Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 765

 

 

 

 

    2020          08             25                                        2020/ШЦТ/765

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогч Г.З, түүний өмгөөлөгч Э.Хэрлэнхүү,

шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Г.Ундрах, Э.Отгонжаргал,

шинжээч Э.Нандинцэцэг, З.Эрхэмбаяр,

гэрч Р.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-н Ц-од холбогдох эрүүгийн **************** дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн ургамал хамгаалал, хорио цээрийн ангид сурдаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Орхон сумын * дүгээр баг, ** айлын ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар **************/, Боржигон овогт Г Ц.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18 цаг 54 минутын үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Чингүнжавын замд “Toyota Voxy” /Тоёота Вокси/ *** улсын дугаартай  тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11-д заасан “Чиг заасан сум бүхий үндсэн ногоон гэрэл болон нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум нь буцаж эргэхийг мөн зөвшөөрнө. Нэмэгдэл гэрэл дохио асаагүй бол /гэрлэн дохионы зохицуулгатай үед/ уг чигт хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Зын жолоодож явсан “Yamaha Dragstar” /Ямаха Драгстар/ маркийн **-** УБулсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж, Г.Зын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.З мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажлаа тараад гэр рүүгээ харьж байсан. Тэгээд 25 дугаар эмийн сангаар дээш эргэж явсан. Уулзвараар нэвтэрхэд дээрээс орж ирсэн машин зүүн эргэж надтай мөргөлдсөн. Би хажуу тийш хүчтэй шидэгдсэн. Цус гоожоод байхаар нь нүүрний алчуураа аваад арчиж байтал жолооч залуу ирсэн... тэгээд түргэн ирсэн. Миний хамрын яс, буйль одоо болтол мэдээгүй байгаа. Эрүүгээ хөдөлгөхөөр яс хөдөлдөг болсон ба байнга зовиуртай байгаа. Зүү тавиулж нөхөн сэргээх эмчилгээ хийлгэ гэж хэлсэн. Шүүгдэгчийн зүгээс үлдэгдэл 807.000 төгрөг над руу шилжүүлсэн. Нийт зардал 3.000.000 төгрөг болсон. Шүүгдэгч нийт 3.000.000 төгрөгөөс 807.000 төгрөг төлсөн. Миний мотоцикль 9.000.000 төргөгөөр үнэлэгдсэн ба хохирол барагдаагүй байна. Иймд мотоциклийн төлбөрөө барагдуулах хүсэлтэй байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Р.Ц мэдүүлэхдээ: “... баруун талын урсгалаар хөдөлгөөнд оролцож байсан ба дээш өгсөж байсан. Харин Тоёото Ланд 200 маркийн машин доош уруудаж байсан. Тэгээд тухайн машин Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж ыг мөргөсөн. Би Цд чи ногоон гэрлээр орсон ч дүрэм зөрчиж эргэсэн байна гэж хэлэхэд Ц харин тийм байна гэж хэлсэн. Дараа нь Ц өөрийн эхнэртэйгээ манай ажил дээр ирсэн ба түүний эхнэр нь дүрэм зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй урдаас хэрэлдээд байсан. Би хэрэг гарах үед юу болсон бэ гэдгийг хараагүй. Нэг хүн ирээд манай клубын залууд танай нэг хүн машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн байсан. Тэгээд очиж хартал  мөргүүлсэн байсан. Тэгээд манай клубын залуу осол гарсан талаар надад хэлсэн..” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Э.Н мэдүүлэхдээ: “...:Тархины суурь ясны хугарал дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг...гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч З.Э мэдүүлэхдээ: “...Осолдсон мотоциклийн эх бие дээр үндэслэн үнэлгээ хийсэн. Хохирлын үнэлгээ нь хохирогчийн нэхэмжилж байгаа үнэтэй тохирч байгаа. Тухайн мотоциклийн элэгдэл хорогдлыг хасаж үнэлгээ гаргасан...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

хохирогч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй 10 дугаар хорооллоос зурагт руу гэр лүүгээ харих гээд Чингүүнжавтай хөшөөний урд уулзварын урдаасаа хойшоо 18 цаг 50 минутын явж байтал гэрлэн дохио ногоон асахаар нь уулзвар орох гээд ганцаараа явж байтал замынхаа хойд талаасаа Toyota voxy маркийн автомашин модны 2 тал руугаа эргэхдээ намайг мөргөсөн. Миний санаж байгаагаар миний хамраас их цус гоожоод тогтохгүй, амьсгалж болохгүй байсан. Гэмтэлд ороод үзүүлэхэд эрүүний зүүн хэсэг хугарсан, зүүн нүдний чамархай яс хугарсан, хамрын яс хугарсан, тохой доошоо унжсан, бүх шүд суларсан, нүүрний зүүн хэсэг баруун тийш чихэгдсэн онош гарсан. Мөргөсөн жолоочид гомдолтой байна. Эрүүл мэндээрээ хохирсон, ажил төрөл хийх боломжгүй, би сар бүр 400000 төгрөгийн зээл төлдөг. Энэ зээлээ төлөх боломжгүй болсон эвдэрсэн мотоциклынхоо мөнгийг нэхэмжилнэ. Нийт 10493122 төгрөгийг буруутай жолооч нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-рт/,

 

гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын сүүлээр Чингүнжавын хөшөөний урд талын уулзвар дээр найз Бхамт очтол Skulls клубын мотоцикльчин зүс таних 20 гаруй насны залуу ганцаараа осолд орсон байдалтай түргэний эмч ирчихсэн үзэж байсан. Тухайн залуугийн ам, толгойноос нь цус гарчихсан шоконд орсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-рт/,

 

гэрч А.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын сүүлээр А бид хоёр мотоцикльтойгоо Чингүнжавын хөшөөний урд талын уулзвар дээр очтол *** клубын мотоцикльчин механикийг нь хийдэг 20 гаруй насны залуу ганцаараа осолд орсон байдалтай байсан. А тэр залууг түргэний машинд хэвтүүлсэн байсан. Тухайн мотоцикльтой мөргөлдсөн автомашин хар өнгийн Тоёота Вохи маркийн автомашин байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-рт/,

 

гэрч С.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр найз залуу Ц Тоёота Вох маркийн **-** ДАР улсын дугаартай автомашиныг жолоодоод би хамт хорооллоос Модны 2 орох гээд шилтэй ногооны хүргэлт хийгээд Чингүнжавтай уулзвар дээр хойноосоо, урагшаа чиглэлд явж байгаад Модны 2 тал руугаа зүүн гар тийш эргэх үйлдэл хийж байхад араас машин сигналдахаар нь Модны 2 тал руугаа эргээд явж байтал эсрэг талын хөдөлгөөнд явж байсан том жийп машин бид хоёрт зам тавьж өгсөн. Тэгээд явж байтал урд талаасаа цагаан саарал өнгийн мотоцикльтэй эрэгтэй хүн ганцаараа манай машины жолоочийн талын урд дугуйны урд хэсгийг ирээд мөргөсөн. Мотоцикльтой залуугийн хамраас нь цус гоожоод байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-рт/,

 

гэрч Р.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр  нь 18 цаг 20 минутын ажлаа тараад гэрлүүгээ харих гээд өөрийн эзэмшлийн Yamaha Dragster маркийн **-** УБ улсын дугаартай мотоциклоо унаад ганцаараа гарсан. 19 цаг 10 минутын орчим манай мотоциклын клубын чатан дээрээс ыг мотоцикльтэй явж байгаад осолд орсон талаар нь мэдсэн. Би шууд хэргийн газар дээр нь шууд очтол  гэмтлийн эмнэлэг рүү явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийнн 65-66-рт/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 10-24-рт/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 26-рт/, 

Си Ди-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 43-рт/,

Өвчний түүх /хх-ийн 90-100-рт/,

Хохирлын баримт /хх-ийн 34-38-рт/,

“Итгэл Стимэйт” ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 124-126-рт/,

“Тэнцвэр Стимэйт” ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 153-154-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5273 дугаартай дүгнэлтэд: 

1. Г.ын биед духны сэртэн, ухархайн гадна хана, суурь ясны хугарал, зүүн гайморын хөндийн урд, гадна, дотор, баруун гайморын хөндийн гадна, урд ханын хугарал, эрүү ясны зүүн сэртэн, зүүн хацар ясны нум, хамар яс ясны нийлмэл хугарал, зүүн баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, шанаа эрүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, зүүн жавьжинд цусхуралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн ХҮНД зэрэг хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдантанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна /хх-ийн 87-88-рт/ гэжээ.

 

шүүгдэгч Г.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр би Тоёота Вокси маркийн **-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод найз охин Эын хамт Хорооллоос Модны 2-руу эргэдэг уулзвар дээр зүүн тал руугаа эргэх нэмэлттэй гэрэл асчихсан байсан. Би дохиогоо өгөөд зүүн тал руу эргэсэн. Замын төгсгөл хэсэгт Ланд 200 маркийн автомашины араас явж байсан мотоцикльтой хүн гарч ирээд миний автомашины баруун урд талаас ирж мөргөсөн. Би машины хаалгыг онгойлгох гэхэд миний автомашины хаалга онгойхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 168-170-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 178-179-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоож шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Мөн дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.3-д заасан заажээ.

 

Уг зам тээврийн осолд өртсөний улмаас хохирогч Г.ын биед духны сэртэн, ухархайн гадна хана, суурь ясны хугарал, зүүн гайморын хөндийн урд, гадна, дотор, баруун гайморын хөндийн гадна, урд ханын хугарал, эрүү ясны зүүн сэртэн, зүүн хацар ясны нум, хамар ясны нийлмэл хугарал, зүүн баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, шанаа эрүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, зүүн жавьжинд цус хуралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл учирсан нь хавтаст хэргийн 87-88 дугаар талд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр болон хэрэгт авагдсан дээрх бичгийн болон эд мөрийн баримтаар нотлогдсон байна.

 

Иймд шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн, мөн зүйлийн 2.3-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” үйлдсэн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Г.Цыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

 

Хохирлын талаар:

Хэргийн хохирогч Г.ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогчийн Yamaha Dragstar /Яамаха Драгстар/ **-** УБулсын дугаартай мотоцикльд хийсэн “Итгэл Стимэйт” ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 124-126-рт/ авагдсан байх тул шүүгдэгч Г.Ц*оос нийт 9.686.000 төгрөг гаргуулж хохирогч Г.т олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг болон хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Ц-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д тус тус зааснаар гэм хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хэрэгт ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Г.Цын ***** дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт Г-н Ц-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журмалан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Ц-од гэм хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Г.Ц нь гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо 90 /ер/ хоногийн хугацаанд арилгахыг тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Ц-оос 9.686.000 /есөн сая зургаан зуун наян зургаан мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.З-д олгосугай.

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Г.Ц-ын *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

  9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

   11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нар, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ц-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ОДОНЧИМЭГ