Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 785

 

 

 

 

 

 

 

 

    2020        09           01                                      2020/ШЦТ/785

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч А.Дүүрэнбилэг /томилолтоор/,

хохирогч Д.А ,

шүүгдэгч Ц.С ,

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.С д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005022821217 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...-ний өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “аааа” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт 0000 тоотод оршин суух, урьд

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Ц.С  /РД:аа00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.С  нь 2020 оны 7 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 48 дугаар байрны 4 тоотод хохирогч Д.А ын нүүрэн тус газар луу толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хоёр талын үүдэн дээд 1 дүгээр шүдний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Хохирогч Д.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар байрны 1 дүгээр орцонд найзтайгаа архи ууж сууж байгаад манай найз Ц.С г дуудсан. Ингээд Ц.С , манай найз, найзын 6 настай охин бид нар манай гэрт очсон. Би эд нарыг гэртээ үлдээчихээд найзынхаа гэрт очиж наадмын хуушуур идчихээд буцаад иртэл манай найзын охин уйлчихсан сууж байсан. Би Ц.С г тэр охиныг оролдсон юм байх гэж бодоод гэрээсээ хөөх гэтэл намайг мөргөхөд нь би цагдаа дуудсан.” гэв.

 

Шүүгдэгч Ц.С  нь 2020 оны 7 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 48 дугаар байрны 4 тоотод хохирогч Д.А ын нүүрэн тус газар луу толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хоёр талын үүдэн дээд 1 дүгээр шүдний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2020 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны “...Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журмын тасгийн Эргүүлийн офицер ахмад А.М би ...Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Хараагүйчүүдийн 48 дугаар байрны 4 тоотод хүн зодуулсан гэх. Уг дуудлагыг очиж шалгахад Дашзэвэгийн А нь архи хэрэглэсэн, өөрийг нь зодсон. Үүдэн 3-4 шүд мөргөсөн гэв. Үүдэн шүд 3 цаашаа орсон байв. Хамт архи уусан Ц.С  мөргөсөн гэв. ...” гэсэн тэмдэглэл /хэргийн 4 дүгээр хуудас/,

 

Хохирогч Д.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 12-ны орой би өөрийн найз А.М тэй хамт архи уугаад сууж байтал А.М  Ц.С  гэдэг найзыгаа дуудсан юм. Тухайн үед бид нар А.М дүүгийн гэрт нь байсан. Тэгээд айлд архи уугаад дэмий байх гэж бодоод 23 цагийн орчим манай гэр лүү Ц.С , А.М , А.М 6 настай охин бас хамт ирсэн юм. Тэгээд Ц.С , А.М  бид гурав 0,75 литрийн шилтэй Соёрхол нэртэй архийг хувааж ууцгаагаад би Ц.С , А.М , А.М охиныг гэртээ үлдээгээд ганцаараа найзынх руугаа очиж хоол идчихээд 30-аад минутын дараа эргээд гэртээ ортол А.М-ийн охин уйлчихсан байж байсан юм. Намайг гэртээ эргэж ороход А.М  орон дээр унтаад Ц.С  орны наана суучихсан байж байхаар нь А.М охиныг Ц.С  оролдсон юм байх гэж бодоод Ц.С г гэрээсээ хөөж гаргах гээд би заамдаж байгаад чирээд орц руу гаргасан. Тэгтэл Ц.С  намайг шууд нүүр хэсэг рүү нэг удаа мөргөхөд нь миний үүдэн дээд 2 шүд хугарчихсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8092 дугаартай шинжээчийн

“1. Д.А ын биед хоёр талын үүдэн дээд 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 18-19 дүгээр хуудас/,

“Тужсмайл” шүдний эмнэлгийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “...Дэлгэмэл рентген дээр 11, 21-р шүдний сурвалжийн дээд 1/3 хэсэгт хугаралтай. ...” гэсэн үзлэгийн хуудас /хэргийн 20 дугаар хуудас/,

 

2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Мөрдөгчийн “...2020 оны 7 дугаар сарын 13-ны шөнө Ц.С  манай охиныг оролдож бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн асуудал байхгүй, надад гомдол санал байхгүй. ...” гэсэн тэмдэглэл /хэргийн 23 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ц.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр О гэдэг эмэгтэй, Батхүү нартай уулзалдаад 1 шил 0,75 литрийн 1 шил 0,5 литрийн хэмжээтэй архи хувааж уучихаад Батхүүг гэрт нь хүргэж өгчихөөд байж байтал А.М  над руу залгаад “гэрт хүрээд ирээч” гээд дуудсан. Тэгэхээр нь би Оюун-Эрдэнэтэй хамт Мөнх-Эрдэнийн гэрт очтол А бид дөрөв дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн хэмжээтэй бүтэн архи аваад Аын гэр лүү явцгаасан юм. Аын гэрт очиход би биеэ хянах чадвартай байсан. ...Би Аын нүүр лүү нэг удаа мөргөсөн. Өөрөөр биед нь халдаагүй. Би Аын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 31 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хэргийн 34-43 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ц.С  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хууль зүйн хувьд гэм буруугийн санаатай үйлдлээр хохирогч Д.А ын нүүрэн тус газарт мөргөсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.С  нь хохирогч Д.А ын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С гийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон мөргүүлснээс үүдэлтэй хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Тиймээс шүүгдэгч Ц.С г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.А ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хавтаст хэрэгт эмчилгээ хийлгэсэн талаар болон бусад зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй байх тул хохирогч өөрт учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Мөн шүүгдэгч Ц.С  нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.С гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.С г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.С д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

  1. Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.С  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан зардал болон цаашид гарах зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн

зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.С  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4

дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО