Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Холбоочдын гудамж-4, Төрийн банкны 2 дугаар байр, /Хуучин *******ы/, 3 дугаар давхарт байрлах “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, Гавшгай, Овоотын задгай, 0 тоотод оршин суух Хашаа Хуцмар Энхбаярын Түмэнжаргал /РД: М- утас: -/,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, Гавшгай, Овоотын задгай, 0 тоотод оршин суух Хуцмар Дарьсүрэнгийн Энхбаяр /РД: МЙ-, утас: -/ нарт холбогдох зээлийн төлбөр 10 696 057,58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од, Г.Шинэболд, хариуцагч *******,*******, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“..Зээлдэгч *******,******* нар нь Хадгаламж банктай 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №78 тоот цалингийн зээлийн гэрээг байгуулж 8 000 000 /найман сая/ төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээлийг авч ашигласан. Зээлийн барьцаанд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг Гавшгай овоотын задгай гудамжны 00 тоотод орших 3*4 харьцаатай пин болон таван ханатай гэрийг барьцаалсан болно. Зээлдэгч нар нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 1 476 457,70 /нэг сая дөрвөн зуун далан зургаан мянга дөрвөн зуун тавин долоон төгрөг далан мөнгө/, зээлийн хүүнд 877 750,35 /найман зуун далан долоон мянга долоон зуун тавин төгрөг гучин таван мөнгө/, нэмэгдүүлсэн хүүнд 52 516,76 /тавин хоёр мянга таван зуун арван зургаан төгрөг далан зургаан мөнгө/ нийт 2 406 724,81 /хоёр сая дөрвөн зуун зургаан мянга долоон зуун хорин дөрвөн төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч *******,******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа 2016 ны 01-р сарын 20-ны өдөр дууссан байна. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлага хүргүүлж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкийг хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгчийн үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 6 523 542,30 /зургаан сая таван зуун хорин гурван мянга таван зуун дөчин хоёр төгрөг гучин мөнгө/, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 3 494 478,83 /гурван сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун далан найман төгрөг наян гурван мөнгө/, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 678 036,45 /зургаан зуун далан найман мянга гучин зургаан төгрөг, далан таван мөнгө/, нийт зээл, хүүний үлдэгдэл 10 696 057,58 /арван сая зургаан зуун ерэн зургаан мянга тавин долоон төгрөг тавин найман мөнгө/... төгрөгийн үлдэгдэлтэй байгаа энэ тул энэ мөнгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*******ы эрх хүлээн авагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тодорхой хугацаа зааж өгсөн. Итгэмжлэлийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 06 сараар сунгагдсан. Эрх хүлээн авагчаас олгосон итгэмжлэлийн хугацаа 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дуусна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нар банкны эрх хүлээн авагчаас олгосон итгэмжлэлийн эрхийн хүрээнд оролцоно. Итгэмжлэл дээр эвлэрэн хэлэлцэх, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, нэхэмжлэлийн шаардлагыг багасгахаас бусад эрхийг эдэлж оролцоно гэж заасан байгаа...” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Та нарын ярианаас харахад 08 дугаар сард ургацаа хураагаад бөөнөөр нь өгөх талаар ярьж байна. Тухайн үед нь та нар ажил төрөл олж хийгээд сар сард нь төлөөд явсан бол болох байсан. Одоо шүүхийн шийдвэр гарахаар огт төлөхгүй яваад байвал бид нар дараагийн арга хэмжээг авна”...гэв.

Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна... 2017 оны 07 дугаар сард төлж барагдуулна гэхэд арай төлж амжихгүй. Зээлээ төлөх хугацаа хэрэгтэй байна Бид хоёр хавар төмсөө тариад зээлээ төлье гэсэн бодолтой байсан. Нэхэмжлэгч талын олгосон итгэмжлэлийн хугацаа нь арай шахуу байсан байна. Хавар тариалалтаа хийгээд намар 08 дугаар сарын 15-аас нааш ногоогоо хураах боломжгүй, эртдээ 08 дугаар сарын 10-аас наашгүй. Ногоогоо хурааж дуусаад зарж борлууллаа гэхэд бид нар хамгийн наанадаа 10  дугаар сараас наашгүй байна. Манай тал нэхэмжлэгч талтай хугацааны хувьд тохиролцож чадахгүй байна. Манай хүүгийн эхнэр нь ажилладаг. Өөрөө ажилгүй, заримдаа хүний доор ажиллаад 250 000-300 000 төгрөгийн цалин хөлс авдаг. Энэ мөнгө нь өдөр тутмын хэрэгцээндээ таараад дуусдаг. Эхнэр, хоёр хүүхэдтэй болохоор цалин нь хэрэгцээнээс нь илүү гардаггүй. Өнгөрсөн намар ургац их гараад, ашигтай ажиллаад 3 тонн төмсний үртэй болсон. Тэгэхээр бид нарын хугацаа нэг сарын наана цаана болоод байна. Нэхэмжлэгч талтай зээлээ эргүүлэн төлөх хугацаан дээрээ тохиролцмоор байна. Манай талаас төмснийхөө үрийг тариад банкны зээлээ төлье гэсэн бодолтой байгаа. Бид нар төмснөөс гадна сонгино, бусад нарийн ногоо тариалах гэж байгаа. Банкны зээлээ төлөх нь бидний үүрэг тул төлнө гэсэн бодолтой байгаа...” гэв.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч *******,******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 6 523 542,30 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 3 494 478,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 678 036,45 төгрөг, нийт зээлийн төлбөрт 10 696 057,58 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч *******,******* нар зээл төлөх хугацаа шаардлагатай байна гэж мэтгэлцэж байна.

“Хадгаламж банк” ХХК нь *******, хамтран үүрэг гүйцэтгэгч******* нартай 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 8 000 000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, Гавшгай, Овоотын задгай гудамж, 0 тоотод байрлах 5 ханатай гэр, 3*4  харьцаатай пинг барьцаалж авсан болох нь  хэрэгт авагдсан  цалингийн зээл хүссэн өргөдөл /хх-11/, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-9/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-10/, барьцаа хөрөнгийн жагсаалт /хх-10 ар тал/, зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нар үндсэн зээлд 1 476 457,70 төгрөг, зээлийн хүүд 877 750,35  төгрөг ,нэмэгдүүлсэн хүүд 52 516,76 төгрөг нийт 2 406 724,81 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч тал  тайлбарлаж байгааг хариуцагч нар маргаагүй, харин  хариуцагч ******* “2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ажлаас халагдаж 1 000 000 төгрөг авсан, үүнээс 500 000 төгрөг зээлэндээ төлсөн. Энэ мөнгө зээлэнд ороогүй зээлээс хасагдаагүй байна” гэж  тайлбарлаж байгаа ч энэ талаар нотлох баримтгүй, нотлогдохгүй байна.

Хадгаламж банк ХХК-ны эрх хүлээн авагч төлөөлөгч нартаа  нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, эвлэрэхээс бусад эрхийг олгосон бөгөөд хариуцагч нарын  зээлийг эргүүлэн төлөх хугацаан дээрээ тохиролцоод эвлэрэх санал дээр нэхэмжлэгч  байгууллагын төлөөлөгч нартай эвлэрэх боломжгүй, шүүх олгогдсон итгэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна. 

Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******,******* нараас  үндсэн зээлийн үлдэгдэл 6 523 542,30 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 3 494 478,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 678 036,45 төгрөг, нийт зээлийн төлбөрт 10 696 057,58 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хадгаламж банк ХХКомпанийн эрх хүлээн авагчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээний 4.6-д  гэрээний хугацаа дууссан, гэрээ цуцлагдсан өдрөөс барьцаагаар барьцаалагдсан үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үл маргах журмаар барьцаалагчид шилжүүлэх талаарх нөхцөлийг  хариуцагч нар зөвшөөрч зээлийн гэрээг байгуулсан /хх-9/ байна. Зээлийн гэрээний үүрэг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр /хх-10/ дууссан байна.

 Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл болох 5 ханатай гэр, 3х4 хэмжээтэй пин зэрэг хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч захиран зарцуулах эрхтэй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлдийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэгчийн шаардлага болох 10 696 057,58 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж  186 087 төгрөгийг хариуцагч *******,******* нараас гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* / МЙ-/,*******/ РД: МЙ-/ нараас үндсэн зээлийн үлдэгдэл 6 523 542,30 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 3 494 478,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 678 036,45 төгрөг, нийт зээлийн төлбөрт 10 696 057,58 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид  олгосугай.

2. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл болох 5 ханатай гэр, 3х4 хэмжээтэй пин зэрэг хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч захиран зарцуулах эрхтэй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******,******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 186 087 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр бүрэн эхээр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    А.НАРАНТУЯА