Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 771

 

 

 

 

 

 

 

   2020          08              26                                       2020/ШЦТ/771

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х-гийн М-д холбогдох эрүүгийн **************** дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн офицер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ** дугаар сургуулийн **** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/ Б овогт Х-гийн М.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.М нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс **-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB palace” /Юу Би палас/ баарны дотор хохирогч Б.М-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохих үедээ биед нь нэг шүдний эмтрэл, баруун бугалга, зүүн шилбэ, цээж, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М нь мэдүүлэхдээ:

“...Би ийм асуудал гаргасандаа маш их гэмшиж байна. Би хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулах болно...” гэв.

 

Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

хохирогч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ... бид нар “Дурсамж” нэртэй диско бааранд орж суусан. Ингээд баар хаахын өмнө буюу 03 цагийн үед тус баарны коридорт гарч ирсэн. Тэр үед Л, Т хоёр 00-ийн өрөө орлоо гээд түрүүлээд гарч би хойноос нь гарсан. Миний урд манай эхнэр Д, Б, Бгурав гарсан юм. Тэгээд намайг коридорт гараад ирэхэд хоёр согтуу залуу манай эхнэрийн хажууд зогсчихсон өдөж хоргоогоод байх шиг байхаар нь тэд нар дээр очоод энд юу болоод байгаа юм гэж эхнэрээсээ асуутал манай эхнэр Д нь “мэдэхгүй ээ, энэ хоёр согтуу залуу, хэл амаар доромжлоод явуулахгүй байна” гэхээр нь би нөгөө хоёр залууд хандаад одоо та нар яваа, боль гэж хэлтэл нөгөө хоёр залуугийн намхан биетэй залуу нь “чи муу юу гээд байгаа нь, та нар намайг амжихгүй шүү, ална шүү” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би өөдөөс нь мөн адил хэрэлдэж, чи зүгээр цаашаа яв гэж хэлээд зогсож байтал Л, Т хоёр 00-ийн өрөөнөөс гарч ирж бид нар дээр ирээд “юу болоод байгаа юм” гээд асуухаар нь энэ согтуу залуу хэл амаар доромжлоод ална, тална гээд байна гэж хэлсэн. Тэгээд тэнд гурвалжин, дөрвөлжин хэрүүл болсон. Тэгтэл тус баарны хамгаалагч гээд 2-3 залуу гарч ирээд та нар боль гээд бид нарыг салгаад холдуулсан боловч нөгөө хоёр залуу бид нараас холдохгүй хэрүүл өдөөд, та нар амжихгүй шүү, гээд агсраад байсан. Энэ үед тэр намхан биетэй залуу манай эхнэр Дыг хойш нь түлхээд нудархаар нь миний уур хүрээд тэр залуутай зууралдаад авсан. Тэгтэл хажуугаас баарны хамгаалагч татаад салгасан. Мөн манай найзууд бас салгах гээд дундуур орсон. Тэгтэл нөгөө залуу миний куртикнээс зуурсан чигээрээ гарах хаалга руу татаж байгаад миний нүүр лүү гараараа нэг удаа цохиход хамгаалагч дахин татаад салгасан. Энэ үед миний үүдэн шүд хугарсан байсан. Тэгээд хамгаалагч нар бид нарыг хоёр тийш нь болгож, нөгөө согтуу залууг эндээс яв гээд хаалгаар гаргасан боловч нөгөө залуу гарахгүй буцаж орж ирээд дахиад надтай зууралдаад хамтдаа газар унасан. Энэ үед миний хажууд байсан хүмүүс бүгд давхралдаад газар унасан. Тэгтэл нөгөө залуу хөлөөрөө миний цээж рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Би арай гэж босч ирэхэд хамгаалагч залуу нөгөө хоёр согтуу залууг цааш нь холдуулсан. Тэгтэл нөгөө намайг зодсон залуу гар утсаа гаргаж цагдаа ирээд Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр авчирсан. Тэнд очоод би өргөдөл гаргасан юм. Уг нь айхтар зодоон цохион бол болоогүй хэн хэнийгээ хэл амаар доромжлоод хоорондоо зууралдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-рт/,

 

      гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би найз Мгийн хамт 22 цагийн орчим UВ palac дотор байдаг бааранд ороод нийт 4 ширхэг 0.5 литрийн хэмжээтэй пиво уусан. Ингээд дурсамж бааранд бид 2 баар хаах үед гарсан. Тэгэхэд М баарны үүдэнд дотор талд 3 эмэгтэйтэй юм яриад байсан. Тэр гурваас М та гурав гурвуулаа явж байгаа юм уу гэж асуусан. Энэ үеэр нойлоос тэр 3 эмэгтэйн нөхрүүд бололтой 3 залуу гарч ирээд Мг нэг залуу нь цохьчихсон. Би тэр цохьсон залууг нь салгасан. Тэр хугацаанд М бид 2 нөгөө 3 залуутай зууралдсан байх хугацаанд би яг ямар үйлдэл хийснийг сайн санахгүй байна. Салгах зорилгоор гар савахад нэг эмэгтэйг нь цохьчихсон. Тэгээд төд удалгүй цагдаа нар ирсэн. Би гэхдээ тэр эмэгтэйг санаатайгаар цохьё гэж цохиогүй. Би цагдаа дээр ирсний дараа тухайн эмэгтэйгээс уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-рт/,

гэрч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ... бид нар баар хаах үеэр буюу 04 цагийн орчимд гарцгаасан. Тэгээд манай нөхөр М, Т Л 3 нойлын өрөө орсон ба би Б Б хоёртой үүдэнд хүлээгээд байж байтал гадуураа савхитай дотуураа цагаан цамцтай залуу, десант цагаан куртиктэй өндөр бор залуу 2 хүрч ирээд нэг эвгүй үг хэлсэн. Яг юу гэж хэлснийг нь санахгүй байна. Тэгэхээр нь би чи хүн андуураад байгаа юм биш үү яагаад хүн хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэж хэлсэн.Тэр үеэр манай 3 гараад ирсэн. Манай нөхөр М надтай хэрүүл  хийж байсан залууг хараад чи яаж байгаа юм бэ, юу болсон юм бэ гээд хэлтэл нэг савхитай залуу манай нөхрийг очоод цохьчихсон. Тэгтэл манай нөхрийн амнаас цус гараад байсан. Би тэр залуутай цуг явсан хүмүүст нь найзыгаа аваач ээ гэж хэлсэн. Манай нөхөр тэр хүнд цохиулсан талаараа цагдаад өргөдөл өгсөн. Ингээд бөөн бужигнаан дунд би нөхрийгөө хамгаалах санаатай савхитай залуу руу болиоч ээ гээд очтол десант куртиктэй залуу нь намайг баруун шанаа хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Ингээд цагдаа нар ирцгээсэн. Цагдаад хамгаалагч нар дуудлага өгсөн байх. Би машинд ороод харахад миний баруун талын ээмэг хаягдсан байсан. Уг нь энэ ээмгийг би 2018 оны 10 дугаар сард Мөнгөн завъяа дэлгүүрээс 300.000 төгрөгөөр худалдан авч байсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 149-рт/,

гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ... Л бид хоёрын 00-ийн өрөөнөөс гарч ирээд коридорт хувцасны өлгүүрийн тэнд очиход манай найз М болон манай эхнэр Баасансүрэн, Б, Д нар танихгүй хоёр залуутай маргалдаад зогсож байхаар нь энд юу болоод байгаа юм гээд асуутал Д болон манай эхнэр Бнь "энэ хоёр согтуу залуу бид нарыг өдөж, хоргоогоод байхаар нь яв гээд хэлтэл бид нарыг хэл амаар доромжлоод байна” гэж хэлсэн. Энэ үед М нөгөө хоёр залууд хандаж “та хоёр эндээс яв, хүний эхнэр битгий доромжлоод бай” гэж хэлтэл нөгөө хоёр согтуу залуугийн намхан биетэй залуу нь М рүү дайраад “чи муу яах юм, амжихгүй шүү, намайг хэн гэдгийг мэдэх үү” гэх зэргээр дайрч доромжлоод эхэлсэн. Тэгснээ М-тэй зууралдаад авахаар нь би дундуур нь орж салгаж байтал баарны хамгаалагч нар ирээд бид нарын дундуур орж салгасан. Тэгж байтал нөгөө согтуу залуу улам агсараад “зодолдох уу, алалцах уу, муу бацаан нараа” гээд бид нар руу дайраад бүгдийг нь цохих гээд дайрч зуураад татаж чангаагаад байсан. Баарны хамгаалагч залуучууд дундуур орж салгаагүй бол бид нарыг бүгдийг нь цохих байсан байх. Тэр залуу намайг зуураад авахаар нь би тавиулах гээд тэр залууг хойш нь түлхсэн. Тэгтэл нөгөө залуу эргэж хараад Мтэй зууралдаад цаашаа хоёулаа давхралдаад газар унаж байсан. Тэгээд Мийг босгож ирэхэд амнаас нь цус гарчихсан болохоор нь яасан юм гээд асуутал “энэ залуу миний шүд рүү цохиод шүд хугалчихлаа” гэж хэлж байсан. Тэгээд баарны хамгаалагч нар тэр залууг арай гэж холдуулаад цааш нь аваад явсан. Удалгүй дуудлагаар цагдаа нар ирсэн. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-рт/,

гэрч Г.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...коридорт Б, Д бид гурав 00-ийн өрөө рүү орсон нөхрүүдээ хүлээгээд зогсож байтал бид нарын цаана нь талд зогсож байсан хоёр залуугийн нэг нь бид нар дээр ирээд “та нар хаашаа явах гэж байгаа юм” гээд өдөж хоргоох маягтай болохоор нь нөгөө залууд хандаж, цаашаа яв гэж хэлтэл тэр залуутай хамт явж байсан өндөр биетэй залуу цаанаас нь ирээд нөгөө залуугаа ардаас нь тэврээд явья гэж хэлээд татахад нөгөө залуу нь үгэнд нь орохгүй тавь гэж хэлснээ бид нар руу харснаа “муу сайн гичий” гэж хэлээд зогсож байтал манай нөхрүүд хүрч ирээд “энд юу болоод байгаа юм” гэж асуухаар нь энэ залуу бид нарыг хэл амаар доромжлоод байна гэж хэлтэл М тэдгээр залуучуудад хандаж “та нар эндээс яв” гэж хэлтэл нөгөө хоёр залуугийн намхан нь улам агсараад “та нар намайг яаж чадахын ална шүү” гээд дайрч Мтэй зууралдаад газар унасан. Тэгтэл тэнд байсан манай найзууд дундуур нь орж салгах гээд бөөн бужигнаан болоод эхэлсэн. Удалгүй баарны хамгаалагч нар ирээд бид нарыг салгаж, нөгөө хоёр согтуу залууг цааш нь аваад холдуулсан. Тэр үед нөгөө намхан биетэй хар куртиктэй залуу зүгээр байхгүй бид нар руу дайраад зодох гээд байснаа Мтэй дахин зууралдаж бие биеийгээ цохих шиг болсон. Тэгтэл Мийн амнаас нь цус гарчихсан байсан. Дараа нь цагдаагийн газар хамтдаа очиход М нь тэр намхан биетэй хар куртикгэй залуу миний шүдийг хуга цохисон гэж хэлсэн. Угаасаа тэр залуутай л зууралдаад байсан. Яг хэзээ хаана нь цохисон талаар би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-рт/,

гэрч П.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 26-наас 27-ны шилжих шөнө болсон зодооны талаар сайн мэдэхгүй байна. Сар, өдрийг нь бол мэдэхгүй байна. Таны хэлж байгаагаар тухайн өдөр баар хааж байхад манай бааранд үйлчлүүлээд гарсан залуучууд хоорондоо зодолдсон юм шиг байна лээ. Би тухайн үед баараа хаалгаад дотор байж байхад караокены хамгаалагч залуу /нэрийг нь мэдэхгүй байна/ “танай баарнаас гарч ирсэн залуучууд хоорондоо маргалдаад байна” гэхээр нь би өөрийнхөө баарны хамгаалагч Эыг гараад хараад ир гээд явуулсан. Тэрнээс хойш хэсэг хугацааны дараа баараа хаачихаад гараад ирэхэд UВ palac-ийн коридорт хэдэн залуучууд хоорондоо маргалдаад зогсож байсан. Мөн цагдаа нар ч ирчихсэн байсан. Тэгээд намайг хажууд нь очиход нэг эмэгтэй цагдаад хандаад “наад эрэгтэй хүн намайг цохисон” гэхэд нөгөө эрэгтэй хүн нь “чи намайг цохисон биз дээ” гээд хоорондоо хэрүүл хийгээд байсан. Тухайн зодоон болоход үед би хажууд нь байгаагүй учир хэн хэнтэйгээ зодолдсон талаар мэдэхгүй байна. Тэгээд нөгөө хүмүүсийг цагдаа нар аваад явсан. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-рт/,

гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр үед 00-оос манай нөхөр Т, М, Л гурав гарч ирээд энд юу болоод байгаан, яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм гэж хэлтэл нөгөө хоёр согтуу залуугийн намхан биетэй залуу нь улам агсараад Мтэй зууралдаад толгой руу нь цохисон. Тэгтэл манай найзууд салгах гээд дундуур нь ороод тэнд бөөн бужигнаан болж, сүүлдээ хэн хэнтэйгээ зууралдаад байгаа нь мэдэгдэхгүй орилж чарлаад эхэлсэн. Б, Д бид гурвын хувьд нөхрүүдээ салгах гээд татаж чангаасан. Энэ үед нөгөө хоёр залуугийн өндөр биетэй залуу нь Дын чих рүү цохиж газар унагаасан. Тэгтэл баарны хамгаалагч залуу ирээд бид нарын дундуур орж хоёр тийш нь болгоод нөгөө агсараад байсан намхан залууг нь барьж авсан. Нөгөө залуу гадуур өмсөж байсан хувцасаа тайлаад “яасан овоо гарууд вэ” гээд дахин зодолдох гээд дайрч Мтэй барьцалдаж аваад хамтдаа газар унасан. Энэ үед хамгаалагч дахин холдуулаад салгасан. Тэгтэл нөгөө согтуу залуу гэнэт л цагдаагийн үнэмлэх гаргаж ирээд “та нар намайг яаж ч чадахгүй, би цагдаа байна. хэнийг дуудахын бүгдийг нь дууд” гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69-рт/,

гэрч Б.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “би тухайн бааранд зөөгчийн ажил хийдэг... Би шөнийн 03 цаг 40 минутын үед хүмүүсээ гаргаад байж байтал манай нэг ажилтан  “коридорт зодоон болоод байна гараарай” гэж хэлэхээр нь коридорт гараад очтол эрэгтэй, эмэгтэй нийлсэн нэлээн олон залуучууд хоорондоо зууралдаад бие биеэ хэл амаар доромжилж байсан. Тэр дунд манай хамгаалагч Э нь тэдгээр залуучуудыг салгаад хоёр тийш нь болгож байсан. Намайг ямар ч гэсэн баарнаас гарч ирэхэд тэдгээр залуучууд хоорондоо хэрэлдэж зодолдоод салах тийшээ хандаж байсан ба тэд бие биеэ цохиод байсан. Энэ үед манай хамгаалагч зөөгч нар салгаж холдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-рт/,

гэрч Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: баарны үүдэнд болсон зодооны дуудлагыг хүлээн аваад очиход ямар ч гэсэн зодоон болоод дууссан. Нэлээн хэдэн залуучууд хоорондоо хэрэлдээд бие биедээ гомдолтой гээд байсан учир дээрх хүмүүсийг дагуулаад Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн жижүүрийн шуурхай албанд хүлээлгэж өгсөн. Тэгээд ахмад Н бид хоёр дараагийнхаа дуудлаганд явсан. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-рт/,

гэрч Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Намайг үүрэг гүйцэтгэж байхад баарнаас гарч ирсэн согтуу хүмүүс хоорондоо маргалдаж зодолдох тохиолдлууд гардаг. Тухайн үед ямар хүмүүс маргалдаж байсан талаар сайн санахгүй байна. Бичлэг харахад бужигналдсан дүрс гарч байсан. Би энэ үед байсан байна. Миний санаж байгаагаар бужигналдсан зодоон нойлын өрөөний үүдэнд болж байсан зодооны асуудлыг баарна хамгаалагч зохицуулаад голоор нь орж салгаж байсан. Би бүр болохгүй бол хамгаалагчид туслах санаатай ойролцоо очоод ажиглаж байсан. Зодоон дууссаны дараа нойлын өрөөний үүдэнд нэг залуу хэсэгхэн хугацаанд хэвтэж байгаад босож байсан. Тэгээд тарцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-рт/,

гэрч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хамгаалагч ах орж ирээд танай баарнаас гарч ирсэн хүмүүс хоорондоо маргалдаад байна” гэхээр нь би коридорт гарч очтол эрэгтэй, эмэгтэй олон хүмүүс байсан ба хоорондоо маргалдаад байхаар нь тэднийг салгасан. Арай гэж хаалгаар гаргах гэж байтал хар өнгийн нэхий куртиктэй намхан залуу буцаж орж ирээд өндөр туранхай хар өнгийн юүдэнтэй куртизк өмссөн залуутай маргалдаад бие биеэ цохиод авахаар нь би дундуур нь орж салгатал хамт явж байсан хүүхнүүд нь нөгөө хар нэхий өмссөн залуугийн хажуунаас нь цохиод салахгүй байсан. Би салгах гэсэн боловч боломж байгаагүй. ... өндөр залуу нь “миний шүдийг хугалчихлаа” гээд байсан. Түүнээс биш хэн цохиж байгааг нь хараагүй. Миний харснаар тухайн хүмүүсийн дунд айхтар бэртэж гэмтсэн хүн харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын **-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. Б.М-ийн биед нэг шүдний эмтрэл, баруун бугалга, зүүн шилбэ, цээж, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 86-87-рт/ гэжээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 98-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди бичлэгийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Х.М нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB palace” /Юу Би палас/ бааранд хохирогч Б.Мтэй маргалдан нүүрэн тус газар нь цохих үедээ биед нь нэг шүдний эмтрэл, баруун бугалга, зүүн шилбэ, цээж, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Х.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хохирогч Б.М нь хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн байх тул хохирогчийг энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Мгаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчийг гэмт хэрэг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж ялаас чөлөөлж өгнө үү...” ...” гэх хүсэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

 

Иймд шүүгдэгч Х.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас чөлөөлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

 

1. Б овогт Х-гийн М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас шүүгдэгч Х.М-г чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Х.М-г гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.М-гаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мд авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ