Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 177

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

орчуулагч, хэлмэрч Б.А,

улсын яллагч Х.Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

шүүгдэгч А.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Жт холбогдох эрүүгийн 2013002650203 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр  сарын 15-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овгийн А-ы Ж, 1996 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс казах, ам бүл 6, аав, ээж, дүү, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БИ96111418

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч А.Ж нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн иргэн М овогтой Сыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хэрүүл маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч А.Ж мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013002650203 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

       Хохирогч М.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай Сагсай сумын Даян гэх газарт Б.Асхар гэдэг залуугийн хурим найранд очсон ба уг хурим найранд байх үед манай холын хамаатан болох А.Ж гэдэг залуутай таарсан юм. А.Ж нь хажуудаа нэг үл таних залуу дагуулж явж байсан ба Хуатбек овогтой Кадирбек гэдэг залуу байсан байна. Тэгээд А.Ж нь над руу дөхөж ирээд чи яагаад миний үерхэж байсан найз охинтой маань гэрлэж байгаа юм вэ? хоёулаа асуудлаа өөр газар очоод шидье гэсэн юм. Тэгээд би уг хурим найранд явж байсан өөрийн хүргэн ах болох З.Гийг дагуулаад авсан юм. Тухайн үед манай хүргэн ах юу болсон талаар асууж байсан ч бид нар юу ч хэлээгүй юм. Тэгээд бид дөрөв А.Жийн УАЗ-469 маркийн машинд суугаад ой мод руу яваад орсон ба явж байх замдаа би хүргэн ахдаа болсон үйл явдлыг хэлсэн ба манай хүргэн ах та хоёр боль хамаатан хүмүүс байна учир байдлаа зөвөөр олоорой гэж зөвлөгөө өгсөн болно. Тэгээд бид нар ой мод руу очоод зогсонгуут А.Ж бид хоёр машинаас буугаад Ж намайг заамдаж аваад зодоон эхлүүлсэн ба би ч тэрийг заамдаж барьсан болно. Тухайн үед бид хоёр зодолдож байгаад газар унаад нэг нэгнийхээ дээр гараад зодолдож байх үед Х.Кадирбек гэгч залуу ирж миний мөр тус газар луу 1-2 удаа өшиглөөд авсан ба манай хүргэн ах чи яаж байгаа юм вэ? гэж Х.Кадирбекийг хөөгөөд явуулсан юм. Тэр хоёр нэг явсны дараа А.Ж бид хоёр зодооноо болиод газар босох үед миний баруун нүд хавдсан байсан дээд эрүүний зүүн талын 2 дугаар шүд хугарсан байсан” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас/,

           Гэрч Х.Кадирбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие тэр өдөр Даян багт Б.Асхар гэдэг залуугийн хуримд очсон ба уг хуримд хамаатны ах болох А.Жтэй таарсан юм. А.Жтэй цуг явж байх үед Серикболат гэдэг залуутай уулзаж хэрэлдэж байгаад машиндаа дуудаж суулгаад авсан ба намайг дагуулаад явсан ба Серикболат хажуудаа бас нэг залууг дагуулаад авсан юм. Тэгээд бид дөрөв Жийн 2185бөү улсын дугаартай бор өнгийн машинаар ой мод руу яваад очсон ба очингуут А.Ж, М.С машинаас буугаад үгийн зөрүүгүй зодолдож эхэлсэн юм. Би тэр хоёрд боль гэсэн боловч миний үгийг тоохгүй байсан юм. Тэгээд тэр хоёр газар унаад ноцолдож байх үед М.Сериболат нь Жийн дээр нь суугаад цохих гэж байх үед би Серикболатыг болиулах зорилгоор хөлөөрөө нэг удаа түлхээд унгасан юм. Тухайн үед Серикболатын хажуудаа явж байсан залуу чи яаж байна вэ? гэж намайг хөөгөөд явуулсан ба бид хоёр явсны дараа М.С, А.Ж нар зодолдохоо больсон байсан ба М.Сын баруун нүд хавдсан байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

              Гэрч З.Г-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 12 цаг өнгөрч байхад би тус сумын иргэн болох Бахыт овогтой Асхарын хуримд очсон ба 16 цагийн үед бөх үзэж байхад манай хадам дүү болох М.С ирж надтай цуг нэг газар яваад ирээч гэхээр нь би дагаад явсан юм. Би М.Стай цуг явж байхад бидний өмнө А.Ж болон үл таних залуу яваад байсан юм. Би тухайн үед М.Саас хаашаа явж байгаа талаар асуухад хэлэхгүй байсан ба бид дөрөв бор өнгийн УАЗ-469 маркийн машинд суугаад ой руу явсан юм. Би машинд суугаад явж байхад ахиад хаашаа явж байгаа талаар асуухад А.Ж болон М.С хоёр ой руу очоод зодолдох гэж байна. Зодолдох болсон шалтгаан нь 2018 онд А.Ж цэрэгт явж байх үед А.Жийн үерхэж байсан найз охин болох Алтынгүлийг М.С булааж аваад гэр бүл болсон байна гэж хэлж байсан юм. Тэгээд бид дөрөв ой руу очингуут А.Ж болон М.С нар машинаас буугаад шууд зодолдсон юм. Тэгж байхад А.Жийн хажууд явж байсан үл таних залуу машинаас буугаад М.Сыг хойноос нь очоод нэг удаа өшиглөөд газар унгаасан юм. Тухайн үед би ч машинаас буугаад уг үл таних залууг чи яаж байгаа юм вэ? гэж хөөгөөд явуулсан юм Тэгж байхад М.С болон А.Ж нар зодолдохоо болиод А.Ж болон хажууд нь байсан үл таних залуу машинаараа яваад өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

             Шинжээч   Е.Б-ы “... М.Сын биед нь үзлэг хийхэд баруун талын нүдний дээд, доод зовхи, хацрын төвгөрийн хэсгийг хамарсан хөх ягаан өнгийн цус хуралт, нүдний алимны салстад улаан ягаан өнгийн цус хуралт, дээд эрүүний зүүн талын 2 дугаар шүд хүзүүний хэсгээр хугарч унасан гэмтэл тогтоогдсон. Яг салгаад тодорхой хэлбэл баруун талын нүдний дээд, доод зовхи, дээд эрүүний зүүн талын 2 дугаар шүд хүзүүний хэсгээр хугарч унасан гэмтэлд нь хөнгөн зэргийн гэмтэл гарсан. Өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй болно” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32 дугаар хуудас/

              Хохирогч М.Сын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоосон 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 312 тоот шинжээчийн дүгнэлтээр: “...М.Сын биед нь үзлэг хийхэд баруун талын нүдний дээд, доод зовхи, хацрын төвгөрийн хэсгийг хамарсан хөх ягаан өнгийн цус хуралт, нүдний алимны салстад улаан ягаан өнгийн цус хуралт, дээд эрүүний зүүн талын 2 дугаар шүд хүзүүний хэсгээр хугарсан гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн М.Сын биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэх дүгнэлт  /хх-ийн 33-37 дугаар хуудас/

 

        Шүүгдэгч А.Ж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Миний бие 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Асхар гэдэг хүний хурим найранд очсон ба уг хуримд М.Стай тааралдсан юм. Тэгээд бид хоёр хоорондоо маргаантай байсан тул маргалдаж байгаад улмаар ой мод руу очоод зодолдсон юм. Би иргэн М.Сыг цохиж зодсон үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Одоо М.С бид хоёр хоорондоо хохирлын талаар ямар нэгэн маргаангүй, хоорондоо эвлэрсэн тул хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэв. //хх-ийн 42-44 хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/

 

       Шүүгдэгч А.Жийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Жийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Ж нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн иргэн Минет овогтой Серикболатыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хэрүүл маргааны улмаас зодож, түүний биед хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Сын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас/, гэрч Х.Кадирбек, З.Галымбек нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 312 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 33-37 дүгээр хуудас/ болон шүүгдэгч А.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүгдэгч А.Жийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Өөрөөр хэлбэл А.Ж нь бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. 

            Иймд шүүгдэгч А.Жийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Жийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Ж нь хохирогч М.Сыг .Х.БаХ.архидан согтуурсан үедээ зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.Жээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Иймд шүүгдэгч А.Жийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын таарамжгүй харилцаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хоорондоо маргасан нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А.Жийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Сын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч А.Ж нь хохирогч М.Стай сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирол, хор уршгийг арилгасан тул хохирогч нь А.Жаас нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч А.Жэд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа талууд сайн дураараа эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 72 дугаартай саналд яллагдагч А.Жад Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч А.Ж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч А.Жад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Жад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Шүүгдэгч А.Ж урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч Ш овогт А- Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин  мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч А.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Жэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БОЛОРМАА