Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 773

 

 

 

 

 

 

 

 

    2020        08           27                                      2020/ШЦТ/773

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Т.Т, Х.С

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Т , Х.С  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905032141194 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ...-ний өдөр

Булган аймгийн Булган суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хэвлэл дизайн мэргэжилтэй, “ааа” ХХК-д дамжлагын ажилтан ажилтай, ам бүл 3, эх дүү нарын хамт 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т.Т  /РД:аа00000000/.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ....-ний өдөр

Булган аймгийн Булган суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х.С  /РД:аа00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Т, Х.С  нар нь бүлэглэн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ааабаарны гадна 2019 оны 8 дугаар сарын 05-наас 2019 оны 8 дугаар сарын 06-нд шилжих шөнө бүлэглэн 2 хүний буюу хохирогч М.Э , О.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Шүүгдэгч Х.С мэдүүлэхдээ “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Шүүгдэгч Т.Т, Х.С  нар нь бүлэглэн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Аа  баарны гадна 2019 оны 8 дугаар сарын 05-наас 2019 оны 8 дугаар сарын 06-нд шилжих шөнө бүлэглэн 2 хүний буюу хохирогч М.Э , О.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч М.Э ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 00 цагийн үед би О.Т , Гариг гэх 2 найзын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах Аа  бааранд орсон. ...би эхнэртэйгээ юм ярьж байгаад Гариг, О.Т  нар луу харахад тэр 2 хүмүүстэй мөрлөлцөөд шууд зодолдоод эхэлсэн. Тэр залуучууд манай хоёр найзыг газар унагаад дээрээс нь хөлөөрөө дэвсээд байхаар нь би салгах гээд очсон. Би тэд нар дээр очоод нэг залууг нь араас нь татаад салгасан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. ...ухаан алдсан байсан... миний хамраас цус гарсан, чих сэтрээд цус гарсан, баруун шанаа зулгарсан байдалтай байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37 дугаар хуудас

 

Хохирогч О.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 00 цагийн үед би М.Э , Гариг гэх 2 найзын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах Аа  бааранд орсон. ...Э ы эхнэр Э   ирсэн. Ууж байсан архиа би баруун гартаа бариад тус баарнаас бид 4 лээ гарсан. Би тамхи авах гээд тус баарны замын хойно байрлах түц рүү ганцаараа яваад ирсэн. Ирэхэд манай найз Э  түүний эхнэр Э  , Гариг нар ертөнцийн зүгээр хойшоо харсан Пламинго баарны гадна юм яриад зогсож байсан. ...Гариг бид хоёр тус залуучуудтай зөрөхдөө найз Гариг нэг залууг нь санаандгүй мөрлөсөн. Тэр залуучууд хэрүүл өдөж маргаан болоод байж байхад найз Э  ирээд салгах гэхэд шууд зодолдоод эхэлсэн. Би тус зодоонд оролцсон. Нэг мэдэхэд дээрээс 3-4 орчим залуучууд намайг унагаад өшиглөж байсан. ...би гэмтэл согог судлалын үндэсний хүрээлэнд үзүүлсэн. Нүд хамрын хагалгаанд ор гэсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 42-43 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө би Э ыг авахаар Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байх Пламинго нэртэй бааранд ороход манай нөхөр Э , Гариг, О.Т  нар байсан. ...Баарнаас гараад авто машины зогсоол дээр байх машин дээрээ нөхөр бид хоёр түрүүлж ирээд бид хоёрын хойхно талд явган хүний зам дээр О.Т , Гариг хоёр юм яриад зогсож байхаар нь явах уу гэтэл тамхи татаадахъя гэж хэлээд удаагүй байж байтал Гариг, О.Т  хоёртой 4-5 байсан байх эрэгтэй хүмүүс хэрүүл маргаан хийж тэд нар бужигнаад явсан. Манай нөхөр Э  салгах гээд гүйгээд явсан. Нөхөр нэг залууг араас нь татаж байх шиг харагдахаар нь би гүйж очсон чинь нөхөр ухаан алдаад уначихсан байсан. Нөхрийг зодсон хүний хувцсыг харсан ....” гэсэн мэдүүлэг /хэргийн 50-51 дүгээр хуудас/,

 

Гэрч Ц.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө найз О.Т , Э  бид гурав уулзаж Э ы машинд О.Т  бид хоёр нийт 4 лааз пиво уусан. ...Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Аа  бааранд орж нэг нэг шил пиво уугаад гарч ирээд тус баарны хажууд байх баар луу бид гурав ороод нэг шил архи аваад уугаад сууж байсан чинь Э ы эхнэр Э   орж ирээд явъя гэсэн. Тэгээд бид нар баарнаас гараад Э  , Э  хоёр түрүүлээд машин дээрээ очсон. Түүний хойхно талд явган хүний зам дээр О.Т  бид хоёр юм яриад зогсож байсан. ...О.Т  бид хоёр зогсож байсан чинь 4-5 залуугийн нэг намайг мөрлөж О.Т  бид хоёртой муудалцсан. Тэгсэн чинь тэр залуучуудын нэг нь намайг цохисон. Тэгээд бужигнаад явчихсан. Нэг харсан Э   уйлсан байдалтай Э  ухаан алдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 52-53 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 05-ны 19 цагт найз Д  хөдөөнөөс ирсэн гээд уулзахаар Сүхбаатарын талбайн автобусны буудал дээр уулзахаар болоод найз Т.Т ыг уулзъя гэж дуудаад 22 цагт уулзаад найз Д  нь эгчдээ юм өгөх хэрэгтэй байна гээд Сүхбаатарын талбай дээр очоод эгчид нь юм өгчихөөд модны хоёрт байрлах +25 нэртэй бааранд ороод байж байхад найз Х.С  ирээд хамт суугаад 4 шил Сэнгүр пиво захиалаад сууж байхад захиалга ирээд пиво ууж дуусаад ...аа  нэртэй бааранд ороод сууж байхад манай дүү М  нь ирээд ирээд хамт сууж байхад Д , Т.Т , Х.С , дүү М  нар баарнаас гараад явахад би ширээн дээр үлдсэн. Хэсэг хугацааны дараа араас нь гарахад дүү М , Д , Х.С, Т.Т нар баарны гадаа үл таних 3 эрэгтэй, 1 эмэгтэй нартай зодолдож байхад баарны хамгаалагч 2 үл таних залуу зодооныг салгаж байсан. ...Би зодоонд оролцоогүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 55-56 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9654 дугаартай шинжээчийн:

“...1. О.Т биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 10-11 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9655 дугаартай шинжээчийн:

“...1. М.Э ы биед баруун чихний дэлбэнд шарх, баруун хацар, эрүү, хүзүү, баруун эгэмд зулгаралт, зүүн нүдний гадна буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 76 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Х.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 00 цагийн үед ажлаа тараад байж байсан чинь манай Ч  над руу залгаад найз Д  хөдөөнөөс ирсэн. Чи модны хоёрт хүрээд ир гэсэн. ...2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 03 цаг өнгөрч байсан байх Аа  нэртэй баарны гадна шорлог идээд зогсож байсан чинь Т.Т  хоёр хүнтэй зодоон хийж байсан. Би очиж Т.Т тай зодоон хийж байсан хоёр хүний нэгийг нь араас нь татсан чинь хажуу талаас үл таних нэг хүн миний баруун шанаа хэсэг рүү цохисон. Би зөрүүлээд зүүн гараараа баруун шанаа хэсэг рүү нь цохих үед тэр хүн газар унасан. ...Уг зодоонд Т.Т  бид хоёр л оролцсон. Манай найзууд оролцоогүй. Би Э аас өөр хүнтэй зодоон хийгээгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 94 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Т.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр найз Д  хөдөөнөөс ирэхэд нь Ч ын хамт Сүхбаатарын талбайн автобусны буудал дээр Д ыг тосч авсан. Д  эгч дээрээ хувцсаа өгөөд ирэх гэсэн юм гэж хэлээд салаад явсан. Д  бид хоёр Модны хоёрт байх +25 нэртэй баар орсон. Тус бааранд М  зөөгч хийдэг. ...би гарлаа шүү явъя гэж Х.С д хэлээд би гараад явсан. Тэнд Х.С , Ч , Д , М  нар үлдсэн. Би баарнаас гараад явж байсан чинь үл таних хоёр хүний нэг нь миний замыг хааж зогсоод байсан. Тэгэхээр нь би гарах гэсэн юм гэж хэлээд зам хааж зогссон хүнийг мөрлөсөн чинь тэр хүн намайг заамдаж авсан. Тэр залуутай муудалцаж намайг түрүүлж цохихоор нь би зөрүүлээд цохиход тэр залууг би газар унагаад дээр нь гарсан чинь миний араас нэг хүн намайг татсан чинь Х.С  гүйж ирээд тэр залууг цохисон. Тэгээд удаагүй байж байсан чинь Х.С ийн араас манай найзууд гүйж ирж бид нарыг салгасан. ...Х.С  үл таних нэг залууг ухаан алдтал цохисон гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 96 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 98, 100 дугаар хуудас/, асап сангийн лавлагаа /хэргийн 106-108, 109-112/, шүүгдэгч Т.Т ын 1205142235 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 124-144 дүгээр хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 167, 168 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 178 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 185 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Т.Т, Х.С  нар нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр хохирогч М.Э , О.Т нарын биед халдаж, зодож цохин улмаар хоёр хүний биед гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дгуаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хоёр хүний биед хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Т, Х.С  нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч нартай маргалдаж улмаар бүлэглэн хохирогч М.Э , О.Т нарын толгой, шанаа тус газарт нь гараараа цохиж тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон цохиулснаас үүдэлтэй хохирогч нар хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

        Тиймээс шүүгдэгч Т.Т, Х.С  нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Хохирогч О.Т “...Би одоо гомдол саналгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх,

Хохирогч М.Э ы “...миний бие 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өөрийн 0000000 тоот дансанд эмчилгээний зардал болох 400.000 төгрөгийг Х.С, Т.Т нараас авсан болно. Х.С, Т.Т нар надаас уучлалт гуйсан болно. ...” гэх бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 165-166 дугаар хуудас/ тус тус байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв.

 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Т, Х.С  нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хоёр хүний биед хөнгөн хохирол учруулж үйлдсэн үйлдэлд нь тус бүр .... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .... төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нар улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

 

Мөн шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцохоо тус тус илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Т, Х.С  нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Т.Т, Х.С  нарт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Т, Х.С  нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Т , Х.С  нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хоёр хүний биед хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т, Х.С  нарыг тус бүр 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Т, Х.С  нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО