Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 761

 

 

 

 

 

 

    2020         08              24                                        2020/ШЦТ/761

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэрэндулам,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Ц.Т , түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц Т-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын **-ний өдөр С аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “*******” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эгч, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Зүүн салаа *-** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/, Б овогт Ц Т.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Т  нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” зочид буудалд иргэн Ш.Э  баруун гараараа зүүн шанаа орчимд нь нэг удаа ханатай хавсран цохиж түүний биед баруун зулай, чамархай яснаас доош баруун хөхлөг сэртэн  дайрч суурь руу үргэлжилсэн хугарал, тархины баруун талын бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн бөмбөлгийн дух, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

 

-ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т  мэдүүлэхдээ:

“...Би 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр А ах дээр очсон. Тухайн үед А ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би ч мөн адил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид буудлаас бууж пабад юм яриад сууж байтал Э миний зүүн талд суугаад намайг чимхээд байсан. Тэгээд дараа нь хартал намайг хөхөрч, ногоортол чимхсэн байсан. Миний нойр хүрээд ар талын ширээн дээр нь очоод суутал миний баруун талын ширээнд сууж байхдаа миний баруун талаас чимхээд байсан “болиоч” гээд гараа далайтал  Э арагшаа сандалтайгаа саваад унасан. Үүний дараа пабын ажилтан “гар, явцгаа” гэхээр нь бид гараад явсан. Би хохирогчийг хананд савж, зодсон зүйл байхгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

хохирогч Ш.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би тухайн үед болсон асуудлыг сайн санахгүй байна. Хүний ярьж хэлсэн зүйлийг ойлгохгүй байна. 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би Жруу яриад уулзах уу гэхэд тэгье гээд “Х” зочид буудлын 2 давхарт 204 тоот өрөөнд ороход Ж, Э нар сууж байсан. Би гаднаас нэг шил архи авчирч өгсөн. Бид нар тухайн өрөөнд архи уугаад байж байтал Заяа ирээд удалгүй явсан. Т ирээд бид нар хамт архи уусан. Гэтэл өрөө жижигдээд танихгүй хүмүүс орж гараад байхаар нь доод давхрын ресторанд орсон... Т хижээл насны нэг ахтай ирсэн. Тэгээд бид нар архи ууж байгаад маргалдсан... Т миний баруун шанаа руу 1 удаа гараараа цохиход би толгойн баруун ар хэсгээрээ хана мөргөсөн. Өөр надад халдсан хүн байхгүй. Т намайг гараад ир гэхээр нь би рестораны хаалгаар гараад хаалганы дэргэд байдаг жижиг коридорт гарсан. Би түүнийг маргалдахаа болъё гэж хэлэх гэ байгаа юм байна гэж бодтол Т намайг заамдаж аваад үгийн зөрүүгүй ханатай хавсраад сэгсэрсэн. Тухайн үед би хана налчихсан, Т миний хажууд зогсож байсан. Тэгээд баруун гараараа зүүн шанаа руу нэг удаа цохиход би толгойны арын баруун талын хэсгээрээ хана цохисон... миний толгой манараад тал суучихсан толгойгоо гараараа дараад байж байхад Жресторанаас гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-67-рт/,  

гэрч Д.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Т, Э хоёр муудалцаад дараа нь Э Т хоёр муудалцаад байх шиг байсан. Юунаас болсныг нь санахгүй байна. Нэг харахад Э бид хоёр ширээн дээр үлдчихсэн байсан. Бид нарын сууж байсан ширээний 2 ширээнээс цаана Э дээш хараад хэвтчихсэн байдалтай байсан. Э сахартай бие жаахан султай хүн, найз нөхөд нь унадаг гэж ярьдаг байсан болохоор ухаан алдаад уначихаж дээ гэж бодсон. Тэгээд би очоод Эыг алгадаад сэрээтэл хажууд нь Таа Эыг босоорой хөгшөөн гээд зогсож байсан. Тэгээд Э сэргээд сандал дээр суусан. Нэг мэдсэн Э бид хоёр хоёулаа үлдсэн байсан. Бид хоёр үлдсэн архи уугаад өрөөнд орж амрахаар дээш 1 давхрын өрөөнд ороод шууд унтсан. Өглөө 09 цагийн үед бид хоёр сэрэхэд Э дотор муу байна үхэх гээд байна гэхээр нь би шартаад байгаа юм байна дусал хийлгэвэл дээрдэх байх гэж бодоод түргэн дуудах уу гэхэд Э тэгье гэсэн. Тэгээд түргэн ирээд Эыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-90-рт/,

 

гэрч С.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Эхний ширээн дээр сууж байхад Т, Э нар маргалдсан. Ямар шалтгааны улмаас маргалдсан гэдгийг санахгүй байна. Э Тгийн булчингийн дотор талаас чимхээд, тэр 2 маргалдаад байсан. Та нар “битгий муудалцаад бай” гэж хэлтэл Т, Э нар босож явсан ба ширээний хойд хэсэгт очоод юм яриад л байсан. Яг юу яриад байгааг анзаарч сонсоогүй. Нэг мэдэхэд хойно чимээ гарахаар нь эргээд хартал Э шалан дээр дээш хараад унасан байсан. Тухайн үед Т, Э нараас өөр хүн байгаагүй. Тэгээд Э хойш савж унасан болохоор Т л цохисон байх..” гэх мэдүүлэг /хх-ийн 104-106-рт/,

 

гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зочид буудалд очиход Ж, Э, Э нар нэлээн архи уусан байдалтай 50 гаруй насны халимаг үстэй Эын дагуулж ирсэн гэх эрэгтэй хүнтэй зочид буудлын өрөөнд архи уугаад сууцгааж байсан. Би Жтай ажлаа ярьчхаад ... Ж, Э, Э бид 4 ресторанд орсон. Эын дагуулж ирсэн хүн нэлээн согтуу текний хажууд зогсож байхад буудлын хамгаалагч таксинд суулгаад өгөх үү гээд ярилцаж байсан. Тэр хүн ресторанд орж ирээгүй санагдаж байна. ... нэлээн муудсан байсан. Тэгээд нэг мэдэхэд явцгаая гээд Э, Э, Жбид нар цувраад гарцгаасан. Би ямар ч байсан гараад таксинд суугаад явсан. Тэд нарыг хаашаа явсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114-рт/,

 

Гэрч Г.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би рестораны үүдэнд 17 цагийн орчим сууж байсан чинь түс тас хийх чимээ гарахаар нь юу болоод байгааг хартал ресторан дотор Жтай цуг байсан хүмүүсийн нэг нь газар ухаан алдаад уначихсан байдалтай байсан. Тэр хавийн орчин нь хүн ноцолдож зодолдсон шинж байхгүй байсан. Тэнд манай харуулын албаны дарга байсан болохоор би ч гэсэн нэг их юу болсон юм, яасан юм гэж асуугаагүй. Гэхдээ тэнд байсан хүмүүсийн яриагаар бол нэг нь нөгөөгөө алгадсан юм ярьж байсан. Тэнд байсан хүмүүс нь ер нь бүгд том биетэй, бөх байрын шинжтэй хүмүүс байсан. Харин ухаан алдсан гэх хүн нь туранхай хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-137-138-рт/,

 

гэрч Э.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Э нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эмнэлгээс гарсан. Нугасны ус авсан тул нуруу нь их өвдөлттэй, толгой маш их өвдөж байгаа баруун чих нь юм сонсохгүй, тухайн үед 4 хоног чихнээс нь цус гарсан. Одоо харин цус гарахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81-рт/,

 

гэрч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Э нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлэгт хэвтээд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр над руу ирсэн. Тухайн үед гавал ясны хугаралтай, баруун чамархайдаа тархины хальсан дээр цусан хураатай, тархины зүүн тал бөмбөлөг, тархины эдийн тархмал няцралтай, тархины 2 тал бөмбөлөг хооронд цус харвалттай гэсэн оноштойгоор хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-рт/,

 

Шинжээч М.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эын биед учирсан гавал тархины гэмтэл нь баруун зулай чамархай хэсэгт хүч үйлчилсний улмаас үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь нэг удаагийн цохих цохигдох баруун чамархай зулай хэсгээр унах цохигдох үед учрах боломжтой. Дээрх гавал тархины гэмтэл учирсан даруйд толгой өвдөх дотор муухайрах, бөөлжих, огиулах, гуйвах шинж тэмдгүүд илрэх ба тархины хатуу хальсан дээрх цусан хураа үүсэж тархийг дарах хүртэлх хугацаанд ямар нэг идэвхтэй үйл хөдөлгөөн хийж болно. Тархинд үүссэн цусан хураа нь хэдий хугацаанд даралт өгөхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Цусан хуралтын хэмжээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 144-145-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын **-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ** дугаартай дүгнэлтэд:

1. Ш.Эын биед баруун зулай, чамархай яснаас доош баруун хөхлөг сэртэн дайрч суурь руу үргэлжилсэн хугарал, тархины баруун талын бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.3.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4.5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

7.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь өөрийн гараар үүсгэгдэх боломжгүй. /хх-ийн 141-143-рт/ гэжээ.

 

Хохирлын баримтууд /хх-ийн 32-34-рт/,

Өвчний түүх /хх-ийн 38-57-рт/,

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 06-08-рт/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-рт/,

Бичлэг бүхий плаш дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 21-26-рт/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 179-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 169-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 168-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэсэн болно.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Т  нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” зочид буудалд иргэн Ш.Э  баруун гараараа зүүн шанаа орчимд нь нэг удаа ханатай хавсран цохиж түүний биед баруун зулай, чамархай яснаас доош баруун хөхлөг сэртэн  дайрч суурь руу үргэлжилсэн хугарал, тархины баруун талын бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн бөмбөлгийн дух, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ш.Эын “...Т миний баруун шанаа руу нэг удаа гараараа цохиход би толгойн баруун ар хэсгээрээ хана мөргөсөн. Өөр надад халдсан хүн байхгүй. Мөн Т намайг заамдаж аваад үгийн зөрүүгүй ханатай хавсраад сэгсэрсэн. Тухайн үед би хана налчихсан, Т миний хажууд зогсож байсан. Тэгээд баруун гараараа зүүн шанаа руу нэг удаа цохсон. Би толгойны арын баруун талын хэсгээрээ хана цохисон... Намайг цохиод би толгой манараад тал суучихсан толгойгоо гараараа дараад байж байтал Жресторанаас гарч ирсэн...”гэх мэдүүлэг,

гэрч С.Эгийн “...Эхний ширээн дээр сууж байхад Т, Э нар маргалдсан. Ямар шалтгааны улмаас маргалдсан гэдгийг санахгүй байна. Э Тгийн булчингийн дотор талаас чимхээд, тэр 2 маргалдаад байсан... Нэг мэдэхэд хойно чимээ гарахаар нь эргээд хартал Э шалан дээр дээш хараад унасан байсан. Тухайн үед Т, Э нараас өөр хүн байгаагүй. Тэгээд Э хойш савж унасан болохоор Т л цохисон байх..” гэх мэдүүлэг /хх-ийн 104-106-рт/,

Гэрч Г.Сын ...түс тас хийх чимээ гарахаар нь юу болоод байгааг хартал ресторан дотор байсан Жтай цуг байсан хүмүүсийн нэг нь газар ухаан алдаад уначихсан байдалтай байсан....” гэх мэдүүлэг,

гэрч Э.Сийн “...Э нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эмнэлгээс гарсан. Нугасны ус авсан тул нуруу нь их өвдөлттэй, толгой маш их өвдөж байгаа баруун чих нь юм сонсохгүй, тухайн үед 4 хоног чихнээс нь цус гарсан...” гэх мэдүүлэг,

гэрч Д.Гийн “...Э гавал ясны хугаралтай, баруун чамархайдаа тархины хальсан дээр цусан хураатай, тархины зүүн тал бөмбөлөг, тархины эдийн тархмал няцралтай, тархины 2 тал бөмбөлөг хооронд цус харвалттай гэсэн оноштойгоор хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-рт/,

Шинжээч М.З “...Эын биед учирсан гавал тархины гэмтэл нь баруун зулай чамархай хэсэгт хүч үйлчилсний улмаас үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь нэг удаагийн цохих цохигдох баруун чамархай зулай хэсгээр унах цохигдох үед учрах боломжтой. Дээрх гавал тархины гэмтэл учирсан даруйд толгой өвдөх дотор муухайрах, бөөлжих, огиулах, гуйвах шинж тэмдгүүд илрэх ба тархины хатуу хальсан дээрх цусан хуралт үүсэж тархийг дарах хүртэлх хугацаанд ямар нэг идэвхтэй үйл хөдөлгөөн хийж болно...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Т д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Т г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хэргийн хохирогч Ш.Эын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Шүүгдэгч Ц.Т  нь хохирогч Ш.Э-ад нийт 2.500.000 төгрөг хүлээн өгсөн талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болон цаашид гарах зардлаа нэхэмжилнэ гэх тул хохирогчийг энэхүү хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Т аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, шүүгдэгч Ц.Т ы өмгөөлөгч 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлтийг тус тус гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон хувийн байдлыг харгалзан Ц.Т д 13.000 /арван гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 365 /гурван зуун жаран таван/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч Ц.Т д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт бүхий 4 ширхэг дискийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт Ц-н Т-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Т-д 13.000 /арван гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 /арван гурван сая/  төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Т-д оногдуулсан 13.000 /арван гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 365 /гурван зуун жаран таван/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Т д нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг  1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Ш.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Т-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 /дөрөв/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 
                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ