Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 796

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Батсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 181/ШШ2016/01495 дугаар шийдвэртэй, Х.Батсайханы нэхэмжлэлтэй, Г.Хишигжаргалд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6 124 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х.Батсайхан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Алтанчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Хишигжаргал 5 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлж 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан. Сарын хүү болох 300 000 төгрөгийг сар бүрийн 6-10-ны өдөр Хаан банк дахь миний дансанд хийж байх, 5 000 000 төгрөгийг үйл ажиллагаандаа хэрэглэж байгаад миний охиныг 2014 оны 7 сард Герман улсад сургуульд явахад нь буцааж өгөхөөр тохиролцсон. Гэтэл Г.Хишигжаргал зээлийн хүүг төлөхгүй янз бүрийн шалтгаан дурдаж, удахгүй өгнө гэдэг байсан. 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 900 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 400 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 300 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 300 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Ивемек” гэх малын эмийг 1 776 000 төгрөгт тооцож, нийт 5 176 000 төгрөг өгсөн.

 2015 оны 5 дугаар сард зээлийн гэрээний тооцоог хааж, бүрэн төлж дуусгана гэсэн боловч утсаа авахгүй болсон, мөнгөө хугацаандаа өгөөгүйгээс охин минь Герман улс явж чадаагүй. Иймд зээлийн нийт төлбөрт 11 300 000 төгрөг төлөх ёстойгоос 5 176 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 6 124 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 5 000 000 төгрөг зээлж аваад нэхэмжлэгчийн өгсөн тайлбараар 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 900 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 400 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 300 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 300 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Ивемек” нэртэй малын эм 2 880 000 төгрөгт тооцож өр төлбөргүй болсон. Харин нэхэмжлэгч хэл амаар доромжлон, гар хүрч алагдсан тул бичиг бичиж өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Хишигжаргалаас зээлийн төлбөрт 172 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Батсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 952 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Хишигжаргалаас 4 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Батсайханд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие хариуцагч Г.Хишигжаргалтай хугацаагүй зээлийн гэрээ байгуулсан байхад шүүх 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь талууд зээлийн хүү, хугацааны талаар тохиролцож гарын үсэг зурж баримт үйлдсэн байхад шүүх үүнийг дүгнэж үзсэнгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүйг зөвтгөн өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Х.Батсайхан нь хариуцагч Г.Хишигжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 124 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Г.Хишигжаргал нь 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Х.Батсайханаас 5 000 000 төгрөгийг, 6 хувийн хүүтэй, хүүг сар бүрийн 6-10-ны өдрийн хооронд, Хаан банкны дансаар, 300 000 төгрөгийг шилжүүлэх, үндсэн зээлийг 1 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэж авах тохиролцоо бүхий гэрээг бичгээр байгуулсан байна. /хх 4 дэх тал/

 

Зохигчид дээрх гэрээг байгуулсан талаар болон 5 000 000 төгрөг хүлээлцсэн, буцаан төлөлт хийсэн үйл баримтын тухайд маргаагүй боловч уг гэрээний хугацаа болон зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн эсэх үйл баримтын талаар маргажээ.

 

Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч уг гэрээний утга агуулгыг буруу тайлбарлаж, нэг сарын хугацаатай гэрээ байгуулсан гэж үзэн, тухайн хугацаагаар хүүгийн үлдэгдэл төлбөрийг тооцож 172 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар дээрх гэрээнд тусгагдсан хугацааны талаарх нөхцөл буюу “Хүүг сар бүрийн 6-10-нд ... шилжүүлэх болно” гэснийг үгийн шууд утгаар тайлбарлавал зөвхөн нэг сарын хүү тохиролцсон гэж ойлгох үндэслэлгүй бөгөөд гэрээ байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш хүүг сар бүр авах гэсэн агуулгатай байна.

 

Мөн “үндсэн зээлийг нэг сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэж авна” гэсэн нөхцөл заасныг нэхэмжлэгчийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлд дурдсан “...миний охины сургалтын төлбөр байсан, түүнийг Герман улсад 2014 оны 7 сард сургуульд явахад нь буцааж өгөхөөр тохирсон...” гэсэн тайлбартай харьцуулан үзвэл зээлийг эргэн төлөх хугацаа болон буцаан шаардсан үе буюу хариуцагчийн үндсэн зээлийн үүргийг гүйцэтгэх хугацааг тодорхойлох боломжтой болно.

 

Шүүх зохигчдын тайлбарыг нотлох баримтаар үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасантай нийцэх бөгөөд зээлийн гэрээг дээрх агуулгаар тайлбарласнаар хариуцагч тал гэрээ байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд хүү төлөх үүрэг хүлээсэн гэж дүгнэхээр байна.

 

Иймд хариуцагч Г.Хишигжаргал нь зээлийн гэрээнд тохиролцсон ёсоор үндсэн зээл 5 000 000 төгрөг, 10 сарын хугацааны хүү 3 000 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөг төлөх үүргээс 5 176 000 төгрөг төлснийг хасч тооцвол нэхэмжлэлийн шаардлагаас 2 824 000 төгрөгийг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хариуцагчийн хувьд зээлийн төлбөрт нийт 6 280 000 төгрөг төлсөн гэх боловч нэхэмжлэгчийн зөвшөөрсөн 5 176 000 төгрөгөөс илүү гарсан үнийн дүнгийн талаар бичгийн баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Х.Батсайханы гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 181/ШШ2016/01495 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “172 000” гэснийг “2 824 000” гэж, “5 952 000” гэснийг “3 300 000” гэж,

2 дахь заалтын “112 940” гэснийг “67 750” гэж, “4 550” гэснийг “60 134” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолох, энэхүү үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргахад саад болохгүй дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                Т.ТУЯА