| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0725/Э |
| Дугаар | 749 |
| Огноо | 2020-09-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 749
2020 09 14 2020/ШЦТ/749
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч С.Батгэрэл, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга Б.Аззаяа ,
Улсын яллагч П.Итгэл,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Жавзандулам
Иргэдийн төлөөлөгч П.Ганхуяг,
Шүүгдэгч С.Ө, түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ө-д холбогдох эрүүгийн 2011 00000 0732 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6 хороолол 45-38 тоотод бүртгэлтэй боловч тус дүүргийн 18 дугаар хороо Яргайтын зуслангийн задгайд оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
С.Ө,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүгдэгч С.Ө нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яргайтын зуслангийн задгайд хамтран амьдрагч Ж.Бадамцэцэгтэй “гэртээ орохгүй байна” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний хэвлийн тус газарт нь цохиж, өвдөглөн хэвлийн битүү гэмтэл буюу 12 хуруу гэдэсний тасрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас эмнэлэгт хүргэгдэж ирээд эмчилгээ хийлгэж байгаад нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би удаа дараа хохирогчийг зодож байсан гар хүрсэн гэдэг дээр үг хэлэх гэсэн юм. Талийгаачийн гарыг би хэзээ ч хугалж байгаагүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй гэдгээ хэлье. 6-7 жилийн өмнө өөрөө гараа хугалж байсан. Өнгөрсөн өвөл 00 орох гэж байгаад гараа хугалсан. Манай хөршүүд бүгд бид хоёрын харилцааг мэднэ. Бид хоёрын харилцааг бүх хүмүүс мэднэ. Би талийгаачийг зодож байгаагүй. Хүүхдүүд маань ч гэсэн хэлэх байх. Надад маш эмзэг сонсогдож байна. 6-7 жилийн өмнө цонхоо угааж байгаад гараа хугалсан. Найз Гэрлээ энэ талаар мэднэ. Бид хоёр хоорондоо яргайтын зусланд байшин барьж байсан. Бид 2 мөрөөдлийн байшингаа барьж байна гэж ярьж байсан. Талийгаач өөрөө байшиндаа хамаатнуудаа оруулна гэж ярьдаг байсан. Ийм зүйл ярьж байгаагүй байх. Манай талийгаач бол төрсөн ээжийнхээ төрсөн ахад өргүүлж Сүхбаатар аймагт өссөн гэж өөрөө хэлж байсан. Миний хувьд бол элдэв харгис зан байхгүй. 11 жилийн хугацаанд бид хоёр сайхан амьдаръя гэж бодож байсан. Талийгаачийн 2 хүүхдийг би өөрийнхөө хүүхэд шиг өсгөж байсан. Би хэзээ ч авгайгаа зодож байгаагүй. Манай гэр бүлд хүчирхийлэл байгаагүй. Би ямар ч юманд хариуцлагагүй хандаж байгаагүй. Би 2 сар хагас шоронд өдөр болгон залбирч байсан. Архи уугаад явж байхад нь би яагаад хараагүй явж байсан юм бол?, Анхаарал халамж яагаад дутуу тавьсан юм бол гэж харамсаж явдаг. 2020 оны 07 дугаар сарын 5, 6, 7-ны өдөр талийгаач архи уусан. Тэр хавийн хүмүүс харсан байсан. Архи зээлээр авсан байсан. Би гэртээ оруулах гэж байсан. Надад муухай юм ярьсан би тэрийг нь задалж яримааргүй байна. Би санаатай цохиж зодоод алъя гэж санаа бодол байгаагүй. 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш надад бие өвдлөө гэж хэлээгүй. Тухайн үед би амыг нь дарсан, ноцолдсон, санаатай, хүчтэй цохисон гэж бодохгүй байна.Гэхдээ цохисон байж магадгүй юм.Өвдгөөрөө бол дарсан.Өөрөө эмнэлэг явъя гэж хэлээгүй, хоолоо хийгээд юмаа угаагаад усаа зөөгөөд явж байсан.Гэдэс өвдөөд бөөлжөөд байхаар нь шартсан л гэж бодсон...” Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна...харин үйлдсэн хэргээ зөвшөөрч байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Жавзандулам нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай эгчийн хүүхэд нь одоо манай ээж дээр Сүхбаатар аймагт амьдарч байгаа. Манай эгч над руу утсаар залгаад намайг хайчаар зодоод байна амь авраач гэж удаа дараа хэлж байсан. Ах цаана нь муухай орилоод байдаг байсан. 3-4 хоногийн дараа очиход эвтэй байж байдаг байсан. Над руу бол зоддог талаар хэд хэдэн удаа хэлж байсан. Эцсийн эцэст нэг нь ял эдэлж, нөгөө нь шороон доор орлоо. 6 хүүхдийн хувь тавилан хэцүү байна. Уг нь одоо амьдарч байгаа байшин нь сайхан дулаахан. Нас барахынхаа өмнө бүх юмаа захиж үлдээдэг юм байна. Би 07 дугаар сарын 04-ний өдөр том хүүг нь аваад очсон. 07 дугаар сарын 05-ны өдөр өглөө нь ахаас материал дутчихлаа гэж гэрт нь очиход ах нь туслалгүй яах вэ гээд байж байсан. Мөнгө өгөхөөр архи уудаг. Хоёулаа л болохгүй байсан. Эцсийн эцэст ийм үр дүнд хүрлээ. Одоо цаашид хүүхдүүд нь гэр оронгүй яах бэ энэ хэцүү байна. Шүүх хуралдааны дараа би хүүхдүүдийг нь авна. Хүүхдүүдийг нь би гэр оронтой болгомоор байна. Сэтгэл санааны хохирлыг мөнгөөр үнэлж болохгүй гэж үзэж байна. Би өөрөө 5 хүүхэдтэй. Эгчийнх 6 хүүхэдтэй. Насанд хүрээгүй 3 хүүхэд байна. Хүүхдийн асуудал хэцүү байна. Ажил явдлын үеэр С.Өгийн ар гэрээс хэрэглээрэй гэж 3.000.000 төгрөг өгсөн...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Иргэн Ж.Жавзандуламаас Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 04-р хуудас/,
Хууль ёсны төлөөлөгч Ж.Жавзандуламын “...2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн өглөөний 10:00 цагийн үед байхаа Гэмтлийн эмнэлэгийн эмч нь гэх нэг эмэгтэй хүн миний утас луу залгаад надаас Бадамцэцэг гэх хүнийг таних уу? гэхээр нь би тэр эмчид наад хүнийг чинь би танина, миний төрсөн эгч байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл тэр эмч надад энэ хүн ухаангүй гэмтлийн эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн байна, яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай байгаа тул манай эмнэлэг дээр хурдан хүрээд ир гэхээр нь би шууд яваад 12:00 цагийн орчимд гэмтлийн эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очиход манай эгч хагалгаанд орчихсон байсан бөгөөд хагалгаа нь дуусаад эмч нь гарч ирэхээр нь уулзахад хагалгаа хийгээд шаардлагатай бүх зүйлийг хийлээ, биеийн байдал нь маш хүнд байна. 12 нугалаа гэдэс нь задарч баас шээстэйгээ холилдсон, сая хагалгаа хийж байхад зүрх нь зогсоод эргээд ажиллаа, одоо шууд сэхээнд орлоо гэж хэлсэн. Мөн маш хүнд найдваргүй байна шүү, ах дүү нараа дуудаарай гэж хэлсэн. Тэгээд манай эгч гэмтлийн эмнэлэгийн сэхээнд ухаан орохгүй эмчлэгдэж байгаад маргааш өглөө нь буюу 2020 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 06 цаг 10 минутанд нас барсан юм...Бид нар эхээс 4-үүлээ бөгөөд Ж.Бадамцэцэг нь миний төрсөн эгч байгаа юм. Манай эгч Ж.Бадамцэцэг 1977 онд Дорнод аймагт төрсөн бөгөөд бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөгөөд Сүхбаатар аймагт дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ирж оёдлын үйлдвэрт ажиллаж байгаад Энхтүвшин гэх хүнтэй гэрлээд дундаасаа хоёр хүүхэдтэй болсон. Тэгээд одоогоос 10 гаруй жилийн өмнө нөхөр нь буюу Энхтүвшин нь элэгний өвчнөөр нас бараад энэ С.Өтэй хамт амьдрах болсон юм. Тэгээд эгч маань С.Өтэй хамт амьдраад 2009 онд дундаасаа Мандахнаран гэдэг нэг охин төрүүлсэн сая нас барах хүртлээ С.Ө болон охинтойгоо хамт Яргайтын зусланд амьдарч байсан юм. Мөн манай эгч Баянбүрдийн орчимд байх үсчинд ажилладаг байсан. Манай эгч зан байдлын хувьд төлөв даруу, хүнтэй нийтэч, нөхөрсөг зантай, цагаан цайлган зантай хүн байсан. Манай эгч тамхи татдаг ба архийг бол тохируулаад хэрэглэдэг. Архи уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй байсан... Би гомдолтой байна. Энэ хэргийг хуулийн дагуу шалгуулж шийдвэрлүүлнэ. Би бага охин Мандахнаранг өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байгаа. Талийгаачийн ажил явдлын үеэр С.Өгийн хамаатан садангууд буяны ажилд нь хэрэглээрэй гээд 3.000.000 төгрөг өгсөн. Цаашдаа баримтаа бүрдүүлж байгаад үлдэгдэл хохирлоо нэхэмжилнэ... Талийгаачийг урьд нь С.Ө зоддог байсан. Талийгаач урьд нь хэд хэдэн удаа нүд ам нь хөхөрсөн, гар нь хугарсан гэмтсэн байдаг байсан боловч өөрөө нуугаад С.Өд зодуулснаа хэлдэггүй байсан. Сүүлд 4,5-р сарын үед талийгаач над луу утсаар яриад С.Ө зодоод гар гэмтээсэн, ер нь л зодоод байна гэж уйлаад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,
Гэрч Ч.Алтангэрэлийн “...Би тэр айлд 2020 оны 07 дугаар сарын 07-ны үүрээр байх /цаг сайн санахгүй байна/ манай найз нар манай гэрт ирээд би гаргаж өгөөд буцаж гэртээ орох гэж С.Өгийн байшингийн хажуугаар гарсан чинь хаалга нь онгорхой эмэгтэй хүн ёо ёо гэх дуу гарсан. Би юу болж байгаа юм бол гэж бодож тэдний гэрт орсон чинь Бадамцэцэг хойд талын орон дээр хэвтсэн ёо ёо гээд байсан. Би эхнэр чинь бие нь өвдөөд байгаа юм уу эмч дуудах уу гэж Бадамцэцэгийн хөлийг барьж үзсэн. Тэгээд эхнэр чинь өвдөөд байгаа юм шиг байна шүү гэж хэлээд гарч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/,
Гэрч Н.Гантөмөрийн “...Би өнөөдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Бадамцэцэгийн 95525049 дугаар луу залгасан чинь Гэмтлийн эмнэлэгийн эмч утсыг нь аваад “Бадамцэцэг гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа” гэхээр нь би яваад очсон чинь Бадамцэцэгийн хүүхдүүд нь сахиж байсан юу болсон ямар гэмтэл авсан талаар асуусан чинь 12 нугалаа задарсан найдваргүй” гэж надад хэлсэн. Миний бодлоор С.Ө Бадамцэцэгийг гэмтээсэн гэж бодож байна..Бадамцэцэг ер нь ойрын 1-2 жилийн хугацаанд надтай уулзах тоолондоо “Намайг С.Ө байнга зодоод байна, яах уу, аймаар зодох юм, одоо салж чадахгүй юм хүүхдээ бодоод” гэдэг байсан яг хэзээ гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан 2019 оны өвөл нэг удаа Бадамцэцэг зүүн гарын шуу хэсгээ надад харуулсан чинь маш том хавдсан байхаар нь асуутал “С.Ө цохиод хугалчихсан юм аа” гэж надад хэлсэн, түүний дараа удалгүй дахиж нэг уулзахад нүд нь хавдсан байдалтай хөх няц болчихсон байхаар нь асуутал “С.Ө зодоод” гэж байсан.Ер нь сүүлийн 1-2 жилийн хугацаанд би Бадамцэцэгийг 5-6 удаа зодуулсан байдалтай байхыг нь харсан учир би С.Өг зодсон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,
Гэрч Б.Энхбаярын “...Би ГССҮТ-ийн хүлээн авах тасгийн их эмчийн ажилтай бөгөөд өчигдөр буюу 2020.07.08-ны өдөр ажлаа хийж байх явцад 103-аар 43 настай эмэгтэй Ж.Бадамцэцэг гэх эмэгтэй хүргэгдэж ирсэн. Уг хүнийг хүлээн авч үзлэг хийхэд тухайн хүн архи уугаагүй эрүүл байсан ба асуусан асуултад хариулж байсан. Биеийн байдлын хувьд хэвлийгээр өвдөж байна гэсэн зовиуртай, юу болсныг асуухад 2 хоногийн өмнө нөхөртөө зодуулсан гэж хэлсэн. Яагаад 2 хоног эмнэлэгт хандаагүй талаар асуухад би гэртээ байсан ба нуугаад хэлээгүй, өвдөөд болохгүй байхаар нь түргэн дуудсан гэж хэлсэн. Ингээд амь насны заалтаар яаралтай хагалгаанд оруулсан. Хагалгаанд ороход нарийн гэдэс нь тасарч гэмтсэн байсан гэж би мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1459 дугаартай “...Талийгаач Ж.Бадамцэцэг нь хэвлийн битүү гэмтлийн улмаас үүссэн хэвлийн гялтгангийн бааст түгмэл үрэвсэлээр хүндэрч, биеийн ерөнхий хордлогонд орж, олон эрхтэний дутагдлаар нас баржээ. Талийгаач Ж.Бадамцэцэгийн биед хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний тасрал, үхжил, хэвлийн хөндий дэх гэдэсний агуулагдахуун /1000 мл/, цээж, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний тасрал, үхжил, хэвлийн хөндий дэх гэдэсний агуулагдахуун /1000 мл/ гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цээж, шилбэнд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтлүүдийн хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний тасал, үхжил, хэвлийн хөндий дэх гэдэсний агуулагдахуун /1000 мл/ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цээж, шилбэнд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлийг авснаас хойш тодорхой хугацаанд хүндрэл үүсэх хүртэл идэвхтэй үйл хөдлөл хийнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байх ба мохоо зүйлийн цохих, цохигдох үед үүсэх боломжтой, унах үед үүсэх боломжгүй. Талийгаач нь элэгний архаг хууч өвчтэй байх ба энэ нь үхэлд нөлөөлөхгүй. Талийгаачийн цусанд химийн шинжилгээгээр спиртийн зүйл илрээгүй байна. Талийгаач нь ГССҮТ-ийн өвчний түүхэнд 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06 цаг 12 минутанд нас баржээ. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн байна. Талийгаачид эмнэлгийн яаралтай нарийн мэргэжлийн тусламж үзүүлж цаг хугацаанд нь мэс засал хийсэн бол амь насыг аврах боломжтой байжээ. Талийгаач эмнэлэгт хожуу ханджээ...” гэх дүгнэлт /хх-ийн 63-68-р хуудас/,
Хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-12-р хуудас/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 122/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 112/ мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Ө нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яргайтын зуслангийн задгайд хамтран амьдрагч Ж.Бадамцэцэгтэй “гэртээ орохгүй байна” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний хэвлийн тус газарт нь цохиж, өвдөглөн хэвлийн битүү гэмтэл буюу 12 хуруу гэдэсний тасрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулж, тус гэмт үйлдлийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн иргэн Ж.Жавзандуламаас Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 04-р хуудас/, хууль ёсны төлөөлөгч Ж.Жавзандуламын “...энэ С.Ө-тэй хамт амьдрах болсон юм. Тэгээд эгч маань С.Ө-тэй хамт амьдраад 2009 онд дундаасаа Мандахнаран гэдэг нэг охин төрүүлсэн сая нас барах хүртлээ С.Ө болон охинтойгоо хамт Яргайтын зусланд амьдарч байсан юм. Мөн манай эгч Баянбүрдийн орчимд байх үсчинд ажилладаг байсан. Манай эгч зан байдлын хувьд төлөв даруу, хүнтэй нийтэч, нөхөрсөг зантай, цагаан цайлган зантай хүн байсан. Манай эгч тамхи татдаг ба архийг бол тохируулаад хэрэглэдэг. Архи уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй байсан... Би гомдолтой байна. Энэ хэргийг хуулийн дагуу шалгуулж шийдвэрлүүлнэ. Би бага охин Мандахнаранг өөрийн асрамждаа авах хүсэлтэй байгаа. Талийгаачийн ажил явдлын үеэр С.Өгийн хамаатан садангууд буяны ажилд нь хэрэглээрэй гээд 3.000.000 төгрөг өгсөн. Цаашдаа баримтаа бүрдүүлж байгаад үлдэгдэл хохирлоо нэхэмжилнэ... Талийгаачийг урьд нь С.Ө зоддог байсан. Талийгаач урьд нь хэд хэдэн удаа нүд ам нь хөхөрсөн, гар нь хугарсан гэмтсэн байдаг байсан боловч өөрөө нуугаад С.Ө-д зодуулснаа хэлдэггүй байсан. Сүүлд 4,5-р сарын үед талийгаач над луу утсаар яриад С.Ө зодоод гар гэмтээсэн, ер нь л зодоод байна гэж уйлаад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/, гэрч Ч.Алтангэрэлийн “...Би тэр айлд 2020 оны 07 дугаар сарын 07-ны үүрээр байх /цаг сайн санахгүй байна/ манай найз нар манай гэрт ирээд би гаргаж өгөөд буцаж гэртээ орох гэж С.Ө-гийн байшингийн хажуугаар гарсан чинь хаалга нь онгорхой эмэгтэй хүн ёо ёо гэх дуу гарсан. Би юу болж байгаа юм бол гэж бодож тэдний гэрт орсон чинь Бадамцэцэг хойд талын орон дээр хэвтсэн ёо ёо гээд байсан. Би эхнэр чинь бие нь өвдөөд байгаа юм уу эмч дуудах уу гэж Бадамцэцэгийн хөлийг барьж үзсэн. Тэгээд эхнэр чинь өвдөөд байгаа юм шиг байна шүү гэж хэлээд гарч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/, гэрч Н.Гантөмөрийн “...Би өнөөдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Бадамцэцэгийн 95525049 дугаар луу залгасан чинь Гэмтлийн эмнэлгийн эмч утсыг нь аваад “Бадамцэцэг гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа” гэхээр нь би яваад очсон чинь Бадамцэцэгийн хүүхдүүд нь сахиж байсан юу болсон ямар гэмтэл авсан талаар асуусан чинь 12 нугалаа задарсан найдваргүй” гэж надад хэлсэн. Миний бодлоор С.Ө Бадамцэцэгийг гэмтээсэн гэж бодож байна..Бадамцэцэг ер нь ойрын 1-2 жилийн хугацаанд надтай уулзах тоолонд “Намайг С.Ө байнга зодоод байна, яах уу, аймаар зодох юм, одоо салж чадахгүй юм хүүхдээ бодоод” гэдэг байсан яг хэзээ гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан 2019 оны өвөл нэг удаа Бадамцэцэг зүүн гарын шуу хэсгээ надад харуулсан чинь маш том хавдсан байхаар нь асуутал “С.Ө цохиод хугалчихсан юм аа” гэж надад хэлсэн, түүний дараа удалгүй дахиж нэг уулзахад нүд нь хавдсан байдалтай хөх няц болчихсон байхаар нь асуутал “С.Ө зодоод” гэж байсан.Ер нь сүүлийн 1-2 жилийн хугацаанд би Бадамцэцэгийг 5-6 удаа зодуулсан байдалтай байхыг нь харсан учир би С.Ө-г зодсон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/, гэрч Б.Энхбаярын “...Би ГССҮТ-ийн хүлээн авах тасгийн их эмчийн ажилтай бөгөөд өчигдөр буюу 2020.07.08-ны өдөр ажлаа хийж байх явцад 103-аар 43 настай эмэгтэй Ж.Бадамцэцэг гэх эмэгтэй хүргэгдэж ирсэн. Уг хүнийг хүлээн авч үзлэг хийхэд тухайн хүн архи уугаагүй эрүүл байсан ба асуусан асуултад хариулж байсан. Биеийн байдлын хувьд хэвлийгээр өвдөж байна гэсэн зовуурьтай, юу болсныг асуухад 2 хоногийн өмнө нөхөртөө зодуулсан гэж хэлсэн. Яагаад 2 хоног эмнэлэгт хандаагүй талаар асуухад би гэртээ байсан ба нуугаад хэлээгүй, өвдөөд болохгүй байхаар нь түргэн дуудсан гэж хэлсэн. Ингээд амь насны заалтаар яаралтай хагалгаанд оруулсан. Хагалгаанд ороход нарийн гэдэс нь тасарч гэмтсэн байсан гэж би мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1459 дугаартай “...Талийгаач Ж.Бадамцэцэг нь хэвлийн битүү гэмтлийн улмаас үүссэн хэвлийн гялтганын бааст түгмэл үрэвслээр хүндэрч, биеийн ерөнхий хордлогод орж, олон эрхтний дутагдлаар нас баржээ. Талийгаач Ж.Бадамцэцэгийн биед хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний тасрал, үхжил, хэвлийн хөндий дэх гэдэсний агуулагдахуун /1000 мл/, цээж, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний тасрал, үхжил, хэвлийн хөндий дэх гэдэсний агуулагдахуун /1000 мл/ гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цээж, шилбэнд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтлүүдийн хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний тасал, үхжил, хэвлийн хөндий дэх гэдэсний агуулагдахуун /1000 мл/ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цээж, шилбэнд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлийг авснаас хойш тодорхой хугацаанд хүндрэл үүсэх хүртэл идэвхтэй үйл хөдлөл хийнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байх ба мохоо зүйлийн цохих, цохигдох үед үүсэх боломжтой, унах үед үүсэх боломжгүй. Талийгаач нь элэгний архаг хууч өвчтэй байх ба энэ нь үхэлд нөлөөлөхгүй. Талийгаачийн цусанд химийн шинжилгээгээр спиртийн зүйл илрээгүй байна. Талийгаач нь ГССҮТ-ийн өвчний түүхэнд 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06 цаг 12 минутад нас баржээ. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн байна. Талийгаачид эмнэлгийн яаралтай нарийн мэргэжлийн тусламж үзүүлж цаг хугацаанд нь мэс засал хийсэн бол амь насыг аврах боломжтой байжээ. Талийгаач эмнэлэгт хожуу ханджээ...” гэх дүгнэлт /хх-ийн 63-68-р хуудас/, хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-12-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй, зодож байгаагүй гэх асуудал нь шүүгдэгчийн мэдүүлгээс өөр баримтгүй тул дангаар нь шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боломжгүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.
Шүүгдэгч С.Ө-ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч нас барсан нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт.
Шүүх хэрэг гарсан нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч С.Ө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Жавзандуламын хохирогч, гэрчээр өгсөн ...одоогоос 10 гаран жилийн өмнө нөхөр нь буюу Энхтүвшин нь элэгний өвчнөөр нас бараад энэ С.Ө-тэй хамт амьдрах болсон. Тэгээд хамт амьдраад 2009 онд дундаасаа Мандахнаран гэдэг охин төрүүлсэн, сая нас барах хүртлээ хамт амьдарч байсан...талийгаачийг урьд С.Ө зоддог байсан.Талийгаач урьд нь хэд хэдэн удаа нүд ам нь хөхөрсөн, гар нь хугарсан гэмтсэн байдаг байсан боловч өөрөө нуугаад С.Ө-д зодуулснаа хэлдэггүй байсан.Сүүлд 4,5 сарын үед талийгаач над руу залгаад С.Ө зодоод гар гэмтээсэн, ер нь л зодоод байна гэж уйлаад хэлж байсан ...гэх мэдүүлэг / хх-40, 50 хуудас/, гэрч Н.Гантөмөр мөрдөн байцаалтад өгсөн ... Миний бодлоор С.Ө Бадамцэцэгийг гэмтээсэн гэж бодож байна..Бадамцэцэг ер нь ойрын 1-2 жилийн хугацаанд надтай уулзах тоолонд “Намайг С.Ө байнга зодоод байна, яах уу, аймаар зодох юм, одоо салж чадахгүй юм хүүхдээ бодоод” гэдэг байсан яг хэзээ гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан 2019 оны өвөл нэг удаа Бадамцэцэг зүүн гарын шуу хэсгээ надад харуулсан чинь маш том хавдсан байхаар нь асуутал “С.Ө цохиод хугалчихсан юм аа” гэж надад хэлсэн, түүний дараа удалгүй дахиж нэг уулзахад нүд нь хавдсан байдалтай хөх няц болчихсон байхаар нь асуутал “С.Ө зодоод” гэж байсан.Ер нь сүүлийн 1-2 жилийн хугацаанд би Бадамцэцэгийг 5-6 удаа зодуулсан байдалтай байхыг нь харсан учир би С.Ө-г зодсон байх гэж бодож байна.../ хэргийн 46 хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Э.Төрмөнхийн өгсөн ...С.Ө урьд нь намайг хамт амьдардаг байхад архи уучхаад ээжийг цохиж зоддог байсан.Сүүлд хамт байхаа больсон үед ч гэсэн хааяа очиход нүд ам нь хөхөрсөн, гар нь гэмтчихсэн байдалтай байдаг байсан.Ээж надад С.Ө-д зодуулдаг талаараа нуугаад хэлдэггүй байсан. Харин архи уусан жаахан халамцуу байх үедээ С.Ө намайг зоддог, би дүүг чинь бодоод хамт байж байна гэж хэлж байсан.../хавтас хэргийн 58-59 хуудас/, мөн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яргайтын зуслангийн задгайд хамтран амьдрагч Ж.Бадамцэцэгтэй гэртээ орохгүй байна гэх асуудлаас болж маргалдан улмаар амыг нь таглах, түүний хэвлийн тус газарт нь цохиж, өвдөглөн хэвлийн битүү гэмтэл буюу 12 хуруу гэдэсний тасрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулж, тус гэмт үйлдлийн улмаас хохирогч эмнэлэгт эмчилгээ хийгдээд нас барсан үйл баримтууд тогтоогдсон, амь хохирогчид учирсан амь насанд нь аюултай хүнд гэмтэл нь шүүгдэгчийн зүгээс хэвлийн тус газарт нь цохиж, өвдөглөн хэвлийн битүү гэмтэл буюу 12 хуруу гэдэсний тасрал бүхий гэмтлийг авсан болох нь тогтоогдсон болно.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнээс үзвэл С.Ө нь талийгаачийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яргайтын зуслангийн задгайд хамтран амьдрагч Ж.Бадамцэцэгтэй “гэртээ орохгүй байна” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний хэвлийн тус газарт нь цохиж, өвдөглөн хэвлийн битүү гэмтэл буюу 12 хуруу гэдэсний тасрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулж, тус гэмт үйлдлийн улмаас хохирогч Ж.Бадамцэцэг нь Гэмтэл согог үндэсний төвд 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цагт хүргэгдэн ирж эмчлүүлж байгаад 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 06:12 цагт нас барсан /хх-ийн 16 дугаар хуудас осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, өвчний түүх 20 дугаар хуудас, яаралтай тусламжийн хуудас хх-ийн 25 дугаар хуудас, Мэс заслын өмнөх дүгнэлт 28 дугаар хуудас, Төгсгөлийн эпикриз 35 дугаар хуудас, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1459 дугаартай дүгнэлт 64 дүгээр хуудас, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл 76 дугаар хуудас, нас барсны гэрчилгээ 126 дугаар хуудас/ зэрэг хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас шүүгдэгчийн үйлдэл түүний улмаас үүдэн гарсан хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой.
С.Ө-ийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн “нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.
Шүүгдэгч С.Ө, талийгаач Бадамцэцэг нар хамтран амьдрагч, гэр бүлийн гишүүд болох нь Ө.Мандахнарангийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 126 х/-ны баримт, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.
Шүүгдэгч С.Ө өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарласан, түүнийг хүсэж, дээрх хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байсан гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Шүүгдэгч С.Ө-ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсныг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болгож хуульчилсан тул прокуророос С.Ө-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Иргэдийн төлөөлөгч: Шүүгдэгч С.Ө-г гэм буруутай гэх саналыг гаргасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ө-ийн ар гэрээс 3 000 000 төгрөг өгсөн, цаашид баримтаа бүрдүүлж байгаад хохирлоо нэхэмжилнэ, одоогоор гаргаж өгөх баримт байхгүй, санал хүсэлтгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 40 х, 136х/-ээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1-д заасан ялын зорилгод нийцүүлэн 8 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй, хэргийн байдал бүрэн нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар 3/2 хэтрүүлэхгүй ял шийтгэл оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.
Иймд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч С.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Ө-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд ахуйн хүрээнд архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг ихтэй, мөн төлөх төлбөргүй зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс 07 жилийн хорих ял оногдуулж, хувийн байдлын хувьд өмнө ял шийтгэлгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан уг хорих нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.
Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө, Ж.Бадамцэцэг нарын 2011 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Ө.Мандахнаранд зохих асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө-ийн цагдан хоригдсон 67 хоногийг түүний эдлэх ялаас хасаж, шүүгдэгч С.Ө-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ө-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 67 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө, Ж.Бадамцэцэг нарын 2011 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Ө.Мандахнаранд зохих асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгасугай.
7. Шүүгдэгч С.Ө-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ө-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ
ШҮҮГЧИД С.БАТГЭРЭЛ
П.АРИУНБОЛД