Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 767

 

 

 

 

 

 

 

 

    2020        08           26                                      2020/ШЦТ/767

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Д.А

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газраас Д.А т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005020411241 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “ааа” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 5, эхнэр, эх, хүүхдүүдийн хамт 0000 тоотод оршин суух, урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 522 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 45 хоног баривчлах ял шийтгүүлсэн, Д.А  /РД:аа00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.А  нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн үед ........... барилгын талбайн гадна маргааны улмаас иргэн Ж.Ш тай зууралдан, 2 гараараа багалзуурдаж биед нь тархи доргилт, баруун чихний дэлбэнд шарх, хүзүүнд цус хуралт гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А  мэдүүлэхдээ: “Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Д.А  нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн үед ................ байрны урд талд баригдаж буй барилгын талбайн гадна маргааны улмаас иргэн Ж.Ш тай зууралдан, 2 гараараа багалзуурдаж биед нь тархи доргилт, баруун чихний дэлбэнд шарх, хүзүүнд цус хуралт гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Ж.Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 02-нд хүрээд ир гэхээр нь би цалингаа авах гээд очоод харуулаар дуудуулаад уулзахад намайг Д.А  “чи намайг банди гэлээ” гээд намайг заамдаад бид хоёр зууралдсан. Тэгээд салаад Д.А ын машин дээр очоод гомдолгүй гээд  гарын үсгээ зурчих тэгээд зодолдъё гэсэн. Тэгэхээр нь би гарын үсэг зураагүй. Тэгээд бид хоёр салаад би цагдаагийн газар дуудлага өгсөн. ...Цалингаа авах гээд залгаад маргасан. Тэгээд цалингаа авах гэж очоод бид хоёр зууралдаад надад гэмтэл учруулсан ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

Гэрч Ц.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга дээр ажлаа хийж байхад манай бригадын дарга Д.А  намайг машины түлхүүр аваад гараад ир гэсэн. Би машины түлхүүрийг нь аваад гарахад Д.А  манай ажилд ажиллаж байсан Ж.Ш тай заамдалцаад зууралдаад салсан. Тэгээд надаас түлхүүрээ аваад Д.А ын машин дээр очоод тэр хоёр маргаж байгаад Ж.Ш  явсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6528 дугаартай шинжээчийн:

“...1. Ж.Ш ын биед тархи доргилт, баруун чихний дэлбэнд цус шарх, хүзүүнд цус хуралт гэмтэл  тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 27-28 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.А ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 02-ны өглөө 11 цагийн үед харуул таныг хүн дуудаж байна гэхээр нь гарсан чинь манай бригадад 6 хоног ажиллаад ажлаа хаяж яваад 8 хоног сураггүй байсан Ж.Ш  гадна зогсож байсан. Тэгээд Ж.Ш  би цалингаа авна гэхээр нь би яагаад цалин авдаг юм, ажил хаяж явчихаад гэсэн чинь Ж.Ш  намайг хөгшин банди минь оролдох хүнээрээ оролдоорой гээд миний ам руу салаавч хийсэн. Тэгэхээр нь би заамдаад авсан. Намайг зөрүүлээд заамдсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 38 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

“Хаан банк“ ХХК-иас ирүүлсэн Д.А ын 00000000 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 46-52 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 58-59 дүгээр хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 60 дугаар хуудас/, асап сангийн лавлагаа /хэргийн 53-54 дүгээр хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 65 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 68 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 66-67 дугаар хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Д.А  нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр хохирогч Ж.Ш ын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.А  нь хохирогч Ж.Ш тай зууралдан заамдалцаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон зууралдсанаас үүдэлтэй хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон.

 

Тиймээс шүүгдэгч Д.А ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Хохирогч Ж.Ш ын “...миний хохирлыг бүрэн барагдуулсан. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх бичгээр гаргасан хүсэлт байх тул шүүгдэгч Д.А  нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.А т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.А  нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.А  нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Д.А т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.А  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Д.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Д.А ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Д.А  оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.А  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх

хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО