Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 296

 

Ш.Жанимханы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 375 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Ж.Жанимханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.4, 17.5, 17.8 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Жанимханы Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн зам, тээврийн бодлого хариуцсан мэргэжилтнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 375 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Нэхэмжлэгч Ш.Жанимхан төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Баян-Өлгий аймгийн Тээвэр, авто замын газарт мэргэжилтнээр ажиллаж байгаад тухайн байгууллага татан буугдаж, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар орон тоо нь хасагдсан учраас төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй байгааг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хүлээн зөвшөөрсөн юм

2. Монгол улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолын Гуравдугаар хэсгийн 9-д Аймгийн Засаг даргын дэргэдэх тээвэр, авто замын газрыг авто тээврийн үндэсний төв аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэсэнтэй холбогдуулан тухайн нутаг дэвсгэрт авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан орон тооны 1 ажилтныг аймгийн ЗДТГ-т батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийж, ажиллуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгасныг үндэслэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 52 тоот тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст шинээр бий болсон сул орон тоо зам, тээврийн бодлого хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгосон юм. Тухайн мэргэжилтний албан тушаал нь одоо Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст байна.

3. Маргаан бүхий сул орон тоонд төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд байгаа иргэдээс эхний ээлжид нэр дэвшүүлэх талаар Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Т.Манкейд дээд шатны байгууллагаас шийдвэр, албан бичгүүд ирснийг дэлгэрэнгүй дурдсан байдаг.

4. Уг сул орон тоо буюу ажлын байр нь Баян-Өлгий аймгийн ЗДТГ-т шинээр бий болоод 1 жил болсон. Одоогийн байдлаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст шинээр бий болсон зам, тээврийн бодлого хариуцсан мэргэжилтний орон тоонд одоо хүртэл хүн ажилуулаагүй байна. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-т мэргэжилтнээр ажиллаж байсан Х.Бахытгүлийг тус аймгийн ЗДТГ-ын даргын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 112 дугаар тушаалаар Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор үүрэгт ажлаас орон тооны цомхтгол гэсэн үндэслэлээр чөлөөлсөн. 

5. Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2015 оны эцсээр тус аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөөцөөс төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд байгаа иргэдээс нөөцөөс нөхөх тухай зарлалыг нийтэд зарлаж 15 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан юм. Гэтэл уг маргаан бүхий сул орон тоонд сонгон шалгаруулалтыг Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 жилийн хугацаанд зарлахгүй байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж дүгнэж байна.

6. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 310 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт "Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.8-д зааснаас сул орон тоо гарсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчдаас уйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөхөөр зохицуулсан байна. Төрийн албаны зөвлөлөөс баталсан 2009 оны 99 дүгээр Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц бүрдүүлэх журмын Хоёрын 2.2.3-д зааснаас өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан бол терийн албаны нөөцөд байхаар зохицуулсан, нэхэмжлэгч нь уг маргаан бүхип албан тушаалд нөөцөөс нэр дэвших эрхтэй байна" гэж дүгнэсэн.

7. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдсан К.Сайфулин нь Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 08 дугаар тушаалаар тус төвд менежерээр томилогдсон. Түүнээс хойш 7 сар ажиллаж хөдөлмөрийн гэрээ байгуулан төрөөс цалин хөлс авч, нийгмийн даатгал шимтгэл төлж буй төрийн үйлчилгээний албан хаагч юм. К.Сайфулинтай ажил олгогч 20 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. К.Сайфулин нь анх төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөхөд авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасан гэсэн шаардлагыг хангаагүй буюу өөрөөр хэлбэл Авто тээврийн байгууллагад 3 жил ажиллаж байгаагүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ш.Жанимхан нь Баян-Өлгий аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдуулан Хөгжлийн бодлогын хэлтсийн зам тээврийн бодлого хариуцсан мэргэжилтнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст зам тээврийн бодлого хариуцсан мэргэжилтний орон тоо шинээр батлагдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн тухайд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4 дэх хэсэгт зааснаар Засаг даргын Тамгын газар нь зам тээврийн бодлого хариуцсан мэргэжилтний орон тоог төрийн албаны нөөцийн сангаас нөхөх тухай захиалгыг Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлээгүй учраас хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн “холбогдох дээд байгууллагаас тухайн сул орон тоонд автотээврийн мэргэжилтэн томилох чиглэл ирсэн байхад ямар нэгэн үйлдэл хийгээгүй” гэх гомдол үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийг ажилд томилох шийдвэр гаргах эрх бүхий этгээдээс ажлын байрны захиалга ирүүлээгүй байхад хариуцагчаас уг маргаан бүхий орон тоонд нэхэмжлэгчийг нэр дэвшүүлэх эрх хуулиар олгогдоогүй байна.

Нэхэмжлэгчээс “Сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахгүй байгаа нь хууль зөрчсөн” гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаа энэ үндэслэлээр тодорхойлоогүй, харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ маргаан бүхий албан тушаалд өөрийгөө нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг хүссэн нь үндэслэлгүй буюу төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэдээс заавал сонгон шалгаруулалт явуулах, нийтэд зарлах чиг үүргийн хүрээнд сонгон шалгаруулалт явуулж, өрсөлдөх боломжоор бусад этгээдийг хангах ёстой.

“Бусад этгээд ажлын байрны шаардлага хангаагүй” тухай нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй бөгөөд энэ нь ажил олгогч захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх асуудал болох ба нэхэмжлэгчид хамааралгүй, бусад этгээдийн талаар дүгнэлт гаргах эрх нэхэмжлэгчид байхгүй болно.

“Төрийн албаны салбар зөвлөлийн дарга болон Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалыг нэг албан тушаалтан давхар хэрэгжүүлдэг тул захиалга өгөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй” тухай гомдлын хувьд хэдийгээр дээрх хоёр албан тушаалын чиг үүргийг нэг этгээд хэрэгжүүлж байгаа боловч эдгээр албан тушаал нь тус тусын чиг үүрэгтэй тул хамтад нэг ойлгох боломжгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 375 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                  Х.БАТСҮРЭН 

ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ