| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2020/0019/Э |
| Дугаар | 178 |
| Огноо | 2020-09-17 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 178
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бдаргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Орчуулагч, хэлмэрч Б.Арманбек,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Д.А,
Шүүгдэгч А.А, М.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуульд 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан хууль хүчин төгөлдөр болохоос өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А, М.Ж нарт холбогдох эрүүгийн 2013002280187 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1993 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 01 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овгийн Аы А регистрийн дугаар БЮ93040619
Монгол Улсын харьяат, 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 01 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овгийн М Ж регистрийн дугаар БЕ89112719
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч А.А, М.Ж нар нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хар нуур” гэх газарт байрлах малын хашаанаас иргэн Ж.Дын нас бие гүйцсэн, 12 тооны эх ямааг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгч М.Ж мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.
Хоёр: Эрүүгийн 201300220187 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15 дугаар хуудас/
2.Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5/58 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, мөрдөгчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” санал,
хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Т.Б-ийн өмчлөлийн 63-18 БӨТ улсын дугаартай, УАЗ-2206 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 19-24 дүгээр хуудас/
3.Хөрөнгө, даатгалын үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 20/38 дугаартай “2007 онд үйлдвэрлэгдсэн, 2008 оны 2 дугаар сард Монгол Улсад орж ирсэн, УАЗ-2206 маркийн, хуучивтар тээврийн хэрэгсэл нь 5.000.000 /таван сая/ төгрөгийн үнэлгээтэй байсан” гэх дүгнэлт /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,
4. “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 20/32 дугаартай “Нас бие гүйцсэн эх ямаа 2019 оны 4 дүгээр сарын байдлаар 60.000 төгрөгийн үнэтэй байсан ба 12 тооны ямаа нийт 720.000 төгрөгийн үнэтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 75-76 дугаар хуудас/,
5.Хохирогч Ж.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сард байх одоо өдрийг сайн санахгүй байна миний бог мал хөдөө өөрийн төрсөн ахын малтай хамт үлдсэн байсан. Би хавар ноолуур гарах үеэр хөдөө мал дээр очиж үлдээсэн малаа тоолоход 50 гаруй ямаа дутуу байсан юм. Тэгээд өөрийн төрсөн ах болон хүргэн залуу М.Ж нараас асуухад, энэ жилийн зуднаас нэлээдгүй бог мал үхчихсэн, үүнээс гадна алга болсон мал ч их байсан гэж тайлбарласан юм. Би тэгээд алга болсон малаа сумын Цагдаагийн хэсэгт ирж бүртгүүлсэн байсан. Тэгээд сүүлд 2020 оны 07 дугаар сард сумын хэсгийн төлөөлөгч утсаар дуудаж “таны алдагдсан ямааны сураг нь гарсан, та ирж мэдүүлэг өгөөч” гэсэн. Урьд нь би алдагдсан ямаануудаа М.Жаас асуухад мэдэхгүй, аваагүй гэж худлаа хэлсэн. Гэтэл М.Ж манай ямааг хулгайлж, сумын төвд Инжү нэртэй дэлгүүрийн эзэн Т.Тт худалдан борлуулсан байсан. Би малаа ах болох Ж.Тад хариуцуулж үлдээсэн байсан. Харин М.Ж Ж.Т ахад мал хариулахад нь тусалдаг байсан. А.А манай эгчийн хүүхэд бөгөөд түүнийг манайх үрчилж авсан. Тэрээр манай ээж Ахшаганаар овоглодог, миний дүү бөгөөд бид нэг гэрт амьдардаг. Манай өвөлжөө Алтай сумын 1 дүгээр багт “Хар нуур” гэх газарт байрладаг ба уг өвөлжөө анх манай аавын өвөлжөө байсан бөгөөд би айлын бага болохоор аавын гал голомтод үлдэж, ах Ж.Тыг тусдаа гаргаж, уг өвөлжөөнд тусад нь байшин барьж өгсөн. Ж.Тыг тусдаа гаргах үед уг өвөлжөөг бид хоёр хуваан авч тус тусдаа өмчлөлийн гэрчилгээ авсан. Өвөл малаа Ж.Тын хашаанд хашдаг. Тэдний өвөлжөөнд ах Ж.Тын байшин, бас хүргэн М.Жы байшин байдаг. Тухайн үед миний малаас нийт 50 тооны ямаа алга болсон. Үүнээс 12 тооны ямааг М.Ж, А.А нар хулгайлсан болох нь тогтоогдсон. Би өөрийн дүү А.А-ээс хохирол нэхэмжлэхгүй ба харин хүргэн М.Ж надад учирсан хохиролд өөрийн эсгий гэрээ өгч миний хохирлыг барагдуулсан. А.А, М.Ж нар надаас удаа дараа ирж уучлалт гуйж, дахин хулгай хийхгүй гэж амалсан болохоор би тэднийг уучилсан. Одоо надад М.Ж, А.А нараас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-53 дугаар хуудас/
6. Гэрч Т.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...М.Ж, А.А гэдэг хоёр залуу урд өмнө байнга манай дэлгүүрээс зээлээр хүнс бараа бичүүлж аваад, нэлээд хугацаа өнгөрсөн байсан ба надад мөнгөний шаардлага гарч, хүмүүст зээлээр тараасан хүнс барааны мөнгийг цуглуулсан юм. Би М.Ж, А нартай уулзаж “та хоёр авсан зээлээ өгөөч” гэж хэлсэн. Тэгэхэд 2019 оны 03 дугаар сард байх өдрийн сайн санахгүй байна, нэг өдөр М.Ж, А хоёр надад ирж, “бид хоёрт танд өгөх бэлэн мөнгө байхгүй байна, та мал авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь урд өмнө мал авч байсан болохоор авна гэж хэлсэн. Надад тэр хоёр 12 тооны ямаа өгнө гэж хэлсэн. Та нэг ямааг хэдээр авах бэ гэж асуусан. Би нэг ямааг 50.000 төгрөгөөр тооцож авна гэж хэлсэн. Тухайн үед ноолуур гараагүй байсан учраас хаврын цагт мал туранхай тул 50.000 төгрөгөөс хэтрүүлж авч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд өдрийг нь сайн санахгүй байна, 3 дугаар сард байх нэг орой хөдөөнөөс нэг танихгүй дугаараас над руу залгасан ба, М.Ж байна та нөгөө малаа одоо ирж авах уу гэж хэлсэн. Тухайн үед надад машин байхгүй байсан ба, таксинд явдаг Т.Б /Баухан хочтой/ гэдэг залуугийн фургон машиныг хөлсөлж авч, хөдөө М.Жы малын өвөлжөөнд орой 20 цагийн үед очсон. Би М.Ж, А хоёроос мал авахаас өмнө, надад худалдах гэж байгаа мал та хоёрын мал мөн үү, ямар нэгэн хулгай мал биш биз дээ гэж тодорхой асуусан. Тэгэхэд тэр хоёр надад ямар нэгэн асуудал байхгүй, бид хоёрын өөрийн мал гэж хэлсэн учраас итгэсэн болно. Тэгээд малын хашаанаас нийт 12 тооны ямаа барьж гаргасан ба, машинд ачиж өгсөн үнэн. Тэдний надаас зээлээр авсан бараа бэлэн мөнгө нийлээд 600 гаруй мянган төгрөг болсон ба би тэднээс ямаа авсны дараа М.Ж, А.А нарын хэн нь байсныг санахгүй байна, нэг нь ирээд тооцоо хийгээд зөрүү мөнгө болох хэдэн төгрөг аваад явсан. Яг хэдэн төгрөгийн зөрүү өгснөө одоо санахгүй байна. Би тэднээс 1 ямааг 50.000 төгрөгөөр тооцож, нийт 12 тооны ямааг 600.000 төгрөгөөр худалдаж аваад, надаас зээлдэж авсан 300.000 төгрөг, мөн зээлээр авсан хүнсний барааны үнэ 300.000 гаруй төгрөгийг хасаж, зөрүү мөнгийг нь өгсөн. Миний авсан 12 ямаа бүгд эх ямаа байсан юм. Би тэр хоёрт зээлээр бараа, мөнгө өгөхдөө зээлийн дэвтэрт бичиж байсан.”, ....Би зээл бичиж байсан дэвтрээ олоод аваад ирсэн. Би дэвтэртээ Ад өгсөн зээлээ “Амака” нэрээр бичиж байсан ба түүний авсан зээл 251.200 төгрөг, М.Жыг “Жакон” гэж бичиж зээл өгч байсан ба түүний авсан зээл 370.500 төгрөг байна. Би уг ямаануудыг худалдаж авахад М.Ж надаас авсан зээлээсээ 275.000 төгрөг хасуулж, 95000 төгрөгийг үлдээсэн байсан. Би тэдэнтэй тооцоо хийхдээ хэнд хэдэн төгрөг буцааж өгснөө одоо санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 54-57 дугаар хуудас/,
7.Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2019 оны 3 дугаар сарын сүүл, 4 сарын эхээр, өдрийг нь сайн санахгүй байна, А.Тилеубек надад миний худалдаж авсан хэдэн мал байгаа юм, чи түүнийг хүргээд өгөөч гэж хэлэхээр нь би зөвшөөрч тэрээр надад 20 литр бензин хийж өгөхөөр болсон. А.Тилеубек надад орой мал ирэх үеэр очно гэж хэлээд орой нь хэдэн цагийн үед сумаас гарснаа санахгүй байна, Хар нуур гэх газарт байрлах нэг өвөлжөөнд очсон. Уг өвөлжөө хэний өвөлжөө болохыг би мэдээгүй бөгөөд бид уг өвөлжөөнд очоод машинаараа малын хашаанаас зайтай газарт очиж зогссон. Малын хашаа руу орох зам цастай байсан тул малын хашаанаас зайтай зогссон. Уг өвөлжөөнд очиход тус сумын иргэд болох М.Ж болон А.А нар гарч ирэхэд Т.Т машинаас буугаад тэдэнтэй уулзсан. М.Ж, А.А нар малын хашаанаас ямаа гаргаж миний машинд ачиж өгсөн. Тэр үед Т.Т машины хаалгыг онгойлгож өгч, нөгөө хоёр ямааг малын хашаанаас гаргаж миний машинд ачсан. Тухайн үед тэд миний машинд хэдэн толгой ямаа ачсаныг би тоолоогүй ба уг ямааг Т.Т Д.Е гэх хүний хашаанд очиж буулгах үед тоолоход 12 толгой ямаа байсан.Тэдний хооронд ямар тооцоо байгааг нь би сайн мэдэхгүй, М.Ж, А.А нар уг 12 ямааг хулгайлж өгч байгааг нь би мэдээгүй. Үүнээс хоёр хоногийн өмнө намайг аймгийн цагдаагийн газраас дуудаж байна гэхэд М.Ж, А.А нар Т.Тэд өгсөн 12 ямааг бусдын малын хашаанаас хулгайлж өгсөн байна гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/
8.Гэрч Д.Е-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.Т нь сумын төвд хувиараа наймаа эрхэлж, хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Тэрээр бусдаас авах авлага, мөнгөнийхөө оронд авсан малаа манай хотонд авч ирж түр хугацаа нийлүүлдэг. 2019 оны хавар 4 дүгээр сард байх өдрийг нь сайн санахгүй байна, манай Алтай сумын 1 дүгээр багт ууланд байдаг мал төллүүлдэг хашаанд 12 тооны хар, хар алаг зүсмийн бүгд эх ямааг манай малтай нийлүүлэхээр авч ирсэн. Түүнийг манай уг хашаанд ирэх үед нь бид оторлоод явсан байсан. Тэрээр надтай утсаар холбогдож энэ талаар хэлэх үед нь бид уг хашаанд байхгүй, малаа оторлуулаад явсан, авч ирсэн 12 ямаагаа хашаанд үлдээгээд яв, би очиж авч маландаа нийлүүлж авья гэж хэлсэн. Маргааш нь би хашаандаа очиход 12 толгой, хар, хар алаг зүсмийн нас бие гүйцсэн эх ямаа байсныг би өөрийн малд нийлүүлсэн. Уг 12 ямаа бүгд нүүрэн дээ “Ногт" тамгатай, зүүн талын чих үзүүр хэсгээр таримал, мөн цуулбар имтэй байсан. Т.Т 12 тооны ямааг худалдана гэхээр нь би ямаануудыг манайд авч ирснээс хойш сарын дараа нэг бүрийг нь 63.000 төгрөгөөр тооцож худалдаж авч, идшинд нядалсан” гэх мэдүүлэг/хх-ийн 60-61 дүгээр хуудас/
9.Гэрч Ж.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай төрсөн дүү болох Ж.Д бид хоёр зун хамт зусаж, өвөл Ж.Д сумын төвд өвөлждөг юм. Тэрээр өвөл сумын төвд өвөлжихдөө малаа надад үлдээгээд би түүний малыг өөрийнхөө малдаа нийлүүлж хариулдаг байсан. Ж.Д бид хоёр Алтай сумын 1 дүгээр багт Хар нуур гэх газарт өвөлжөөтэй бөгөөд уг өвөлжөөнд малын хашаа хороог залгаа болгон хамт барьсан ба малын хашаа болон өвөлжөөний гэрчилгээ нь тус тусдаа өөр өөрсдийн нэр дээр байдаг. Сүүлийн хэдэн жил хүргэн дүү болон М.Ж, Ж.Д бид хоёрын хамт зусаж, өвөлждөг болсон ба тэрээр Ж.Д бид хоёрын өвөлжөөнд өвөл амьдрах байшин барьсан байсан. Ж.Дыг өвөл сумын төв рүү очиж өвөлжих үед М.Ж бидний малыг хариулж надад тусалдаг байсан. 2019 оны 04 дүгээр сард хэдний өдөр байсныг сайн санахгүй байна эхнэр Еркегүлийн хамт сумын төв рүү орж нэг хоноод ирэх үед М.Ж болон эгчийн хүү болох А.А нар Ж.Дын малнаас 12 ямааг хулгайлж Т.Тэд худалдсан байна лээ. Бид үүнийг мэдээгүй бөгөөд мал төллөх үед Ж.Д ирж малаа тоолоход түүний ямаанаас 50 гаруй ямаа дутсан. Тэр үед М.Ж болон А.А нар энэ талаар бидэнд хэлээгүй бөгөөд дараа нь буюу энэ жил сумын хэсгийн төлөөлөгчийн хэлснээр М.Ж болон А.А нар Ж.Дын ямаанаас 12 ямааг хулгайлж Т.Тэд өгснийг мэдсэн. ...Ж.Дын уг 12 ямаа нь нас бие гүйцсэн эх ямаанууд байсан. Бидний ямаанууд ихэнх нь хар, хар алаг зүсмийн ямаанууд юм. Ж.Дын хонь, ямаанууд нь нүүрний хоёр талд “Ногт" тамгатай, зүүн чихний үзүүр хэсгийг тайрсан, цуулбар имтэй байсан. ...Ж.Д малаа надад итгэж харж бай гэж үлдээсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 дүгээр хуудас/,
10.Гэрч Х.Еркегүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Манайх зуны улиралд хадам дүү болох Ж.Д болон хүргэн дүү М.Ж нарын хамт зусаж, өвөлд нь Ж.Д манайд малаа үлдээгээд сумын төвд өвөлждөг.Ж.Д нь мал тооллогын үеэр ирж малаа тоолоход 50 тооны ямаа дутсан. Дутсан 50 тооны ямааны 12 тооны нас гүйцсэн эх ямааг миний нөхөр Ж.Т бид хоёрыг сумын төв явсан өдөр хүргэн дүү М.Ж, дүү А.А нар хулгайлж, Т.Тэд өрөндөө өгсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-рх/,
11. Шүүгдэгч М.Жы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...2018 оны 12 дугаар сард Ж.Д нь Хар нуур гэх газраас сумын төвд оршин сууж амьдрахаар нүүчихсэн байсан. Тэр жил би хөдөө тэдний малын өвөлжөөнд өөрийн 20 гаруй толгой бог малыг хамт мал малладаг байсан. 2019 оны хавар 03, 04 дүгээр сард байх өдрийн сайн санахгүй байна, А.А гэдэг миний хадам дүү надад ирж “Би Т.Т гэдэг сумын төвд дэлгүүр ажиллуулдаг ахад өртэй, надаас өрөө нэхэж байна, яах уу гэж асуусан. Тэгэхэд би А.Ад надад ч гэсэн Т.Тэд өгөх 300000 төгрөгийн зээл байгаа, одоо хүртэл өгөөгүй гэж хэлсэн. Бид хоёр тэгж ярилцаад сууж байгаад бидэнд мал зарж байж өр төлбөрөө дарах бодол санаа бодогдсон. Тэгээд А.А бид хоёр Т.Тэд очиж түүнд “бид нарт танд өгөх бэлэн мөнгө байхгүй байна, харин өр зээлэндээ тооцож мал өгвөл та авах уу” гэж үнэнээ хэлж асуусан. Тэгэхэд Т.Т ямар мал өгөх вэ гэж асуухад нь А.А бид хоёр түүнд ямаа зарна гэж хэлсэн. Тэгээд бид хоёрын өөрийн мал цөөхөн болохоор Ж.Дын ямааг хулгайлахаар төлөвлөсөн. Нэг өдөр Ж.Т /Народ хочтой/ ах сумын төвд хонохоор явсны дараа тэр шөнө Т.Т рүү утсаар ярьж түүнийг “Малаа ирж ав” гэж дуудсан ба Т.Т ах цагаан өнгийн фургон машинаар орой 22 цагийн үед хүрээд ирсэн Т.Т ах А.А бид хоёроос “надад худалдах гэж байгаа мал та хоёрынх мөн биз дээ, ямар нэгэн асуудалгүй биз” гэж асуухад нь бид “ямар ч асуудалгүй, бид хоёрын мал” гэж хэлсэн. Тэгээд шууд хашаанд байсан малаас нийт 12 толгой ямааг гаргаж Т.Тийн ирсэн машинд ачиж өгсөн юм. Ж.Д миний хадам ах бөгөөд тэдний хөдөө байгаа малын өвөлжөөнд миний бие өөрийн гэрээр ганц хоёр жил хамт байсан.Надад өөрт мал цөөхөн ба мөнгөний хэрэгцээ гарч, дэлгүүрээс авсан өрөө төлөхийн тулд Ж.Д ахын ямаа хулгайлж, худалдан борлуулсан нь үнэн. Т.Тэд нэг ямааг 45.000 төгрөгөөр тооцож худалдан, 300 гаруй мянган төгрөгийн өрөө дарж, зөрүүг дараа нь авсан. Бид түүнийг тухайн үед ямааг 45000 эсвэл 50000 төгрөгөөр тооцож авч байгаа эсэхийг асуугаагүй. Би Т.Тээс зээл авч, уг зээлийн тооцоог хийхдээ дэвтэрт тэмдэглүүлээд явдаг байсан. Тухайн үед яг хэдэн төгрөгийн зээл хаасан, хэдэн төгрөгийн зөрүү авсан гэдгээ одоо санахгүй байна’’ гэх мэдүүлэг /хх-ийн 104-110 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
12.Шүүгдэгч А.Айн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “Би сумын төвд иргэн Т.Т гэх хүний дэлгүүрээс зээлээр хүнсний зүйл авдаг байсан ба нэг өдөр Т.Т надад авсан зээл чинь 250000 төгрөг болсон байна. Уг 250000 төгрөгөө төл гэж хэлсэн. Тэгээд би түүнд 250000 төгрөгийг төлж өгөх бэлэн мөнгө байхгүй болоод байж байгаад хүргэн ах болох М.Жтай ярихад тэрээр мөн адил Т.Тэд төлөх 300000 төгрөг байгаа гэж хэлсэн. Бид хоёр ярилцаж сууж байгаад Ж.Дын малнаас ямаа хулгайлж худалдахаар болж тохирсон. Тэгээд бид хоёр Т.Тэд бидэнд таны мөнгийг төлж өгөх бэлэн мөнгө байхгүй байна, бид ямаа худалдах гэсэн юм, та мөнгөнийхөө оронд ямаа авах уу гэж асуухад тэрээр зөвшөөрч ямаа авахаар болсон. М.Ж бид хоёр Хар нуур гэх газарт Ж.Д, Ж.Т нарын өвөлжөөнд очиж М.Жы гэрт хэд хоног байсан. Нэг өдөр Ж.Т ах сум руу явж орой нь ирээгүй. Тэгэхэд М.Ж бид хоёр Т.Тийн утас руу холбогдож түүнд нөгөө ямаагаа ирж аваарай гэж түүнийг дуудсан. Тэр үед 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байсан шиг санагдаж байна. Тэр үед Ж.Т, Ж.Дын малыг өөрийн малтай нийлүүлж хариулдаг байсан ба Ж.Д сумын төвд өвөлжиж байсан. Ж.Тилеубек нэг цагаан өнгийн фургон машинаар 22 цагийн үед уг өвөлжөөнд ирсэн. Ж.Тилеубекийн ирсэн уг фургон машин нь Бахбер гэх залуугийн машин байсан ба Бахбер машинаа өөрөө жолоодож ирсэн. Тэгээд М.Ж бид хоёр малын хашаанд байсан малаас буюу Ж.Дын малаас 12 тооны ямааг Т.Тийн ирсэн фургон машинд Т.Т, М.Ж бид гурав ачсан. Т.Т бидэнд уг 12 ямаа та нарын өөрсдийн ямаа мөн үү, дараа нь ямар нэгэн асуудал болохгүй биз дээ гэж асуухад бид уг ямаанууд бидний өөрсдийн ямаа гэж хэлсэн.Бид Т.Тэд ямааг нэг бүрийг нь 45000 төгрөгөөр худалдсан. М.Жы зээл яг хэдэн төгрөг болсныг мэдэхгүй, юу ч гэсэн 300.000 төгрөг өгнө гэж хэлж байсан. Харин минийх 250.000 төгрөг болсон байсан. Т.Тэд ямаа худалдсаны дараа би очиж тооцоо хийгээгүй, М.Ж очиж тооцоо хийсэн байх. Би зөрүү мөнгө аваагүй. Уг 12 ямаар бид хоёр 6, 6-аар хувааж авсан ба М.Ж 6 ямааны төлбөрт Ж.Д ахад эсгий гэрээ өгсөн. Харин надаас хохирол нэхэмжлэхгүй гэсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Миний буруу. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү’’гэх мэдүүлэг/хх-ийн 113-118 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтууд, шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн 2013002280187 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Ж, А.А нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд:
Шүүгдэгч нарын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Ж, А.А нар нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хар нуур” гэх газарт байрлах иргэн Ж.Тын малын хашаанд хашсан байсан Ж.Дын малаас нас бие гүйцсэн 12 тооны эх ямааг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-р хуудас/, хохирогч Ж.Дын “2019 оны 4 дүгээр сарын эхээр алга болсон миний нас бие гүйцсэн 12 тооны эх ямааг хүргэн М.Ж, төрсөн дүү А.А нар бүлэглэн хулгайлж, Т.Тэд худалдан борлуулсан байсан. Би дүү А.Аээс ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй ба М.Ж надад учирсан хохиролд эсгий гэр өгсөн. Одоо надад тэднээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-53-рх/, гэрч Т.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”М.Ж, А.А нар нь манай дэлгүүрээс бараа болон бэлэн мөнгө зээлээр дэвтэрт бичүүлж авдаг байсан ба М.Ж 370.500 төгрөгийн, А.А 251.000 төгрөгийн өртэй байсан. Би тэд нараас өрөө төлөхийг шаардахад бэлэн мөнгө байхгүй, мал авах уу гэхэд нь зөвшөөрсөн. 2019 оны 3 сарын үед, өдрийг нь санахгүй байна, нэг орой 22 цагийн үед тэр хоёр надруу утсаар ярьж, өрөндөө 12 тооны ямаа ирж аваарай гэхээр нь таксинд явдаг Т.Б гэдэг хүний машин хөлслөн М.Жы малын өвөлжөөнд очиж өрөндөө 12 тооны хар, хар алаг зүсмийн эх ямаануудыг нэг бүрийг нь 50.000 төгрөгөөр үнэлэн авч, М.Жы өрнөөс 275.000 төгрөг, А.Айн өрнөөс 251.000 төгрөг хасаж тооцоод зөрүүг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56-рх/, гэрч Т.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”2019 оны 3 сарын сүүл, 4 сарын эхээр, өдрийг нь санахгүй байна, оройн цагаар Т.Тийн гуйснаар өөрийн 63-18 БӨТ улсын дугаартай, фургон машинд 20 литр бензин хийлгэн Хар нуур гэх газарт байрлах өвөлжөөнд очиж, М.Ж, А.А нарын малын хашаанаас 12 тооны ямаа ачиж, Д.Е гэх айлд аваачиж буулгаж өгсөн. Т.Т надад хэлэхдээ М.Ж, А.А нар надад өгөх өр төлбөртөө ямаа өгч байгаа юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-рх/, гэрч Д.Е-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”2019 оны хавар 4 сард байх, өдрийг нь санахгүй байна, намайг оторт явсан хойно Т.Т манай Алтай сумын 1 дүгээр багт ууланд байрлах мал төллүүлдэг хашаанд 12 тооны хар, хар алаг зүсмийн 12 тооны нас гүйцсэн эх ямааг манай малтай нийлүүлэхээр авч ирсэн талаараа утсаар хэлэхэд би 12 ямаагаа үлдээгээд яв, би маргааш очиж малтайгаа нийлүүлье гэж хэлсэн. Маргааш нь хашаандаа ирэхэд 12 тооны эх ямаа үлдээсэн байсныг малтайгаа нийлүүлж авсан. Т.Т хүмүүсээс өрөнд авсан малаа манайд түр тавьдаг юм. Уг 12 тооны ямааг манай малд нийлснээс хойш 1 сарын дараа би Т.Тээс нэг бүрийг нь 63.000 төгрөгөөр худалдан авч идшинд нядалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-рх/, гэрч Ж.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”2019 оны 4 сарын эхээр намайг гэртээ байхгүй байх үед хүргэн М.Ж, дүү А.А нар манай малтай хамт байсан дүү Ж.Дын малаас 12 тооны нас бие гүйцсэн эх ямааг хулгайлан авч Т.Тэд өрөндөө өгсөн байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-рх/, гэрч Х.Е-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” Ж.Дын 12 тооны нас гүйцсэн эх ямааг миний нөхөр Ж.Т бид хоёрыг сумын төв явсан өдөр хүргэн дүү М.Ж, дүү А.А нар хулгайлж, Т.Тэд өрөндөө өгсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-рх/, шүүгдэгч М.Ж, А.А нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Ж, А.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.Ж, А.А нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй, харин шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Айбекийн зүгээс “Шүүгдэгч нар нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө иргэн Ж.Дын 12 тооны нас гүйцсэн, эх ямааг хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах” байр сууриа илэрхийлж, улсын яллагчтай мэтгэлцсэн болно.
Гэмт хэрэг үйлдсэн хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэл тоолох бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй” гэж зааснаас үзэхэд шүүгдэгч М.Ж, А.А нарын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил биш, таван жил байна.
Тодруулбал: Шүүгдэгч нар нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг /зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай/ үйлдсэн байх ба тэдний үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасны дагуу таван жил байх бөгөөд уг хугацаа 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 24 цагт дуусгавар болохоор байна.
Түүнчлэн шүүгдэгч М.Ж, А.А нарыг мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрөөгүй байхад буюу 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.
Дээрх үндэслэлээр шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Айбекийн гаргасан “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах” дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Мал хулгайлах гэмт хэргийг халдлагын зүйлээр нь хулгайлах гэмт хэргээс ялгаатай байдлаар хэлбэрийн шинжтэй буюу бусдын өмчлөх эрхэд хохирол учирсан байхыг шаардахгүйгээр хуульчилсан ба шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгөтэй болох зорилгоор шунахайн сэдэлттэйгээр бусдын 12 тооны бог малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч захиран зарцуулсан нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч М.Ж, А.А нар нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олж, бусдад төлөх өр төлбөрөө төлөх зорилгоор үгсэн тохиролцож, санаатай үйлдсэн байна. Тэдний гэмт үйлдэл нь хохирогч Ж.Дын 12 тооны бог малыг фургон машинд ачиж, Т.Тэд өрөндөө өгснөөр бүрэн төгссөн байна.
Шүүгдэгч А.А, М.Ж нар нь иргэн Т.Тэд төлөх өр төлбөртэй байсан нь хэргийн 16-18-р талд авагдсан үзлэгийн тэмдэглэл болон түүнд хавсаргасан 2 хуудас баримтаар нотлогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 3-д”Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах дайчлан авахыг хориглоно.Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Тавдугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд аливаа халдагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус заажээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ж, А.А нар нь хохирогч Ж.Дын дээрх Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, бусад хууль тогтоомжоор хамгаалагдсан эд хөрөнгө өмчлөх үндсэн эрхэд халдаж, түүний өмчлөлийн нас бие гүйцсэн, 12 тооны эх ямааг хулгайлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын бусдад төлөх өр төлбөрөө хялбар аргаар мөнгө олж төлөх шунахайн сэдэлт нөлөөлсөн байна.
Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд шүүгдэгч нар нь 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө буюу 2019 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө бүлэглэж, машин механизм ашиглан “олон тооны” буюу бусдын 12 тооны бог мал хулгайлсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Монгол Улсын Их Хурлаас “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан бөгөөд уг хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №7-д нийтлэгдэж, 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон байна.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлж, мөн хэсгийн хуульчилсан тайлбарт “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохоор, мөн мал хулгайлах гэмт хэргийг “бүлэглэж”, “машин механизм ашигласан” гэх шинжүүдээр хүндрүүлэн зүйлчилж ял шийтгэхээр тус тус тогтоожээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг, тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 2 дахь хэсэгт ”Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч М.Ж, А.А нарын бусдын 12 тооны бог малыг машин механизм ашиглаж, бүлэглэж хулгайлсан үйлдэл нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа нь тэдний эрх зүйн байдлыг дордуулж байна.
Иймд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байх тул М.Ж, А.А нарыг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Ж, А.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамласан нь хуульд нийцсэн байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт “Гэмт хэрэгт хамтран оролцох” хэлбэрийг хуульчилсан ба мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-д “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн........үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан байна.
Гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэнийг хууль тогтоогч тодорхой гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зарим зүйл хэсгүүдэд тусгасан байдаг ба Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болохоос өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуульд мал хулгайлах гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэнийг уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болгож хуульчлаагүй байна.
Гэмт хэрэгт хамтран оролцох нь нэг гэмт хэргийг үйлдэхэд хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс оролцсон байх, тэдний үйл ажиллагаа нэгдсэн шинжтэй байх, хамтарсан үйл ажиллагааг урьдчилан тохиролцож, эсхүл урьдчилан тохиролцоогүй ч үйлдлээрээ нэгдэж, санаатай хийсэн байх гэсэн үндсэн гурван шинжийг агуулсан байхаар Эрүүгийн хуульд тусгаснаас үзэхэд эдгээр шинжийн аль нэг нь байхгүй бол гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх боломжгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн агуулгаас үзэхэд тусгай ангид заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бүх тохиолдлыг хамтран оролцох гэсэн ойлголтод хамруулан үзэж болохоор байна.
Шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдэх замаар амар хялбар аргаар мөнгө олж, бусдад өгөх өр зээлээ төлөхийн тулд урьдчилан тохиролцож, нэг зорилгод хүрэх эрмэлзлээр мал хулгайлах гэмт хэргийг санаатай хамтарч үйлдсэн нь тогтоогдож байх тул тэдний үйлдлийг зүйлчлэхдээ “гэмт хэрэгт хамтран оролцсон” гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-д заасныг журамласан нь хуульд нийцэж байна гэж үзэв.
Түүнчлэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд М.Ж, А.А нар хоёулаа гар бие оролцож, гэмт хэргийг гардан үйлдэж, гэмт үйлдлээ туйлд нь хүргэж төгсгөсөн байх тул тэднийг уг гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь мөн үндэслэлтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн гүйцэтгэгч нь нэг буюу хэд хэдэн этгээд байж болох бөгөөд хоёр ба түүнээс дээш тооны этгээд санаатай нэгдэж, гэмт хэргийг гардан үйлдсэн бол “бүлэглэн гүйцэтгэгч” гэж үзэхээр хууль тогтоогч хуульчилсан байх тул шүүгдэгч М.Ж, А.А нарын үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь хуульд нийцэж байна.
Иймд шүүгдэгч М.Ж, А.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,2, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:
Шүүгдэгч нар нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө хохирогч Ж.Дын нас гүйцсэн 12 тооны бог малыг хулгайлсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 20/32 дугаартай дүгнэлтээр “нас гүйцсэн 12 тооны эх ямааг нэг бүрийг нь 60.000 төгрөгөөр үнэлж, нийт 720.000 төгрөгийн үнэтэй” болохыг тогтоосон байна.
Иймд шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Ж.Дад 720.000 төгрөгийн хохирол учирсан гэж үндэслэлтэй байх ба хохирогч Ж.Д нь “Миний 12 тооны эх ямааг хулгайлсан А.А нь миний төрсөн дүү гэж явдаг тул надад учирсан хохирлын түүнд холбогдох хэсгийг нэхэмжлэхгүй, харин хүргэн дүү болох М.Ж нь надад учруулсан хохиролд эсгий гэр өгч хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо миний хувьд тэднээс нэхэмжлэх зүйл байхгүй. М.Ж, А.А нар нь надаас 2 удаа уучлалт гуйж, дахин хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй гэж амласан тул би тэднийг уучилсан” гэж мэдүүлсэн нь хэргийн 50,53 талд авагдсан байна.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Ж, А.А нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч М.Ж, А.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,2, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул тэдний үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Б нь шүүгдэгч М.Ж, А.А нарт тус бүрт нь 400 цагийн нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ялыг санал болгосон ба шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж хохирогчоос уучлалт гуйсан зэрэг нөхцөл байдлууд, тэдний хувийн байдлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,2, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж, А.А нарт тус бүрт нь 240 цаг нийтэд тустай хөдөлмөр хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхээр тогтоож шийдвэрлэв.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх ойлголт юм.
Шүүгдэгч М.Ж, А.А нар нь хохирогч Ж.Дын малыг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэхийн тулд УАЗ-2206 маркийн 63-18 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болох нь гэрч Т.Т, Т.Б нарын мэдүүлэг болон шүүгдэгч М.Ж, А.А нарын мэдүүлгээр нотлогдсон байх тул уг тээврийн хэрэгслийг “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл” гэж үзэж, улсын төсөвт шилжүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
Эрх бүхий шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 20/38 дугаартай дүгнэлтээр иргэн Т.Б-ийн өмчлөлийн, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2008 оны 2 дугаар сард орж ирсэн, УАЗ-2206 маркийн, 63-18 БӨТ улсын дугаартай, хуучивтар тээврийн хэрэгслийг 5.000.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон байна.
Шүүгдэгч нарын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь иргэн Т.Бийн өмчлөлийнх болох нь хэргийн 24 дүгээр талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хэрэгт хураан ирүүлсэн АЯ№0127445 дугаартай Т.Бийн тээврийн гэрчилгээ /эх хувь/-гээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч М.Ж, А.А нарын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2008 оны 2 дугаар сард орж ирсэн, УАЗ-2206 маркийн, 63-18 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч Т.Бт буцаан олгож, түүний үнэ 5.000.000 /таван сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч А.Айн хувьд ногдох хөрөнгөөс 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч М.Жы хувьд ногдох хөрөнгөөс 2.500.000 /хоёр сая таван зуун мянган төгрөг тус тус албадан гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч М.Ж, А.А нар нь хохирогч Ж.Дын нас гүйцсэн 12 тооны эх ямааг хулгайлж, Т.Тэд нэг бүрийг нь 50.000 төгрөгөөр, нийт 600.000 төгрөгт тооцон өгч, түүнээс А.А нь Т.Тэд төлөх төлбөртөө 251.000 төгрөг, М.Ж нь Т.Тэд төлөх төлбөртөө 275.000 төгрөг нийт 526.000 тооцон хасуулж, үлдэх 74.000 төгрөгийг М.Ж авсан нь шүүгдэгч нарын мэдүүлэг болон гэрч Т.Тийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг болох 600.000 төгрөгөөс шүүгдэгч А.А 251.000 төгрөгийг, шүүгдэгч М.Ж 349.000 төгрөгийг тус тус ашиг болгон авсан байх тул тэдгээрийг мөн шүүгдэгч нарын тус бүрийн хувьд ногдох хөрөнгөөс хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй,тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, хэргийн хамт хураагдаж ирсэн шүүгдэгч М.Жы цахим иргэний үнэмлэх, шүүгдэгч А.Айн цахим иргэний үнэмлэх, иргэн Т.Бийн өмчлөлийн УАЗ-2206 маркийн 63-18 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /эх хувь/-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа тус бүрт нь буцаан олгож, шүүгдэгч М.Жы өмчлөлийн Мустанг маркийн, 06-29 БӨЗ улсын дугаартай /мотоцикль/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ /эх хувь/, шүүгдэгч А.Айн өмчлөлийн, ГАЗ-3307 маркийн, 56-07 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /эх хувь/-г тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв.
Иргэн Т.Бийн өмчлөлийн УАЗ-2206 маркийн 63-18 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5/58 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Жы өмчлөлийн Мустанг маркийн, 06-29 БӨЗ улсын дугаартай /мотоцикль/ тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 5/59 дугаартай тогтоол, шүүгдэгч А.Айн өмчлөлийн, ГАЗ-3307 маркийн, 56-07 улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 5/60 тогтоолыг тус тус хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогтой А-ы А, Ш овогтой М-н Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,2, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,2, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж, А.А нарт тус бүрт нь 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж, А.А нарт тус бүрт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, 2007 онд үйлдвэрлэгдсэн, УАЗ-2206 маркийн 63-18 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, БА90112015 регистртэй, Т-ийн Б-т буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 5.000.000 /таван сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Жы хувьд ногдох эд хөрөнгөөс 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч А.Айн хувьд ногдох хөрөнгөөс 2.500.000 /хоёр сая таван зуу/ мянган төгрөг тус тус албадан гаргуулж улсын орлогод оруулж, шүүгдэгч А.А-ээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 251.000 /хоёр зуун тавин нэг мянга/ төгрөг, шүүгдэгч М.Жаас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 349.000 /гурван зуун дөчин есөн мянга/ төгрөг тус тус хурааж улсын орлогод оруулсугай.
6. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, хэргийн хамт хураагдаж ирсэн бичиг баримт болох шүүгдэгч М.Ж, А.А нарын иргэний үнэмлэх-2ш /эх хувь/, иргэн Т.Б-ийн өмчлөлийн УАЗ-2206 маркийн 63-18 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ-1ш /эх хувь/-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа тус бүрт нь буцаан олгож, шүүгдэгч М.Жы өмчлөлийн Мустанг маркийн, 06-29 БӨЗ улсын дугаартай /мотоцикль/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ /эх хувь/, шүүгдэгч А.Айн өмчлөлийн, ГАЗ-3307 маркийн, 56-07 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /эх хувь/-г тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа гүйцэтгэх хуудасны хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Болатбекэд даалгасугай.
7. Иргэн Т.Б-йн өмчлөлийн УАЗ-2206 маркийн 63-18 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5/58 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Жы өмчлөлийн Мустанг маркийн, 06-29 БӨЗ улсын дугаартай /мотоцикль/ тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 5/59 дугаартай тогтоол, шүүгдэгч А.Айн өмчлөлийн, ГАЗ-3307 маркийн, 56-07 улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 5/60 тогтоолыг тус тус хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
8. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэн Баян-Өлгий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА