Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2022/0234

 

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2022/0234

 

 

Улаанбаатар хот

 

 

 

                                                                            

 

 

 

 

 

 

 

 

 

      “С с” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “С с” ХХК

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын “С с” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 56 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М-Ө,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0320/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “С с” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын “С с” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 56 дугаар шийдвэрээр: 

“...Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан “С с” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын “С с” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Шийдвэрийн 4.5-д “Тодруулбал нэхэмжлэгчээс үл хамаарах нөхцөл байдлын улмаас гурвалсан гэрээ байгуулагдаагүй байх тул “С с” ХХК гэрээний дагуу үүсэх эрх, үүргийн хэрэгжүүлэх боломжгүй буюу Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээхээргүй байна”, 4.6-д “Гэрээнд заасан төлбөрийн хэмжээгээр газрын төлбөр болон гэрээ байгуулснаар газар ашиглагчид газар ашиглах эрх, үүрэг үүснэ”, 4.11-д “Шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэг зэргээс үзвэл гадна зам талбайн фассад хийгдэхээр газар шорооны ажил эхлүүлсэн байдалтай, тухайн орчинд суурьшлын бүс бий болсон байдалтай байсан болно”, 4.12-тДээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч газраа ашиглахаар тодорхой арга хэмжээнүүд авч байсан боловч захиргааны байгууллагаас санаачилга гарган гэрээ байгуулаагүй нь нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан”, 4.14-т “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар ашиглагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоохооргүй байна” гэж дүгнэжээ.

3.2.Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасан.

3.3.Гэтэл “С с” ХХК-иас “2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар газар ашиглах эрхтэй болсон, үүний дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай холбогдох гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн Засаг даргад хандан гэрээ байгуулахыг удаа дараа хандан хүсэлт гаргасан боловч баталж өгөөгүй” хэмээн маргадаг. Уг өргөдөл, хүсэлтийнхээ хариуг аваагүй, гэрээ байгуулаагүй нь Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмыг хэрэгжүүлээгүй бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах”, 6.4-т “өгсөн хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд зохих дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах”, мөн хуулийн 17 дугаар зүйлдӨргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдлын талаарх шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй. Гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллага, албан тушаалтны дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд, дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу эхний удаад дээд шатны захиргааны байгууллагад, дараа шүүхэд эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрх нь байсан байна.

3.4.Мөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа” 11и_3/5988, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал” 2731 дугаар албан бичгийг тус тус ирүүлснээс үзэхэд газрын ашиглаагүй нь нотлогдож байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчныг хамгаалах чиглэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, газар ашиглагч нарын үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих, газар ашиглах гэрээний хэрэгжилтийг хангах, тайлагнах, уг тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах боломжтой болон боломжгүй, мөн газар ашиглах эрхийг дуусгавар болгох иргэн, хуулийн этгээдийн талаар санал, дүгнэлтийг яаманд ирүүлсэн.

3.5.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах”, мөн хуулийн 42.1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байгууллага, хамгаалалтын захиргаа, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина’’ гэж заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нь тухайн нутаг дэвсгэртээ хяналт тавьж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасны дагуу “цуцлах, дуусгавар болгох” хуулийн этгээдүүдийн мэдээллийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 дүгээр албан бичгээр ирүүлсэн тул газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

3.6.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай’’ А/79 дүгээр тушаал нь хууль, тогтоомжид нийцүүлээгүй гэж шүүх хэт нэг талыг барьж, хуулийн дээрх зохицуулалтуудыг буруу тайлбарлаж дүгнэсэн байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 56 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар “газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “С с” ХХК-ны газар ашиглах эрхийг цуцалсан боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, энэ талаар шийдвэрт үндэслэлтэй дүгнэжээ.

2.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “…дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасны дагуу тус компаниас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнтэй 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 2019/119 дүгээр гурвалсан гэрээг байгуулж, харин дүүргийн Засаг дарга уг гэрээнд газрын үсэг зурж баталгаажуулаагүй байгаа ч газар ашиглах эрх үүссэнээс хойш хуульд заасан газрын төлбөр төлөх үүргээ зохих байдлаар биелүүлж байсан болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

            3.Түүнчлэн маргаан бүхий тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо бодит нөхцөл байдлыг хариуцагч хангалттай шалгаж тогтоогоогүй байна.

            4.Учир нь хуулийн дээрх заалт нь нэгдүгээрт гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх, хоёрдугаарт ийнхүү ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй байх”-ыг шаардана. Өөрөөр хэлбэл энэхүү хоёр нөхцөл хамтдаа бүрдсэн тохиолдолд 40.1.6-г хэрэглэх ёстой.

5.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

6.Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл хариуцагчаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлахаас өмнө газар ашиглах эрх үүссэнээс хойш тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулсан эсэх, явуулаагүй бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг газар дээр нь хээрийн судалгаа хийж нарийвчлан тогтоох үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгч компанийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж дүгнэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй уг тушаалыг зорилгодоо нийцсэн гэж үзэхгүй.

7.Нөгөөтэйгүүр тушаалын гол үндэслэл болсон ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 11и-з/5988 дугаар албан бичгээр ирүүлсэн санал үндэслэлтэй эсэхийг хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шалгаж, тодруулах ажиллагааг огт явуулаагүй, гэтэл нэхэмжлэгчээс газар ашиглахтай холбоотой нэхэмжлэгчийн хийсэн ажлын талаар шийдвэрт тодорхой дүгнэсэн байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 56 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

ШҮҮГЧ                                                         С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                        А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН