Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 772

 

 

 

 

 

 

 

       2020          08          26                                         2020/ШЦТ/772

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Г.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-н Ш-т холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа түүхий эд борлуулдаг гэх, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** дүгээр баг, Нүхтийн гол Б-н * дугаар гудамжны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар *************/ Б овогт Г Ш.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ш нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Н-ын эзэмшлийн “Делл Ай-5” загварын зөөврийн компьютерийг “хэрэглээд өгье” гэж хуурч, төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

хохирогч Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би Шыг багаас нь мэддэг найз нөхдийн  холбоотой байсан. 2016 онд Эрдэнэт хотод арван жилийн сургуулиа төгссөнөөс хойш холбоогүй болсон бөгөөд 2019 оны 09 дүгээр сард Шнадтай чатаар холбогдож Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод орж ирсэн орох орон байхгүй учир танай гэрт хэд хоног болох гэсэн юм гээд ирсэн. Манай гэрт Ш3 хоносон бөгөөд тухайн үедээ ажил төрөл эрхэлдэггүй, сургуульд сурдаггүй байсан. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Шнадаас зөөврийн компьютерээ өгч байгаач хэрэглэчихээд өгнө гэж хэлсэн. Би тухайн үедээ тус болох зорилгоор өгсөн бөгөөд надад 7 хоногийн дараа өгнө гэж хэлсэн. Би 7 хоногийн дараа нөүтбүүкээ авъя гэж холбогдохоор фэйсбүүкээр блок хийгээд утас нь холбогдохгүй алга болсон. Тэгээд надад нэг удаа Шзөөврийн компьютерийг чинь ломбардад тавьсан, тэгж байгаад авч өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-рт/  

 

гэрч Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Манай “Номин тойрог” ХХК-ны ломбардад 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ганбаярын Шгэх үл таних залуу “dell“ маркийн зөөврийн компьютерийг 450.000 төгрөгийн барьцаанд тавьж төлбөр төлөгдөөгүй, хугацаа сунгуулаагүй учир уг компьютер 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр бусдад зарагдсан. Ямар хүнд зарсан талаар мэдээлэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн Dell i5 4th 4gb ram 500gb hard  зөөврийн компьютерийг 550.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 18-рт/ гэх дүгнэлт,

 

шүүгдэгч Г.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н бид хоёр багаасаа Орхон аймагт амьдардаг байхдаа найзалж өссөн. 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр би Нын зөөврийн компьютерийг хэд хоногийн хугацаанд ломбардад тавьж мөнгийг нь хэрэглэчихээд эргүүлээд өгнө гэж хэлээд авсан бөгөөд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр байрлах ломбардад 450.000 төгрөгийн барьцаанд өөрийн бичиг баримтыг ашиглан барьцаалж мөнгийг нь өөрт зарцуулсан байдаг. Ингээд зөөврийн компьютерийг эргүүлэн авч өгөх гэтэл надад мөнгө байхгүй байсан учраас төлбөрийг төлж чадалгүй хугацаа дуусаад алдчихсан. Би төлбөрийг төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33-рт/,

- үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 42-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43-рт/,

- гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 44-рт/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 48-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Шнь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Н-ын эзэмшлийн Делл Ай-5 загварын зөөврийн компьютерийг хуурч, төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Ш-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Шыг хуурч, төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч Г.Ш-аас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч П.Н-т 550.000 төгрөг төлсөн талаарх баримт гаргаж өгсөн тул шүүгдэгч Г.Ш-ыг бусдад төлөх  төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч, гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж Г.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт Г-ын Ш-ыг хуурч, төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Ш-т 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Ш нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ш-т авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ