Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01597

 

БНХАУ-ын иргэн ХГЖ--ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00367 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1343 дугаар магадлалтай,

БНХАУ-ын иргэн ХГЖ--ны нэхэмжлэлтэй

ТЦХ ХХК, С-А ХХК, Б.О- нарт холбогдох,  

БНХАУ-ын иргэн Жо Дабао /Qu Dabao/ болон ТЦХ ХХК, БНХАУ-ын иргэн Шү Дачинь /Xu Daqihg/ болон ТЦХ ХХК, БНХАУ-ын иргэн Гүн Бин /Gong Bing/ болон ТЦХ ХХК, БНХАУ-ын иргэн Гү Чинжүн /Gu Qinzhong/ болон ТЦХ ХХК-ийн хооронд 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан С-А ХХК-ийн нийт 75 хувийн хувьцаа худалдах-худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх 4 гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, С-А ХХК-ийн Гадаадын хөрөнгө оруулалтын газарт гаргасан 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 05/12 тоот албан бичиг, тус компанийн 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шинэчилсэн гэрээ, дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, эдгээрийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох, нэхэмжлэгч ХГЖ-ыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай С-А ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18644309890803 дугаартай 3 га газрын хууль ёсны эзэмшигч нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай С-А ХХК болохыг тогтоож, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд С-А ХХК-ийн тамга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар ашиглах эрхийн 000343970 дугаарын гэрчилгээг тус тус нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-, хариуцагч ТЦХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З, хариуцагч Б.О-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: БНХАУ-ын иргэн ХГЖ- нь Шү Дачинь /Xu Daqing/, Жү Дабао /Qu Dabao/, Гүн Бин /Gong Bing/, Гү Чинжун /Gu Qinzhong/ нартай С-А ХХК-ийн 100 хувийн хувьцааг 25, 25 хувиар нь эзэмшдэг байсан. Гүн Бин /Gong Bing/, Гү Чинжун /Gu Qinzhong/ нар нь 12,5 хувийн хувьцааг эзэмшин Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ХГЖ-д мэдэгдэлгүйгээр өөрсдийн эзэмшдэг 75 хувийн хувьцаагаа ТЦХ ХХК-д худалдаж, энэ талаар гэрээ хэлцэл байгуулжээ. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж байгуулсан хэлцэл гэж үзэх үндэслэлтэй учир Сүрэгт-Агт ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч Жү Дабаогийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ТЦХ ХХК-тай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг мөн Шү Дачинь, Гүн Бин, Гү Чинжун нарын ТЦХ ХХК-тай 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардлага гаргаж байна. Мөн Гадаадын хөрөнгө оруулалтын газарт ХГЖ-ы гаргасан хүсэлт нь 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөр огноолсон байсан. Тухайн хүсэлтийг гаргахад ХГЖ- нь Монгол Улсад байгаагүй бөгөөд түүний гарын үсгийг хэн нэгэн этгээд өмнөөс нь бичээд түүнийг нь Баянгол дүүргийн нотариат Б.О-аар нотлуулсан, мөн тус газраас гаргасан хамтарсан хөрөнгө оруулалттай С-А ХХК-ийн шинэчилсэн гэрээ, дүрэмд гарын үсэг зураагүй байхад ХГЖ-ы өмнөөс гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн үйл явдал болсон. Энэ нь Иргэний хуулийг зөрчиж байгаа учир энэ гэрээ хэлцэл, гадаадын хөрөнгө оруулалтын газар гаргаж байгаа хүсэлт нь өөрөө хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд ХГЖ- нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Сүрэгт-Агт ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, мөн С-А ХХК-ийн эзэмшилд байсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 га газрын хууль ёсны эзэмшигч нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай С-А ХХК болохыг тогтоолгох, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болох С-А ХХК-ийн тамга, хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг тус тус эх хувиар нь нэхэмжлэгчид буцаан өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүрэгт-Агт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ХГЖ- нь одоог хүртэл С-А ХХК-ийн 25 хувиа эзэмшиж байгаа бөгөөд компанийн зүгээс түүнийг хувьцаагаа эзэмших эрхийг нь огт хөндөөгүй. Манай компани бусдын эзэмшлийн хувьцааг бусдад хүчээр тулгаж худалдаагүй, шилжүүлээгүй, тийм зохицуулалт ба тохиролцоо компанийн дүрэм болон хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээнд тусгагдаагүй. Иймд Сүрэн агт ХХК нь энэ иргэний хэргийн маргаанд хариуцагчаар татагдах ямар ч үндэслэл байхгүй. Учир нь С-А ХХК-ийг үүсгэн байгуулагч болох БНХАУ-ын иргэдийн хоорондын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д компани энэхүү гэрээнд оролцогч талуудын хүлээсэн үүрэг хариуцлагыг хүлээхгүй. Мөн тус гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-д энэхүү гэрээнд оролцогч тал аль нэг тал үүргээ биелүүлээгүй буюу зохих зохихоор ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг нөгөө тал нь төлөх үүрэг хүлээхгүй гэж заасан. Түүнчлэн С-А ХХК нь уг гэрээний оролцогч биш учраас хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргааны хариуцагч биш юм. Хувьцаа эзэмшигчид хувьцааг худалдахдаа нэхэмжлэгчид худалдах талаар мэдэгдсэн бөгөөд худалдах талаар санал шийдвэрээ хүргүүлж байсан. Нэхэмжлэгч нь хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас 75 хувийн хувьцааг хуулийн этгээдэд худалдсан. Нэхэмжлэгч нь мөн С-А ХХК-ийн эзэмшлийн 3 га газрыг буцаан шилжүүлэх, компанийн тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрчилгээг гаргуулан авах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба уг газар нь одоог хүртэл компанийн эзэмшилд хэвээрээ хадгалагдаж байгаа, компанийн гэрчилгээ нь одоог хүртэл хэвээрээ, зохих өөрчлөлтүүд нь ороод хүчин төгөлдөр байхад ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь түүний цаад далд санаа нь уг газрыг бусдад худалдах зорилгыг шууд агуулж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ТЦХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Манай компани энэ нэхэмжлэлтэй холбоотой хэрэг маргааны хариуцагч биш юм. Дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүх хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэл тогтоогдсон тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаад 6819 дугаартай хэргийг хэрэгсэхгүй тухай захирамж гаргасан. Гэтэл тус захирамжид заасан хэргийг хүлээн авахаас татгалзсан нөхцөл байдал арилаагүй байхад шүүх дахиад л нэхэмжлэлийг хүлээн авсан. С-А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Шү Дачинь, Гүн Бин, Гү Чинжун нар нь 75 хувийн хувьцааг нь хуулийн дагуу ТЦХ ХХК-д шилжүүлсэн. ХГЖ-д хувьцаагаа худалдах талаар утсаар, захидлаар болон уулзаж ярьж байсан. ХГЖ- нь давуу эрхээр худалдан авах саналаа хүргүүлсэн нэг ч зүйл байхгүй. Тухайн үедээ тэргүүн ээлжид худалдан авах эрхээ эдлээгүй хэрэгжүүлээгүй учраас 75 хувийн хувьцааг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах эрхгүй. Эдгээр 5 хувьцаа эзэмшигчдийн хоорондын байгуулсан гэрээнд ТЦХ ХХК нь гэрээний оролцогч биш, ямар ч хамааралгүй учраас энэ гэрээтэй холбоотой үр дагавар гэм хорын асуудал бидэнд огт хамаагүй. ТЦХ ХХК нь 75 хувийн хувьцааг худалдаж авсныхаа дараа С-А ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан явдал нь хууль зөрчөөгүй. Учир нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар С-А ХХК-ийн 75 хувийг ТЦХ ХХК нь худалдан авсан байсан тул С-А ХХК-ийн дүрэмд 75 хувийн хувьцаагаараа өөрчлөлт оруулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд дүрэмд өөрчлөлт оруулах бүрэн эрхийнхээ хүрээнд өөрчлөлт оруулсан юм. Нотариат тэр компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээ баталсан батлаагүй хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр юм. ХГЖ- нь одоог хүртэл С-А ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч нь хэвээрээ байгаа. Энэ нь улсын бүртгэлийн лавлагаан дээр байгаа. Мөн Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах нэгж талбарын дугаартай 3 га газрын хууль ёсны эзэмшигч нь Сүрэг акт ХХК нь эзэмшигч хэвээрээ байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С-А ХХК-ийн компанийн шинэчилсэн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээг гэрчлэхийн өмнө Нотариатын тухай хууль, Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд үйлчлүүлэгч талаас С-А ХХК-ийн 75 хувийн хувьцаа эзэмших эрхийг олж авсныг нотлох гэрээ, хэлцэл болон бусад шаардлагатай бичиг баримтыг шаардахад тэд Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, хувьцаагаа зарсан 4 үүсгэн байгуулагчийн ХГЖ-д 2011 оны 5 сарын 23-ны өдөр хүргүүлсэн мэдэгдэл, ХГЖ- нь санал болгосон хувьцааг худалдан авахгүй талаарх хариу захидал, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, хурлын протокол зэргийг гаргаж өгсөн. Тэдгээр бүх гэрээ, хэлцэл, тогтоол шийдвэр, хариу захидал, мэдэгдэл, тэдгээрийн албан ёсны орчуулга зэрэг нь БНХАУ дахь МУ-ын Элчин сайдын яамны консулаар 2012 оны 02 сарын 17-ны өдөр гэрчлэгдэж баталгаажсан байсан. Мөн нотариатаар гэрчлүүлэх бичиг баримтад гарын үсэг зурсан байсан ХГЖ- нь өөрийн биеэр хүрэлцэн ирж, гарын үсгээ мөн болохыг баталгаажуулж бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурах ёстойг тайлбарласан. Гэвч ТЦХ ХХК-ийн хүмүүс ХГЖ- гэдэг хүн нь тухайн үед Монгол улсад байхгүй байгаа, түүний хувьцааг бид ямар нэгэн байдлаар шилжүүлж аваагүй, хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй учраас нөгөө 4 хөрөнгө оруулагчид хувьцаагаа 3-дагч этгээдэд худалдахаар шийдсэн, ХГЖ- нь 25 хувийн хувьцаатай хэвээрээ байгаа, түүний эрх ашгийг хөндөөгүй, удахгүй 7 хоногийн дараа ирэх байх, ирэнгүүт нь авчраад гарын үсгийг зуруулья гэж тайлбарлаж байсан тул уг хүсэлт, хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээ, Компанийн шинэчилсэн дүрмийг гэрчлэн баталгаажуулж өгсөн. Нотариатчийн зүгээс 75 хувийн хувьцаа худалдах худалдан гэрээ, эрх шилжүүлэх гэрээ нь нэгэнт нотариатын үүрэг гүйцэтгэгчээр урьд гэрчлэгдсэн байсан нь хуульд нийцсэн тул С-А ХХК-ийн шинэчлэн баталсан дүрэм, гэрээ, хүсэлтийг гэрчилсэн. Харин нэхэмжлэгч ХГЖ- нь өөрийн эзэмшиж байсан 25 хувийн хувьцааны тоо хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, гэрээг баталж гэрчилснээс болоод хохирол учраагүй байхад нотариатчийн үйлдлийн улмаас хохирол учирсан гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд Б.О-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00367 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8., 56.4., 56.5-д тус тус заасныг баримтлан 2012 оны 2 сарын 15-ны өдрийн Монгол Улсын ТЦХ ХХК БНХАУ-ын иргэн Жү Дабао /Qu Dabao/-ын хооронд байгуулагдсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай С-А ХХК-ийн хувьцааг худалдах, худалдах авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2012 оны 02 сарын 15-ны өдрийн Монгол Улсын ТЦХ ХХК БНХАУ-ын Шү Дачинь /Xu Daqing/нарын хооронд байгуулагдсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай С-А ХХК-ийн хувьцааг худалдах, худалдах авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг, 2012 оны 2 сарын 15-ны өдрийн Монгол Улсын ТЦХ ХХК БНХАУ-ын иргэн Гүн Бин /Gong Bing/-тай байгуулсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай С-А ХХК-ийн хувьцааг худалдах, худалдах авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг,2012 оны 02 сарын 15-ны өдрийн Монгол Улсын ТЦХ ХХК БНХАУ-ын иргэн Гү Чинжун /Gu Qinzhong/-тай байгуулагдсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай С-А ХХК-ийн хувьцааг худалдах, худалдах авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улс болон БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай С-А ХХК-ийн шинэчилсэн гэрээ, дүрэм, С-А ХХК-ийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн ХГЖ-ы нэрээр Гадаадын хөрөнгө оруулалтын газарт гаргасан 2012 оны 4 сарын 9-ний өдрийн 05/12 тоот хүсэлтийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч ХГЖ-ыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай С-А ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18644309890803 дугаартай 3 га газрын хууль ёсны эзэмшигч нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай С-А ХХК болохыг тогтоож, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд С-А ХХК-ийн тамга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Газар ашиглах эрхийн 000343970 дугаарын гэрчилгээг тус тус нэхэмжлэгчид буцаан олгохыг хариуцагч ТЦХ ХХК, С-А ХХК-ниудад даалгаж, Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3., 32 дугаар зүйлийн 32.1., 44 дүгээр зүйлийн 44.3., 44.4., 46 дугаар зүйлийн 46.2.-т зааснаар Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.О-ы, С-А ХХК-ийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн ХГЖ-ы нэрээр Гадаадын хөрөнгө оруулалтын газарт гаргасан 2012 оны 4 сарын 9-ний өдрийн 05/12 тоот хүсэлтийн гарын үсгийн үнэ зөвийг гэрчилсэн, Монгол Улс болон БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай С-А ХХК-ийн шинэчилсэн гэрээ, дүрмийг гэрчилсэн үйлдлийг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянавал шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.303.285 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу 1.094.547 төгрөгийг нэмж гаргуулан улсын төсөвт оруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ТЦХ ХХК-иас 21.906.432 төгрөг, С-А ХХК-иас 280.800 төгрөг, нотариатч Б.О-аас 210.600 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХГЖ-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1343 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00367 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С-А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.800 төгрөг, хариуцагч ТЦХ ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.906.432 төгрөг, хариуцагч Б.О-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх “Хэдийгээр хариуцагчийг тодорхойлох эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчид олгосон. Энэ эрх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн этгээдээр тодорхойлоогүй гэх үндэслэлээр бусдын хууль ёсны эрх, ашгийг хөндөх учиргүй юм. Улмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдийн хийсэн хэлцэлд дүгнэлт өгч, тэдгээрийн байр суурийг сонсолгүй, үйл баримтыг тогтоож, тэдгээрийн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, үр дагаврыг арилгаж шийдвэрлэж байгаа нь иргэний эрх зүйн талуудын зарчим, эрх үүргээ шударгаар хэрэгжүүлэх зарчим, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр явуулах зарчмуудыг зөрчжээ” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасны дагуу өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй этгээдийг тодорхойлох нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон бүрэн эрх нь байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагчаар хэнийг тодорхойлох нь нэхэмжлэгчийн хуульд заасан бүрэн эрхийн асуудал юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэргийн оролцогч нарын хүсэлтээр тодорхойлогдож, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч нь нэхэмжлэлийг үгүйсгэж байгаа үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулж өгөх үүрэг хүлээдэг зохицуулалттай. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн эрхэд хөндлөнгөөс оролцож, нэр бүхий хариуцагч нарыг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэж байгаа нь давж заалдах шатны шүүх өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь Б.О-д холбогдуулан С-А ХХК-ийн Гадаадын хөрөнгө оруулалтын газарт гаргасан 2012 оны 4 сарын 09-ний өдрийн 05/12 тоот хүсэлт, Монгол улс болон БНХАУ-ын хөрөнгө оруулалттай С-А ХХК-ийг шинэчилсэн гэрээ, дүрмийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлохдоо нотариатч Б.О- нь Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д “Хэлгүй, дүлий, яръж чаддаггүй буюу монгол хэл мэддэггүй хүний гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ үйлчлүүлэгчийн иргэний баримт бичгийг шалгаж гарын үсэг зурахад гэрч оролцуулах эсэхийг асууж тодруулах ба шаардлагатай гэж үзвэл гэрч оролцуулж тэмдэглэл хөтөлнө”, 44.4-д “Үйлчлүүлэгч биечлэн ирж тухайн баримт бичиг болон нотариатын үйлдлийн бүртгэлийн дэвтэрт гарын үсгээ зурна” гэж заасныг зөрчиж, С-А ХХК-ийн Гадаадын хөрөнгө оруулалтын газарт гаргасан гүйцэтгэх захирал гээд ХГЖ-ын гарын үсэг зурсан гэх хүсэлтийг, Монгол улс болон БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай компанийн гэрээ, дүрмийг гэрчлэхдээ түүнийг байлцуулалгүй, дээрх зүйлүүдэд гарын үсэг зурсан эсэхийг нь тодруулалгүй баталгаажуулж нотариатын үйлдлийн бүртгэлийн дэвтэрт зуруулалгүйгээр гэрчилсэн нь хууль зөрчсөн үйлдэл байх тул энэ үндэслэлээр түүний үйлдлийг нь хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан. Дээрх иргэний хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын 2012 оны 9 сарын 11-ний өдрийн 26/1612 тоот албан бичгээр БНХАУ-ын иргэн ХГЖ- нь Буянт Ухаа боомтоор 2011 оны 9 сарын 03-ны өдрийн Тянжин-Хөх хот-УБ чиглэлийн 086689 дүгээр аялалын онгоцоор орсон 10-ны өдөр УБ-Хөх хот-Тянжин чиглэлийн 086690 дугаар аялалын онгоцоор улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан гэх тодорхойлолтоор дээр дурдсан хүсэлт, гэрээ, дүрмийг Б.О- нотариатч гэрчлэх үед Монгол улсад байгаагүй, өөрийн биеэр нотариат дээр очоогүй болох нь хангалттай нотлогддог. Мөн хариуцагч Б.О- нь өөрийн шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “ХГЖ- нь өөрийн биеэр ирээгүй, өөрийн биеэр ирж нотариатын дэвтэр дээр гарын үсэг зурах шаардлагатай гэхэд удахгүй ирнэ, гэрчлээд өгөөч гээд гуйгаад байхаар нь гэрчилж өгсөн, түүнийг байлцуулалгүйгээр гарын үсгийн баталгааг хийсэн нь хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа болсноо хүлээн зөвшөөрч байна гэх тайлбараа өгсөн байдаг. Нэгэнт хэргийн оролцогч нь шүүхэд гарсан тайлбараараа Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасныг зөрчиж нотариатын үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрсөн, мөн нэхэмжлэгч ХГЖ- нь түүний гарын үсэг зурсан гэх хүсэлт, гэрээ, дүрмүүдийг нотариатаар гэрчлүүлэхэд үед Монгол улсад байхгүй байсан нь хангалттай нотлогдсоор байтал давж заалдах шатны шүүхээс Б.О-аас гаргасан хувьцаа шилжүүлэх гэрээ болон компанийн дүрэм нь нотариатаар гэрчлүүлсэн, эх хувь нь элчин сайдын яамаар дамжуулан ирсэн байсан гэх тайлбарт анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай байна гэсэн дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх ХГЖ-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбарыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлтэй. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

БНХАУ-ын иргэн ХГЖ-, С-А ХХК, ТЦХ ХХК, нотариатч Б.О- нарт холбогдуулж, БНХАУ-ын иргэн Жо Дабао /Qu Dabao/ болон ТЦХ ХХК, БНХАУ-ын иргэн Шү Дачинь /Xu Daqihg/ болон ТЦХ ХХК, БНХАУ-ын иргэн Гүн Бин /Gong Bing/ болон ТЦХ ХХК, БНХАУ-ын иргэн Гү Чинжүн /Gu Qinzhong/ болон ТЦХ ХХК-ийн хооронд 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан С-А ХХК-ийн нийт 75 хувийн хувьцаа худалдах-худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх 4 гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, С-А ХХК-ийн Гадаадын хөрөнгө оруулалтын газарт гаргасан 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 05/12 тоот албан бичиг, тус компанийн 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шинэчилсэн гэрээ, дүрмийг  хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, эдгээрийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч ХГЖ-ыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай С-А ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18644309890803 дугаартай 3 га газрын хууль ёсны эзэмшигч нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай С-А ХХК болохыг тогтоож, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд С-А ХХК-ийн тамга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар ашиглах эрхийн 000343970 дугаарын гэрчилгээг тус тус нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах 2 үндэслэл заасан байна. Үүнд: “...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдийн хийсэн хэлцэлд дүгнэлт өгч, тэдгээрийн байр суурийг сонсолгүй үйл баримтыг тогтоож, тэдгээрийн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, үр дагаварыг арилгаж шийдвэрлэж байгаа нь иргэний эрх зүйн талуудын зарчим, эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлэх зарчим, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр явуулах зарчмуудыг зөрчсөн,

нотариатч Б.О-аас гаргасан “хувьцаа шилжүүлэх гэрээ болон компанийн дүрэм нь нотариатчаар гэрчлүүлсэн, эх хувь нь элчин сайдын яамаар дамжуулан ирсэн байсан” гэх тайлбарт анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай байна.” гэжээ.

Магадлалын дээрх дүгнэлт шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар хэнд холбогдуулж, ямар нэхэмжлэл гаргахыг нэхэмжлэгч шийдвэрлэнэ.

Түүнчлэн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний нэг тал болох БНХАУ-ын иргэн Жо Дабао /Qu Dabao/, Шү Дачинь /Xu Daqihg/, Гүн Бин /Gong Bing/, Гү Чинжүн /Gu Qinzhong/ нар Монголд улсад байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй байдал хэргийн баримтаар тогтоогдсон тул  тэднийг оролцуулаагүй  хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтад давж заалдах шатны шүүх өөрөө дүгнэлт хийх бүрэн эрхтэй тул магадлалын хоёрдох үндэслэл хуульд нийцээгүй гэж үзэв.

Дээр дурдсанаар магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгчийн, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн гомдлыг хангах нөхцөл тогтоогдоогүй тул магадлалыг хэвээр үлдээв.

Анхан шатны шүүх хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх 4 гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ, гэрээний нэг тал ТЦХ ХХК-г төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан, гэрээний нөгөө тал С-А ХХК-ийн 75 хувийн хувьцаа эзэмшигч нар хувьцаа худалдах тухайгаа 25 хувийн хувьцаа эзэмшигч ХГЖ--д мэдэгдээгүй гэсэн дүгнэлтүүдийг хийжээ.

ТЦХ ХХК нь гэрээ байгуулсан этгээдийн төлөөлөх эрхийн талаар маргаагүй байхад шүүх дээрх дүгнэлт хийсэн нь буруу байна.

Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4-т “компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй, хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ.” гэж заасныг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй, тодруулбал, шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй  нотлох баримтыг бүрэн харьцуулан үнэлээгүй байна.

Дээрхээс гадна ХГЖ- нь С-А ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч хэвээр атал шүүх түүнийг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай С-А ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл, 75 хувийн хувьцаа эзэмшигч нар нэхэмжлэгчтэй нэгдмэл хүсэл сонирхолтой нь тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч ХГЖ- нь Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18644309890803 дугаартай 3 га газрын хууль ёсны эзэмшигч нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай С-А ХХК болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргах эрхтэй эсэх, түүнчлэн  нэхэмжлэлийг хэнд холбогдуулж байгаа нь тодорхой бус байгааг шүүх анхаараагүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ХГЖ--ны БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд С-А ХХК-ийн тамга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар ашиглах эрхийн 000343970 дугаарын гэрчилгээг гаргуулах гэсэн нэхэмжлэлийг шүүх хангасан нь учир дутагдалтай болжээ. Шүүхийн шийдвэр ойлгомжтой, ямар нэгэн болзолгүй, биелэгдэх боломжтой байх учиртай бөгөөд С-А ХХК-д “БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд С-А ХХК-ийн тамга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ” зэрэг байгаа эсэх нь тодорхой бус байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1343 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.       

2. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ХГЖ--ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 21.906.432 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ