| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2020/00042/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2020-08-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.БОЛОР-ЭРДЭНЭ даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч А.Т нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч А.Т холбогдох 2040000000063 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 07 сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянмөнх сумын Баянбулаг 1 дүгээр багт оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, А.Т
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд Баянмөнх сумын 4 дүгээр багийн нутагт гудамжинд иргэн Б.Ч нүүрэн тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, дух, баруун нүдний гадна доод булан, зүүн нүдний дотор буланд, хамар, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд Баянмөнх сумын 4 дүгээр багийн нутагт гудамжинд иргэн Б.Ч-ын нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, дух, баруун нүдний гадна доод булан, зүүн нүдний дотор буланд, хамар, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
-Хохирогч Б.Ч "...Нэг мэдсэн Б ах намайг мотоцикль дээрээ сундлаад гэрийнхээ гадаа ирж байсан. Мөн бид хоёрын хойноос Н.Б ангийн залуучууд болох Г.И нар машинтай ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь би тэр хэдийн өмнөөс очиход А.Т өмнөөс хүрээд ирсэн. Ингээд бид 2 маргалдаж зууралдаж байгаад Б ахын хашааны гадна талд зүүн урд хэсэгт зууралдаж зогссон. Би тухайн үед нилээн согтсон хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Тэгээд зогсож чадахгүй хойш суухад энэ үед А.Т миний нүүрэн тус газар 1 удаа өшиглөсөн. Тэгсэн би газар толгойгоороо шургаж унасан. Намайг өшиглөсний дараагаар Б.С нь А.Т салгаад авч явж байгаа харагдсан. А.Т нь миний нүүрлүү өшиглөж хамар яс хугарсан. Харин биед учирсан бусад халзарсан шалбарсан гэмтэл нь газар унахдаа үүссэн. А.Т нь миний нүүрлүү 1 л удаа өшиглөсөн. Тэр үед А.Т л намайг өшиглөсөн. Тэрнээс хамт явж байсан найзууд нь миний биед халдаж цохьсон зүйл байхгүй..." Надад учирсан хохирлыг А.Т нь бүрэн гүйцэд барагдуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22, 82-р хуудас/,
-Гэрч Г.И "...Би гэрээс бие засахаар гартал Б.Ч А.Т ийн гэрээс баруун зүгт 300 орчим метрийн зайнд машинаа зогсоож унтраасан, хоорондоо хөөцөлдсөн байдалтай, Н.Б хамарнаас цус гарсан байдалтай дэргэд нь С.Б ах мотоцикльтойгоо ирсэн байхаар нь энэ талаар нөгөө хэддээ хэлээд очиж салгаад Н.Б г машинд суулгаад явуулсан. Тэгсэн Б.Ч ыг Б аваад явсан. Тэгсэн А.Т Б.Ч хойноос очиж уулзъя, яагаад байгааг нь асууя гээд хойноос нь Б ахын гэрийн гадаа буюу А.Т ийн гэрээс баруун урагш 1 км орчимд эмнэлгийн урд хэсэгт байх гэрийнх нь гадаа очсон. ...Энэ үед А.Т машинаас бууж Б.Ч тай уулзсан юм. Тэгсэн тэр 2 хоорондоо муудалцаж байгаад хашааны гадаа зүүн урд хэсэгт хашааны үзүүрт очиж зууралдаад авсан. ...Энэ үед Б.Ч хамар, амнаас цус гарсан, дэргэд нь Б.С зогсож байсан. ..Тухайн үед А.Т "Дургүй хүргээд байхаар нь нүүр рүү нь нэг өшиглөчихлөө" гэж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
-Гэрч Б.С "...Тухайн үед хэн нь Б.Ч хойноос очино гээд явсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд бид Б ахын хашааны гадаа ирсэн. Тэгсэн А.Т машинаас буухад Б.Ч өмнөөс ирсэн. Ингээд тэр 2 уулзаад маргалдаад байх шиг бие биенээ зуураад Б ахын хашааны гадна зүүн урд хэсэгт очоод зогссон. Тухайн үед би тэр 2-ыг зодолдоно гэж бодоогүй. Тэр 2 зууралдаж ноцолдож байх үед Н.Б.Ч доош газар унах шиг болоход А.Т Б.Ч нүүрэн тус газар нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би очоод А.Т салгаад аваад явсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
-Гэрч Н.Б "...Б.Ч 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн орчимд гэртээ хариад над руу утсаар ярихдаа "Танай ангийн А.Т т эодуулчихлаа" гэхээр нь би тухайн үед эрчүүд муудалцаж зодолдсон л юм байгаа биз гээд тоогоогүй юм. Ингээд ажлаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр Б.Ч нь нүүрний урд хэсэг буюу хамар, нүд нь хавантсан, дух нь шалбарсан, хамар нь бага зэрэг шалбарсан байдалтай байсан. Миний мэдэхээр Б.Ч ыг А.Т өшиглөсөн гэдгийг сүүлд мэдсэн. Б.Ч бид 2 аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих хамар, хоолойн тасагт үзүүлэхэд хамрын мөгөөрс яс цөмөрч хугарсан байна гэж байсан..." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27-28-р хуудас/,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч
Б.Өнөрборгилын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №347 тоот шинжээчийн дүгнэлт:
1.Б.Ч биед хамар ясны хугарал, дух, баруун нүдний гадна доод булан, зүүн нүдний дотор буланд, хамар, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
4.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх /хх-ийн 32-33-р хуудас/
-Яллагдагч А.Т ийн 2020 оны 07 сарын 07-ны өдөр өгсөн: ”Би 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хөдөөнөөс сумын төв дээр байх гэртээ 21 цаг өнгөрч байх үед ирээд ангийн хүүхэд Б руу залгаж хаана юу хийж байгаа эсэхийг нь асуухад Г.И Б.Б 2-той уулзаад байж байна гэхээр нь би сая гэртээ ирлээ, та 3 манай гэрт хүрээд ир гэхэд тэр 3 манай гэрт 22 цагийн орчимд ирсэн. Г.И Б.Б Б 3 манай гэрт ирэхдээ 2.5 литрийн савалгаатай Нийслэл гэх нэртэй пивоноос 2 ширхэгийг аваад ирсэн. Ингээд бид 4 уг пивоноос тойруулж уугаад сууж байтал гаднаас манай ангийн залуучууд болох Б.С Б Н.Б нар нэмэгдэж ирсэн. Энэ 3 манай гэрт ирэхдээ 0.5 литрийн савалгаатай 4-5 ширхэг лаазтай пивотой ирсэн. Ингээд бид ангиараа цугларсан гээд хууч хөөрөөд пивоо уугаад сууж байтал Н.Б "нөхөр залгаад байна" гээд утсаа аваад гарсан. Тэгсэн Н.Б гаднаас орж ирээгүй байх үед миний утас руу танихгүй дугаар залгахаар нь автал Н.Б нөхөр Н.Б.Ч байсан. Тэгэхээр нь би утсаа аваад гэрээсээ гарсан. Намайг гэрээс гарахад Н.Б хүнтэй утсаар ярьж байсан. Тэгсэн Б.Ч надаас "танай ангийнхан уулзаж байгаа юм уу? Н.Б байна уу" гэхэд нь "тийм ээ манай ангийнхан уулзаж байна, Н.Б сая ирээд байна" гэхэд Б.Ч "Та нар яасан уулзаж, ууж ханадаггүй пизданууд вэ" гэж уурлахаар нь "Чи юу яриад байгаа юм бэ? Н.Б манайд байна, хүрээд ир гэхэд Б.Ч нь “Би очиж байна, пизда минь” гээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би Н.Б д нөхөр чинь надруу залгаж байна, одоо ирлээ гэж байна гэж хэлсэн. Үүнийг Н.Б сонссон эсэхийг мэдэхгүй, цаашаа хараад утсаар яриад зогсож байсан. Энэ үед миний утасруу манай эхнэр залгасан. Ингээд эхнэртэйгээ утсаар яриад зогсож байтал Б.Ч нь манай гэрийн гадаа машинтай ирсэн. Ингээд машинаас бууж ирээд эхнэр Н.Б руугаа уурлаж машиндаа суу гэж хэлчихээд над дээр ирж "Чи муу юу гээд байгаа юм бэ" гээд миний нүүрлүү алгаараа түлхсэн буюу намайг мангасдах үед манай ангийнхан гарч ирж болиулсан. Ингээд тухайн үед зодоон цохион болоогүй, Б.Ч эхнэрээ аваад явсан. Мөн манай ангийнхан ч гэр гэртээ харьцгаахаар явцгаасан. Харин Г.И үлдэж манай гэрт хоносон юм. Ингээд бид 2 унтаж амраад өглөө нь 08 цагийн үед сэрж би ажилруугаа яваад буцаж гэртээ ирэхэд Б.С Болдбаатар 2 манай гэрт ирсэн. Ингээд бид шараа тайлж байна гэж 2.5 литрийн савалгаатай Сэрүүн гэх нэртэй пиво уугаад сууж байтал Б.Ч надруу залгаж хаана байгаа юм, чамтай уулзах хэрэгтэй байна гэхээр нь би "гэртээ байна аа, гэрт хүрээд ир" гэж хэлсэн. Тэгсэн Б.Ч нь удалгүй манай гэрт ирэхэд нь өчигдрийн болсон асуудлыг хэлж өгөхөд Б.Ч "За за би гарчихаад ирье" гээд гараад явсан. Тэгсэн удалгүй эргэж орж ирэхдээ 0.75 литрийн савалгаатай Эдин гэх нэртэй архи 1 шилийг, 2.5 литрийн савалгаатай Сэрүүн гэх нэртэй пиво аваад орж ирсэн. Ингээд Б.Ч авчирсан архи пивийг Б.С Г.И Б Б.Ч бид 5 хувааж уусан. Бид хэдийг ууж байхад Б.Ч эхнэр Н.Б орж ирсэн. Ингээд архи дуусах үед Б.Ч согтож агсрах шинжтэй болж би атман хүн энэ тэр гээд байхаар нь би чи манай гэрт агсарлаа, болохгүй шүү дээ гэж хэлэхэд Н.Б Н.Б.Ч ыг авч явах гэсэн боловч Н.Б.Ч явахгүй би атман хүн гээд томроод суугаад байсан. Тэгсэн Н.Б г гараад явахад Б.Ч хойноос нь гараад явсан. Би тухайн үед тэр 2-ыг явчихлаа гэж бодоод байж байтал бидний дундаас нэг нь Б.Ч эхнэрээ зодоод машинаа тойруулж хөөгөөд байна гэж хэлсэн. Би тухайн үед хэнийг хэлсэн эсэхийг санахгүй байна. Ингээд бид манай гэрээс гарахад Б.Ч нь манай гэрээс баруун зүгт 200-300 метрийн зайд машинаа тавьчихсан эхнэр Н.Б гаа зодох гээд байгаа бололтой хөөчихсөн дэргэд нь С.Б ах мотоцикльтой зогсож байсан. Тэгэхээр нь бид салгах гээд машинтай очиход Н.Б машиндаа сууж, машинаа бариад яваад өгсөн. Харин Б.Ч Б ахын хойно нь суугаад хөдлөөд явчихсан. Тэгэхээр нь яагаад байгаа эсэхийг тодруулахаар Б.Ч хойноос Б ахын хашаанд очиход Б.Ч "та нар яах гээд байгаа юм" гээд агсарч надруу ирж нүүрлүү мангасдаж зуураад авсан. Ингээд бид 2 маргалдаж муудалцсан. Тэгэж зууралдаж байх үед Б.С бид 2-ыг салгах гэж ирсэн. Энэ үед Б.Ч нь хөл алдаж газар унах үед нь би хөлөөрөө нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн Б.Ч хамарнаас цус гарахад надтай хамт явж байсан Г.И Б.С 2 намайг салгаад аваад явсан. Харин Б.Ч тэндээ суугаад үлдсэн. Үүнээс хойш бид 2 дахин уулзаж зодолдсон зүйл байхгүй”.....гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/
-Шүүгдэгч А.Т ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 27-ны орой 21 цагаас эхлээд 6 дугаар сарын 28-ны өдрүүдэд бидний ангийн уулзалт болсон. Тухайн үед архи их уугаагүй байсан. Б.Ч нь манай ангийн Н.Б гийн нөхөр бөгөөд биднийг их уулзаж, ууж идлээ гэж уурлахаар нь учрыг нь олох санаатай байсан. Ямар нэгэн өс хонзон байхгүй. Б.Ч д учирсан гэмтлийг би учруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй” гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, А.Т т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Т нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг Бор-Өндөр сум дахь сум дундын мөрдөн байцаах хэлтэс болон шүүхэд гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас иргэн Б.Ч биед хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №347 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч Б.Ч нь“...А.Т надад учирсан хохирлыг бүрэн гүйцэд барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 82-р хуудас/-ийг прокурорт гаргасан байна.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Ч д шүүгдэгчийн зүгээс 300.000 төгрөг төлж барагдуулсан /хх-ийн 87/, хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч А.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Т т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч А.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Т ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг үүрэг болгов.
Шүүгдэгч А.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 300.000 төгрөг төлснөөр бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Т т оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч А.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид 300.000 төгрөг төлснөөр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ