Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 762

 

 

 

 

 

 

    2020         08             24                                       2020/ШЦТ/762

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч С.Батгэрэл,

хохирогч Д.Д,

шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

   Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Д-н Ц-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 08 дугаар сарын 02-ны Төв аймгийн З***аамар суманд төрсөн, 66 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кино механикч жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг гэх, ам бүл 4, эхнэр хүү, зээ охин нарын хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суух, урьд 2002 оны 04 дүгээр сарын **-ны өдөр ** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 2010 оны 11 дүгээр сарын **-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие мах бодид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулсан, мөн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /регистрийн дугаар ***/, Ж овогт Д-н Ц.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн үед Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, ** дүгээр байрны гадаа хохирогч Д.Д-ийг зодож зүүн талд 3, 4, 5, 6, 7, баруун талд 7 дугаар хавирганы далд хугарал, чээж, хүзүү, баруун зовхи, хацар, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Д мэдүүлэхдээ: “...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байрны гадаа 19 цагийн үед Ц-той шатар тоглож байсан. Шатар тоглож байхад хоорондоо булхайцлаа гэж маргалдсан. Намайг толгой руу 3-4 удаа гараараа цохисон. Тэгээд би хашлага даваад зугтааж байхад хашлаганд тулаад газар унасан. Намайг газар унасан байхад ирж чулуугаар чээж хавьд нэг удаа цохисон. Намайг зодуулж байхыг хараад хүүхдүүд орцны үйлчлэгчид хэлсэн байсан. Хажуу талын сандал дээр сууж байсан нэг хүн ирж бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-рт/,  

гэрч Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2 зээгээ гадаа салхилуулаад 17 цагийн үед байрны гадаа хүүхдийн тоглоомын талбайн саравчинд сууж байгаад мод руу харахад Ц, Д хоёр модон дотор байдаг сүүдрэвчинд зодолдоод байсан. Тэгээд би явж очоод Ц-ыг одоо болио гэртээ харьж амарцгаа гэхэд Ц, Д-г өмөөрлөө гээд над руу хэл амаар дайрсан. Тэгтэл зээ А /5 настай/ араас ирээд өвөө явъя гээд намайг дагуулаад явсан. Тэгээд би буцаад явж байгаад эргээд харахад тэр хоёр дахиад зодолдсон. Тэгэхээр нь би буцаж очоод дахиж салгатал Ц миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохиод миний нүдний шил унасан. Тэгээд би буцаагаад Цын баруун мөр рүү нь гараараа 1 удаа цохиод гэр рүүгээ яваад орсон. Ц, Д хоёр үлдсэн. Тэгээд гэртээ ороод цонхоор хартал цагдаа нар ирчихсэн байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. Д.Д-н биед зүүн талд 3, 4, 5, 6, 7, баруун талд 7-р хавирганы далд хугарал, чээж, хүзүү, баруун зовхи, хацар, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 

3. Дээрх гэмтлийг нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 40-41-рт/ гэжээ.

 

Баянгол сити эмнэлгийн шинжилгээний хуудас /хх-ийн 47-рт/

 

шүүгдэгч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Шатар нүүж байгаад Д бид 2 муудалцан. Би Д-г 1 алгадсан чинь С чи хөгшин хүн дээрэлхлээ гэсэн. Д миний энгэрээс заамдсан байсан. Тэгсэн миний нүүр рүү Д цохисон уу, С цохисон уу хэдэн удаа цохисон. Д надаас бариад зууралдаад тавихгүй болохоор нь би 1 түлхчихсэн чинь газар уначихаар нь 1 өшиглөсөн. Тэгээд амьсгаагаа дараад гэртээ орсон чинь охин нь цагдаа дагуулаад ороод ирсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, найзыгаа гэмтээсэндээ харамсаж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 55-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, *** дүгээр байрны гадаа хохирогч Д.Ди-йг зодож зүүн талд 3, 4, 5, 6, 7, баруун талд 7 дугаар хавирганы далд хугарал, чээж, хүзүү, баруун зовхи, хацар, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Д-ийн Цтой шатар тоглож байтал хоорондоо булхайцлаа гэж маргалдсан. Намайг толгой руу 3-4 удаа гараараа цохисон. Тэгээд би хашлага даваад зугтааж байхад хашлаганд тулаад газар унасан. Намайг газар унасан байхад ирж чулуугаар чээж хавьд нэг удаа цохисон....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-рт/,  

гэрч Д.С-н “...Ц, Д хоёр модон дотор байдаг сүүдрэвчинд зодолдоод байсан. Тэгээд би явж очоод Цыг одоо болио гэртээ харьж амарцгаа гэхэд Ц, Д-г өмөөрлөө гээд над руу хэл амаар дайрсан. Тэгтэл зээ А /5 настай/ араас ирээд өвөө явъя гээд намайг дагуулаад явсан. Тэгээд би буцаад явж байгаад эргээд харахад тэр хоёр дахиад зодолдсон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлт,

шүүгдэгч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Шатар нүүж байгаад Д бид 2 муудалцан. Би Дийг 1 алгадсан чинь С чи хөгшин хүн дээрэлхлээ гэсэн. Д миний энгэрээс заамдсан байсан. Тэгсэн миний нүүр рүү Д цохисон уу, С цохисон уу хэдэн удаа цохисон. Д надаас бариад зууралдаад тавихгүй болохоор нь би 1 түлхчихсэн чинь газар уначихаар нь 1 өшиглөсөн. Тэгээд амьсгаагаа дараад гэртээ орсон чинь охин нь цагдаа дагуулаад ороод ирсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Ц-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хэргийн хохирогч Д.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хавтаст хэрэгт 120.000 төгрөгийн баримт /хх-ийн 16-рт/ авагдсан байх тул шүүгдэгч Д.Ц-оос нийт 120.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Д-т олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг болон хувийн байдлыг харгалзан Д.Ц-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч Д.Ц-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидийг хэргийн хамт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Ж овогт Д-н Ц-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ц-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Ц-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Ц нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цоос 120.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Д-т олгосугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидийг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-д авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ