Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 280

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х ” ХХК

Хариуцагч: АМГТГКХД

Нэхэмжлэлийн шаардлага: “АМГТГКХД ын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “Х ” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Х ” ХХК-ийн NE-02******* дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн захирал Ричард Сауер, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З  нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Төв аймгийн Баянд******* сумын нутаг Д******* нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №02******* дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19,2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна.

Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 30-ны өдрийн 39 тоот “дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн АМГТГКХД ын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Бид дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 07 сарын 24-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч тус шүүхийн шүүгчийн 2017 оны 07 сарын 27-ний өдрийн 128/1X132017/4757 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 93 дугаар зүйлийн 93.1 болон Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасны дагуу “Нэхэмжлэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан материалд уг асуудлаар дээд шатны албан тушаалтан болох АМГТГД д хандсан талаар баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй байх тул урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Манай компани 2017 оны 07 сарын 24-ний өдөр АМГТГД  Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 39 тоот “дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн АМГТГКХД ын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсанг манай компани эс зөвшөөрч гомдол гаргасан. Гэвч АМГТГД  Б.Б******* 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1/5420 тоот албан бичгээр манай гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.

Иймд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 07 сарын 27-ны өдрийн 128/Ш32017/4757 дугаар захирамжинд “Нэхэмжлэгч АМГТГД д хандсаны дараа урьдчилан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд 30 хоногийн дотор тус шүүхэд хандах нь зүйтэй” гэж заасны дагуу бид дахин доорхи нэхэмжлэлийг гаргаж байна

Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 39 тоот “дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн АМГТГКХД ын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Дээрх шийдвэрийг манай компани дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1.   Өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн засаг даргаас саналыг авахаар явуулсан.

2.   Аймаг, нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ." 19.5-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно" гэж Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д “Мөн зүйлийн 19.4-т заасан "хурлын санал" нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. Энэ зүйл, хэсэгт заасан "... хариу ..."-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр өгнө. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан "...татгалзсан хариу өгч болно" гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бухий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно" гэж тус тус заасан байхад Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан. Төв аймгийн засаг дарга Д.Баярбатын “дэмжихгүй” саналын үндэслэл нь “Газрын тухай хуулийн 6-р зүйл 6.2.1 дэх заалт, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 Усны тухай хуулийн 4-р зүйлийн 4.2 дахь заалт” гэсэн байна. Гэтэл Газрын тухай хуулийн 6.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана” гээд 6.2.1-д “бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар” гэсэн байна. Бэлчээр, уст цэг гэдэг нь Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалтад хамаарахгүй бөгөөд хайгуулын ажил нь тодорхой өрөм тавих, нөөц тогтоох зорилготой байдаг тул бэлчээр, усанд ямар нэг нөлөө үзүүлдэггүй. Газрын тухай хуулийн 52.2, 52.7 дахь хэсэг нь отрын бэлчээр, зуслан намаржаа болон гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой зохицуулалт бөгөөд тухайн газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэсэн зохицуулалт байхгүй. Мөн Усны тухай хуулийн 4.2-д “Усны сан бүхий газрыг төрийн байгууллагын зохицуулалттайгаар нийтээр ашиглана” гэж заасан. Гэтэл энэ нь мөн л ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалт бус усыг хэрхэн ашиглах тухай зохицуулалт байна. Иймд Төв аймгийн засаг даргын 39 тоот санал нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан газар, нөөцөд авсан газарт хамаарахгүй байна. Энэ талаар Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэж өгсөн байдаг.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 09 дүгээр тогтоолын 9-д “Мөн зүйлийн 19.4-т заасан "хурлын санал" нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна” гэж заасан байхад Төв аймгийн Тэргүүлэгчид 2015 оны 10

сарын 30-ны 35 дугаар Хуралдааны тэмдэглэлээр санал өгсөн нь дээрх шаардлагыг мөн зөрчсөн байна.

Мөн Баянд******* сумын “санал” нь Дээд шүүхийн дээрх тогтоолд зааснаар ИТХ-ийн Тэргүүлэгчдийн хурлын тогтоол байх ёстой байтал ИТХ-ийн тогтоол байгаа нь мөн л дээрх Улсын дээд шүүхийн тогтоолыг зөрчиж байна.

Ийнхүү Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 30-ны 39 тоот санал нь үндэслэлгүй “дэмжихгүй” санал байна.

3.   Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын “Дөрөв” дүгээр хэсгийн 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүй “Дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр. ...төслийг боловсруулан...” гэж заасан байдаг. Дээрхээс үзвэл, хууль, хуульчилсан актын холбогдох заалтууд болон Улсын Дээд Шүүхийн тайлбар нь цогцоороо аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан тохиолдолд захиргаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг үүрэг болгосон агуулгатай байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь татгалзсан шийдвэр гаргасан нь хууль бус байна.

4.   Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4 дүгээр хэсгийн 4.5-д зааснаар аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх үлдэгдлийн төслийг боловсруулж, хяналтын хуудаст тэмдэглэгээ хийж, өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө гэж заасан байдаг. Төв аймгийн Засаг дарга нь татгалзсан саналаа 2015 оны 10 сарын 30-ний өдөр явуулсан байдаг. Үүнийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2015 оны 11 сарын 03-ний өдөр буюу санал авах хуудас хүргүүлснээс хойш 32 хоногийн дараа хүлээн авсан байдаг. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн; 19.4-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ." гэж заасан нөхцөлийг хангасан байхад Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргаагуй байна. Мөн түүнчлэн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дотор Кадастрын хэлтэс ямар нэгэн шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл Кадастрын хэлтэс нь шийдвэрээ 2017 оны 06 дугаар сарын 22-ний өдөр гаргасан нь өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус байна. Мөн уг Кадастрын хэлтсийн №360 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дугаар зүйлийг дурдсан байдаг. Уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасан байдаг. Гэтэл уг шийдвэрийг 1 жил 8 сарын дараа гаргасан байгаа нь хууль бус байна. ” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э  нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АМГТГКХД ын 2017 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 360 дугаар шийдвэрийн “Х ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Х ” ХХК-ийн NE-02******* дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай" 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан.

Дээр дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.

“Х ” ХХК нь Төв аймгийн Баянд******* сумын нутаг Д******* нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гарган NE-02******* дугаарт бүртгүүлсэн байна.

Кадастрын хэлтсээс “Х  ” ХХК-ийн өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасан шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг Төв аймгийн Засаг даргад 2015 оны 10 дүгээр сарын 08-ны өдрийн 6/7772 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Уг саналд Төв аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/1401 тоот албан бичгээр NE-02******* дугаартай өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг 39 дугаартай “дэмжихгүй” санал ирүүлсэн байна.

Аймаг, нийслэлийн Засаг даргаас дэмжээгүй санал ирүүлсэн тул өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн байна.

Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн хуулийн 27.2.2-д “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” заалтын хүрээнд хийж Өдрийн сонины 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №41 дугаарт олон нийтэд мэдээлэн хүргэжээ. Энэхүү сонсох ажиллагаанд танай компани нь бичгээр болон амаар тайлбар гаргаж ирүүлээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр ;зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар арын 22-ний өдрийн 360 дүгээр шийдвэрээр NE-02******* дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 7/4498 дугаартай албан бичгээр тус компанид мэдэгдэл хүргүүлсэн байна. Иймд “Х ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х ” ХХК нь АМГТГКХД ын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “Х ” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Х ” ХХК-ийн NE-02******* дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 “Х ” ХХК нь Төв аймгийн Баянд******* сумын нутаг Д******* нэртэй газарт орших 3260.38 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газар 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр NE-02******* дугаарт бүртгэсэн байна.

Уг өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хянаад тухайн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу Төв аймгийн Засаг даргаас санал авахаар шийдвэрлэж, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6/7772 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлжээ[1].

Уг мэдэгдлийн хариуд Төв аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 39 дугаар “дэмжихгүй” гэсэн саналыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлж[2] Ашигт малтмал газрын тосны газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр[3] хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын №360 дугаар шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн  19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

Нэхэмжлэгч “Х ” ХХК-иас Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 39 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны 35 дугаар тэмдэглэлийн “Х ” ХХК-д холбогдох хэсгийг, Банд******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02 тоот тогтоолын “Х ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, №02******* дугаарт бүртгэгдсэн “Д*******” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 123/ШШ2017/0032 дугаар шүүхийн шийдвэрээр “ ... маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөөгүй болох нь тогтоогдсоноор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Уг шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болжээ. Иймд Төв аймгийн Засаг даргын “дэмжихгүй” санал нь хүчин төгөлдөр хэвээр байна. 

Иймээс Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтад заасан хүчин төгөлдөр “дэмжихгүй” саналд үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.16 дахь заалтад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, хуульд нийцүүлэн гаргасан захиргааны акт байх тул нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн “АМГТГКХД ын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “Х ” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Х ” ХХК-ийн NE-02******* дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 


[1] Хавтаст хэргийн 61 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 58 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 56 дугаар хуудас