Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 768

 

 

 

 

 

 

 

 

    2020        08           26                                      2020/ШЦТ/768

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Б.О

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.О д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005022161190 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.О  /РД:аа00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.О  нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 8 дугаар байрны өргөтгөлд байрлах ....... амьтны дэлгүүрийн шилэн хоргоноос Бээжин хав үүлдрийн нохойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О  мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Мөн би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.О  нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 8 дугаар байрны өргөтгөлд байрлах ...... амьтны дэлгүүрийн шилэн хоргоноос Бээжин хав үүлдрийн нохойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах арктай шар 8 давхар байрны өргөтгөл буюу ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан байрлалтай “аааа” гэх шар өнгийн бичиглэл бүхий хаягтай нэг давхар өргөтгөлийн цайвар ягаан өнгийн байшин байх ба...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-6 дугаар хуудас/,

 

2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн “...0000 тоотод оршин суух Б.А ээс Бээжин цагаан өнгийн хав нохой хураан авав. ...Б.Д д хүлээлгэн өгөв. ...” гэсэн тэмдэглэл /хэргийн 7-8 дугаар хуудас/,

 

2020 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн Сиди бичлэгт үзлэг хийсэн “...дэлгүүрийн хаалганы үүдэн хэсэг шилэн хоргоноос цагаан өнгийн жижиг хав нохойг зүүн гараараа бариад 15 цаг 43 минутад гарч байгаа бичлэг байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 11-12 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр манай худалдагч А гэх охиныг худалдагчаар ажиллаж байх үед нь гаднаас өдрийн цагаар эрэгтэй хүүхдээ дагуулсан жирэмсэн эмэгтэй хүн орж ирээд манай дэлгүүрийн үүдний хэсэгт шилэн хоргон дотор байх цагаан өнгийн Бээжин хав нохойг хэдэн төгрөг вэ? гэж асуусан юм байна лээ. Тэгсэн худалдагч үнийг нь 800.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн юм гэсэн. Тэр эмэгтэй тухайн хав нохойг өргөж үзээд байхаар нь хамаагүй үзээд байвал өвддөг юм аа гэж хэлсэн чинь тэр эмэгтэй удалгүй хүүхдээ дагуулаад гарч яваад эргээд мөн удалгүй хүүхэдтэйгээ хамт орж  ирээд дэлгүүрийн заалыг нар зөв эргэж юм үзэж сонирхож яваад гарахдаа үүдний хэсэгт байх шилэн хоргонд байсан зарах гэж байгаа Бээжин хавыг бариад гарч байгаа бичлэг байсан юм ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/,

 

Гэрч Ё.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны газар нутагт байрлах Амазон нэртэй амьтны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байтал гаднаас эрэгтэй хүүхэд дагуулсан жирэмсэн эмэгтэй хүн орж ирээд дэлгүүрт байх амьтнуудын үнийг надаас асуугаад, мөн шувууны хоол асуугаад яваад байсан юм. Тэгснээ дэлгүүрээс гарахдаа үүд хэсэгт шилэн хоргонд байсан цагаан өнгийн жижиг хавыг тэр эмэгтэй сонирхоод хэдээр зарах уу? гэж асуухаар нь би 800.000 төгрөг гэж хэлсэн чинь удалгүй хүүхдээ дагуулаад гараад явсан юм. Гарч явснаас 30 минутын дараа манай дэлгүүр хүн байхгүй хойгуур орж нөгөө эрэгтэй хүүхдээ дагуулаад орж ирснээ ахиад шувууны хоол байна уу гэж асуугаад дэлгүүрийн заалаар тэнээд, юм сонирхоод явж байснаа дэлгүүрийн үүдэн хэсэг рүү гарах гээд ахлаж байсан юм. Би ч ширээн дээрээ ажлаа хийгээд доошоо хараад сууж байсан юм. Удалгүй хартал нөгөө эмэгтэй хүүхдээ дагуулаад явчихсан байсан юм. ...гаднаас хүмүүс орж ирээд дэлгүүрийн үүдний хэсэгт байх шилэн хоргонд 2 ширхэг адилхан хав нохой байсан юм. Тэгсэн тэр хүн нэг нохойг нь сонирхоод байхаар нь очоод үзтэл нэг нохой нь алга болчихсон байсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/,

 

Гэрч Л.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...14 цаг 29 минутын орчимд 40-45 орчим настай, саарал өнгийн пудволктой цэнхэр өнгийн маск зүүсэн, бордуу царайтай, гартаа юм барьсан жирэмсэн, 7-8 орчим насны цагаан сеткин малгай өмссөн, цагаан өнгийн пудволктой, хар өнгийн тамирын өмдтэй 160-165 орчим өндөртэй хүүхдээ дагуулсан эмэгтэй 2-3 удаа амьтны дэлгүүрт худалдан авалт хийлгүйгээр амьтны үнэ асууж орж гарч явж байгаад үүдний ойролцоо шилэн саванд хийсэн байсан Бээжин хав үүлдрийн 1 сартай, цагаан өнгийн бие жижигтэй нохойг шилэн хайрцагнаас шүүрээд аваад гарч явж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 31 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагаан өгсөн “...Б.О  эгч 2020 оны 6 дугаар сарын сүүл хэсгээр буюу 6 дугаар сарын 30-ны өдөр билүү 7 дугаар сарын 01-ний өдөр билүү ямарч байсан 7 настай хүүтэйгээ хамт гэрт ирэхдээ цагаан өнгийн жижиг хав нохой авч ирээд энэ нохойг түр харж байгаарай гэж хэлээд үлдээгээд явсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 32 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.О ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар их дэлгүүрийн хажууд байрлах 2 дугаар төрөхөд биеэ үзүүлчихээд буцаад явж байгаад Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амазон 2 гэх нэртэй амьтны дэлгүүрт шувууны хоол байвал авъя гэж бодоод орсон юм. ...Би багадаа яг тийм цагаан өнгийн хөөрхөн хав нохой тэжээдэг байсан ба багаасаа ер нь нохойд их хайртай байсан юм. Ингээд гарахдаа тухайн гөлөгийг худалдаад авъя гэхээр мөнгө байхгүй болохоор шууд аваад гарчихсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 47 дугаар хуудас/,

 

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №ТХҮ-720/360 дугаартай “...Бээжин хав нохойг 700.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хэргийн 37-38 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 51 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 52 дугаар хуудас/,  шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 54 дүгээр хуудас/, асап сангийн лавлагаа /хэргийн 19 дүгээр хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 59 дүгээр хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 61 дүгээр хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 62-63 дугаар хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.О  нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон хөрөнгийн үнэлгээний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Тиймээс шүүгдэгч Б.О ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Хохирогч Б.Д гийн алдагдсан гэх цагаан өнгийн хав нохойг биет байдлаар буцаан өгсөн /хэргийн 8 дугаар хуудас/, мөн хохирогч Б.Д д хавтаст хэргийн материал танилцуулсан баримтад “ ...санал, гомдол байхгүй болно” гэсэн байх тул шүүгдэгч уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.О д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд нь 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.О  нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.О  нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.О д мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.О  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь

заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.О д мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.О  баривчлагдсан,

цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх

хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО