| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0733/Э |
| Дугаар | 755 |
| Огноо | 2020-09-16 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 755
2020 09 16 2020/ШЦТ/755
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 2011 00000 0863 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухар гудамж 04-43 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
Ц.Б,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэрч Т.Сэлэнгийн “...2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Ц.Б, Золжаргал бид гурав хороололд буудалд хоноод 2020 оны 08 дугаар сарын 17-ны өглөө Ц.Б Золжаргалыг ажил руу нь хүргэж өгнө гээд явсан юм би араас нь явж очоод Ц.Б-тай 7 буудал дээр уулзаад 12 цагийн үед ЭБО төвийн буудалд өрөө аваад ууж байгаад л унтаад өгсөн тэгээд орой нь 18 цагийн үед Золжаргал ажлаа тараад бид нар дээр дээр ирсэн тэгээд бид хэд ууж байгаад хэсэг унтаж байгаад сэртэл Жаргал, Ц.Б бид гурав өрөөнд байсан гаднаас Золжаргал нэг пиво барьчихсан орж ирсэн тэгээд Ц.Б, Золжаргал нар хоорондоо маргалдаж байсан гэтэл гэнэт шил хагарахаар нь хартал Золжаргал пивоны хагархай шил барьчихсан зогсож байсан. Ц.Б шилтэй гарыг нь барьж аваад 2 алгадаж байсан. Тэгээд хоорондоо ноцолдоод буудлын үйлчлэгч дуудаад Ц.Б гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 9537 дугаартай “...Н.Золжаргалыг биед зүүн хөмсөг, зүүн чихний дэлбэн, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний зовхи, баруун шуу, цууж, зүүн өвдөг, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ц.Б-ын “...2020 оны 08 дугаар сарын 17-ны 12 цагийн үед ЭБО төвийн зочид буудалд Сэлэнгэ гэх найзын хамт орсон тэгээд архи уугаад байж байсан. Н.Золжаргал ажлаа тараад 18 цагийн үед ирсэн учраас удалгүй Жаргал найз маань ирсэн тэгээд бид дөрөв Сэлэнгэ, Жаргал бид гурав архи уусан Золжаргал пиво уугаад сууж байсан. Тэгээд би жоохон унтаж, амарч байгаад сэртэл Золжаргал байхгүй байхаар нь мессеж бичтэл би дор караокед байна гэсэн би тэгээд хардаад мессежээр маргалдсан тэгээд удалгүй Золжаргал шилтэй пиво бариад ороод ирсэн тэгээд би Золжаргалтай хэрэлдээд маргалдтал Золжаргал шилтэй пиво цонхны тавцан дээр цохиж хагалахаар нь би наад шилээ хая гээд нүүр лүү нь хоёр удаа алгадсан. Тэгээд миний нүүр лүү дайраад маажаад байхаар нь эрүү рүү нь түлхэж байгаад Жаргал, Сэлэнгэ хоёр бариад болиулахаар нь би гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлага /хх-ийн 28 дугаар хуудас/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 262 дугаартай тогтоол /хх-н 38 дугаар хуудас/, шүүгдэгч, хохирогч нараас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэгт тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах “ЭБО” зочид буудалд Н.Золжаргалыг бусадтай хардаж, улмаар биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн хохирогч Н.Золжаргалын “...Тэгээд би 30 минутаа дуусгаад өрөөнд нь яваад ортол намайг хаана янхандаж байгаад ирж байгаа юм гээд нүүр лүү минь 4-5 удаа алгадаж унагаасан, орон дээр түлхэж унагаагаад гараараа миний зүүн шанаа руу 2-3 удаа цохисон тэгээд эрэгтэй найз нь болиулсан тэгээд л намайг зайл гээд хөөхөөр нь би гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч Т.Сэлэнгийн “...Ц.Б шилтэй гарыг нь барьж аваад 2 алгадаж байсан. Тэгээд хоорондоо ноцолдоод буудлын үйлчлэгч дуудаад Ц.Б гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 9537 дугаартай “Н.Золжаргалыг биед зүүн хөмсөг, зүүн чихний дэлбэн, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний зовхи, баруун шуу, цууж, зүүн өвдөг, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.Б-ын “...2020 оны 08 дугаар сарын 17-ны 12 цагийн үед ЭБО төвийн зочид буудалд Сэлэнгэ гэх найзын хамт орсон тэгээд архи уугаад байж байсан. Н.Золжаргал ажлаа тараад 18 цагийн үед ирсэн учраас удалгүй Жаргал найз маань ирсэн тэгээд бид дөрөв Сэлэнгэ, Жаргал бид гурав архи уусан Золжаргал пиво уугаад сууж байсан. Тэгээд би жоохон унтаж, амарч байгаад сэртэл Золжаргал байхгүй байхаар нь мессеж бичтэл би дор караокед байна гэсэн би тэгээд хардаад мессежээр маргалдсан тэгээд удалгүй Золжаргал шилтэй пиво бариад ороод ирсэн тэгээд би Золжаргалтай хэрэлдээд маргалдтал Золжаргал шилтэй пиво цонхны тавцан дээр цохиж хагалахаар нь би наад шилээ хая гээд нүүр лүү нь хоёр удаа алгадсан. Тэгээд миний нүүр лүү дайраад маажаад байхаар нь эрүү рүү нь түлхэж байгаад Жаргал, Сэлэнгэ хоёр бариад болиулахаар нь би гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Хохирогч Н.Золжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй эвлэрсэн гэх тул шүүгдэгч Ц.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ