Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 767

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/01408 дугаар шийдвэртэй, “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Зулцэцэгт холбогдох,

 

Санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа төлбөрт олгосон 18 459 000 төгрөг, хүүгийн төлбөрт 7 531 272 төгрөг, нийт 25 990 272 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Зулцэцэг нь Капитал банкны Дамбадаржаа тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байсан. Ажил олгогч болон ажилтан нар харилцан тохиролцож, 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 206 дугааартай “Ажиллагсадын орон сууцны зээлийн гэрээ“ байгуулсан. Үүний дагуу банк уг ажилтанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 9 дүгээр байр, 80 тоот 41,10 м.кв талбай бүхий орон сууцыг худалдаж авахад зориулж 73 980 000 төгрөгийн зээл олгосоноос 18 459 000 төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон төлөх, ингэснээр ажилтан тус банкинд 10 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах болзолтой гэрээ байгуулсан.

Ажилтан банкинд тогтвортой ажилласан дээрх тохиолдолд урьдчилгаа төлбөрийн 10 хувийг хөнгөлөх, дээрх хугацаанд ажиллаагүй бол урьдчилгаа төлбөрийг банкинд хүүтэй буцаан төлөхөөр талууд тохиролцсон. Мөн Б.Зулцэцэгтэй 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр /025 дугаар/ нэмэлт өөрчлөлт оруулж дээрх нөхцөл, болзлыг дахин баталгаажуулсан. Ийнхүү банкны зүгээс 2006 дугаар гэрээ болон 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 025 дугаар нэмэлт өөрчлөлтөөр хүлээсэн үүргээ биелүүлж 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Би Энд Си” ХХК-ийн Капитал банк дахь 2000016786 тоот дансанд 18 495 000 төгрөгийг шилжүүлж, улмаар 73 980 000 төгрөгийн ипотекийн зээлийг олгосон.

Гэвч Б.Зулцэцэг нь ажиллах хугацаандаа удаа дараа сахилгын зөрчил гаргаж байсан ба гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь халсан. Хөдөлмөрийн гэрээний 025 дугаар нэмэлт өөрчлөлтийн 8-д заасан “Ажилтан гэрээнд заасан хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, сахилгын зөрчил гаргахгүй идэвхи санаачлагатай ажиллана” гэсэн үүргээ биелүүлээгүй тул “Ажиллагсадын орон сууцны зээлийн гэрээ”-ний 4.2.2 “ажилтны өмнөөс банкны төлсөн төлбөрийг сарын 1,7 хувийн хүүгийн хамт банкинд буцааж төлж барагдуулна”, нэмэлт өөрчлөлтийн 9. “Ажилтан гэрээнд заасан хугацаанд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тохиолдолд ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш хуанлийн 7 хоногийн дотор банкнаас олгосон санхүүгийн дэмжлэгийг дараах байдлаар төлж барагдуулна” гэсний дагуу түүнд олгосон дэмжлэг буюу урьдчилгаа төлбөр 18 459 000 төгрөг, хүүгийн төлбөр 7 531 272 төгрөг, нийт 25 990 272 төгрөгийг Б.Зулцэцэгээс гаргуулна  гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Зулцэцэг миний бие 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Би Энд Си” ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан бөгөөд тухайн гэрээний дагуу 1 м.кв нь 1 350 000 төгрөг байхаар харилцан тохирсон байдаг. Орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрийг банк өөрийн эх үүсвэрээс шийдвэрлэсэн бөгөөд нийт 80 гаруй ажилтныг нийслэлийн 3 байршилд баригдаж байсан Капитал банкнаас зээл авсан барилгын компаниудын барьж буй орон сууцанд хязгаарлагдмал сонголттой санал болгож зээлийг шийдвэрлэхдээ “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ” 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан.

Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 135 дугаар тогтоол гарсантай холбоотой уг маргаан үүсэх үндэс суурь тавигдаж эхэлсэн гэж үзэж байгаа. Учир нь 8 хувийн хүүтэй зээлийг Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой банк өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн Ажиллагсдын орон сууцны зээлийг 8 хувийн хүүтэй зээл болгох арга боловсруулсан нь маргаан дагуулаад байгаа “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ” гарч ирсэн.

Ингээд орон сууцны зээлийн гэрээний үнийн дүнг өөрчлөх буюу 1 м.кв үнэ 1 350 000 төгрөг байсныг 1 800 000 төгрөг болгож, үнийн зөрүүг банкны эх үүсвэрээс шийдвэрлэсэн болгож урьд хийсэн холбогдох гэрээ хэлцлийг хүчингүй болгох аргаар дахин гэрээ байгуулсан. Банкны хувьд ажиллагсдын урьдчилгааг төлөх байсан бол орон сууцны үнийг өсгөх ямар шаардлагатай юм. Үнэ хямд байх нь урьдчилгааны үнийн дүн хямд тусах ёстой. Гэтэл үнийг өсгөж байж урьдчилгаа төлдөг, орон сууцны үнийг барилгын компани Капитал банктай тохирч өсгөдөг зэрэг нь банк, барилгын компани хоёрын нийтлэг эрх ашгийг харуулж байна.

Банк Б.Зулцэцэгийн орон сууцны зээлийн урьдчилгааг төлсөн юм бол тус зээлийг бусад ажиллагсдын зээлийг худалдсан шигээ яагаад МИК-т худалдахгүй байгааг тодруулах шаардлагатай. Банк урьдчилгаанд хүү тооцож байгааг хууль зүйн хувьд зээл гэж үзвэл банкинд бүртгэлтэй зээлийн данс хувийн хэрэг байгаа эсэх, уг зээл Монгол банкинд бүртгэлтэй зэргийг тодруулах ёстой. Иргэний хууль болоод Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг зөрчиж хийгдсэн гэрээг шаардах эрхийн үндэслэл болгож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч Б.Зулцэцэгээс санхүүгийн дэмжлэг буюу орон сууцны урьдчилгаа төлбөр18 495 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 531 272 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287 901 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250 245 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Талууд тохиролцож 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байгуулж, банк 41.10 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахад нь зориулж 73 980 000 төгрөгийн зээл олгосноос, 18 459 000 төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон төлөх, ажилтан 10 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах тохиолдолд урьдчилгааны 10 хувийг хөнгөлөх, энэ хугацаанд ажиллаагүй бол ажилтан урьдчилгааг хүүтэй буцаан төлөхөөр тохиролцсон. 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, дээрх нөхцөл болзлыг баталгаажуулсан. Ингээд банк 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Би Энд Си” ХХК-ийн Капитал банк дахь дансанд 18 495 000 төгрөг шилжүүлж, улмаар 73 980 000 төгрөгийн ипотекийн зээлийг олгосон.

Гэвч Б.Зулцэцэг удаа дараа сахилгын зөрчил гаргаж 2015 оны 12 дугаар сарын 28-ны 1194 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тул банк санхүүгийн дэмжлэгээр урьдчилгаанд олгосон 18 459 000 төгрөг, хүү 7 531 272 төгрөг, нийт 25 990 272 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож хууль буруу хэрэглэн, тооцооны илт алдаатай шийдвэр гаргасан.

Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээнд тогтвор суурьшилтай ажиллавал санхүүгийн дэмжлэгийг буцаахгүй, аливаа шалтгаанаар гарах тохиолдолд гэрээний 9/5.2-т зааснаар хүүтэй буцаан төлөхөөр тохирсныг шүүх анхаараагүй, үндэслэх хэсэгт “...санхүүгийн дэмжлэгт хүү тооцсон нь үндэслэлгүй ...” гэж дүгнэсэн. Банк гэрээнд тодорхой заасан байхад ямар ч үндэслэлгүй хүү 7 531 272 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь алдаа болсон тул 25 990 272 төгрөгийг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулна уу гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч нь 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн, байнгын ажлын байранд хугацаатай гэрээг байгуулсан, хөдөлмөрлөх эрхэд халдсан, гэрээг хүчээр байгуулсан гэж маргасан боловч гэрээг хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэдэг нь баримтаар тогтоогдоогүй, уг гэрээг байгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд гэрээ байгуулагдсан” гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.2-т гэрээний хугацаа ... нийт 10 жил ... гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 33 дугаар тогтоолын 7. “Хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй. Харин энэ зүйлийн 23.2.2-т дээрх гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгаан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино” гэж тайлбарласан.

Гэтэл хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд хэний санаачилгаар 10 жилийн хугацаагаар гэрээ байгуулах болсон, талууд хэрхэн тохиролцсон, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл ямар болох, гэрээг хугацаатай байгуулах шалтгаан, нөхцөл, үндэслэл тодорхой тусгагдаагүй ба ажил олгогч үүнийгээ нотлох үүрэгтэй. Шийдвэрт “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар орон сууцны урьдчилгаа төлбөр 18 945 000 төгрөг олгосон гэдэг нь үндэслэлгүй, компанид уг мөнгө шилжээгүй, Засгийн газрын орон сууцжуулах 8 хувийн ипотекийн зээлийн хүрээнд хийгдсэн гэрээ гэж мэтгэлцсэн боловч тайлбараа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч ажиллагсдын орон сууцны зээлийн зөрүүд “Би Энд Си” ХХК-д мөнгө шилжүүлсэн нь хэрэгт авагдсан депозит дансны хуулга, мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч шилжүүлсэн орон сууцны урьдчилгаа төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй” гэжээ.

Нотлох баримтыг шүүх цаг хугацаагаар судлан үзвэл 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Би Энд Си” ХХК болон Б.Зулцэцэг нарын хооронд захиалгаар орон сууц бариулах гэрээ байгуулж, 41.1 м.кв орон сууцыг м.кв-ыг 1 350 000 төгрөгөөр тооцож, 55 485 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б.Зулцэцэг ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээний дагуу Капитал банкнаас 55 485 000 төгрөг зээлж орон сууцны төлбөр төлөгдсөн. Мөн өдөр Капитал банк, “Би Энд Си” ХХК, Б.Зулцэцэг нарын хооронд орон сууцны санхүүжилтийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээний 1.1-д “...орон сууц худалдах, авах барихад шаардагдах 55 485 000 төгрөг...” гэж тодорхой бичигдсэн. Байр худалдан авсан төлбөрийг “Би Энд Си” ХХК-д бүрэн шилжүүлсэн бөгөөд төлбөрийн үлдэгдэлгүй, 55 485 000 төгрөг төлснөөр “Би Энд Си” ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн нь тодорхой харагдана.

Шийдвэрт “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар банк ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор байрны урьдчилгааг төлж, ажилчид гэрээнд заасан хугацаанд өөрийн хүсэлт, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон тохиолдолд урьдчилгаа төлбөрийг банкинд төлж барагдуулахаар тохиролцсон тул хариуцагч нь орон сууцны урьдчилгаанд төлсөн санхүүгийн дэмжлэг болох 18 459 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй” гэж дүгнэжээ. Хариуцагч 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна.

Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний 1.2 “...нийт 10 жилийн хугацаатай байгуулав” гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөрчиж, ажилтан 10 жилийн дотор ажлаас чөлөөлөгдөх эрхийг боогдуулсан, чөлөөлөгдсөн тохиолдолд өндөр төлбөр, хүү төлөхөөр байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, Үндсэн хуулиар хамгаалсан хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Гэрээний 2.6 “Банкны ажилтанд ... орон сууцыг худалдан авахад зориулан нийт 73 980 000 төгрөгөөс 18 459 000 төгрөгийг төлж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ” гэж ажилтны тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлж байгаа мэт, бодитоор хэрэгжих боломжгүй, дүр үзүүлсэн хэлцэл хийсэн. Б.Зулцэцэг орон сууцыг 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Би Энд Си” ХХК-иас захиалгаар орон сууц бариулах гэрээний дагуу 55 485 000 төгрөгөөр худалдан авсан ба 2012 оны 5 дугаар сарын 04-ний ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ, орон сууцны санхүүжилтийн гэрээний дагуу банкнаас зээлсэн 55 485 000 төгрөгөөр уг төлбөрийг бүрэн төлсөн тул 18 459 000 төгрөгийн төлбөр төлөх үүрэггүй.

Гэтэл шүүх үүнийг анхаарч үзэлгүй “талуудын хооронд гэрээ байгуулагдсан, буцаан төлөх үүрэгтэй” гэж дүгнэсэн. Гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус тул уг гэрээний дагуу буцаан төлөх үүрэгтэй гэсэн ойлголт байх боломжгүй. Мөн “хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээгээр ажил олгогч нь ажилтан Б.Зулцэцэгийг тогтвортой, үр бүтээлтэй ажилласанд урамшуулал болгож, цаашид үр бүтээлтэй ажиллахад зориулан амьдрах орчин нөхцлийг сайжруулан ... нийт 73 000 000 төгрөгөөс 18 459 000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт төлж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ...” гэжээ. Үүнээс 3 жилийн өмнө 2012 онд байрны нийт үнэ 55 485 000 төгрөгийг банкны зээлээр төлж барагдуулсан тул өндөр үнээр дахин худалдан авах шаардлага байхгүй.

Капитал банкны ТУЗ-ийн 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоол нь иргэдийг орон сууцжуулах талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 135 дугаар тогтоолд нийцүүлж, нөхөж хийсэн шинжтэй. Тогтоолын нэг дэх хэсэгт 1 217 739 000 төгрөгийг шилжүүлэхийг гүйцэтгэх захиралд зөвшөөрсөн боловч ямар ажилчдын зээлийн төлбөр болох, ажилтан нэг бүр хэдэн төгрөгийн урьдчилгаа олгох, юу тооцон 1 217 739 000 төгрөг гаргасан нь тодорхойгүй. Мөн уг тогтоол гарснаас 18 хоногийн дараа гарсан 2013 оны 8 дугаар сарын 23-нд 12 тоот ТУЗ-ийн тогтоолын дагуу хийгдэх гүйлгээг гүйцэтгэх захирал баталсан. Уг гүйлгээний 13-т Б.Зулцэцэг бичигдсэн. Гэтэл Б.Зулцэцэгт 18 459 000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт төлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай асуудлаас хойно 3 жилийн дараа 2015 онд хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ хийсэн. 2012 онд үнийг төлж, худалдан авч өмчлөх эрх гэрчилгээгээр баталгаажсан орон сууц.

Иймд алдаатай, нотлох баримт, үйл баримтууд хоорондоо зөрүүтэй байхад шүүх хууль буруу тайлбарлан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч Б.Зулцэцэгт холбогдуулан орон сууцны санхүүгийн дэмжлэг болгон урьдчилгаа төлбөрт түүний өмнөөс төлсөн гэх 18 459 000 төгрөг, хүү 7 531 272 төгрөг, нийт 25 990 272 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбон тайлбарласныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хөдөлмөрийн гэрээгээр талууд ажиллах хугацаа болон бусад нөхцөл болзлын талаар тохиролцох эрхтэй бөгөөд хэрэгт авагдсан 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай 025 тоот гэрээгээр ажилтан Б.Зулцэцэгтэй байгуулсан гэрээний хугацаа 10 жил байх, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 9-80 тоот, 41.10 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахад зориулж нийт 73 980 000 төгрөгөөс 18 459 000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт төлж санхүүгийн дэмжлэг үзүүлэх,  ажилтан тогтвор сууршилтай ажиллах, энэ хугацаанд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тохиолдолд банкнаас олгосон дэмжлэгийг төлж барагдуулахаар тохиролцсон байна. /хх 15-16/

 

Гэвч нэхэмжлэгч нь дээрх нөхцлийн дагуу хариуцагчийн өмнөөс орон сууцны урьдчилгаа төлбөрийг тухайн орон сууц барьсан “Би Энд Си” ХХК-д бодитойгоор төлсөн тохиолдолд дээрх гэрээний дагуу хариуцагч талд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэг үүсэх учиртай. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч уг төлбөрийг барилгын компанид төлсөн нь нотлогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь орон сууцны барилгын ажил гүйцэтгэгч тал болох “Би Энд Си” ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээ, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 12 тоот тогтоол, орон сууцны зээлийн зөрүү шилжүүлэх мемориалын баримт зэргийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгожээ. Эдгээр баримтуудаар нэхэмжлэгч банк хариуцагч Б.Зулцэцэг нарын хооронд орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлөх тухай хэлцэл хийгдсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй, энэ талаар хариуцагчийн зөвшөөрсөн гарын үсэг бүхий баримтгүй байна.

 

Хариуцагч Б.Зулцэцэг 73 980 000 төгрөгөөр орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан, санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа төлбөрт 18 459 000 төгрөгийг нэхэмжлэгч компани төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ тодорхойлсон нь хэрэгт авагдсан 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээнд заасан орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1 350 000 төгрөг, олгосон зээлийн хэмжээ 55 485 000 төгрөг байх ерөнхий нөхцөл тохирч, барьцааны гэрээнд ч дээрх хэмжээгээр орон сууцны үнийг тодорхойлсон байдлаар нотлогдсон. Харин ажилтан Б.Зулцэцэгийг төлөөлж барилгын компанийн өмнө хариуцах төлбөрийн хэмжээ нэхэмжлэлд дурдсан хэмжээгээр тусгагдаагүй байна.

 

Дээрх үйл баримтыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч нь санхүүгийн дэмжлэгээр орон сууцны урьдчилгаа төлбөрт 18 459 000 төгрөгийг хариуцагч Б.Зулцэцэгийн өмнөөс бодитойгоор төлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчийн зээлийн урьдчилгаа төлбөрийг өмнөөс нь төлсөн болох нь эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлд заасан мөнгөн хөрөнгийг хариуцагчийн буруугаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирол шаардах эрх үүсэж болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Зулцэцэгээс 25 990 272 төгрөгийг гаргуулах тухай “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/01408 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Б.Зулцэцэгээс санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа төлбөрт олгосон гэх 18 459 000 төгрөг, хүүгийн төлбөрт 7 531 272 төгрөг, нийт 25 990 272 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 250 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгчийн 135 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Т.ТУЯА