Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Иргэн Б.Н-ын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох ******* сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 121 дүгээр захирамжийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржханд нар ******* аймгаас онлайнаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээд З.Т, Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Лханаасүрэн нар оролцов.               

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Б.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Говь-Алтай аймгийн ******* сумын харьяат Т-ийн М-тай Улаанбаатар хотын Улаанбаатар их сургуульд суралцаж байхдаа танилцаж үерхээд 2009 оны 03 сард жирэмсэн болж 2009 оны 12 дугаар сарын 04-нд хүү М-г Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрүүлсэн. Эмнэлэгт 2 хоноод хадам ээж Н-гээ хамт хөдөө ******* сумд хадам аавындаа очиж 1 сар болоод нөхөр М-тай цуг хүүгээ авч сумын төвд орж би сургуульд 2 сар багшилж төгсөх дадлага хийж дуусгаад хот руу буцах болоход хадам аав, ээж 2 маань хүүгээ орхиод явчих, бид хараад өсгөж байя. Чи шалгалтаа өгөөд сургуулиа төгс гэхэд нь 3 сартай хүүгээ орхиж яваад шалгалтаа өгч дуусгаад хүүдээ очсон. Үүнээс хойш хүүгээ аваад аав, ах, эгч, дүү нар дээрээ очоод ирье гэхээр чи ганцаараа яваад ир, энэ хүүхдийг өгч явуулахгүй гээд өгөөгүй. Би хотод ажил хийгээд М сургуулиа төгсөх гээд бид хоёр хотод хамт амьдарч байгаад 2011 оны хавар 5 сарын сүүлээр хүү дээрээ очоод хүүгээ аваад ******* яваад ирье гэсэн чинь өгөөгүй. Ингээд бид 2012 оны 11 дүгээр сарын 20-ныг хүртэл хотод ажиллаж, амьдарч байгаад муудалцаж би нутагтаа ирсэн юм. Үүнээс хойш хүү дээрээ очиж, эргэж тойрч байнгын холбоотой байсан. Хамгийн сүүлд 2017 оны 03 дугаар сарын 25-нд Говь-Алтай аймаг орж хүүтэйгээ уулзаад ирсэн. Ингээд 2017 оны 12 дугаар сард Мөнх-Амартай утсаар яриад Хүү минь бид хоёрын нэр дээр байгаа биз дээ, найз нь одоо дөрвөн хүүхэдтэй болох гэж байна гэсэн чинь чи юу яриад байгаа юм. Аав, ээж хоёрын нэр дээр байгаа ш дээ гэж хэлсэн. Ингэж хүүгээ төрүүлсэн ээжийнх нь зөвшөөрөлгүй аав, ээждээ үрчлүүлснийг мэдээд хүүгийнхээ регистрийн лавлагаа гаргуулсан чинь 2011 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Т-ийн М болгож үрчилсэн гэрчилгээ гарч ирсэн юм. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байна гэж заасан. Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын мэргэжилтэн О гаргасан гомдлыг шалгаад Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг дарга байсан н.Б гэдэг хүн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 121 тоот захирамж гаргасан байгаагаас өөр анхан шатны бүрдүүлбэрийн материал архивт байхгүй байна гэж утсаар хариу өгөөд шүүхэд хандаж шийдүүлэх тухай албан бичиг ирүүлсэн юм. Шүүхэд нэхэмжлэл гаргах болсон учир нь 2011 оны 11 дүгээр сарын 28-нд миний хүү Мөнгөндолгионыг, миний хүүгийн эцэг болох Т.М нь өөрийн ээж, аав болох З.Т, Р.Н нарт үрчлүүлэн  өгсөн  явдал юм. Би үүнийг 2018 оны өвөл нь мэдсэн. Түүнээс өмнө нь хүүтэйгээ байнгын харилцаа холбоотой байсан боловч намайг хүүхдээ орхисон хаяад явсан гэдэг шалтгааны улмаас хүүхдийг чинь чамд хэлэхгүйгээр  үрчлүүлсэн гэсэн. Энэ үрчлэлт нь хууль зөрчсөн явдал мөн. Иргэний бүртгэлийн ажилтан нь хууль зөрчөөд энэ үрчлэлтийг хийсэн тул шүүх  2018 оны 6 сарын 19-нд  иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад  иргэний хэргийн шүүх нь   харьяаллын бус хэрэг байна гэж үзээд Захиргааны хэргийн шүүхээр шийдүүлнэ гэсэн шийдвэр гарсан.  Эвлэрье миний хүүг миний дээр болгоод өгөөч гэсэн  гэхэд зөвшөөрөөгүй. Иймд төрүүлсэн ээжид нь хэлэхгүй миний зөвшөөрөл, хүсэлтийг ч аваагүй, танил талаа ашиглан дур мэдэн миний хүү М-ыг үрчлэн авсан байгаа учир шүүхийн журмаар хүүхэд үрчлэхэд бүрдүүлдэг анхан шатны бүрдүүлбэр болон, ******* сумын Засаг даргын захирамж зэрэг холбогдох нотлох баримтуудыг гаргуулан шалгаж, 2009 оны 12 сарын 04-ний өдөр төрсөн хүү М-ын М-г Т-ийн М болгож үрчилсэн ******* сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 121 дугаар захирамжийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

       Хариуцагч С.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын Улсын бүртгэгч С.Б нь 2011 онд үрчлэл хийхдээ Б.Н-ын хадам аав З.Т, хадам ээж Р.Н, нөхөр Т.М нарын хувийн өргөдөл хүсэлт, хүү М.М-ы төрсний гэрчилгээг үндэслэн захирамж төлөвлөн тухайн үеийн Засаг даргаар гарын үсэг зуруулан баталгаажуулсан байна. Мөн холбогдох анхан шатны баримтыг тухайн жилд нь иргэний бүртгэлийн хэлтсийн архивт шилжүүлсэн байна. Тус иргэн  Б.Н нь энэ хэргээр 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн шүүхийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон байна гэжээ.

 

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2011 онд хийгдсэн үрчлэлт нь эхийн зөвшөөрөл аваагүй үрчлэлт  хийгдсэн гэж ярьж байгаа. Тэр зөвшөөрлийг аваагүй нь үнэн. Үрчилж байгаа аав, ээж мөн өөрийн аав нь ирж өргөдөлдөө  бүх юм аа тодорхой бичсэн байсан. Энэ хүн нь яваад 2 жил болж байна. 2009 онд нутагтаа очоод ирнэ гэсэн сураггүй байна  гэж хэлсэн. Эхийн зөвшөөрлийг нь аваад ир гэхэд эх нь  ямар ч сураггүй байна. Хаана байгааг нь мэдэхгүй байна гэж хэлсэн.  Бид нар нэг суманд амьдардаг  учраас нэг нэгийгээ мэдэж байгаа. Энэ хоёр хүн хамт амьдрах боломжгүй гэсэн  аргагүй эрхэнд хойд эхийн гар харуулмааргүй байна гэж хэлж байсан. Би энэ хүмүүсээс мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Захирамж гаргуулаад үрчлэлтийг хийсэн гэв.

         Гуравдагч этгээд З.Т, Р.Н нар нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хүүтэй Улаанбаатар их сургуульд оюутан болж очоод хоёрдугаар курст  танилцаад хүүгээ төрүүлсэн. Хүүхэд төрсний дараа сургуулийг нь завсардуулахгүй гэж хүүхдийг  нь 3 сартай байхад нь авчирч  хараад өдий хүртэл нь өсгөж байна.  Миний хүүтэй хамт амьдрах гэж байгаа юм  байна гэж хүлээн зөвшөөрч  хандаж байсан. Сургуулиа төгссөний дараа нэг жил хамт амьдарч байсан. Тэгээд  Б.Н нь нутагтаа очоод өөр нөхөртэй болсон. Энэ талаар нь ах дүү нараас  сүүлд нь сонссон. Энэ хүний хийсэн үйлдлээс болоод бид хоёр хүүг нь нэр дээрээ авна  гэдэг шийдвэрт хүрсэн. Энэ хүн нөхөртэй болоод явж байхад миний хүү ч гэсэн  хань ижилтэй болно. Энэ хүмүүсийн дунд хүүхдийг хохироохгүй гэсэн үүднээс үрчилж авсан. Хүүхдийн эрх ашгийг бодож  ийм шийдвэр гаргасан. Б.Н нь энэ хүүхдийг  үрчилсэн талаар саяхан мэдсэн гэж ярьж байна. Урьд нь энэ талаар  ямар процесс болоод  байгааг бүгдийг нь мэдэж байсан. Б.Н нь цаад амьдралаа шийдээд явж байхад бид нар хойноос нь  юу ч хэлж байгаагүй. Залуу хүмүүс байна өөрсдөө мэдэж байгаа байлгүй гээд арыг нь даагаад хүүг нь өсгөөд л явсан. Энэ хүнтэй өөртэй нь утсаар ярьдаг холбоотой байдаг. Энэ хурлаар юу өөрчлөгдөх юм.  Хүүхдээ л бодсон нь дээр. Хүүхэд нь одоо 4-р ангийн 10 гаруй настай болсон байна. Удахгүй юмны учир ойлгодог болно. Хэн нь асуудалд яаж хандаж байсныг нь бүгдийг өөрөө  тунгаагаад ойлгоно. Энэ талаар ойлгуулж утсаар зөндөө хэлж байсан. Гэтэл заавал нэр дээрээ шилжүүлнэ гэж иш мухаргүй, өөрийн санаснаараа  дайр ч байна. Би өөрөө 4 хүүхэдтэй хүн.  Би өөрийн хүмүүжлээрээ хүмүүжүүлээд явж байна. Миний нэр дээр байж байхад яах гээд байгаа юм. Тэр үед  ойр байснаар нь өөрийнх нь ааваар өргөдөл бичүүлж аваад үрчилж аваад өнөөдрийг хүртэл энэ хүүхдийг өсгөж байна. Тархины даралттай гарч байсан юм.  Шөнө уйлж нойргүй хонуулдаг, өвдөж зовоодог асуудал бол зөндөө л байсан.  Ээжийгээ мэддэг холбоотой байг гэж бодоод хүүхдийг нь холбоотой байлгадаг. Бид хоёр мөнх биш өөрөө юмны учир мэддэг болсон үедээ аль сайхан харьцаж байгаа хүнээ түшиж тулаад яваг гэж боддог. Би хүүхдийн гэрчилгээ шилжүүлэхийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. Сураггүй алга болсон гэсэн зүйл бол байхгүй. Өргөдөл дээр тухайн үед тэгж бичсэн зүйл байж магадгүй. Бид нарын нэр дээр байж байх юм бол хэн хэнийх нь амьдралд саад болохгүй юм болов уу гэж бодсон. Сүүлд хүү дээрээ ирэхдээ би та хоёр шиг хүн дээр хүүхдээ үлдээгээд өсгүүлж байгаадаа баярлаж байгаа. Санаа зовдоггүй гэж яриад явж байсан. Хүүхэд нь бага байхад нь аваад явна гэхээр  явуулаагүй нь үнэн. Тархины даралттай, хоол унд нь таардаггүй, уйлж зовоодог байсан. Ийм хүүхдийг хол газар нааш цааш нь явуулахыг хүсээгүй юм. Эрүүл саруул өсөж байвал очих өдөр зөндөө гарах байх гэж хэлдэг. Үрчилж авах шалтгаан нь бол ерөөсөө тэр байсан. Хүүгээ боддог л бол зөв байх нь чухал.

ҮНДЭСЛЭХ нь:

         ******* аймгийн Тариалан сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Б-ийн Н  нь Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан ******* сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 121 дүгээр “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

 

     Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

         

    Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг дарга нь Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйл,  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн М-ын М-ыг ******* сумын Баянбуурал багийн иргэн З.Т-д үрчлүүлэх тухай захирамжийг гаргажээ.

             

         Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар, гэрчлүүлсэн байна” гэж зааснаар хүүхэд үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай нотариатаар гэрчлүүлсэн бичгээр гаргасан хүсэлт болон 2011 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний бүртгэлийн тухай /хүчингүй болсон/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар үрчлэн авагч, хүүхэд үрчлэн авах тухай өргөдлөө хүүхдийн оршин сууж байгаа газрын сумын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гаргах бөгөөд өргөдөлд гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, үрчлэн авагч болон үрчлүүлж байгаа эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийг хавсаргасан баримтыг үндэслэн Гэр бүлийн тухай 55 дугаар зүйлийн  55.7 зааснаар сумын Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргахаар зохицуулсан байна.

      Гэтэл ******* сумын Засаг дарга нь 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 121 дүгээр “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжийг гаргахдаа:  Говь-Алтай аймгийн ******* сумын Баянбуурал багийн иргэн З-ийн Т, Рагчаагийн Н, Т-ийн М нарын иргэний үнэмлэхний хуулбар, эцэг М-ын М-, эх Б-ийн Н- гэсэн М.М-ы төрсний гэрчилгээний хуулбар, ******* сумын Засаг даргад гаргасан З.Т-, Р.Н, Т.М-ын нарын өргөдөл зэрэг баримтыг үндэслэн дээрх захирамжийг гаргасан болох нь хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын тайлбар, болон аймгийн Улсын бүртгэлийн  хэлтэсээс ирүүлсэн нотлох баримтаар  нотлогдож байна.

   Өөрөөр хэлбэл ******* сумын Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ М.М- хүүхдийн эх Б.Н-аас хүүхдээ үрчлүүлэх тухай эхийн зөвшөөрлийг авалгүйгээр хүүхдийг үрчлүүлсэн байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар “...2011 онд хийгдсэн үрчлэлт нь эхийн зөвшөөрөл аваагүй үрчлэлт  хийгдсэн”, гэрч Т.М-ын “тухайн үед Б.Н-аас зөвшөөрөл авах гэсэн боловч сураг тасарсан, утасны дугаарыг нь мэдэхгүй байсан гэсэн” тайлбар, хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөрчсөн Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 121 дүгээр “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

    Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Гэрч Т.М нь гэрчийн мэдүүлэгтэй “өнгөрсөн жил надтай 3 дахь хүүхдээ гарсаныхаа дараа холбогдоод найз нь 3 хүүхэдтэй болж байна. Хүүтэйгээ нийлээд 4 хүүхэдтэй  болно. Миний хүүгийн төрсний гэрчилгээг канондаад явуулаач хэрэг болоод байна  гэхээр нь би хүүг аав, ээж  2-ын нэр дээр байгааг хэлж Б.Н- хүүг аав, ээжид үрчлүүлсэн талаар мэдсэн” гэсэн тайлбар, нэхэмжлэгч Б.Н- Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүүхэд үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргаж, шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 1049 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны байгууллага албан тушаалтны хууль бус актын талаарх эрх зүйн маргаан ерөнхий харьяалалын шүүхийн харьяалалд хамаарахгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж мөн ******* аймгийн Тариалан сумын иргэн Б.Н- хүү М-ы үрчлэлттэй холбоотой өргөдлийг  2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ирүүлсэн бөгөөд хариуг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 719 дугаар албан бичгээр хүргүүлсэн тухай Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 927 дугаар Захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн албан бичиг зэрэг нотлох баримтаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 121 дугаар захирамжийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н-ын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ