Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0268

 

 

 

 

 

 

 

 

     Ц.Оы нэхэмжлэлтэй 

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.О

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын Ц.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 57 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0679/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.Оаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын Ц.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ний өдрийн 57 дугаар шийдвэрээр: 

“...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан Ц.Оаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын Ц.Од холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1“...Нэхэмжлэгч Ц.Од 2011 онд Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд 0.09 га талбайг зуслангийн зориулалтаар газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон байдаг. Тус ашиглах эрхийг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

3.2.Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан байдаг.

3.3.Нэхэмжлэгч Ц.Оы хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан түр журмын 3.4-т заасны дагуу 3 сарын дотор гэрээ байгуулаагүй бөгөөд гэрээ байгуулахаар идэвхтэй санаачилга гарган эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй. Үүгээрээ гэрээ байгуулахаас зайлсхийж газрын төлбөр болоод газраа хуульд заасан зориулалтын дагуу ашигладаггүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдана.

3.4.Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар хэт нэг талыг барьж үндэслэлгүй, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан, түүнчлэн нэхэмжлэгч нь тус газар дээр гэр барьж ашигладаг байсан нь хуульд зааснаар газраа ашиглаж байснаар дүгнэсэн, гэтэл хуульд зааснаар нэхэмжлэгч 3 талт гэрээг байгуулаагүй бөгөөд газрын төлбөрийг огт төлөөгүйгээс гадна тухайн газраа огт ашиглаж байгаагүй байна. Газраа бүхэлд нь хашаалсан гэдгийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар Улсын дээд шүүхийн 2008 оны тайлбарт тусгагдсанаар тайлбарлах нь зүйтэй болно.

3.5.Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9,11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж заасан. Иймээс нэхэмжлэгч Ц.Оы хувьд 2011 онд газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан өдрөөс хойш газрын төлбөрийг төлөх үүрэгтэй юм. Гэтэл хуульд заасан хугацаанд гурвалсан гэрээг байгуулаагүй, тэр тусмаа газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй үндэслэлээр цуцалсан.

3.6.Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу 2011 онд газар ашиглах эрх авснаас хойш 11 жилийн хугацаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна.

3.7.Гэтэл шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлийг зөрчсөн байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдсэн нь үндэслэлгүй, харин 40.1.6-д заасан үндэслэлийн хувьд хариуцагчийн зүгээс үндэслэл бүхий дүгнэж чадаагүй гэсэн хэдий ч хэрэгт авагдсан баримтаар үйл ажиллагаа явуулахаас гадна өөр бусад холбогдох баримтыг бүрдүүлж ажилласан зүйл байхгүй болох нь харагдаж байна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчсөн байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Нэхэмжлэгч Ц.Од анх газар ашиглах эрхийг зуслангийн зориулалтаар олгосон, газрын хэмжээний хувьд 0.097 га буюу 970 м.кв, бодит байдалд 3 тал хашаалсан болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуультай зөрчилдсөн гэх үндэслэлгүй, харин ч уг хуульд нийцсэн, түүнчлэн маргаан бүхий газрын эргэн тойронд хэдий нь суурьшлын бүс үүссэн энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон Сайдын тушаал хуульд нийцээгүй төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Анх Сайдын 2011 оны А/223 дугаар тушаалаар нэхэмжлэгчид 0.09 га газрыг 5 жилийн хугацаатай зуслангийн зориулалтаар олгосноор газар ашиглах эрхийн хугацаа 2017 онд дуусгавар болох үр дагавартай байхад хариуцагчаас 2021 оны одоогийн маргаан бүхий А/79 дүгээр тушаал гарган түүний газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаагаас үзэхэд энэхүү тушаал гарах хүртэл газар ашиглах эрх хүчинтэй байсан гэж үзнэ.

Учир нь цаг хугацааны хувьд дуусгавар болсон газар ашиглах эрхийг цуцлах, хүчингүй болгох нь хууль зүйн хувьд байж боломгүй ч энэ тохиолдолд нэгэнт шийдвэр гарган, тэр тусмаа нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн гэж үзсэн нь хариуцагчаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг “хүчинтэй”-д тооцож байсны нотолгоо. 

Иймд маргаан бүхий тушаал хууль зүйн агуулгаараа эрх зүйн зөрчилтэй, гэвч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх үр дагаварт хүргэх учиртай. 

2.“…хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан…” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй, харин ч дээр дурдсанчлан газрын зориулалт, хэмжээ, бодит нөхцөл байдал зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг гурвалсан гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр түүний газар ашиглах эрхийг цуцлах бус уг гэрээг байгуулах нь зүйтэй. 

Учир нь зуслангийн зориулалтаар олгосон газарт зуны цагт гэр барьж, магадгүй гэр барихгүй ч түр хугацаагаар отоглох байдлаар ашиглах боломж нэхэмжлэгчид нээлттэй, энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7/-д нийцнэ. 

Уг хуулийн 12 дугаар зүйлийн 5/-д дархан цаазат газарт энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барихыг хориглосон, өөрөөр хэлбэл уг газарт зөвхөн аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах боломжтой. 

Гэтэл хариуцагчаас тусгай хамгаалалттай газар нутагт хуульд зааснаас өөр зориулалтаар барилга байгуулж барьсан тохиолдлыг хуульд зөрчсөн гэж буруутгадгийн нэгэн адилаар бариагүй тохиолдолд мөн л хууль зөрчсөн гэж үзэх нь хуулийг хэлбэрэлтгүй биелүүлэх үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаагийн илэрхийлэл болно. 

Нэхэмжлэгч Ц.Оы хувьд анх олгосон зориулалтыг өөрчлөөгүй, хууль зөрчиж барилга байгууламж бариагүй байгаа нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж дүгнэх, цаашлаад газар ашиглах эрхийг нь цуцлах нөхцөлийг үүсгэх учиргүй. 

Тушаалын үндэслэл болсон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд хязгаарлалтын бүсэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр явуулж болох үйл ажиллагаануудыг тодорхойлсны нэг нь дээр дурдсанчлан аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах үйл ажиллагаа явуулах.

Гэтэл хариуцагчаас анхнаасаа зуслангийн зориулалтаар газар ашиглах эрх олгосон атлаа зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж нэхэмжлэгчийн буруутгах буй нь үндэслэлгүй юм. 

Зуслангийн зориулалтаар газар ашиглах тохиолдолд заавал барилга байгууламж барьсан байхыг шаардах нь зүйд нийцэхгүй бөгөөд угтаа Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах аманд хэрэв хууль хэрэгжүүлэх тохиолдолд амины орон сууц барих байдлаар суурьшлын бүс үүсгэх ёсгүй.

Бодит байдалд аялал жуулчлал нэрийн дор газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн дийлэнх нь хувийн орон сууц барьсан нь нийтэд илэрхий үйл баримт, иймд хууль зөрчөөгүй нэхэмжлэгчийг бусад зөрчигчдийн нэгэн адилаар газраа ашиглаагүйн төлөө газар ашиглах эрхийг хүчингүй болгох нь хуульд нийцэхгүй.

Харин газрын төлбөрийн тухайд олон жилийн турш ашиглаж, бусдаас ялгагдах хашаа хайсаар хүрээлсэн 900 м.кв газрын эрхийг цуцлахаас илүүтэй уг төлбөрийг гурвалсан гэрээ байгуулах байдлаар шаардаж авах нь хуулийн 27 дугаар зүйлийн 1/-д заасан “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэсэнтэй нийцэх болно.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                        Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН