Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Амарын Нарантуяа |
Хэргийн индекс | 150/2017/00022/и |
Дугаар | 48 |
Огноо | 2017-02-15 |
Маргааны төрөл | Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Хушаат сум, Даагат баг, Сээрийн голд оршин суух, Боржигон Д Г /РД: /-ийн хүсэлттэй,
Асран хамгаалагч: Сэлэнгэ аймаг, Сант сум, 1 дүгээр багт оршин суух Зургаадай Б Б /РД: /-д холбогдох хүүхдийн асрамжийг өөрчлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Г, асран хамгаалагч Б.Б, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Г шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай хүүхдүүд миний амьдардаг Сээрийн голд Сант сумаас алхаж ирсэн. Аав дээр очихгүй, хүүхдийн мөнгө буухад 3 өдөр архи уугаад хөөж туугаад байна гэж хэлсэн. Өмнө нь нэг хоёроороо над дээр ирдэг байсан. Би муу сайн ч та нарын аав гээд буцаагаад явуулдаг байсан. Энэ удаа өөр хүүхдүүдтэй адилхан сайн сайхан амьдармаар байна. Сургууль соёлд сурмаар байна гэж хэлдэг байсан. Төгсболд нь хүний морь унуулаад мөнгийг нь өөрөө аваад надад хувцасч авч өгдөггүй байсан Өнөболд нь бас Тулгаа гэдэг хүнээр морь унуулаад бас мөнгийг нь авч үрдэг байсан гэж хэлсэн. Би хүүхдүүдээ их өрөвдсөн. Том хүү Төрболд нь намайг самарт явуулаад олсон мөнгийг нь авдаг байсан. Та нарт эх байхгүй гээд бакиалаар зоддог байсан гэж хэлсэн. Би хүүхдээ өөр дээрээ авъя гээд Сант сумын хүмүүстэй хуралдсан. Би хүүхдийнхээ өмссөн хувцсыг нь солиод сургуулийн дотуур байранд оруулахаар аав нь ирээд аваад явдаг байсан. Бас л бид нарыг урьдын байдалд оруулна. Та шүүхэд өргөдлөө өгдөгөөрөө өг гэж хэлсэн. Тэгээд би шүүхэд хандсан. Сургуульд сургах гэхээр хүүхдүүдийн төрсний гэрчилгээ нэхээд байгаа. Төрсний гэрчилгээ нь энэ хүнд байгаа. Би өрний төлөө хүүхэд төрүүлээгүй...” гэв.
Асран хамгаалагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүний үг бол худлаа. Би гурван хүүхдээ хэзээ ч зодож байгаагүй. Орон нутгийн засаг дарга намайг хүүхдээ ганцаараа өсгөж байгаа гээд үнэгүй хоол унд идүүлдэг байсан. Нэг өглөө манай гурван хүүхэд бүгдээрээ байхгүй болсон байсан. Энэ өвөл дахиад аваад явсан. Хичээл номыг нь завсардуулаад аваад явсан. Энэ хүн өөрөө том хүүтэй утсаар яриад замын унаанд суугаад хүрээд ир гэж хэлсэн юм байна лээ. Энэ хүн хэл ам хийгээд байхаар нь шүүх л шийднэ гэж бодсон. Сумын засаг дарга одоо чи гурван хүүхдээ сайхан өсгөсөн юм чинь гомдох юу байх вэ эхэд нь өг гэж хэлсэн. Би гурван бандиа хөөрхөн өсгөсөн. Энэ хүн хэл ам хийгээд байгаа тул би хүүхдээ өгдөг юм уу гэж бодож байгаа. Би хүүхдүүдээрээ морь унуулдаг нь үнэн. Гэхдээ морь унуулаад тийм их мөнгө авдаггүй. Энэ хүн хүүхдээ өөр дээрээ авах гээд байгаа шалтгаан нь одонгоо авах гээд л байгаа байх. Энэ хүн хэл ам хийгээд худлаа үнэн яриад хүүхдээ авах гээд байх шиг байна. Би гурван хүүхдээ энэ хүнд өгөхийг зөвшөөрч байна. Би их ядарч байна гэв.
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Г нь хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Г, асран хамгаалагч Б.Б нарыг хамтран амьдрах хугацаанд 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдөр*******, 2004 оны 07 дугаар сарын 06-ны өдөр*******, 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүү ******* нар төрж, 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ цуцлуулахад*******,*******, хүү ******* нар нь төрсөн эцэг Б.Б-гийн асрамжид үлдсэн болох нь №0218290 дугаартай хүү *******, №0100706 дугаартай*******, №37 дугаартай******* нарын төрсний гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1493 дугаартай шийдвэрийн хуулбар, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна.
11-15 насны 3 хүүхдээс цаашид эцэг, эх хоёрынхоо хэн алинтай нь амьдрах хүсэлтэй талаарх саналыг авахад
Хүү Б.Өнөболдын: “...Ээжийнхээ асрамжид байх хүсэлтэй байна. Яагаад гэвэл аав дээрээ байвал морь унуулна, зодож нүднэ, морь нь сайн давхихгүй болохоор зодно. Өвөл бүр хэцүү байдаг. Мориноосоо унаад чирэгдэнэ. Нэг удаа би моринд чирэгдсэн. Харин ээжтэйгээ байвал халуун хоол ундтай, тав тухтай байдаг...” гэх,
Хүү *******ын: “...Ээж дээрээ байна. Яагаад гэвэл ээж дээрээ байх гоё байдаг...” гэх,
Хүү Б.Төрболдын: “Ээж дээрээ байна. Яагаад гэвэл амьдралын бололцоо илүү сайн байдаг. Дарамт шахалт байхгүй, тайван амгалан байдаг...” гэх тайлбараар хүүхдүүд эцэгтэйгээ амьдрахыг хүсэхгүй байгаа шалтгаан, эхтэйгээ хамт амьдрах хүсэл зоригоо тодорхой илэрхийлж байх тул хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзээд Гэр бүлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд Б.Төрболд, *******, Б.Өнөболд нарын саналыг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Мөн асран хамгаалагч Б.Б асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...гурван хүүхдээ авна гээд байгаа бол өгнө...” гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүх дээрх нотлох баримтыг үнэлээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт зааснаар 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн*******, 2004 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн*******, 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү ******* нарыг төрсөн эх Д.Г-гийн асрамжид шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч Д.Г нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бөгөөд төлбөрийн чадваргүй болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн засаг даргын тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ЗДТГ-ын Нийгмийн бодлого, Хөдөлмөр эрхлэлтийн албаны тодорхойлолт, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хушаат сум хариуцсан халамжийн мэргэжилтний тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар Д.Г-ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 146 дугаар зүйлийн 146.6 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1493 дугаартай шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт зааснаар 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн*******, 2004 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн*******, 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү ******* нарыг төрсөн эх Д.Г-ийн асрамжид шилжүүлсүгэй.
3. Төрсөн эцэг Б.Б-г хүү *******,*******,******* нартай уулзах, тэднийг тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлэхэд төрсөн эх Д.Г-ийн зүгээс саад учруулахыг хориглосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА