-д, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/28 дугаар захирамжаар иргэн П.О нарт Ховд аймгийн Дарви сумын Баян нурууны аймаг дундын отрын бүс нутагт “Онх”, “Дугуй цахир” гэдэг газруудад хаваржааны зориулалтаар харьяалал зөрчин өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн улсын тусгай хэрэгцээний газар эзэмшүүлсэн нь илт хууль бус учир захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах мөн захирамж нь тодорхойгүй иргэн П овогтой О-т “Сэртэн толгой” гэдэг газарт өвөлжөө хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр олгосон шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, гуравдагч этгээд Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******, *******ны дарга М.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 299 дүгээр тоот тогтоолоор Ховд аймгийн Дарви сум, Говь-Алтай аймгийн ******* сумын зарим нэг нутаг дэвсгэрийг улсын тусгай хэрэгцээнд авч Баян нурууны аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч хил заагийг баталсан. Энэхүү улсын тусгай хэрэгцээнд авсан газрын ашиглалт хамгаалалтыг 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 187 тоот Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа өөрийн чиг үүргийн хүрээнд уг тогтоолын хавсралтаар батлагдсан аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын журмын дагуу гүйцэтгэж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед Монгол орны зүүн бүсийн малчин иргэд аймаг дундын отрын бэлчээр ашиглахад бэлэн байлгах үүднээс тус байгууллага нь Баян нурууны аймаг дундын отрын бэлчээр ашиглах хамгаалах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн уг журмын 4.7 дугаар зүйлд зааснаар аймаг дундын отрын бэлчээрт өвөлжиж хаваржих мал сүргийг нутаглуулах, өвөлжүүлэх хаваржааны зөвшөөрлийг орон тооны бус зөвлөлийн шийдвэрийг үндэслэн аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа олгодог. Гэтэл тус аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/52 дугаар захирамжаар Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь аймаг дундын отрын бүс нутаг өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг болон Газрын тухай хуулийн 6.2, 18.1.2, 20.1.2, 23.2.4, 35.5, 33.4 дэх хэсгүүд, Засгийн газрын 2003 оны 228 дугаар тогтоолоор батлагдсан Газар зохион байгуулалт хийх журмын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна.
Тус захиргаанаас Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 143 тоот албан бичгээр Говь-Алтай аймгийн Засаг даргад тус аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/52 тоот захирамж нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлсэн боловч хуулийн хугацаанд тухайн асуудлыг шийдвэрлээгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Отрын бэлчээр ашиглалтын 9 бүс нутагт тухайн сумын Засаг дарга нар малчин, мал бүхий иргэдэд өвөлжөө хаваржааны зориулалтаар, цаашлаад аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмшүүлэх байдал ихсэж байна. Үүнтэй холбоотой тус захиргаанаас улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт газар эзэмшүүлсэн захирамжуудийг хүчингүй болгуулахаар шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.
Үүнд: Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан отрын бүс нутагт Дэлгэр хаан сумын Засаг даргын захирамжаар нийт 120 иргэнд өвөлжөө хаваржааны зориулалтаар, 3 иргэнд аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмшүүлэхээр олгосон захирамжуудийг хүчингүй болгуулахаар Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд, Говь-Сүмбэр аймгийн Малахын тал аймаг дундын отрын бүс нутагт Сүмбэр сумын Засаг даргын захирамжаар нийт 14 иргэний өвөлжөө хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр олгосон захирамжуудийг хүчингүй болгуулахаар Говь-Сүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган захиргааны хэрэг үүсэн хянагдаж байна.
Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын захирамжаар Ховд аймгийн Баян нурууны аймаг дундах отрын бүс нутгийг нийт 30 гаруй иргэнд өвөлжөө хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн байна. Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын захирамжийн дагуу эзэмшүүлэхээр олгосон захирамжуудаас эхний ээлжинд отрын бүс нутагт хууль бусаар барьж байгуулсан ******* сумын иргэн Ц овогтой Э, П овогтой О нарт холбогдох захирамжуудийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна.
2018 оны 04 дүгээр сард Баян нурууны отрын бүс нутагт хяналт шалгалтаар ажиллахдаа дээрх хоёр иргэний барилга байгууламжтай танилцсан бөгөөд иргэн Ц.Э-д олгосон ******* сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/52 тоот захирамжаар олгосон 00634294 тоот газар эзэмшүүлэх гэрчилгээтэй танилцаж гэрчилгээг гэрэл зургаар баталгаажуулан авсан. Мөн тус сумын иргэн П.О-ын агуулах гражын барилгатай танилцсан боловч газар эзэмших гэрчилгээг бидэнд үзүүлээгүй учир Засаг даргын хэдэн оны хэддүгээр захирамжаар газар эзэмшүүлэхээр олгосон талаар мэдээлэл байхгүй байна.
2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/52 дугаар захирамжаар Ховд аймгийн Дарви сумын иргэн Ц.Э-д олгосон гэрчилгээ нь илэрхий алдаа байсанг нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн болно. Иргэн Ц.Э-д ******* сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/55 тоот захирамжаар отрын бүс нутагт газар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон байна. Харин П.О-т газар эзэмшүүлэхээр олгосон захирамжийг өнөөдрийг хүртэл тус байгууллага нь өөрөө олж авах боломжгүй байна. Ховд аймгийн Баян нурууны улсын тусгай хэрэгцээний өвөлжөө хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 18.1 .2, 20.1.2, , 23 дугаар зүйлийн 23.2.4, 35.5, 33.4 дэх хэсгүүд болон холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн байгаа. Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт Говь-Алтай аймгийн ******* сумын засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/55 тоот захирамжаар ******* сумын иргэн Ц овогтой Э “Дугуй цахир” гэх газар, мөн захирамж нь тодорхойгүй иргэн П овогтой О-т Сэртэн толгой гэх газар өвөлжөө хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр гаргасан шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага тодруулж байна. Тус захиргаа нь 2007 оны Засгийн газрын тогтоолоор улсын тусгай хэрэгцээний отрын бүс нутгийг ашиглалт, хамгаалалтыг нийтэд хариуцуулахаар тогтоосон байдаг. Энэ нь газрын тухай хуулиар газрыг тодорхой зориулалтын дагуу эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлнэ гэсний дагуу отрын бүс нутгийг ашиглах эрх нь манай байгууллагад шилжсэн байдаг. Үүний дагуу ******* сумын Засаг даргын гаргасан захирамж нь манай байгууллагын хууль ёсны эрх ашиг сонирхолд зөрчигдөж байгаа гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Газрын тухай хууль болон Засгийн газрын тогтоолын дагуу манай байгууллага нэхэмжлэл гаргах эрхтэй. Ц.Э-д 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр А/52 тоот шийдвэрийг үндэслэн гэрчилгээ олгосон байдаг. Гэтэл А/52 тоот нь иргэдэд газар олгох шийдвэр бус, харин тодорхой үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан ажлын хэсгийн захирамжийн дугаар байдаг. Энэхүү Ц.Э-д олгосон ******* сумын засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/55 тоот захирамжаар газар эзэмшүүлснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн. Үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр А/28 дугаартай захирамжаар хаваржааны газар олгосон байдаг. Отрын бүс нутаг дахь захирамжуудийг хүчингүй болгоод байгаа юм бэ? гэхээр Засгийн газраас өгсөн чиг үүргийн дагуу улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгийг нэмж байгуулахаар малчдын цаашдын амьдралыг баттай болгохын тулд *******н яамны 2020-2030 оны төлөвлөгөөнд отрын бүс нутгуудыг нэмэгдүүлж байгуулахаар тусгагдсан. Үүний дагуу одоо байгаа 9 отрын бүс нутагт газар эзэмших ашиглахаар олгосон захирамжуудийг хүчингүй болгож ажиллаж байгаа. Аймаг дундын отрын бүс нутаг гэдэг нь 3-5 аймгийн сумдын малчдыг өнөтэй өвөлжүүлэх зориулалтаар ашиглагдах ёстой газар байгаа. Хэдий ******* сумд харьяалагддаг гэсэн ч улсын тусгай хэрэгцээнд хамаардаг аймгууд болон аль аймаг сумдаас орох ёстой нь нэгдэж орох ёстой байгаа. Гуравдагч этгээдээс манай дээр ямар нэгэн зүйл хэлсэнгүй гэж байна. Жил бүрийн 10 дугаар сард орон тооны бус зөвлөл хуралддаг. Үүнд тухайн бүс нутагт орох ёстой сум, багийн Засаг дарга нар ирж хуралдаад тухайн отрын бүс нутгийн ургац болон өвсний гарцаас хамаарч хэдэн тооны мал оруулахаа тогтдог. Тухайн отрын бүс рүү аймгууд нэрээ өгдөг нэрээ өгсөний дагуу манайхаас өвөлжих хаваржих зөвшөөрөл өгдөг. Отрын бүс нутгийн захиргааны дүрэм журамд заасны дагуу жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа жилийн 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тухайн бүс нутагт ороод 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн отрын бүс нутгийг чөлөөлж гарах үүрэгтэй байгаа. Гэтэл өвөлжөө хаваржааны гэрчилгээтэй хүмүүс энэ миний газар учир та нар яагаад хөөдөг юм бэ? бид нар чөлөөлөхгүй гэж маргаан үүсдэг. Үүнийг цэгцэлхийн тулд ийм байдал үүсч байгаа. Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг дарга нь Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэр буюу Баян нурууны улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт газар олгосон нь хууль тогтоомжийг зөрчсөн байна.
Үүнд: Нэгдүгээрт Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйл 60.1 дэх хэсэгт аймаг нийслэл сум дүүрэг баг хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг нийслэл сум дүүргийн баг хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт: Монгол Улсын Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д аймаг нийслэл сум дүүрэг баг хорооны хурал нь эрх хэмжээний дотор тогтоол, Засаг дарга захирамж гаргана. Гуравдугаарт: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 20.2.1-д нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангана гэж хуульчилсан. Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг дарга нь Баян нурууны аймаг дундын отрын бүс нутагт нэр бүхий иргэнд газар олгосон шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу илт хууль бус захиргааны акт юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байна. Захиргааны байгууллага албан тушаалтан нь өөрт олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргавал илт хууль бус гэж үзнэ. Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг дарга нь Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт иргэдэд газар эзэмшүүлэх ашиглуулахаар захирамж гаргасан нь нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчсөн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт илт хууль бус захирамжийг гаргасан цагаас эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасан. Иймд Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/55 тоот захирамжаар иргэн Ц.Э-д, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/28 дугаар захирамжаар иргэн П.О нарт Ховд аймгийн Дарви сумын Баян нурууны аймаг дундын отрын бүс нутаг “Онх”, “Дугуй цахир” гэдэг газруудад хаваржааны зориулалтаар харьяалал зөрчин өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн улсын тусгай хэрэгцээний газар эзэмшүүлсэн нь илт хууль бус учир захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч ******* сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хилийн цэсийн дагуу уг өвөлжөө хаваржааг өөрийн нутаг дэвсгэр дээр хуулийн дагуу олгосон байна. Отрын бүс нутаг нэрээр тус сумын газар нутгийг Ховд аймгийн Дарви сумруу шилжүүлэх гэсэн бодлого явагдаж байна. Уг өвөлжөө хаваржаанд манай малчин өрхүүд эрт дээр үеэсээ, хэдэн үеэрээ малаа маллан ирсэн түүхэнд бичээстэй байгаа. Уг нутаг дэвсгэрийг отрын бүс нутаг болгох талаар малчин өрхүүдтэй зөвшилцөөгүй, багийн хурлаар хэлэлцэж тохиролцсон хурлын тэмдэглэл шийдвэр байхгүй байна. Иймд уг захирамж хуулийн дагуу хүчинтэй гэж үзэж захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ц.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ц.Э нь ******* сумын Хүйсийн говь багийн малчин манай хаваржаа болох Дугуй цахирыг отрын бүс нутаг гэж байгаа нь ойлгомжгүй байна. Бид бүгдийн өвөг дээдсээс уламжилж өвөлжиж ирсэн газар нутаг бид бүгдийн газар нутгийг хэвээр байлгаж өгөх хэрэгтэй байна. Миний бие 30 шахам жил малаа маллаж, амьдрал ахуйгаа авч яваа. Би Дугуй цахир гэдэг хаваржаандаа 1980 оноос хойш амьдарсан. Манай сумаас Дарви сум хүртэл 100 гаруй километр байдаг. Гэтэл сумаас 30 километр яваад манай хаваржаан дээр очдог. Уг нутгийн зааг баруун талаар байдаг Аймаг дундын отрын бүс нутагт хамаарахгүй гэж хэлсэн. 20-30 айлын хаваржааг отрын бүс нутагт оруулсан. Бид нар нутагаа алдахаар өөр хаана амьдрах болж байна. Би одоо хаваржаа дээрээ бууна өөр арга байхгүй гэв.
Гуравдагч этгээд П.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П.О нь өвөлжөө, хаваржааны газар болох Харбөөрөг, Онх, нарыг эзэмшлийн гэрчилгээтэй эзэмшдэг үнэн болно. Өвөлжөө “Хар бөөрөг “хамааралгүй, харин хаваржааны газар болох “Онх” Сэртэн толгой хамааралтай байна. Иймд бид бүхний эзэмшилийн газар отрын бүс нутаг байлгах нь зохимжгүй юм.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар, захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж нэхэмжлэлийг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, ******* анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/52 дугаар захирамжаар Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь аймаг дундын отрын бүс нутагт өвөлжөө хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр олгосон шийдвэр нь илт хууль болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдох бүхий нотлох баримтыг цуглуулах үүднээс ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2015 оны архивын баримтад үдэгдсэн Засаг даргын захирамжид үзлэг хийсэн тэмдэглэлд “Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ноос 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн архивын нэгж байна. Дотоод товъёогт 65 захирамж байна. Архивын нэгжийн 76 дугаар хуудсанд ажлын хэсэг байгуулах тухай 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн захирамж байна. /дугаар нь засвартай/ А/53, А/54, А/55 дугаар захирамжууд бүгд засвартай, 79 дүгээр хуудсанд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/55 дугаартай захирамж байна. Захирамжийн дугаар 50-иас хойш бүгд засвартай дотоод ажилтан А-с асуухад намайг амралттай байхад өөр хүн ажиллаж байхдаа дугаарыг зассан байна” гэсэн үзлэгийн тэмдэглэл болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд А/52 дугаар захирамж нь Ажлын хэсэг байгуулах тухай харин 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/55 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжийн хавсралтаар 16 иргэнд өвөлжөө хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн байна. Өөрөөр хэлбэл анх газар эзэмшүүлсэн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/52 дугаар захирамж нь ******* сумын Засаг даргын Тамгын газрын архивт А/55 дугаар захирамжаар дугаар засагдаж архивлагдсан байна.
Хүнс, хөдөө аж ахуй, ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/55 дугаар захирамжаар ******* сумын иргэн Ц овогтой Э-д “Дугуй цахир” гэдэг газарт, мөн захирамж нь тодорхойгүй иргэн П овогтой О-т “Сэртэн толгой” гэдэг газарт өвөлжөө хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр олгосон шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулахаар” нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад ******* сумын Засаг дарга П.О-т 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/28 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжийн хавсралтаар “Хар бөөрөг, Онх” нэртэй газруудыг өвөлжөө хаваржааны зориулалтаар олгосон байх тул нэхэмжлэгч Засаг даргын А/28 дугаар захирамжийн хавсралтын П.О-т холбогдох хэсэгт буюу аймаг дундын отрын бүс нутагт хамаарах “Онх” нэртэй газарт хаваржааны зориулалтаар олгосон газрыг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Маргааны үндэслэл нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 299 дугаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолоор Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт 105.2 мянган га газрыг баруун бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, тус отрын бэлчээр нутгийг “Баян нуруу” гэж нэрлэн хилийн цэсийг хавсралтаар тогтоосон байхад ******* сумын Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/55 дугаар захирамжаар Ц.Э-д хаваржааны зориулалтаар“Дугуй цахир”, П.О-т 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/28 дугаар захирамжаар хаваржааны зориулалтаар “Онх”, захирамж нь тодорхойгүй “Сэртэн толгой” гэдэг газарт өвөлжөө хаваржааны зориулалтаар аймаг дундын отрын бүс нутагт газар эзэмшүүлсэн байгаа нь илт хууль бус байгаа талаар маргасан.
Шүүх 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 08 дугаар шүүгчийн захирамжаар дээрх маргаан бүхий газрууд болох Ц.Э-д хаваржааны зориулалтаар олгосон “Дугуй цахир” өвөлжөөний зориулалтаар олгосон “Хар дэн”, П.О-т хаваржааны зориулалтаар олгосон “Онх” өвөлжөөний зориулалтаар олгосон “Хар бөөрөг” нэртэй газрууд Баян нуруу аймаг дундын отрын бүс нутагт хамаардаг эсэх талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг шинжээчээр томилсон.
Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/06 дугаар тушаалаар шинжээчийн дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулж, маргаан бүхий өвөлжөө хаваржааны газруудад шинжээчийн дүгнэлт гаргахаар Говь-Алтай аймгийн *******, Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт ажиллаж 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шинжээчийн 01 дугаар дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн.
Шинжээчийн дүгнэлтэд “...захирамжид дурдагдсан “Хар дэн” өвөлжөө, “Дугуй цахир” хаваржаа, “Онх” хаваржаа, “Сэртэн толгой” хаваржааны байршлыг GPS багажаар газар дээр нь тодорхойлсон. Дээрх байршлуудыг орон зайн мэдээллүүдтэй давхцуулан үзэхэд дараах дүгнэлт гарч байна. 1-т ******* сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны А/28 дугаар захирамжаар иргэн П.О-т эзэмшүүлсэн “Онх” хаваржаа нь Ховд аймгийн Дарви сумын сум “Баян нуруу” аймаг дундын отрын бэлчээрийн нутаг дэвсгэрт, 2-т ******* сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/52 дугаар захирамжаар иргэн Ц.Э-д эзэмшүүлсэн “Хар дэн” өвөлжөө нь Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт, 3-т ******* сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны А/52 дугаар захирамжаар иргэн Ц.Э-д эзэмшүүлсэн “Дугуй цахир” хаваржаа нь Ховд аймгийн Дарви сум “Баян нуруу” аймаг дундын отрын бэлчээрийн нутаг дэвсгэрт тус тус хамрагдаж байна, 4-т Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлд дурдагдсан “Сэртэн толгой” нэртэй хаваржаа нь Ховд аймгийн Дарви сум “Баян нуруу” аймаг дундын отрын бэлчээрийн нутаг дэвсгэрт хамрагдаж байгаа бөгөөд тус байршилд сумын Засаг даргын газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй байна” гэсэн дүгнэлтийг Хар дэн, Сэртэн толгой, Онх, Дугуй цахирын байршил зүйн зургийн хамт ирүүлсэн.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-т “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж зааснаар сумын Засаг дарга иргэний газар эзэмших тухай хүсэлтийн дагуу Газрын тухай хууль заасан эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн сумын нутаг дэвсгэрт газрыг хуульд заасан нөхцөл журмын дагуу эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрхтэй байхад ******* сумын Засаг дарга нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу Ховд аймгийн Дарви сумын нутаг “Баян нуруу” аймаг дундын отрын бэлчээрийн нутаг дэвсгэрт 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/55 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт Ц.Э-д хаваржааны зориулалтаар “Дугуй цахир”, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/28 дугаар захирамжийн хавсралтын 1 дугаарт П.О-т хаваржааны зориулалтаар “Онх” нэртэй газруудыг эзэмшүүлсэн байгаа нь илт хууль бус байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” бол илт хууль бус актад тооцох бөгөөд Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/55 дугаар захирамжаар Ц.Э-д хаваржааны зориулалтаар “Дугуй цахир”, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/28 дугаар захирамжаар П.О-т хаваржааны зориулалтаар “Онх” нэртэй газруудыг эзэмшүүлснийг илт хууль бусад тооцож холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-т зааснаар аймаг дундын отрын бэлчээрийн газар Монгол Улсын тусгай хэрэгцээний газарт хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 287 дугаар тогтоолоор баталсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын 5.1.2-т улсын тусгай хэрэгцээний газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлж, эзэмшүүлэхгүй байхаар журамласан байгааг дурдах нь зүйтэй байна.
Мөн “захирамж нь тодорхойгүй иргэн П- овогтой О-т “Сэртэн толгой” гэдэг газарт өвөлжөө хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр олгосон шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь шинжээчийн дүгнэлтээр “Сэртэн толгой” гэх газар Ховд аймгийн Дарви сумын нутаг “Баян нуруу” аймаг дундын отрын бэлчээрийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа хэдий ч уг газрыг иргэн П.О-д эзэмшүүлсэн шийдвэр гараагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ”, хуулийн 44.3.1-т “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс”-ийг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлэх ба хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар шинжээчийн дүгнэлт гаргах явцад гарсан шатахуун, шинжээчдийн томилолтын зардал нийт 611300 /зургаан зуун арван нэгэн мянга гурван зуун/ төгрөгийг ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй байна. Нийтийн ашиг сонирхолыг төлөөлөн нэхэмжилж байгаа этгээдийн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т зааснаар шүүхийн зардлаас чөлөөлөгдөхөөр байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/55 дугаар захирамжаар Ц.Э-д хаваржааны зориулалтаар “Дугуй цахир”, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/28 дугаар захирамжаар П.О-т хаваржааны зориулалтаар “Онх” нэртэй газруудыг эзэмшүүлснийг илт хууль бус болохыг тогтоож, холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож, захирамж нь тодорхойгүй иргэн П.О-т “Сэртэн толгой” гэдэг газарт өвөлжөө хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр олгосон шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар шүүхийн зардал болох 611300 /зургаан зуун арван нэгэн мянга гурван зуун/ төгрөгийг ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, ******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ