| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2020/0173/Э |
| Дугаар | 183 |
| Огноо | 2020-09-23 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 183
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч К.Е,
Шүүгдэгч Х.К нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Хн К-т холбогдох эрүүгийн 2013002000192 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Х-н К-т, РД:БГ88040630.
Шүүгдэгч Х.К нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны үеэр өөрийнх нь хотонд ирж нийлсэн 7 тооны алдуул бярууг 2020 оны 03 дугаар сар хүртэл үхэр сүрэгтээ байлгах хугацаанд 2 тооны бярууг алга болгож, үлдсэн 5 бярууны им тамгыг өөрчилж, өөрийн малын им тамгыг тавьж, завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Х.К мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Хоёр: Эрүүгийн 2013002000192 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Иргэн С.Ны хашаанд байсан 5 бяруунд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Иргэн С.Наас 5 тооны бяруу хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12 хуудас/,
Иргэн С.Наас хураан авсан 5 тооны бярууг эд мөрийн баримтаар тооцсон тухай тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
20 тооны адуу байсан газар үзлэг
Хохирогч Х.Мд хүлээлгэж өгсөн 5 тооны бяруунд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22 хуудас/,
Хохирогч нарын 20 тооны үхэр байсан гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27-рх/,
Хохирогч нар нь 13 тооны үхрийг олж авсан гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-29-рх/,
Хохирогч Х.Мы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие Ногооннуур сумын 1 дүгээр багт мал маллаж амьдардаг бөгөөд манайд нийт 140 гаруй сарлаг үхэр байснаас 20 тооны сарлаг үхэр гэнэт алга болсон, ... хэд хэдэн хоног хайж яваад нийт 13 тооны үхрийг олж авч манай үхэр сүрэгт авч ирээд нийлүүлсэн, алдагдсан 7 тооны үхрийн 3 тооны үхэр нь минийх, 4 тооны үхэр нь манай эгч Х.Бгийн үхэр байсан, ...уг 3 тооны үхрийн 1 нь хар төлтэй мухар, бяруу хөлийн шагай хэсэгт цагаантай, зөв тал чихний араас имтэй, буруу талын чихний араас имтэй, 2 дахь нь хээр амтай мухар халтар, хар бяруу ямар нэгэн им тамгагүй, 3 дахь нь хөх алаг зүсмийн гунжин үхэр, зөв талын чихний араас доголон ганзага имтэй, буруу чихний онь имтэй тамгагүй сарлаг үхэр байсан, бид нар уг 7 тооны үхрийг 2019 оны 11 дүгээр сарын үед Ногооннуур сумын 3-р багийн нутаг дэвсгэр болох Мухар зах гэх газарт бэлчээрт байсан үхэр сүрэг дотроос хулгайд алдсан. Хулгайд алдсан 7 бяруунаас 5 бярууг хуулийн байгууллагын ачаар Х.Кээс буцааж авсан бөгөөд алга болсон 2 бярууны үнэд Х.К нь нэг бярууг 400.000 төгрөгөөр тооцож, нийт 800.000 төгрөг бэлнээр төлж өгсөн. Одоо надад Х.Кээс нэхэмжлэх зүйл байхгүй. Х.К өөрийн ухамсраараа 2 бярууны үнэ төлж өгсөн учраас би түүнд тэр талаар бичиг хийж өгсөн ” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 44 дүгээр хуудас/,
Хохирогч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...уг 20 тооны үхрээс 13 тооны үхрийг бэлчээрээс олж авсан ба үлдсэн 7 тооны үхэр дандаа бага бярууг олоогүй байсан, ...7 тооны сарлаг үхрийн 3 тооны үхэр нь дүү болох Х.Мы, үлдсэн 4 тооны үхэр нь миний үхэр байсан. Миний хулгайд алдсан 4 тооны үхэр дөрвүүлээ бяруу байсан, ...4 бяруу бүгд им, тамгагүй, хүзүүвчтэй байсан ба 2 нь халзан, 2 нь хөх зүсмийн бяруу байсан. Зарим үед үхрүүд нэг нэгээрээ салж явдаг үе ч байдаг. Хамгийн сүүлд малаа 2019 оны 11 дүгээр сарын үед тоолоход бүрэн байсан. ..Би алдагдсан 4 бяруугаа Х.Кээс хүлээж авсан. Мөн надад малаа эрж хайхад гарсан зардал болох 30 литр бензиний мөнгийг Х.К бэлнээр төлж өгсөн учраас түүнээс нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 43-рх/
Гэрч Х.К-ын мөрдөн байцаалтын өгсөн: “Миний бие нөхөр С.Н болон 4 хүүхдийн хамт Бугат сумын 4-р багт хөдөө мал малладаг. Хэзээ гэдгийг нь санахгүй байна, ямар ч байсан энэ оны 3 сарын сүүлээр бид гэртээ амарч байхад шөнийн 02 цагийн үед гэрийн гадаа нэг машин ирж зогссон. Тэгээд таньдаг Худабай овогтой Көмек гэрт орж ирж миний нөхрийг орноос босгож аваад гадагшаа гарч машинаас юм буулгаж байсан. Удалгүй машин дуугараад Х.К буцаад явчихсан, ...маргааш өглөө босоод гадаа гарахад манай хашаанд 5 тооны сарлаг үхрийн бяруу байсан ба чих нь цус болсон шинээр им тавьсан байдалтай байсан. Тэгээд би нөхөр С.Наас энэ ямар учиртай мал вэ гэж асуухад Х.К энэ 5 тооны сарлаг үхрийн бярууг ирж автал харж байгаарай гэж үлдээгээд явсан гэсэн. Түүнээс хойш манай үхэр сүрэг дотор явж байгаа болно.,.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/
Гэрч Х.Ханатбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 3 сарын дундуур байх, нэг өглөө манай хөрш болох С.Ны малын хашаанд 5 тооны сарлаг үхрийн бяруу байсныг харсан бөгөөд түүнээс хойш Н хариулж байгаа болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/
Гэрч М.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нэг өдөр манай хадам ах Х.К ирж чиний портер машинаар нэг найзындаа хэдэн тооны сарлаг үхрийн бяруу хүргээд ирмээр байна. Хөлсөөр яваад ирье гэхээр нь Х.Кийн гэрт өдрийн 15 цагт очиж 5 тооны сарлаг үхрийн бярууг ачиж аваад Бугат сумын 4 дүгээр баг буюу рашааны наад талд байрлах нэг айлд шөнийн 02 цагийн үед авч ирж буулгасан ба Х.К үл таних нэг залууд тухайн 5 тооны сарлаг үхрийн бярууг өөрөө ирж авах хүртэл хариулж эзэн болоорой гэж захиж байсан, ...миний харж үзсэнээр тухайн 5 тооны бяруунууд нь хар зүсмийн хээр амтай зөв талын чих нь онь имтэй буруу талын чих нь бүтэн байсан. Төлтэй хар зүсмийн буруу талын хойд хоёр хөлийн шагай хэсэгт цагаантай, зөв талын чихний араас ухам, буруу талын чих нь тайрмал имтэй байсан. Хар хөх зүсмийн зөв талын чихний араас ухам, буруу талын чих нь бүтэн байсан. Хөх халзан зүсмийн хойд хоёр хөлийн шагай хэсэгт цагаантай зөв талын чихний араас ухам имтэй, буруу талын чих нь бүтэн байсан. Хөх халзан зүсмийн 3 хөлийн шагай хэсгээр цагаантай, зөв талын чихний араас ухам имтэй, буруу талын чих нь бүтэн байсан. Надад хадам ах Х.К уг 5 тооны бярууг “Миний өөрийн бяруунууд байгаа юм. Аралд байгаа нэг айлын малд нийлүүлэхгүй бол өвлөөс гарахгүй юм шиг байна” гэж хэлсэн. Би тухайн малыг хулгайн мал гэдгийг мэдээгүй бөгөөд надад ч тийм зүйл хэлээгүй. 5 тооны бярууг хадам ахын гэрээс ачаад өдөр 15 цагийн үед гарсан боловч замд голын мөсөнд машин сууж, арай гэж гараад очих айлаа хайж олох гэсээр байтал шөнийн 02.00 цаг болчихсон." гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/
Хөрөнгийн үнэлгээний “Мөнх эстимэйт” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 20/031 дугаартай ”Баян-Өлгий аймагт 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сарын хооронд 1 тооны сарлаг үхрийн бярууны зах зээлийн ханшийг 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /хх-ийн 60-61-рх/,
Шүүгдэгч Х.Кийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Би мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар мэдүүлсэн. 2019 оны 11 дүгээр сард байх, өвлийн улирал байсан. Нэг өглөө манай малын хотонд 7 тооны сарлаг үхрийн бяруунууд ирсэн. Тэгээд уг сарлаг үхрийн бяруунууд манай сарлаг үхэр сүрэгт нийлсэн байсан. Би тухайн бяруунуудыг эзэн нь ирж авах байх гэж хүлээж байсан ба гэрт мал харах хүн бүлгүй, мөн сүлжээгүй газар болохоор холбогдох газарт нь мэдэгдэж чадаагүй. Нэг өдөр үхэр сүрэг маань гадаа хоноод ирэхэд нөгөө гаднаас ирсэн 7 үхэр сарлаг бяруунаас 2 нь алга болчихсон байсан. Тэгээд би хэсэг хайгаад олоогүй. Дээрх 7 бяруу нь анх манай хотонд ирэхэд ямар нэгэн им тамгагүй байсан бөгөөд хавар 3 сарын дундуур өвөлжөөний бэлчээр муудахаар нь бод малуудаа Бугын гол руу оруулсан. Тухайн үед нөгөө үлдсэн 5 бярууг Бугын голд байдаг найз С.Ныд хүргэх үед зөв талын чихний араас ухам им тавьсан. Им тавьсан шалтгаан нь тэр 5 бяруу алга болчих байх гэж бодсон. Болсон асуудал энэ. Дээрх 5 тооны бярууг цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаж эхэлсний дараа бярууны эзэн гэх Мэндсайхан гэх хүнд бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Харин үлдэгдэл 2 бярууг нь нэгийг нь 400,000 төгрөгөөр бодоод нийт 800000 төгрөгийг Мэндсайханд өгсөн. Одоо бидний хоёрын дунд ямар нэгэн төлбөрийн асуудал байхгүй болно. Холбогдсон хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Кийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд:
Шүүгдэгч Х.Кийг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
2019 оны 11 дүгээр сарын 15-ны үеэр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг иргэн Хашдаагийн өвөлжөөний дээд талаас хохирогч Х.Б, Х.М нарын 20 тооны үхэр бэлчээрээс алга болсон, улмаар алдсан 20 тооны үхрээс 13 тооны үхрийг Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох иргэн А.Хуатханы өвөлжөөний дээд талаас олж авсан бөгөөд үлдэх 7 тооны сарлаг үхрийн бяруунууд нь шүүгдэгч Х.Кийн үхэр сүрэгт нийлж, 4 сар гаруйн хугацаанд тэдний малын хотонд, бэлчээрт үхэртэй нь хамт түүний эзэмшилд байсан болох нь 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Малд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11-р х/, эд зүйл баримт бичиг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12-рх/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 14-рх/,2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” /хх-ийн 18-22-рх/, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 20 тооны үхэр байсан гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/-хх-ийн 26-27-рх/, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 13 тооны үхэр олж авсан гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би алдагдсан 4 бяруугаа Х.Кээс хүлээж авсан. Мөн надад малаа эрж хайхад гарсан зардал болох 30 литр бензиний мөнгийг Х.К бэлнээр төлж өгсөн учраас түүнээс нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 43-рх/, хохирогч Х.Мы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” Хулгайд алдсан 7 бяруунаас 5 бярууг хуулийн байгууллагын ачаар Х.Кээс буцааж авсан бөгөөд алга болсон 2 бярууны үнэд Х.К нь нэг бярууг 400.000 төгрөгөөр тооцож, нийт 800.000 төгрөг бэлнээр төлж өгсөн. Одоо надад Х.Кээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 43-рх/, гэрч Х.Кын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2020 оны 3 сарын сүүлээр Х.К манайд шөнийн 02.00 цагт машинтай ирж нөхөр С.Ныг дуудаж босгоод юм буулгасан. Маргааш өглөө босоод гадаа гарахад манай хашаанд 5 тооны сарлаг үхрийн бяруу байсан ба чих нь цус болсон шинээр им тавьсан байдалтай байсан. Тэгээд би нөхөр С.Наас энэ ямар учиртай мал вэ гэж асуухад Х.К энэ 5 тооны сарлаг үхрийн бярууг ирж автал харж байгаарай гэж үлдээгээд явсан гэсэн. Түүнээс хойш манай үхэр сүрэг дотор явж байгаа болно” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-рх/, гэрч Х.Ханатбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” 2020 оны 3 сарын дундуур байх, нэг өглөө манай хөрш болох С.Ны малын хашаанд 5 тооны сарлаг үхрийн бяруу байсныг харсан бөгөөд түүнээс хойш Н хариулж байгаа болно” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-рх/, гэрч С.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”....Тэгээд портер машинд ачиж ирсэн 5 тооны сарлаг бярууг манай хашаанд шөнийн 02 цагийн үед буулгаж “чи энэ 5 сарлаг үхрийн бяруунуудад эзэн болж байгаарай, энэ 5 тооны бяруу миний өөрийн бяруу байгаа юм, дараа нь ирж авна” гэж хэлээд буцаж гэрт оролгүйгээр явсан. Түүнээс хойш уг 5 тооны бяруу манай үхэр сүрэгт байгаа бөгөөд би түүнийг байнга хариулж эзэн болж явсан юм. Тухайн 5 тооны бярууг манайд ачиж ирэхэд чихэнд шинээр ийм тавьсан байдалтай, чих нь цустай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-рх/, гэрч М.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... 5 тооны сарлаг үхрийн бярууг ачиж аваад Бугат сумын 4 дүгээр баг буюу рашааны наад талд байрлах нэг айлд шөнийн 02 цагийн үед авч ирж буулгасан ба Х.К үл таних нэг залууд тухайн 5 тооны сарлаг үхрийн бярууг өөрөө ирж авах хүртэл хариулж эзэн болоорой гэж захиж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-рх/, яллагдагч Х.Кийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн”Анх манай өвөлжөөнд нийт 7 тооны үхэр ирсэн бөгөөд 2 үхэр нь алга болсон.Үлдсэн 5 тооны үхэрт би зөв талын чихний араас ухам им тавьж, С.Ныд түр маллуулахаар хүргэж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн 2013002000192 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Хохирогч Х.Б, Х.М нарын 7 тооны сарлагийн бяруу хэн нэг этгээдийн оролцоотойгоор ижил сүргээсээ тасарсан, хулгайлагдсан гэх үндэслэл, нотолгоо хэрэгт авагдаагүй байх тул тэдгээр 7 тооны сарлагийн бярууг алдуул мал гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Алдуул мал бүртгэх, мэдээлэх” талаар зохицуулсан байх бөгөөд тус зүйлийн 11.2-д ”Иргэн, аж ахуйн нэгж байгууллага алдуул малын талаар нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх үүрэгтэй”, 11.4-д ”Алдуул болон хулгайлагдсан малыг бүртгэх, мэдээлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”,17.1-д ”Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заажээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан 2007 оны 140/80 дугаар тушаалаар батлагдсан “Алдуул малыг бүртгэх, мэдээлэх журам”-ын 1.3-д “Алдуул мал олсон этгээд нь энэ тухай мэдээллийг 3 хоногийн дотор сумын Засаг даргын Тамгын газар болон, баг, хорооны Засаг дарга, сумын хэсгийн төлөөлөгчид заавал мэдэгдэж тэмдэглүүлнэ” гэж тус тус заажээ.
Дээрх хууль,журмын заалтаар шүүгдэгч Х.К нь ямар нэг хариулгагүй, эзэн тодорхой бус байдлаар 7 тооны үхэр өөрийнх нь үхэр сүрэгт нийлж, түүний эзэмшилд байгаа талаар нутгийн захиргааны байгууллага болон Ногооннуур сумын хэсгийн төлөөлөгчид 3 хоногийн дотор заавал мэдэгдэж тэмдэглүүлэх үүрэгтэй байна.
Гэтэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Х.К нь 7 тооны алдуул малын талаар нутгийн захиргааны байгууллага болон сумын хэсгийн төлөөлөгчид мэдээлсэн гэх үндэслэл тогтоогдоогүйн дээр уг 7 тооны алдуул малын зөв талын чихний араас ухам им шинээр тавьж, С.Нд маллуулахаар өгсөн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан гэрч Х.К, Х.Х, С.Н нарын мэдүүлэг болон шүүгдэгч Х.Кийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд түүний энэхүү үйлдэл нь 7 тооны алдуул малыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг өөртөө олж авч, хувьдаа завших гэсэн шууд санаатай үйлдэл болно.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч Х.К нь өөрийн малд нийлсэн 7 тооны сарлагийн бярууг өөрийнх нь биш бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж цагдаагийн болон орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэхгүйгээр, өөрөө дур мэдэн эзэмшилдээ авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сарын хооронд 1 тооны сарлаг бяруу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэтэй байсан болох нь хэрэгт авагдсан "Мөнх эстимэйт" ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 20/031 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байх ба 7 тооны сарлаг бяруу нийтдээ 3.500.000 төгрөгийн үнэлгээтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “ бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан ба Эрүүгийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол алдуул мал завших гэмт хэрэгт тооцох”-оор хуульчилсан тул шүүгдэгч Х.Кийн үйлдлийн улмаас хохирогчид нийт 3.500.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Ийм байдлаар шүүгдэгч Х.К нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах дайчлан авахыг хориглоно.Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Тавдугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд аливаа халдагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус заасан хохирогч нарын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр халдаж хохирол учруулсан нь тогтоогдож байх ба хохирогч Х.Б, Х.М нарт учирсан хохирол, Х.Кийн 7 тооны алдуул малыг завшсан үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгөтэй болох гэсэн шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд шүүгдэгч нь 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны үед алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн байна.
Монгол Улсын Их Хурлаас “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан бөгөөд уг хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №7-д нийтлэгдэж, 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд тус хуулиар Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулаагүй тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Х.Кийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн тайлбарлаж улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч Х.Кийн үйлдлийн улмаас хохирогч Х.Б, Х.М нарын эд хөрөнгөд 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн шууд хохирол учирсан нь хэрэгт авагдсан "Мөнх эстимэйт" ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 20/031 дугаартай эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Хохирогч Х.Б, Х.М нар нь алдагдсан 7 тооны бяруунаас 5 тооны бярууг хууль хяналтын байгууллагын тусламжтайгаар шүүгдэгч Х.Кээс биет байдлаар буцаан авсан, шүүгдэгч Х.К нь алга болгосон 2 тооны бярууны үнийг нэг бүрийг нь 400.000 төгрөгөөр тооцож, нийт 800.000 төгрөгийг Х.Мд, мөн хохирогч Х.Бд бяруугаа эрж хайсан зардалд 30 литр бензиний үнийг тус тус төлж барагдуулснаар хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүйгээ илэрхийлсэн болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч Х.Кийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Иймд энэ шийтгэх тогтоолоор Х.Кээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Х.Кэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.Кийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Х.Ө нь шүүгдэгч Х.Кэд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг санал болгосон ба шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлууд, түүний хувийн байдлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн Х.Кэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь зохистой гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ”Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж тус тус заасан тул шүүгдэгч Х.Кэд торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг тайлбарлах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Ө нь шүүгдэгч Х.Кийг гэмт хэрэг үйлдэхдээ иргэн М.Нийн эзэмшлийн 00-20 БӨҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар уг тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч М.Нэд буцаан олгож, түүний үнэ болох 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулах санал гаргасныг үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэг нь ямар нэгэн хариулгагүй, эзэн нь тодорхой бус мал бусдын хотонд ирж, түүний эзэмшилд орсныг холбогдох байгууллагад мэдээлэхгүйгээр өөртөө захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгсөх бөгөөд Х.К нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны үед бусдын 7 тооны алдуул мал түүний үхэр сүрэгт ирж нийлснийг Ногооннуур сумын нутгийн захиргааны байгууллага болон сумын хэсгийн төлөөлөгчид 3 хоногийн дотор мэдээлэх үүргээ биелүүлэхгүйгээр Х.Б, Х.М нарын 7 тооны сарлагийн бярууг захиран зарцуулах боломж өөртөө бүрдүүлснээр уг гэмт хэрэг төгссөн байна.
Гэмт хэрэг төгссөнөөс хойш 4 орчим сарын дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 20-ны үед М.Нийн өмчлөлийн 00-20 БӨҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслээр 5 тооны сарлагийн бярууг тээвэрлэж, иргэн М.Н-ы гэрт хүргэснийг гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх боломжгүй тул Х.Кэд Эрүүгийн хуулийн 7.5-д заасан хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүхээс Х.Кийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн тул иргэн М.Нийн эзэмшлийн 00-20 БӨҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 5/61 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, БГ86060735 регистртэй, Х овогтой М-ийн Н-эд буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Х-йн К-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын алдуул мал завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Кэд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.К нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Х.К нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн М.Нийн эзэмшлийн 00-20 БӨҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 5/61 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, БГ86060735 регистртэй, Х овогтой Мийн Н-эд буцаан олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Кэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА