Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2017/00092/И |
Дугаар | 122 |
Огноо | 2017-02-01 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 122
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 3 дугаар хэсэг 30-16 тоотод оршин суух, 33 настай, эмэгтэй, одоо Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүнсний үйлдвэрлэл, технологи хариуцсан мэргэжилтэн ажилтай Эрдэнэзуу мэлхийт овогт Рэнцэнгийн Энхтуулын /МХ-83100807/ нэхэмжлэлтэй;
“Хамтын амьдралтай байсыг тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Р.Энхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Энхтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь Э.Болд-Эрдэнэтэй 2012 оны 11 дүгээр сард танилцан 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс гэр бүл болон хамтран амьдарч нэг гэртээ орсон. Бидний дундаас 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүү Э.Энх-Эрдэнэ төрсөн. Нөхөр маань 2015 оны 10 дугаар сараас Улаанбаатар хотын Улсын 2 дугаар эмнэлэгт дүрс оношлогоогоор мэргэжил дээшлүүлэх 2 жилийн резидент эмчийн сургалтанд хамрагдаж ажиллаж байсан юм.
2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ рүү амралтын өдрөөр ирж яваад автомашины ослын улмаас нас барсан. Хүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэтэл гэрлэлтийн баталгаа байхгүй учраас хамтын амьдралтай болохыг тогтоолгох шаардлагатай гэсэн. Бид хоёр Гэрлэлтээ батлуулах бодолтой байсан. Иймд Э.Болд-Эрдэнэ бид хоёрын хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Энхтуул нь “...Нөхөр маань 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр автомашины ослын улмаас нас барсан. Хүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэтэл гэрлэлтийн баталгаа байхгүй учраас хамтын амьдралтай болохыг тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд Э.Болд-Эрдэнэ бид хоёрын хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Р.Энхтуул нь Э.Болд-Эрдэнэтэй хамтран амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Э.Энх-Эрдэнийн №4301000310 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар, Э.Болд-Эрдэнийн нас барсан талаарх Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн 46/000250 дугаартай “Нас барсны бүртгэлийн лавлагаа”, гэрч Д.Рэнцэн, Б.Түвшинжаргал, Д.Энхтайван нарын шүүхэд гаргасан Р.Энхтуул, Э.Болд-Эрдэнэ нарын хамтран амьдарч байсан талаарх тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Р.Энхтуул, Э.Болд-Эрдэнэ нар хамтран амьдарч байсан болохыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Рэнцэнгийн Энхтуул, Энхтөрийн Болд-Эрдэнэ нарын хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА