Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 758

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        09          17                                   2020/ШЦТ/758

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр, 

улсын яллагч Г.Анармөнх ,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн 2011 00000 0833 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Увс аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 1-4 тоотод оршин суудаг /иргэний үнэмлэхийн хаяг: Увс аймгийн Улаангом 1 дүгээр баг, 8 дугаар гудамж 3 тоот/, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 948 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан,

Б.Г

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тэди” худалдааны төвийн гадна авто зогсоол дээр хохирогч С.Батбаярыг машины урд купер рүү өшиглөлөө гэх шалтгаанаар зүүн, баруун шанаа руу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч С.Батбаярын “...2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 13 цаг 35 минутад “Тэди” худалдааны төвийн гадна зогсоол дээр машин оруулдаг хэсэг дээр түр зогсож  байхад 92-45 УНӨ дугаартай машин орж ирсэн. Тэр машины жолоочид тэнд сул зогсоол гарсан байна, тэнд очоод зогсчих гэж би 3 удаа шаардлага тавьсан. Тэгтэл тэр машины жолооч тэнд зогсоод бараа буулгачхаад явлаа гэсэн. Тэгэхээр нь би тэнд машин орж ирдэг хэсэг, тэнд зогсож болохгүй гэсэн чинь шууд машинаараа миний бие рүү тулаад ирсэн. Би машиных нь купер рүү зүүн хөлөөрөө зөөлөн нэг удаа өшиглөсөн чинь тэр машины жолооч машинаасаа бууж ирээд намайг шууд заамдаад машинд тулгаад түлхсэн. Түлхэх үед би толгойгоо машинд цохисон. Тэгэхээр нь би тэр жолоочийн энгэрээс зөрүүлж заамдаад түлхсэн. Тэр жолооч миний зүүн шанаа руу нэг удаа цохисон. Би дахиад бариад авсан чинь баруун шанаа руу зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд миний хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

Гэрч Б.Нямын “...манай ажилтан Батбаяр нэгэн үйлчлүүлэгчтэй маргалдлаа гэж станцаар мэдэгдсэн. Би яваад очиход Батбаяр нэг настай эрэгтэй хүнтэй хамт зогсож байсан. Би юу болсон талаар асуухад Батбаяр “энэ хүнд энд зогсож болохгүй, урагшаа явж зогс, наана чинь зогсож болохгүй” гэж 1-2 удаа шаардлага тавьсан чинь бууж ирээд намайг цохичихлоо гэж хэлсэн. Би настай эрэгтэй хүнээс юу болсон талаар асуухад би ачаа буулгах гээд танай энэ хүн тийшээ тавь гэж хэлэхээр нь ийшээ тавьсан юм. Тэгээд намайг урагшаа явж машинаа тавь гээд байхаар нь яваагүй. Тэгсэн чинь миний машин над руу танай ажилтан өшиглөсөн. Би уурандаа гарч ирээд цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 8642 дугаартай “...С.Батбаярын биед баруун нүдний алимын салстад цус хуралт, баруун хацарт зулгаралт, зүүн хацарт язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Г-н “...Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэди төвийн зогсоолд машинаа байрлуулж ачаа буулгах гээд орсон. Тэгсэн хамгаалагч урагшаа яв гэсэн. Би тэнд 3 ширхэг ачаа буулгачхаад хурдан явлаа гэж хэлсэн чинь хамгаалагч миний машины купер рүү өшиглөхөд нь би машинаасаа бууж ирээд хамгаалагчийг түлхсэн. Хамгаалагч миний шанаа руу нэг удаа цохисон. Би зөрүүлээд зүүн шанаа руу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэлтийн бүртгэл /хх-ийн 47-52 дугаар хуудас/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 261 дугаартай тогтоол /хх-н 68 дугаар хуудас/, шүүгдэгч, хохирогч нараас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-н 65-66 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэгт тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Жаргалсайхан нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тэди” худалдааны төвийн гадна авто зогсоол дээр хохирогч С.Батбаярыг машины урд купер рүү өшиглөлөө гэх шалтгаанаар зүүн, баруун шанаа руу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч С.Батбаярын “...Түлхэх үед би толгойгоо машинд цохисон. Тэгэхээр нь би тэр жолоочийн энгэрээс зөрүүлж заамдаад түлхсэн. Тэр жолооч миний зүүн шанаа руу нэг удаа цохисон. Би дахиад бариад авсан чинь баруун шанаа руу зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд миний хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/, гэрч Б.Нямын “...манай ажилтан Батбаяр нэгэн үйлчлүүлэгчтэй маргалдлаа гэж станцаар мэдэгдсэн. Би яваад очиход Батбаяр нэг настай эрэгтэй хүнтэй хамт зогсож байсан. Би юу болсон талаар асуухад Батбаяр “энэ хүнд энд зогсож болохгүй, урагшаа явж зогс, наана чинь зогсож болохгүй” гэж 1-2 удаа шаардлага тавьсан чинь бууж ирээд намайг цохичихлоо гэж хэлсэн. Би настай эрэгтэй хүнээс юу болсон талаар асуухад би ачаа буулгах гээд танай энэ хүн тийшээ тавь гэж хэлэхээр нь ийшээ тавьсан юм. Тэгээд намайг урагшаа явж машинаа тавь гээд байхаар нь яваагүй. Тэгсэн чинь миний машин над руу танай ажилтан өшиглөсөн. Би уурандаа гарч ирээд цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 8642 дугаартай “С.Батбаярын биед баруун нүдний алимын салстад цус хуралт, баруун хацарт зулгаралт, зүүн хацарт язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Г-н “...Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэди төвийн зогсоолд машинаа байрлуулж ачаа буулгах гээд орсон. Тэгсэн хамгаалагч урагшаа яв гэсэн. Би тэнд 3 ширхэг ачаа буулгачхаад хурдан явлаа гэж хэлсэн чинь хамгаалагч миний машины купер рүү өшиглөхөд нь би машинаасаа бууж ирээд хамгаалагчийг түлхсэн. Хамгаалагч миний шанаа руу нэг удаа цохисон. Би зөрүүлээд зүүн шанаа руу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хохирогч С.Батбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй эвлэрсэн гэх тул шүүгдэгч Б.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ