| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2020/0019/Э |
| Дугаар | 180 |
| Огноо | 2020-09-22 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 180
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б,
Шүүгдэгч У.Н, Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Н, Ж.Х нарт холбогдох эрүүгийн 201300264201 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж овгийн У-ын Н, 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс тува, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БЛ93112018
Монгол Улсын иргэн, Ж овгийн Ж-н Х, 1992 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс тува, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БЛ92022315
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч У.Н, Ж.Х нар нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Нийн гэрт согтуугаар очиж тэднийг хулгайд сэжиглэсэн гэх шалтгаанаар бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч У.Н мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Ж.Х мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 201300264201 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр орой 23 цагийн үед гэртээ унтаж амрах гээд сууж байтал гаднаас Ж.Х, У.Н гэдэг залуус ороод ирсэн юм.Тухайн үед тэр хоёр залуу нэлээн халамцуу байсан бөгөөд надаас архи нэхээд үг хаяад өдөж эхэлсэн юм. Тэр хоёрын яриа өнгөрсөн жил алдагдсан миний хоёр үхрийн талаар байсан. Өнгөрсөн жил миний хоёр үхэр алга болоод тэр хоёр үхрийг би Ж.Х, У.Н нараас сэжиглэсэн юм. Тэд “Чи өнгөрсөн жил хоёр үхрээ алдчихаад бид нарыг авсан гэж сэжиглэсэн байна лээ, чамайг цагаан сараар зодох гээд боломж гараагүй өнөөдөр чамайг зодохоор ирлээ” гэж хэлж байсан юм. Тэгж хэлээд түрүүлээд У.Н миний нүүрэн тус газар гараараа цохисон юм. Тэр үед би У.Ныг бариад авсан ба У.Нтай ноцолдоод гэрийн хаалгаар гарахдаа би У.Ныг шанааны тус газар нэг удаа цохисон юм, тэгэхэд Ж.Х араас гарч ирээд намайг цохих гэтэл би түүний захнаас барьж байгаад шанааны тус газар мөргөхөд миний толгой түүний биед хүрээгүй. Ж.Х тэндээс доошоогоо зугтсан бөгөөд би араас нь хөөж очоод бариад автал араас У.Н ирээд тэр хоёр нийлээд намайг газар унагааж зодож эхэлсэн. У.Н миний цээжин дээр сууж байгаад миний нүүр хэсэг рүү гараараа цохиод байсан бөгөөд Ж.Х нь миний толгой руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр хоёр намайг зодож байхад миний эгч болох Б.С эхнэр болох Н.Я нар ирж салгаж авах гэтэл У.Н Б.Сг нэг удаа цээжин тус газар цохиж түлхэх үед миний эгч Б.С газар унасан юм. Тэр үед Ж.Х “одоо болно цусыг хангалттай асгарууллаа” гэж хэлж байсан. Тэгээд тэр хоёр мотоциклтэй яваад өгсөн. Тухайн үед У.Н, Ж.Х нар архи уусан нэлээн халамцуу байсан юм. У.Н, Ж.Х бид гурвын дунд ямар нэгэн өш хонзонгийн асуудал байхгүй. Надад уг асуудлын улмаас 400000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд би хохирлоо У.Н, Ж.Х нараас бүрэн барагдуулж авсан. Ж.Х У.Н нартай сайн дурын үндсэн дээр эвлэрч, тэднийг уучилсан тул уг залуучуудад хуулийн хөнгөлөлт үзүүлж, хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 16-23 дугаар хуудас,
Гэрч Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт 23 цагийн үед У.Н, Ж.Х гэдэг залуус ирсэн бөгөөд надаас Б.Нийн гэрийг асуусан.Тэр доод талын айл гэж зааж өгөөд тэр хоёр залуу тийшээ явсан юм. Тухайн үед У.Н, Ж.Х нар нэлээн халамцуу байсан. Эдгээр залуус миний дүү болох Б.Нийн гэрт орж хэсэг хугацаа болсны дараа миний дүү болох Б.Нийн эхнэр Н.Я манай гэрт гүйж ирээд “Миний нөхрийг Ж.Х, У.Н нар зодож байна" гэхээр нь би гэрээс гарч Б.Нийн гэрт гүйж ирэхэд тэдний гэрийн үүдэнд миний дүү Б.Н, Ж.Х нар зодолдож байсан юм. Тэгж байтал У.Н, Ж.Х нар нэг нэгнийгээ хөөгөөд доошлоод явахад У.Н тэд нарын араас мотоциклтой явсан. Тэгээд би араас нь гүйж очтол У.Н Ж.Х нар Б.Нийг газарт унагаачихсан Ж.Х Б.Нийг өшиглөж, У.Н Б.Нийн толгойн тус газар гараараа цохиж байсан юм. Би салгах гэтэл У.Н намайг хойшоо түлхэн газар унагааж, мөн миний гарыг мушгисан. Тэгээд тэр хоёр Б.Нийг орхиж мотоциклд сундлаад явсан юм. Тухайн үед Б.Н газар унах үед Ж.Х түүний цээж, нуруу хэсэгт хөлөөрөө өшиглөж байсан.Яг хэдэн удаа өшиглөснийг би мэдэхгүй, харин У.Н нь Б.Нийн нүүр, толгой хэсэг рүү нь гараараа цохиж байсан. Тэр үед У.Н, Ж.Х нар нэлээн халамцуу байсан.Тухайн үед Б.Нийн хөмсөг, хамар, ам зэргээс цус гарч байсан. Мөн баруун талын чамархай хэсэг болон нүүр хэсэгт нь хэд хэдэн газар шалбарсан байсан. Ж.Х, У.Н нар миний дүү Б.Нийг зодох болсон шалтгаан нь өнгөрсөн жил Б.Нийн 2 үхэр алга болоход тэднийг авсан гэж сэжиглэсэн гэх шалтгаанаар зодсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Гэрч Н.Ягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 23 цагийн үед манай гэрт Ж.Х, У.Н нар ирсэн. Тухайн үед тэр хоёр нэлээн халамцуу байсан. Манай гэрт орж ирээд суусны дараа Ж.Х миний нөхрөөс “архи байна уу?” гэж архи нэхэхээр нь миний нөхөр “архи байхгүй” гэж хэлсэн. Тухайн үед У.Н манай нөхөрт “чи өнгөрсөн жил алга болсон үхрээ бид нараас үзсэн байна" гэж түрүүлээд нэг удаа цохисон бөгөөд тэр хоёр барьцалдаж гэрээс гарсан. Тэр үед би айгаад манай хойд талд байдаг миний нөхрийн эгч нь болох Б.С гэдэг хүний гэрт очоод хэлсэн. У.Н, Ж.Х, Б.Н нар манай гэрийн доод талд зодолдож байсан бөгөөд би нялх хүүхэдтэй тул очиж чадаагүй юм. Тухайн үед миний нөхөр гэрт орж ирэхэд нүүр ам нь цус болчихсон, нуруу өвдөж байна гэж хөлөө арай гэж гишгэж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Б.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”2020 оны 7 дугаар сарын 26-нд нэлээн орой Ж.Х, У.Н нар манай хадам ах болох Б.Нийн гэрт ирсэн. Б.Нийн эхнэр Н.Я гүйж ирээд “Миний нөхрийг Ж.Х, У.Н нар зодож байна” гэж хэлсэн. Б.С эгч Б.Нийн гэрт очих үед би араас нь очиход тэдний гэрийн үүдэнд Ж.Х, Б.Н нар зодолдож байсан. Тэгж байгаад Б.Н, Ж.Х нар нэгнийгээ хөөгөөд доошлоод явчихсан ба У.Н тэр хоёрын араас мотоциклтой явсан. Б.С эгч тэд нарын араас гүйгээд явчихсан ба би хадам ах Б.Нийн гэрийн үүдэнд зогсоод үлдсэн. У.Н, Ж.Х нар Б.Нийг гэрээс нэлээд зайтай зодож байгаа юм шиг харагдсан. Тухайн үед Б.С эгч “Болиоч, та нар хүн аллаа шүү дээ” гэж орилсон. У.Н, Ж.Х нарыг явсны дараа Б.Н ах гэртээ ирэхэд түүний нүүр тэр чигтээ цус болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-рх/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-тын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №311 дугаартай: “Иргэн Б.Нийн нүүрний баруун тал, зүүн хацар, доод эрүү, хүзүү, цээжний зүүн дээд хэсгүүдэд хүрэн өнгийн тав тогтож зулгарсан зулгаралт, хүзүү, баруун бугалганы хэсгүүдэд хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Иргэн Б.Нийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна. Бүх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/
Шүүгдэгч Ж.Хгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Тэр өдөр У.Н бид хоёр Б.Нийн гэрт очих болсон шалтгаан нь Б.Н миний эхнэрийн нагац ах нь, мөн өнгөрсөн жил алдсан хоёр үхрээ У.Н бид хоёроос сэжиглэсэн бөгөөд тэрний учрыг нь хэлэх гэж очсон юм. Тэгээд Б.Нийн гэрт сууж байхад У.Н, Б.Н нар уг үхрийн талаар яриад хэрүүл үүсгэсэн бөгөөд У.Н түрүүлээд Б.Нийг нэг удаа цохисон. Тухайн үед биеийнх нь аль хэсэгт цохисныг би мэдэхгүй байна. Тэгээд Б.Н, У.Н нар хоорондоо барьцалдаж аваад ноцолдож гадаа гарсан. Гэрийн гадна гарч Б.Н, У.Н нар хоорондоо ноцолдож байхад Б.Нийн эгч Б.С ирсэн бөгөөд би очоод Б.Нд боль гэж хэлтэл газраас чулуу аваад намайг араас хөөсөн. Би нэлээн газар гүйж очоод амьсгаадаж зогсож байхад араас Б.Н ирж боож авсан юм. Тэгээд Б.Н намайг газар унагааж миний цээжин тус газар, хүзүү хэсэг рүү цохиж байхад У.Н гүйж ирээд Б.Нийг газар унагааж, цээжин тус газар, толгой хэсэг рүү нь цохисон бөгөөд би бас Б.Нийн толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон санагдаж байна. Тухайн үед би нэлээн согтолттой байсан ба зарим үйлдлүүдээ тодорхой санахгүй байна. Тэгж байтал араас Б.Нийн эгч Б.С ирж салгах гэж У.Ныг цохиход У.Н Б.Сг түлхсэн бөгөөд Б.С газар унасан. Тэгээд бид нар яваад өгсөн.Тухайн үед би Б.Нийн гэрийн доод талд зугтаж очих үед Б.Н араас ирж боож цохих үед У.Н ирж босгож авсан, Тэгэхэд би Б.Нийн толгойн тус газар хэд хэдэн удаа цохисон байж магадгүй. Нэлээн согтолттой байсан тул Б.Нийн биеийн аль хэсэгт цохиж, зодсоноо мэдэхгүй байна. Б.Н бид хоёрын дунд ямар нэгэн өш хонзонгийн асуудал байхгүй. Би согтуу байсан болохоор Б.Нийн өнгөрсөн жил алга болсон үхрээ У.Н бид хоёроос сэжиглэсэн явдалд нь гомдоод ийм асуудал гаргачихсан байна. Б.Нд учирсан хохирол болох 400,000 төгрөгийг У.Нын хамт бүрэн барагдуулж өгсөн болно. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү? Ийм гэмт хэрэг дахин үйлдэхгүй, бид Б.Нээс уучлалт гуйж эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв. /хх-ийн 42-44 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч У.Нын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “Тухайн өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр миний бие Ж.Х гэдэг залуугийн хамт 23 цагийн үед Б.Н гэдэг хүний гэрт очсон юм.Тухайн үед Ж.Х бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн согтуу байсан юм. Тэднийд очиход Б.Н унтах гэж байсан юм. Б.Нээс бид нар архи байгаа эсэхийг асуухад Б.Н архи байхгүй гэсэн. Тэгээд Ж.Х бид хоёр Б.Нд “та өнгөрсөн жил үхрээ алдчихаад бид хоёрыг сэжиглэсэн байсан. Та бид нарыг хулгайч гэж бодоо юу?” гэж хэлэхэд Б.Н “та нар угаасаа хулгайч шүү дээ” гэж хэлээд үг зөрж эхэлсэн ба би уурлаад Б.Нийг нүүрэн тус газар нэг удаа цохисон юм. Тэгээд Б.Н намайг бариад авсан бөгөөд бид хоёр барьцалдаж аваад гадаа гарсан. Гадаа гарах үед Б.Н намайг шанаан тус газар нэг удаа цохисон бөгөөд тэр үед Б.Нийн эгч болох Б.С ирж намайг салгаж авсан. Тэр үед Ж.Хг Б.Н хөөгөөд доошоо явсан. Би Б.Н, Ж.Х нарын араас очих үед тэр хоёр газарт хэвтэн ноцолдож байсан бөгөөд би очоод Б.Нийг босгох гэтэл намайг цохиод авсан. Тэгээд би уурлаад Б.Нийг газар унагааж цээжин дээр гарч суугаад нүүр ам руу нь цохисон юм. Тэр үед Ж.Х Б.Нийн толгой хэсэг рүү ганц хоёр удаа цохисон. Түүнийг би Б.Нийг өшиглөснийг хараагүй. Тэгж байтал Б.Нийн эгч болох Б.С араас ирж бид нарыг салгахаар намайг татах үед би Б.Сг түлхчихсэн бөгөөд тэр хүн газар уначихсан юм. Тэгээд Ж.Х бид хоёр мотоциклоо асаагаад сундлаад явчихсан. Б.Н бид нарын дунд ямар нэгэн өш хонзонгийн асуудал байхгүй. Б.Н бид нарыг хулгайч гэж хэлсэн болохоор л түүнийг зодсон юм. Гэхдээ бид нарын буруу. Тухайн үед Ж.Х бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд Б.Н бид нарыг хулгайч гэж хэлэхээр нь уурлаад түүнийг зодсон юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Надад хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү? Ж.Х бид хоёр Б.Нээс уучлалт гуйж, түүнд учирсан хохирол болох 400,000 төгрөгийг бүрэн барагдуулж өгсөн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү" гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч У.Н, Ж.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч У.Н, Ж.Х нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч У.Н, Ж.Х нар нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 23 цагийн үед иргэн Б.Нийн гэрт согтуугаар очиж Б.Н нь тэднийг хулгайд сэжиглэсэн гэх шалтгаанаар бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн санаатай хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-23 дугаар хуудас/, гэрч Б.Сгийн мэдүүлэг /хх-ийн 24-25-рх/, Н.Ягийн мэдүүлэг /хх-ийн 26-27-рх/, Б.Элбэгзаяагийн /хх-ийн 28-29-рх/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 311 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/ болон шүүгдэгч У.Н, Ж.Х нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд У.Н, Ж.Х нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.
Хэргийн үйл баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Ж.Х, У.Н нар нь согтуугаар Б.Нийг хулгайд алдсан үхрээ биднийг авсан гэж сэжиглэсэн гэх шалтгаанаар бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба У.Н, Ж.Х нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “бүлэглэж” гэх шинжид хамаарч байна. Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д ”бүлэглэж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосон байна.
Иймд шүүгдэгч У.Н, Ж.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “бүлэглэж хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.
Шүүгдэгч нар нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул тэднийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч У.Н, Ж.Х нарын үйлдлийн улмаас хохирогч Б.Нийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 311 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд прокуророос шүүгдэгч У.Н, Ж.Х нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ж.Х, У.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч нь шүүгдэгч нарт холбогдуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 400.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч У.Н, Ж.Х нар бүрэн төлж барагдуулснаар хохирогч нь тэднийг уучилж эвлэрсэн болох нь хэргийг хялбаршуулсан шийдвэрлүүлэх хүсэлтүүд болон тэдний мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч У.Н, Ж.Х нараас гаргуулж хохирогчид олгох хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
2.Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч У.Н, Ж.Х нар нь бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж үзэж, тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул уг зүйл хэсгээр ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-73-р хуудас/-аар нотлогдож байх тул тэднийг анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч У.Н, Ж.Х нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 400.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулснаар хохирогч Б.Н нь хохирол, гомдолгүйгээ илэрхийлсэн, оролцогчдын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорын шатанд хүсэлт гаргаснаар шүүгдэгч У.Н, Ж.Х нар нь прокурорын сонгосон ял болох Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан У.Н Ж.Х нарт тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зохистой гэж үзэв. Шүүгдэгч нар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тэдэнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ”Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж тус тус заасан тул шүүгдэгч У.Н, Ж.Х нарт шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт У-ын Н, Ж овогт Ж-н Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н, Ж.Х нарын тус бүрийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол болсон өдрөөс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н, Ж.Х нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч У.Н, Ж.Х нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч У.Н, Ж.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА