Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 123

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 3 дугаар хэсэг 177 тоотод оршин суух, эрэгтэй, 37 настай, одоо “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын харъяа Сүрхбаатар тооцооны төвд эдийн засагч, харилцааны менежер ажилтай Тэнгэр авга овогт Ганбатын Гантүшиг /МЭ-79052716/ /”Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын/ нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 2 дугаар хэсэг машинистын 24-3-17 тоотод оршин суух, эмэгтэй, 33 настай, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Улаан ямаат овогт Гансүхийн Ганчимэг /МЭ-83091400/

Хариуцагч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 2 дугаар хэсэг 24-17 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо 6-28 тоотод оршин суух, 28 настай, эмэгтэй, одоо Сэлэнгэ аймаг дахь “Скайтель” салбарт зөвлөх ажилтай Улаан ямаат овогт Гансүхийн Ган-Эрдэнэ  /МЭ-88021407/ нарт холбогдох

“Зээл, зээлийн хүү нийт 5.668.971 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай” хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантүшиг, хариуцагч Г.Ганчимэг, Г.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Гантүшиг шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа :

Зээлдэгч Г.Ганчимэг хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Ган-Эрдэнэ нар нь “Төрийн банк” Сэлэнгэ салбараас 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2015/253 тоот “Зээлийн болон Барьцааны гэрээ”-ээр 7.500.000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлсэн. Зээл болон зээлийн хүүг төлөлгүй 151 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иймд зээлдэгч Г.Ганчимэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Ган-Эрдэнэ нараас үндсэн зээл 5.035.384.73 төгрөг, хүү 633.586.22 төгрөг нийт 5.035.384.73 төгрөгийг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөн гэрээ 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дуусах ба манай банк нь гэрээнээсээ татаглзаж байна гэх. 

Хариуцагч Г.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь цахилгаан холбоонд ажиллаж байхдаа “Төрийн банк” Сэлэнгэ салбараас 7.500.000 төгрөгний цалингийн зээл авсан нь үнэн. Ажиллаж байх хугацаандаа зээлээ сар болгон төлж байсан. Миний бие нь ажлаасаа 2016 оны 07 дугаар сард гараад зээлээ төлөх боломжгүй болсон. Хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сард 250.000 төгрөг төлсөн. Би хотод очоод хэд хэдэн анкет бөглөсөн хариу нь 02 дугаар сард гарна. Одоохондоо эрхэлсэн тодорхой ажилгүй учраас зээлээ төлж чадахгүй байна. Гэхдээ би энэ зээлийг төлнө. Зээлийг барьцаа хөрөнгөөр барагдуулахад надад татгалзах зүйл байхгүй. Барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө нь манай нөхрийн нэр дээр байдаг юм. Зээл авахдаа би барьцаанд тавьсан гэх.

Хариуцагч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би эгчийгээ зээл авахад хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд гарын үсэг зурсан. Гэхдээ гэрээний заалтыг уншиж үзээгүй. Зээлийн гэрээнд гарын үсэг зурах журмын дагуу л зурсан. Эгчтэйгээ санал нэг байна. Барьцаа хөрөнгөөр зээлийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэх.

Шүүх хуралдаанд уншин сонсгосон 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Итгэмжлэл /орон сууц захиран зарцуулах/

Иргэний хуулийн 62.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Хуурч 2 дугаар багийн 08 дугаар хэсэг худаг 4 дүгээр гудамжны 16 хаягт оршин суух Чойжил овогтой Отгонбаяр би энэхүү итгэмжлэлийн дагуу Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 02 дугаар багийн 08 дугаар хэсгийн 04 дүгээр гудамжны 42 тоот хаягт орших 000146264 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, Y-1315000288 тоот улсын бүртгэлийн дугаартай 44м2 үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлийн барьцаанд барьцаалах, гэрчлүүлэх, бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, тэдгээртэй холбоотой баримт бичигт төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам 7 дугаар багийн 02 дугаар хэсэг 24 дүгээр байрны 17 тоот хаягт оршин суух Гансүх овогтой Ганчимэгт итгэмжлэн олгож байна. Энэхүү итгэмжлэл нь 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хүчинтэй гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлдэгч Г.Ганчимэг хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Ган-Эрдэнэ нар нь “Төрийн банк” Сэлэнгэ салбараас 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2015/253 тоот “Зээлийн болон Барьцааны гэрээ”-ээр 7.500.000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлсэн. Зээл болон зээлийн хүүг төлөлгүй 151 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иймд зээлдэгч Г.Ганчимэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Ган-Эрдэнэ нараас үндсэн зээл 5.035.384.73 төгрөг, хүү 633.586.22 төгрөг нийт 5.035.384.73 төгрөгийг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөн гэрээ 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дуусах ба манай банк нь гэрээнээсээ татгалзаж байна.” гэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 2 дугаар хэсэг машинистын  24-3-17 тоотод оршин суух Г.Ганчимэг нь “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбартай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох  харилцаа үүсэн, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Г.Ган-Эрдэнэ оролцсон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Зохигчдын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2015/253 дугаартай  “Барьцаат зээлийн гэрээ” хийн 7.500.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй цалингийн зээлийг, “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-ээр Ч.Отгонбаярын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 02 дугаар багийн 08 дугаар хэсгийн 04 дүгээр гудамжны 42 тоот хаягт орших 000146264 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, Y-1315000288 тоот улсын бүртгэлийн дугаартай 44м2  бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1880 дугаартай “Барьцаалбар”, мөн Цагааннуур сумын Хуурч 2 дугаар баг 8 дугаар хэсэгт байрлах гэр орон сууц хашааны зориулалттай 0370702 дугаар бүхий гэрчилгээтэй 1293м2 бүхий газрын зэрэг болно.

Зохигчдын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хийгдсэн 2015/253 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-ний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн төлбөр 5.035.384.73 төгрөг, зээлийн хүү 633.586.22 төгрөг  нийт 5.668.971 төгрөгийг төлөөгүй болох нь шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байгаа нь хариуцагч Г.Ганчимэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Ган-Эрдэнэ нар нь гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж үзнэ.

 “Төрийн банк” Сэлэнгэ салбараас зээлдэгч нарт зээлээ төлөх талаар удаа дараа шаардсан гэх боловч хариуцагч нарт зээл төлөх талаар шаардсан “Мэдэгдэл”, “Мэдэгдэх хуудас” зэрэг нь хэрэгт авагдаагүй байгаа нь зээл төлөх талаар шаардсан гэж үзэх үндэслэлгүй болно.  

Зохигчдын хооронд хийгдсэн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2015/253 тоот “Барьцаат зээлийн гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн...нөгөө тал гэрээнээсээ татгалзах эрхтэй” гэсний дагуу гэрээнээс татгалзсанд тооцно.

Иймд зээлдэгч Г.Ганчимэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Ган-Эрдэнэ нараас гэрээнээс төлөгдөөгүй гэх зээлийн үндсэн төлбөр 5.035.384.73 төгрөг, зээлийн хүү 633.586.22 төгрөг нийт 5.668.971 төгрөг  гаргуулан “Төрийн банк” Сэлэнгэ салбарт олгож, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зохигчдын хооронд хийгдсэн 2015/253 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-нд заагдсан барьцаа хөрөнгө болох Ч.Отгонбаярын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 02 дугаар багийн 08 дугаар хэсгийн 04 дүгээр гудамжны 42 тоот хаягт орших 000146264 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, Y-1315000288 тоот улсын бүртгэлийн дугаартай 44м2  бүхий хувийн сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгах нь нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Харин гуравдагч этгээд буюу Ч.Отгонбаяр нь зээлдэгч Г.Ганчимэгт 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Итгэмжлэл /орон сууц захиран зарцуулах/ олгохдоо зөвхөн “...Цагааннуур сумын 02 дугаар багийн 08 дугаар хэсгийн 04 дүгээр гудамжны 42 тоот хаягт орших 000146264 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, Y-1315000288 тоот улсын бүртгэлийн дугаартай 44м2 үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлийн барьцаанд барьцаалах, гэрчлүүлэх, бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, тэдгээртэй холбоотой баримт бичигт төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг...” олгосон байх бөгөөд харин Цагааннуур сумын Хуурч 2 дугаар баг 8 дугаар хэсэгт байрлах гэр орон сууц, хашааны зориулалттай 0370702 дугаар бүхий гэрчилгээтэй 1293м2 бүхий газрыг захиран зарцуулах эрх олгогдоогүй байх тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 107.254 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 107.254 төгрөг гаргуулан “Төрийн банк” Сэлэнгэ салбарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хийгдсэн 2015/253 тоот “Барьцаат зээлийн гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-нээс тус тус татгалзсанд тооцсугай

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус  зааснаар Г.Ганчимэг, Г.Ган-Эрдэнэ нараас 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2015/253 тоот “ Барьцаат зээлийн гэрээ”-нд заагдсан зээл, зээлийн хүү нийт 5.668.971 төгрөгийг гаргуулан “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарт олгосугай.

    3.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 453 дугаар зүйлийн 453.2-  дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хийгдсэн 2015/253 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-нд заагдсан барьцаа хөрөнгө болох Чойжилын Отгонбаярын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 02 дугаар багийн 08 дугаар хэсгийн 04 дүгээр гудамжны 42 тоот хаягт орших 000146264 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, Y-1315000288 тоот улсын бүртгэлийн дугаартай 44м2  бүхий хувийн сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай. 

 4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Чойжилын Отгонбаярын өмчлөлийн Цагааннуур сумын 02 дугаар багийн 08 дугаар хэсгийн 04 дүгээр гудамжны 42 тоот хаягт орших 000146264 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, Y-1315000288 тоот улсын бүртгэлийн дугаартай 44м2  бүхий хувийн сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 107.254 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 107.254 төгрөг гаргуулан “Төрийн банк” Сэлэнгэ салбарт олгосугай.

6.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119  дүгээр  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй   болохыг  дурдсугай.

 7.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.4 дэх хэсэгт зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон  зохигч  энэ  хуулийн 119.3 дахь хэсэгт заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

 8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

            9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй .

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.СОЁЛМАА